Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/03615

 

 

 

 

 

 

 

 

2021 11 09 101/ШШ2021/03615

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,557,694 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Т ББСБ ХХК нь С.Өтай 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 017090211093 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу гэрээний харилцаа 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан боловч зээлдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй. Иймээс зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээнд тусгасан хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тухайн хаягтаа оршин суудаггүй гэсэн үндсэлэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32020/10384 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд зээлдэгчийн оршин суугаа газрыг тогтоолгон эрэн сурвалжлуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан. шатны шүүхэд хүсэлт гаргасан ба тус шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 181/ШШ2020/02990 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс оршин суутаа газрыг тогтоож зээлдүүлэгч талд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн боловч хариуцагч С.Ө нь тухайн хаягтаа оршин суухгүй байсан бөгөөд хуучин хаягтаа оршин сууж байгаа талаараа өөрөө мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 689,661 төгрөг, зээлийн хүү 720,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,006 төгрөг, гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний зардал 4,000 төгрөг, нийт 1,557,694 төгрөг төлөх үүрэгтэй байна. Хариуцагчийн ярьж байгаа 1,912,000 төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрч байгаа. Манай талаас гаргаж өгсөн зээл, хүүгийн тооцоолол дээр 1,912,000 төгрөг төлсөн гэдгийг нь бичсэн, 1,912,000 төгрөгийн 600,525 төгрөг нь хүүнд төлөгдсөн, үлдсэн 1,310,339 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан. Хариуцагч хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 28,000 төгрөг төлөөд 689,661 төгрөг үлджээ. Хариуцагч зээлийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ мэдэж байсан, хариуцагчийн ээж ирж уулзаад хүүг нь зогсоогоод өгөөч гэж хэлж байсныг бид үгүйсгэхгүй байгаа. С.Ө хаана байгаа вэ гэж асуухад Эрээн хотод ажил хийж байгаа гэж хэлсэн. Ийм хэмжээний зээлийн үлдэгдэл байгаа гэдгээ мэдэж байсан учраас бага багаар төлөөд явж байсан бол өнөөдөр ийм хэмжээнд хүрэхгүй байсан. Иймд Иргэний хууль болон зээлийн гэрээний дагуу хариуцагч С.Өаас 1,557,694 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь надаас зээлийн гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 689,661 төгрөг, зээлийн хүү 720,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,006 төгрөг, гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний зардал 4,000 төгрөг, нийт 1,557,694 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнээс миний бие үндсэн зээл 88,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 4,000 төгрөг, нийт 92,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин бусад нэхэмжилсэн 1,465,694 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие С.Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Т ББСБ ХХК-тай 017030211093 дугаар зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай байгуулсан. Т ББСБ ХХК-аас зээлийн гэрээний дагуу тооцсон зээл, хүүний тооцоо баримтаар миний бие 1,912,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн. Үндсэн авсан зээл болох 2,000,000 төгрөгөөс 1,912,000 төгрөгийг төлсөн ба үлдсэн зээл 88,000 төгрөгийг төлнө. Харин үндсэн зээл 601,661 төгрөг, хүүний үлдэгдэл 720,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,006 төгрөг, нийт 1,465,695 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие С.Өын амьдрал хүнд байна, одоогоор ажилгүй, өөрийн орох орон байхгүй, аавын гэрээр амьдарч байна. Мөн чихний аппарат зүүдэг болохоор ажил авахгүй, улс орон даяар нүүрэлсэн ковид өвчний улмаас ажил олдохгүй, группын мөнгөөр арай ядан эм тариагаа залгуулж байна. Нөхөр маань 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан нь надад хүнд цохилт болж, дэмжих туслах хүн байхгүй байна. Би 2018 оны 10 дугаар сар хүртэл өөрийн боломжийнхоо хэрээр төлж байгаад түүнээс хойш төлж чадаагүй. Нөхрийг нас барсан зун гэр орон маань үерт орсон. Би Т ББСБ ХХК-д өөрийн боломжоор мөнгө төлсөөр байгаад сүүлдээ миний наймаа дампуурсан. Эрээн хотод 1 сар гаруй хугацаанд ажиллаж байгаад ковид 19 вирус гарахад Улаанбаатар хотод ирээд одоо хүртэл ажилгүй байр түрээсэлж амьдарч чадахаа болиод аав, ээжийндээ бага охин, зээтэйгээ хамт амьдарч байгаа. Би хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт баримтаар хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар 12 сараар сунгаж шийдвэрлэсэн, хүчинтэй хугацаа 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл байгаа. Зээлээ төлөөгүй нь миний буруу, миний хувьд зээлийн хүүг төлөөгүй гэсэн ойлголттой байна. Би нэхэмжлэгч байгууллагатай анх удаа харьцаагүй, өмнө нь удаа дараа зээл аваад хугацаанд нь буцааж төлж байсан. Тийм учраас 3 дахь удаагаа зээл авсан. Би хүүг оролцуулахгүйгээр үндсэн зээлээс өөрийн төлсөн мөнгөө хасаад үлдэгдэл мөнгийг өгнө гэж бодож байна. Үлдэгдэл мөнгөнөөс хүү тооцож байгааг би ойлгож байна, гэвч надад одоо ямар ч төлбөрийн чадвар байхгүй, боломж бололцоогоороо 92,000 төгрөг төлөх боломжтой. Би зугтаад явсан зүйл байхгүй, энд тэнд байр түрээслээд явж байсан, эхлээд офицерт байр түрээсэлсэн, дараа нь Дарь эхэд байр түрээсэлсэн, сүүлдээ түрээсийн төлбөрөө өгч чадахгүй байсан учраас сүүлдээ аавынхаа гэрт ирсэн. Би өмнөх шүүх хуралдааны дараа ******* ХХК-д очиж уулзахад манай ээжийг ирж уулзаад амаар хэлээд явсан гэж хэлсэн, би Шинэбаяр гэдэг эдийн засагчид нь та бүхэн заавал шүүхэд хандаад хэдэн төгрөг авах гээд яваад яахав дээ, хоорондоо тохиролцоод шийдье, би группийн 280,000 төгрөгөөр амьдардаг, энэ мөнгөөрөө эм тариагаа залгуулдаг, дахиад 1 жилийн гэрээ хийе гэхэд хүлээн зөвшөөрөөгүй, шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хэлсэн. Мөн нөгөө талаар 2017 онд авсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,465,694 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч С.Өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 689,611 төгрөг, зээлийн хүү 720,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,006 төгрөг, гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас гарсан нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 1,557,694 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч С.Ө нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 88,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 4,000 төгрөг, нийт 92,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 1,465,694 төгрөгийг төлөхгүй гэж, мөн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан зээлийн болон гадаад валют арилжаа, итгэлцлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байна.

 

Т ББСБ ХХК нь зээлдэгч С.Ө, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нартай 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 017090211093 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг, сарын 3,0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж, мөн өдөр С.Өтай 017090211093 дугаартай Барьцааны гэрээг байгуулж зээлийн барьцаанд ******* улсын дугаартай суудлын автомашин, 2,195,000 төгрөгийн бараа, Samsung 32 инчийн телевизор, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-8-9, 10-11/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зохигчид дээр дурдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ түүний нөхөр, зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нас барсантай холбогдуулан 2019 оны 11 сард зээлийн хүү зогсоолгох хүсэлт гаргасан тул зээлсэн 2,000,000 төгрөгөөс төлсөн 1,912,000 төгрөгийг хасч үлдэгдэл 88,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.

 

Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд С.Ө, ******* нар нь Т ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

Мөн хуулийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар С.Өыг татан зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Зээлийн гэрээний дагуу Т ББСБ ХХК нь 2,000,000 төгрөгийг зээлдэгч С.Өд олгосон нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь мөнгө шилжүүлэн авсан болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт ёсоор зээлийн төлбөрийг сар бүр, хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч С.Ө нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 1,310,339 төгрөг, зээлийн хүүнд 600,525 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,136 төгрөг, нийт 1,912,000 төгрөгийг төлсөн нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. Эдгээр төлөлтийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөр зээлийн гэрээний үүргийг тодорхойлон зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 689,611 төгрөг, зээлийн хүү 720,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,006 төгрөгийг хариуцагч С.Өаас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь зохигчдын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзлыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг 18 сарын хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусч, мөн өдрөөс зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагч С.Ө нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02990 дугаар шийдвэрээр хариуцагч С.Өыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч С.Ө нь ковид 19 цар тахлын улмаас эрхэлсэн ажилгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акттай, өөрийн орон байргүй, амьдрал нь хүнд байгаа тул зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх талаар тайлбар гаргасан.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 193 дугаар зүйлийн 193.1-д үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэж заасан.

 

Гэрээний талууд болох Т ББСБ ХХК, С.Ө нар нь байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх асуудлаар харилцан тохиролцох боломжтой боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн тайлбарт дурдсан амьдралын нөхцөл байдлыг харгалзан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болох бөгөөд зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанд хариуцагч С.Ө нь үндсэн зээл 2,000,000 төгрөгийг, зээлийн хүү 653,608 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь гэрээний хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүү, мөн гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан нотариатын зардал 4,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарыг баримтаар ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцохоор заасны дагуу 4,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Хариуцагч нь уг зардлыг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн хариуцагч С.Өаас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 017090211093 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 689,611 төгрөг, зээлийн хүү 720,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,006 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 1,557,694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 017090211093 дугаартай Барьцааны гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч С.Өаас зээлийн гэрээний үүрэгт 1,557,694 /нэг сая таван зуун тавин долоон мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Өаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 39,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР