| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/34 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/34
2025 01 22 2025/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай,
улсын яллагч Б.Хосбаяр,
хохирогч: Л.******* /цахимаар/
шүүгдэгч Л.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ******* ургийн овогт Лхагвын *******д холбогдох 2336000000102 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ерөнхий цэргийн ахлагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Морьт сумангийн салааны ахлагч, тасгийн дарга ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын 27 айлын 21 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* ******* ургийн овогт Лхагвын *******, регистрийн дугаар ,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнийн 03 цаг 11 минутад хохирогч Л.*******оос ХААН банкны 5862137574 тоот данс руу 4,900,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 49,802,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж “бусдад өрөө төлөх, бусдад шилжүүлэх” зэргээр хувьдаа ашиглан завшсаны улмаас хохирогч Л.*******д 44,902,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ завших гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг:
- Хохирогч Л.******* мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө гэртээ эхнэр, хүүхэд болон н. гэх ахынхаа хамт байсан. Манайх покер зохион байгуулдаг нь үнэн. Л.******* гэх хүн 2,000,000 төгрөгөөр тоглоод 2,700,000 төгрөгийн нэмэхтэй дөрвөн сая хэдэн зуун мянган төгрөгтэй гарах ёстой байсныг нь би нэг тэмдэгт илүү дарж буруу гүйлгээ хийж явуулсан талаар баримтууд дансаараа байгаа. Энэ хүн манайхаас өмнө нь олон удаа мөнгө хожиж байсан. Мөнгө андуурч хийхээс хэд хоногийн өмнө 38,000,000 төгрөг хожиж байсан. Л.******* манай клубт тоглоод нэг сар ч болоогүй. Хүмүүсийн мөнгийг өгч чадахаа болиод манай сайт хаагдсан. Би өөрийнхөө машиныг зарж хүмүүсийн мөнгийг өгсөн...” гэв.
- Шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Намайг Хөх тэнгэр сайттай харилцах /блок/ боломжгүй болгосон гэж мэдүүлсэн байсан. Би тийм зүйл хийгээгүй мөн нүүр номын цахим хаягаа /фейсбүүк/ устгаагүй. Тоглоом тоглох байх үеийн зургуудыг би хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Хохирогч талаас намайг хэдэн төгрөгтэй тоглож байсан, мөн хэдэн төгрөгтэй тоглоомоо дуусгасан гэдгийг бичлэгээр нотолж болно. Намайг шүүхэд өгчхөөд Хөх тэнгэр гэх покер тоглоомынхоо сайтыг устгаад тоглогчдоо шинэ сайт руу оруулсан. Хөх тэнгэр гэх сайт дээр нь надтай бичсэн чатууд бүгд байж байгаа. Чаддаг юм бол намайг Ховд аймагт ирээд олоорой гэж хэлсэн гэх мэтээр худлаа хэлж байна. Намайг тухайн үед надтай хамт байсан манай найз н. мөн манай эхнэр гэрчилнэ.
Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед найзтайгаа гэртээ ирээд 1,000,000 сая төгрөгийн ширээнд орж тоглож алдаад, дахин 1,000,000 төгрөг эхнэрээсээ гуйж аваад 2 дахь цэнэглэлтээрээ тоглоод 49,000,000 төгрөг хүргэсэн байдаг.
Хөх тэнгэр сайтаас андуурч орж ирсэн мөнгийг нь тэр даруй буцаасан байгаа. Бид нар нүүр номын цахимын харилцах хэсгээр зурвас /фейсбүүк, мессенжер/ бичсэн, тэр зурвас нь устсан байна лээ. Тэр зурвасаа сэргээгээсээ гэж хүсэж байна...” гэв.
2. 2336000000102 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),
- Хохирогч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би *******-Уул дүүрэг, 08 дугаар хороо, Сонсголонгийн 22-799а тоот хаягт эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Би гадаад сайтаас таталт цэнэглэлт хийдэг юм. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед “Л.*******” гэсэн хаягаас цэнэглэлт хийлгэе гээд ороод ирсэн. Тэгээд миний ХААН банкны 5365147205 тоот данс руу ХААН банкны 5862137574 тоот данснаас 2,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд би цааш цэнэглэлт хийж өгсөн. Тэгээд “Л.*******” хаягаас 2023 оны 03 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед таталт хийлгэе гэхээр нь өөрийн ХААН банкны 5365147205 тоот данснаас ХААН банкны 5862137574 тоот данс руу андуурч 49.802.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би андуурч шилжүүлсэн тухайгаа хэлэхэд чаддаг юм бол Ховд аймгаас ирж аваарай гэж хэл амаар доромжилсон, ...миний Хаан банкны 5365147205 тоот байсан 49,802,000 төгрөг бол цэнэглэлт, таталт хийлгэж байсан хүмүүсийн мөнгө. Надад мөнгө шилжүүлсэн баримт байгаа, би гаргаж өгнө. Өөрийн мөнгөө авмаар байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал),
- Хохирогч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би 1Х-ВЕТ гадаад платформд таталт, цэнэглэлт хийж өгдөг юм. Л.******* гэх данстай, Kings гэх нэртэй тоглогч Lkhagva Baku гэх фейсбүүк хаягаас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнийн 03 цаг 10 минутын үед над руу чат бичиж мөнгөө татуулъя гэсэн тул би унтаж байгаад сэрж тухайн хүн рүү 4.802.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад нойрмоглоод товч андуураад 49.802.000 төгрөг шилжүүлчихсэн юм. Тэгээд андуурч шилжүүлэнгүүтээ над руу чат бичиж байсан фейсбүүк хаяг руу нь тэр дор нь та буцаалт хийгээрэй ахаа 1 тоо илүү бичээд 49 сая төгрөг шилжүүлчихлээ. Та дансаа шалгаарай. Хүмүүсийн мөнгийг одоо өгөх байна буцаагаад өгөөрэй. Буцаахгүй бол өглөө банк руу ярилаа шүү гэж чат бичсэн. Тэгтэл чи азгүй байна чаддагийн бол Ховдод ирээд аваарай гэж чат бичээд бичсэн чатаа нэг нэгээр нь устгаад эхлэхээр нь би яг гол гэсэн хэсгээ скрийн шот хийж баримтжуулж авсан. Тухайн мөнгө шилжүүлснээс хойш 20 орчим минутын дараа фейсбүүкээ хаагаад таг алга болсон. Дээрх андуурч шилжүүлсэн мөнгө нь хүмүүс надаар дамжуулж цэнэглэлт хийлгэдэг байсан мөнгө бөгөөд тухайн мөнгийг би андуурч хийсэн болохоор би уг хохирлыг барагдуулах болчхоод байгаа юм. Одоо надад 44.900.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн хохирлыг Л.******* гэх хүн төлж барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал),
- Арилжааны ХААН банкинд байрших иргэн Лхагвын Бат-Эрдэнийн эзэмшлийн 5862137574 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 12-21 дэх тал),
- Арилжааны ХААН банкны Ховд салбарын захирал Д.Жаргалбилэгийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 61 дугаартай албан бичиг, уг албан бичигт хавсаргасан арилжааны ХААН банкинд байрших иргэн ийн ын эзэмшлийн 5028607224 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 23- 24 дэх тал),
- Арилжааны ХААН банкинд байрших иргэн Лхагвын Бат-Эрдэнийн эзэмшлийн 5862137574 тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн “...дээрх депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь эхлэх огноо нь 2023.02.23 ба дуусах огноо 2023.03.13 өдөр гэсэн бичвэртэй байх бөгөөд уг хугацаанд нийт 224.106.400 төгрөгийн орлого орж, 223.931.702 төгрөгийн зарлага гарч нийт үлдэгдэл 917.375 төгрөгийн үлдэгдэлтэй байв. Дээрх дансны хуулга 9 хуудас хавсралттай байв. Лхагвын Бат-Эрдэнийн 5862137574 тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5365147205 тоот данснаас 03:11 цагт “EB-Kings” гэсэн гүйлгээний утгатай 49.802.000 төгрөгийн орлого орсон бөгөөд үргэлжлүүлэн 5365147205 тоот дансанд 03:11 цагт “kings” гэсэн гүйлгээний утгатай 496802 төгрөгийн зарлага, 5028607224 тоот дансанд 03:14 цагт “Вaku” гэсэн гүйлгээний утгатай 20.000.000 төгрөгийн гүйлгээний утгатай 18.000.000 төгрөгийн зарлага гарсан бөгөөд тус зарлагатай харьцсан дансны дугаарын мэдээлэл депозит дансны дэлгэрэнгүй хуулгад харагдахгүй байв. Мөн 5853064999 тоот дансанд 10:18 цагт “БАТЭРДЭНЭ" гэсэн гүйлгээний утгатай 10.000.000 төгрөгийн зарлага гарсан бөгөөд Л.Бат-Эрдэнийн өөрийнх нь эзэмшлийн 5075845311 тоот дансанд 14:45 цагт "Ь" гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөгийн, 1.000.000 төгрөгийн зарлага тус тус гарсан байв. Үүгээр үзлэгийн ажиллагааг дуусгаж, оролцогч нарт танилцуулан, гарын үзэг зуруулав...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал),
- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.гийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 284 дугаартай албан бичиг, уг албан бичигт Лхагвын Бат-Эрдэнийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, уг албан бичигт хавсаргасан иргэн Лхагвын Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дэх тал),
- Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тус дансыг анх 2010 онд оюутан болсноосоо хойш ашиглаж байгаа бөгөөд тухайн дансыг ганцаараа эзэмшдэг, надаас өөр хүн ямар нэгэн байдлаар ашигладаггүй, ...хэн нэгэнтэй хамтран ашигладаггүй. 2021 оны 02 дугаар сард миний нөхөр П.ыг төрсөн дүү болох П.ийн нөхөр болох Л.******* нь нөхөр бид хоёроос машин авах зорилгоор хадгалж байсан 25.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд удалгүй буцаагаад 27.000.000 болгоод өгнө гэж хэлж байсан. Тэгээд тухайн мөнгийг огт өгөхгүй байсан бөгөөд түүний эхнэр П. нь нөхөр бид хоёрт 2022 онд 10.000.000 өгч байсан. Яг хэзээ өгсөн гэдгийг нь нь санахгүй байна. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Л.******* бид хоёртой холбогдоод та хоёрын өрийг өгмөөр байна гэж хэлээд нөхөрт 20.000.000 төгрөг өгсөн. Тэр үед би Л.Бат- Эрдэнэтэй холбогдож чиний өгсөн мөнгө дутуу байна Зээлсэн мөнгөндөө хүү бодож авна гэж хэрүүл хийсэн бөгөөд түүний үр дүнд надад 10.000.000 төгрөгийн хүү өгсөн. Л.******* нь хадам дүү П.тэй гэр бүл болсон бөгөөд дундаасаа 1 хүүхэдтэй. Тухайн ******* нь нөхөр бид гурвын дунд өр тооцооны асуудал байгаа, 2021 оны 02 дугаар сард Л.******* нь 25.000.000 төгрөгийг надаас бэлэн мөнгөөр зээлсэн. Тухайн Л.******* нь найзынхаа банкны зээлийг хаачхаад 27.000.000 төгрөг болгоод буцаагаад өгье гэж хэлээд тухайн үед манай нөхрөөс бэлнээр авч байсан. Энэ талаар би мэдэхгүй, Цагдаагийн байгууллагаас залгахад нь мэдсэн. Нөхөр бид хоёр Л.*******д мөнгө зээлсэн асуудал байгаа. Би өөрийнхөө дансандаа анх зээлсэн мөнгөнийхөө хүүг нь авсан асуудал байгаа. Бусдаар ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд одоо тухайн өр авлагын асуудлыг дуусгахаар шийдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал),
- Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Хаан банкны 5028607224 тоот тус дансыг 2016 оноос хойш тасралтгүй ашиглаж байгаа. Би тус дансыг ганцаараа ашигладаг бөгөөд интернэт банкны нэвтрэх нэр болон нууц үгийг ганцхан би мэднэ өөр хүн мэдэхгүй. Би тус дансыг хэн нэгэнтэй хамтран ашигладаггүй. Би 2021 оны 02 дугаар сард миний хүргэн дүү болох Л.******* гэх хүнд 25.000.000 төгрөгийг зээлсэн. Тухайн ******* нь найзынхаа банкны зээлийг хаачхаад 27.000.000 төгрөг болгоод буцаагаад өгье гэж хэлээд надаас мөнгө авсан бөгөөд өдийг хүртэл надад Л.******* нь мөнгө өгөөгүй бөгөөд түүний эхнэр миний төрсөн дүү П. нь надад 10.000.000 төгрөг өгч байсан. Энэ асуудлаас болоод манай гэр бүл байнгын хэрүүл маргаантай байдаг. Би тухайн мөнгөө хүүтэй авна гэж хэлсэн учир надад илүү мөнгө өгөх ёстой гэж бодож авсан. Харин манай эхнэр Т. нь тухайн Л.*******эс зээлсэн мөнгөө хүүтэй нь авна гэж хэлсэн учир манай эхнэр рүү 10.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Л.******* нь миний төрсөн дүү П.тэй гэр бүл болсон бөгөөд дундаасаа 1 хүүхэдтэй. Л.******* бид хоёрын дунд өр тооцооны асуудал байгаа. 2021 оны 02 дугаар сард Л.******* нь 25.000.000 төгрөгийг надаас бэлэн мөнгөөр зээлсэн. Л.******* нь найзынхаа банкны зээлийг хаачхаад 27.000.000 төгрөг болгоод буцаагаад өгье гэж хэлээд тухайн үед надаас бэлнээр авч байсан. Би тухайн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Л.******* нь надад хэлэхдээ тус мөнгийг мөрийтэй тоглоод хожсон мөнгө гэж хэлсэн бөгөөд миний мөнгө хожсон мөрийтэй тоглоомын сайт гомдол гаргасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Гэрч У.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би хуурай дүү Л.*******ын гэрт нь 3 дугаар сарын 07-08-ны шилжих шөнө бид хоёр хамт хонож байсан дүү ******* нь покер старс гэх аплекашинд олон улсын картаар долларын цэнэглэлт хийж өгдөг. Тэр үед тухайн аплекашинээс нэг хүн Л.*******той фейсбүүкээр холбогдоод дансаа явуулсан тухайн хүн нь би 4.900.000 төгрөгийн таталт хийлгүүлье гэж хэлэхэд ******* зөвшөөрч 4.900.000 төгрөг тухайн хүний данс руу шилжүүлэх гэж байгаад товч андуураад хойд талд 2-ын тоо нэмээд бичээд явуулсан. Тэгтэл тухайн хүний данс руу 49.802.000 төгрөг андуурагдаж илгээгдсэн байсан. Тэр үед ******* нөгөө данс эзэмшигч рүү фейсбүүкээр холбогдтол нөгөө хүн нь *******ыг харааж зүхээд чаддаг юм бол та хэд хайж олоод аваарай гэж хэлээд фейсбүүк болон утсаа блок хийсэн. Маргааш нь би дүү *******ын хамт Ховд аймгийн цагдаагийн газар луу явах гэтэл цас шороо орсон гээд явах зам хаагдсан байсан учраас сканнердаж Ховд аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал),
- Шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 117-121 дэх тал),
- Хохирогч Л.*******оос гаргаж өгсөн Л.******* нь “Kings” гэх нэрээр тоглож 4.902.000 төгрөг хожсон гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хоёр: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
2.1 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
2.2. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд, шүүгдэгч Л.******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шилжих шөнийн 03 цаг 11 минутад хохирогч Л.*******оос ХААН банкны 5862137574 тоот данс руу 4,900,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад гүйлгээний дүнг андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээ болох 49,802,000 төгрөгийг “бусдад өрөө төлөх, бусдад шилжүүлэх” байдлаар уг мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа ашиглан завшсаны улмаас бусдад 44,902,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
2.4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Л.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 125-126 дахь тал), Л.Бат-Эрдэний эзэмшлийн ХААН банкны 5862137574 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 12-21 дэх тал), Л.Бат-Эрдэний эзэмшлийн ХААН банкны 5862137574 тоот дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 35-36 дахь тал), гэрч Т.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал), гэрч П.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), гэрч У.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал), Л.Бат-Эрдэний эзэмшлийн гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 117-121 дэх тал), хохирогч Л.******* гаргаж өгсөн Л.******* нь “Kings” гэх нэрээр тоглож 4,902,000 төгрөг хожсон гэх гэрэл зургийн баримт (хавтаст хэргийн 128 дахь тал), Нийслэлийн *******-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ц-1/633 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 157 дахь тал), ХААН банкны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 179 дэх тал), гэрч Б.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 184 дэх тал), хохирогч, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
2.5. Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилсан байх тул шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
2.6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
2.7. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох бөгөөд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан ба шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн бусдын төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсан гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол болох арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөс дээш 44,902,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй.
2.8. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулснаараа онцлогтой.
2.9. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
2.10. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухайд:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
3.2. Энэ гэмт хэрэг нь бодит хохирол шаардах хөнгөн гэмт хэрэг ба төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байхыг шаарддаг.
3.3. Шүүгдэгч Л.******* нь хохирогчийн алдаатай гүйлгээг завшсан үйлдэл болон хохирогч Л.*******ын өмчлөх эрх буюу эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
3.4. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Л.*******д 44,902,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
3.5. Тодруулбал, хохирогч Л.*******ын хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Л.******* нь “Kings” гэх нэрээр тоглож /2,000,000, +2,98М/ 4,980,000 төгрөг хожсон гэх гэрэл зургийн баримт, гэрч Б.ын “...намайг унтаж байхад мөнгө хожсон байна. Л.******* мөнгө хожихыг хараагүй учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг, Л.Бат-Эрдэний эзэмшлийн ХААН банкны 5862137574 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудад дүгнэлт хийхэд Л.******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шилжих шөнийн 03 цаг 11 минутын үед Хөх тэнгэр гэх покер тоглоомын сайтад “Kings” нэрээр тоглож байх явцад 4,900,000 /2,000,000, +2,98М/ төгрөг хожсон байх ба хохирогч Л.******* нь гүйлгээний дүнг андуурч Л.Бат-Эрдэний эзэмшлийн ХААН банкны 5862137574 тоот дансанд 49,802,000 төгрөг шилжүүлсэн болох нь, улмаар хохирогч Л.*******оос “та дансаа шалгаарай, илүү гүйлгээ хийчихлээ, 49 саяыг хийсэн, та буцаах уу” гэж зурвас үлдээснээр Л.*******эс хохирогч Л.*******ын 5365147205 дугаартай дансанд 49,802 төгрөг буцаасан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
3.6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.*******эс 44,902,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******д олгож шийдвэрлэв.
3.7. Шүүгдэгч Л.******* нь Хөх тэнгэр гэх покер тоглоомын сайтад “Kings” нэрээр тоглосон, түүний эзэмшлийн дансанд 49,802,000 төгрөг “kings” гүйлгээний утгатайгаар шилжиж орж ирсэн, Л.*******ын дансанд 49,802 төгрөгийг буцаан шилжүүлсэн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар:
4.1. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, гэмт хэргийн хохирол, хор уршиг болох 44,902,000 төгрөгийг шүүгдэгч Л.*******эс гаргуулж, хохирогч Л.*******д олгох, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй...” гэв.
4.2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгох ялын хэмжээг багасгаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байгааг харгалзаж, шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
4.4. Шүүгдэгч Л.******* нь торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжээр, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан шүүх улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд торгох ялын эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
4.5. Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бэт-Эрдэнэд 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж дүгнэлээ.
4.6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******агийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бат-Эрдэнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.*******д сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.*******эс 44,902,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.*******д олгосугай.
6. Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, 2436000000102 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН