| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 178/2025/0008/Э/206/2025/0006 |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
2025 01 09 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, Улсын яллагч: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.*******, Гэрч: А.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч О.*******, Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2436004350329 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, “Буянт Алтай нутаг” ХХК-ийн захирал ажилтай, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн Ар хужирт гэх газраас ховор амьтан болох 1 янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1 Шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...2023 оноос эхэлж би ангийн бизнес рүү орж эхэлсэн. Би 2021 онд Ховд аймагт Ubcab онлайн такси үйлчилгээг оруулж, үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн. Мөн 2022 онд Доктор авто сүлжээг Ховд аймагт оруулсан. Буянт Алтай нутаг компанийн үйл ажиллагааг манай өвөө, аав хоёр хариуцаж, үйл ажиллагааг нь явуулдаг байсан. 2023 оны 5 сард өвөө нас бараад энэ компанийн үйл ажиллагаа цаашид явах боломжгүй болсон. Тэгээд 2023 оны 7 сараас эхэлж би үйл ажиллагааг нь авч, цааш нь хэрэгжүүлж явж эхэлсэн.
2023 онд анх ангийн бизнес рүү ороод эхлэхэд Монгол улс анх удаагаа агнуураа дуудлага худалдаагаар зохион байгуулж, хуваарилж, агнуур хийлгэх хүмүүстээ өгч агнуулж эхэлсэн.
2023 оны дуудлага худалдаа тухайн бүс нутгийн 1 дүгээр тэх, 2 дугаар тэх гэх мэтчилэн тусгайлан зааж өгөөд дуудлага худалдаанд оролцож байгаа иргэд болон ААН-үүд Дуут сумын Балин агнуурын бүсүүдийн 1 дүгээр тэх дээр оролцоно гэж дэнчингээ тавьж оролцож байсан. Энэ байдлаар би 2023 онд 3 тэх дуудлага худалдаанаас авсан. Тухайн үед шинээр ангийн бизнес рүү орсон, таньдаг мэддэг гаднын анчин байхгүй байсан учраас агнуураа хийлгэж чадаагүй. Гэхдээ сумыг хохиролгүй болгож, тухайн 3 толгой тэхийнхээ мөнгийг сумдаа төлсөн.
2024 онд дуудлага худалдаа дахиад явагдсан. Энэ дуудлага худалдаанд Ховд аймагт нийт 27 толгой алтайн тэх, 7 алтайн угалз хуваарилагдаж ирсэн. Ховд аймаг нийт 13 ангийн агнуурын бүстэй иргэд болон ААН-үүд өөрсдөө хариуцаж хуваарилж байгаад ан агнуураа хийдэг. 2024 оны дуудлага худалдааны онцлог нь бүсчлээд нарийвчлаад агнуурыг зааж өгөөгүй. Дуудлага худалдаанд оролцож байгаа иргэд болон ААН-үүд дуудлага худалдаанаас ялсан бол өөрийн дуртай агнуурын бүс нутгаасаа очоод агнуураа хийх боломжтой гэдэг ойлголтыг дуудлага худалдаа зохион байгуулж байсан комиссын гишүүд бид нарт тайлбарлаж өгч байсан.
Дуудлага худалдаанаас 6 тооны толгой тэхийн ялагч болж авсан. Үүнийхээ дөрвийг Дуут сум дээр тавиулсан. Яагаад гэвэл би Дуут суманд менежмент хариуцагч хийж явж байгаа учраас тухайн бүс нутагт орлого оруулах ёстой. Иймд менежмент хариуцагчийнхаа үүргийг биелүүлж би 4 тооны угалз, тэхийг би тавиулсан.
2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дуудлага худалдааг зарласан. Тухайн үед дуудлага худалдаанд оролцогч ялсан тохиолдолд бүс байхгүй учраас өөрсдөө бүсийн менежмент хариуцагчтай тохирно шүү гэдэг ойлголтыг бид нарт өгөөд байсан. Жишээ нь ******* гэдэг хүн оролцоод ялагч болоод “Дуут сум дээрээс би очиж агнуур хийнэ” гэх юм бол тухайн Дуут сумын нутаг дээр байгаа агнуурын бүсийн менежмент хариуцагчтай харилцан тохиролцоно. Менежментийн төлөвлөгөөний хувьд 2024 онд ийм ийм ажлууд хийнэ. Танайхаас санхүүжилт өгөх юм бол би зөвшөөрнө гэдэг тийм ойлголттой. Дуудлага худалдааны яллагч, тухайн бүс нутаг эзэмшигчтэй хоорондоо тохиролцчих юм бол аль ч бүсээ сонгож, очоод агнуур хийх боломжтой гэдэг ойлголтыг өгөөд байсан.
2024 оны 4 сарын 27-ны өдөр болсон дуудлага худалдаанд би оролцсон. Гэхдээ ААН ажиллуулж байгаа учраас аль болох ихийг авч байж ашиг үзнэ. Ийм учраас би 3 иргэний нэрээр, өмнөөс нь дэнчингийн мөнгийг төлөөд оролцсон. Тэр дуудлага худалдаанаас би 9 тэх авсан. 27-ны өглөө 9 цагаас 11 цагийн хооронд дуудлага худалдаа болсон. Тухайн дуудлага худалдааны онцлог нь би үнэ өгөхөд миний 2 минут явж эхэлнэ. Тэгээд миний 2 минут дээр өөр хүн үнэ өгөхгүй бол би тухайн дуудлага худалдааны ялагч болж байсан. Яг энэ байдлаар би оролцоод 9 тэх авсан. Үдээс хойш нь дахиад угалзын дуудлага худалдаа өдөр 1 цагаас явагдах байсан. Тэгээд угалзын дуудлага худалдаанд онлайнаар оролцохоор орсон чинь тухайн дуудлага худалдааны сайт нь ажиллаагүй. Тэгээд Ховд аймаг руу дуудлага худалдаа зохион байгуулж байгаа хүмүүс рүү холбогдсон чинь “дуудлага худалдаан дээр оролцох ёстой хүмүүс оролцож чадаагүй. Маргааш өглөө дахиад дуудлага худалдаа зохион байгуулна. Энэ дээр оролцоорой” гэдэг тайлбарыг өгсөн.
28-ны өглөө бид нар дахиад оролцсон. Тэгсэн чинь өмнөх дуудлага худалдаан дээр байсан 2 минутыг нь хасаад хаячихсан. 9 цагаас 11 цаг хүртэл дуудлага худалдаа үргэлжилсэн. Жишээ нь эхний оролцогч би үнэ өгөнгүүт дараагийн оролцогч нь үнэ өгөөд ингэсээр байгаад дуудлага худалдааны үнэ тэнгэрт гарсан. Өндөр үнээр авах юм бол ямар ч ашиггүй байдалд хүрсэн. Дуудлага худалдаагаар нэг тэхийг 30,000,000 төгрөгөөр авах боломж бий болсон. 30,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанаас аваад сумдаа 3000 доллар төлөхөөр дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа тэхийн үнээс даваад, шаталтад орохоор тийм байдалд хүрсэн. Тэгээд дуудлага худалдаа зохион байгуулсан хүмүүс дүрмийнхээ дагуу дуудлага худалдааны ялагч нарт авах эрхийг нь өгсөн. Тэгээд 30,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн хүмүүс авахгүй нь ойлгомжтой. Ийм байдлаар завхарсан байдал үүссэн.
2024 оны 7 сарын 28-ны өдөр Ховд аймгаас гараад Ар хужирт дээр очоод н. гэх Ар Хужиртын бүсийн отгийн ахлагчтай уулзсан. Отгийн ахлагчтай уулзаад би “анчин 8 сарын 15-нд ирнэ. Та ирэхэд нь отгоо гаргаад, бэлдчихсэн, агнуураа товлосон байгаарай” гэж хэлсэн. Анчдын хэллэгээр хариулаарай гэж байгаа. Хариулна гэдэг нь тухайн бүс нутагт байгаа хамгийн том хөгшин тэхийг олоод байнгын хяналт тавихыг хэлнэ. Мөн анчин очиход энэ тэхийг буудна шүү гэдэг байдлаар санал болгоно гэсэн үг.
Мөн 7 сарын 29-ний өдөр би Балинт яваад н.******* гэдэг хүнтэй очиж уулзсан. н.******* дээр очоод “анчин 8 сарын 25-ны өдөр ирнэ. Та ирэхэд агнуураа бэлдчихсэн байгаарай. Отог ямар зохион байгуулалттай гарах юм, хэчнээн хүн оролцох юм, та хэдэн гэр гаргаж өгөх боломжтой байна” гэдэг байдлаар асуусан. Тэгэхэд ах “ахын дүү чи агнуурт битгий санаа зов. Манай нутагт элбэг байдаг. Чи анчингаа авчрахаа бод” гэхээр нь “тэгвэл би санаа зовохгүй шүү. Танд найдаад үлдээж байна. Отог хэдэн хүнтэй оролцох юм” гэхэд “6 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно” гэсэн. “Хэдэн гэр гаргаж өгөх юм” гэхэд “2 гэр гаргаж өгнө” гэхээр нь “2 гэр гаргахгүй. Та 4 гэр гаргаад өг. Нэг гэрийг гал тогооны гэр болгож тусдаа гаргана. 2 гэрийг анчинд зориулж гаргаж өгөөч. Дотор тохижилтыг би өөрөө бүгдийг нь тохижуулна. Зөвхөн та надад гэрээ бариад, дотор шалыг нь хулдааслаад хоёр ор тавиад өгчих. Бусад асуудлыг нь би шийднэ” гэж хэлсэн.
8 сарын 15-ны өдөр Ар хужиртын анчин ирсэн. Би хууль ёсных нь дагуу бүх төлбөр мөнгө, сумд тушаах ёстой татвар, тэмдэгтийн хураамжийг төлөөд, бусад зөвшөөрлүүд гээд энэ бүгдийг хууль ёсных нь аваад Ар Хужиртын анг амжилттай хийгээд 20-ны өдөр дуусгасан.
8 сарын 22-ны өдөр Ар Хужиртаасаа очиж кемпээ нүүлгээд Балинт агнуурын бүс дээр 23-ны өдөр очсон. Тэнд 4 гэр барьчихсан байсан. Би өөрөө дотор тохижилтыг гаргасан. Яагаад би өөрөө тохижилтоо хийсэн гэвэл өмнө олон газраар агнуурын судалгаа хийгээд үзсэн. Энэ агнуураар дамжуулаад Монгол улсыг дэлхийн зах зээлд сурталчлаад байгаа учраас ирж байгаа анчингаа сэтгэгдэл өндөртэйгөөр буцаасай гэдэг үүднээс би тухайн отгийг бараг буудлын хэмжээнд тохижуулж гаргасан. Нэлээн хөрөнгө мөнгө ч зарцуулсан.
Би энэ ангаас их ашиг үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Монголын агнуур ганц, хоёр турк хүний гарт байдаг. Бид одоохондоо дэлхийн зах зээл дээр нөлөө бүхий анчдыг танихгүй учраас заавал зуучлагч компаниар дамждаг. Миний зорьж байгаа зорилго нь зуучлагч компаниар дамжуулж анчдаа олж авч байгаад цаашдаа шууд тэр анчдыг өөрөө авах зорилготойгоор хичээж ажиллаж байгаа. Яг ийм байдлаар анчидтайгаа ажиллаж байсан учраас анчиддаа тусгай үйлчилгээ үзүүлж, сэтгэгдэл өндөртэй буцаах талаас нь үйл ажиллагаануудаа явуулж байсан.
25-ны өдөр анчин ирсэн. Анчнаа тосож аваад агнуурын бүс дээрээ очсон. Мөн н.Адарсүрэн ахтай уулзаад “маргааш өглөө гарахад агнуур бэлэн биз” гэхэд “тэгсэн, чи битгий санаа зовоо” гээд байсан. Эхний өдөр бид агнууртаа гарсан. Эхний ууланд агнуур маш ховор байсан. Нэг өдөржингөө ууланд явж байхад дандаа залуу, жижгэвтэр тэхүүд таараад байсан. Мэдээж жижгэвтэр тэх байгаа учраас бид нар агнуур хийлгэхгүй. Анчин ч “энэ жижигхэн байна. Залуу тэх байна. Би буудахгүй” гэдэг байдлаар яваад байсан. Тэгээд явж байгаад нэг тэхтэй тааралдсан. Тэр тэх 10 орчим насны боломжийн байсан учраас тэхийг анчин маань буудсан ч алдаад буудчихсан. Тэр өдөр ингээд дууссан.
Хоёрдох өдөр нь ахтайгаа ярилцаад “аль ууланд гарах вэ” гэхэд “нөгөө ууландаа гарна. Эндээс өөр яваад байх уул байхгүй” гэдэг байдлаар тайлбар өгч байсан. Тэгээд тэр ууланд дахиад гарсан. Өчигдрийн бууддаг шиг тэх байхгүй байсан учраас хоосон явсаар байгаад дууссан. Очсон 2 анчин “агнуур ховор байна. Дандаа залуу тэхүүд байна” гэж хэлж байсан. Мөн нэг анчин нь “200 метр дотор буудна. Тэрнээс цааш буудаж чадахгүй. Муу бууддаг” гэж хэлсэн. Нөгөө анчин нь “би яах вэ, хэд ч байсан хамаа байхгүй буудчихна. Би чадвартай” гэдгээ хэлж байсан.
Тэгээд отгийн ахлагч н.******* гэж хүнтэй ярилцахад “өөр уул руу явж буудъя” гэсэн. Тэгэхдээ Балинт агнуурын бүс дотроо байсан. Тэгэхэд 12 орчим насны тэх тааралдаад түүнийг сайн бууддаг анчин буудаад агнуураа амжилттай хийсэн. Тэр өдөр кемпээсээ хол явсан байсан учраас ууландаа хоноглосон.
Дөрөв дэх өдөр нь өглөөнөөс авхуулаад өдөржингөө дурандаж яваад орой 4 цагийн үед арай гэж нэг тэх олж авсан. Тэр тэх манай анчинд нэлээн таалагдсан. Түүнийг буудах гээд ойртсон боловч зай нь 450 метр орчим байсан. Анчин маань угаасаа муу бууддаг гээд итгэл муутайгаар буудсан. Тэгээд онож чадаагүй. Тэгээд ахтайгаа ярилцаад “одоо бид нар яах вэ? Ийм байна. 5 хоногийн хугацаатай ирсэн. Маргааш сүүлийн өдөр. Одоо яах вэ” гэхэд “чамд хэлээд агнуулчих агнуур энд алга байна” гэдэг байдалтай байсан.
Тэгэхээр нь би орчуулагч, анчинтайгаа ярилцсан. Анчин бид нарын хэлийг мэдэхгүй байгаа ч гэсэн тухайн агнуурын бүс нутаг дээр өөрийнх нь ална гээд зориод ирсэн агнуур байхгүй, маш ховор байгаа гэдгийг бид нартай ярилцахгүй байсан ч ойлгоод байсан. Тэгээд “маргааш нэг өдөр байна. Агнуур хийж чадахгүй бол бид нар чамд төлсөн төлбөр мөнгөө 100% буцааж авна. Танай агнуурын бүсэд дахиж ирэхгүй. Танай агнууртын бүсэд агнуур маш ховор байдаг газар байна” гэдэг байдлаар эсэргүүцсэн, дургүйлхсэн байдалтай байсан.
Хэрвээ тэр анчныг хоосон буцаах юм бол тухайн анчин “би Монгол улсад очоод агнуур хийе гэсэн чинь агнуур байсангүй” гэдэг байдлаар цаашаагаа ярих байх. Сөрөг сурталчилгааны юмнууд явагдах байх. Агнуур хэдийгээр хийлгээд байгаа боловч Монгол улсыг сурталчилж байгаа учраас би толгой мэдсэн шийдвэр гаргасан. Мөн улсын байцаагч н.******* эгчтэй холбогдох гэсэн боловч сүлжээгүй газар яваад байсан учраас холбогдож чадаагүй. Тэгээд тухайн анчныг хоосон буцаах ямар ч боломж байхгүй байсан учраас Ар хужирт агнуурын бүс дээр очоод 1 тооны тэх агнуулсан...” гэв.
Хоёр. Эрүүгийн 2436004350329 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
2.2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/,
2.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ийн “...Ховд аймгийн Дуут суманд тус аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/382 дугаартай захирамжийг баталгаажуулж дуудлага худалдаа зарлаж, Дуут сумын Хөхбэлчир багийн Балинт ан агнуурын бүсэд 2 тооны янгир, Дуут сумын Шивэр багийн нутаг дэвсгэр Ар хужирт ан агнуурын бүсэд 2 тооны янгир агнах зөвшөөрөл олгогдсон бөгөөд уг зөвшөөрлийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд 2 тооны янгирыг Буянт Алтай нутаг ХХК агнасан. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Балинт ан агнуурын бүсэд Буянт Алтай нутаг ХХК-ийн анчин ирээд 1 тооны янгир агнаад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ар хужирт агнуурын бүс нутгаас ямар нэгэн ан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 1 тооны янгир агнасан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
2.4. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 88110620 гэсэн дугаараас орчуулагч П. над руу залгаад ...Балинт ан агнуурын бүсээс агнах ан амжилтгүй болсон, 1 өдрийн хугацаа үлдсэн, тиймээс танай Ар хужиртын ангийн бүсэд агнах ан хиймээр байна... гэж хэлэхэд ингэж болох юм уу гэж асуухад зөвшөөрлөө өгсөн тохиолдолд агнуурын бүсээс агнах эрхтэй, ан байгаа юу гэж асуусан...”, “...Ар хужиртын ан агнуурын бүсээс анх 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирэхдээ 2 янгирын зөвшөөрөл авсан гэж ирээд 2 тооны янгираа агнаад, Балинтын агнуурын бүсээс 2 тооны янгир агнана гэж хэлээд явсан. Тэгтэл 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өглөө Ар хужиртаас ирээд 1 тооны янгир агнаад явсан ...” гэх дахин мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 28 дугаар хуудас/,
2.5. Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Балинт ан агнуурын бүсээс 2 тооны янгирын зөвшөөрөлтэй ирээд 1 тооны янгир агнаад, үлдсэн 1 тооны янгирыг Ар хужиртын ан агнуурын бүсээс агнана гээл явсан. Уг нь тогтоосон бүсээс агнахгүй бол зөвшөөрөлгүй агнасантай адилхан. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Балинтын ан агнуурын бүсээс яваад Ар хужирт ан агнуурын бүсэд очоод 1 тооны янгир унагаагаад явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
2.6. Гэрч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өглөө над руу зөвшөөрлийн дагаа 2 тэхээ агнасан, үлдсэн 2 тэхийнхээ 1 тооны тэхийн гэрээ хиймээр байна гэхээр нь “би ээлжийн амралттай байгаа, хоёрдугаарт амралтын өдөр, мөн гэрээ хийгээгүй байхад хууль бус ан хийгээд байна гэж хэлсэн. Г.******* нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ар хужирт агнуурын бүс нутгаас 2 тэхийн ан хийх гэрээгээ хийхэд Балинтын хавцал ан агнуурын бүсээс хийх 2 тэхийн гэрээг хийлгэж аваарай би ээлжийн амралтаа 08 дугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл авах учраас хийлгэж аваарай гэдэг зүйл хэлсэн. Г.******* энэ тэхийг 9 дүгээр сарын сүүлээр хийнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,
2.7. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, Г.ы 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2802 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн амьтны мөч нь шинжилгээнд тэнцэж байна, амьтны урд мөч нь салаа туруутны баг-Artiodactyla, Тугалмайтныхан Bovidae овгийн Янгир ямаа-Capra sibirica (Pallas, 1776)-ны урд мөч байна. Шинжилгээнд ирүүлсэн Янгирын урд мөч нь шинэ байна. Шинжилгээнд ирүүлсэн янгирын урд мөч нь 7,5 x 5 ст өргөн мөртэй байгаа нь эр хүйсийн 10-13 настай “Тэх” байх боломжтой. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтын Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад нэг бодгаль Янгир ямаа-Capra sibirica (Pallas, 1776)-ны экологи-эдийн засгийн үнэлгээг 5,300,000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Гэм буруугийн шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талуудаас гаргасан дүгнэлт:
3.1. Улсын яллагч Г.Хосбаяраас “...Шүүгдэгч Г.******* нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан бөгөөд мөрдөгч нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хуулиар тогтоосон журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц байх тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль ёсны гэж үнэлж, дүгнэн шүүгдэгч Г.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна.
Уг гэмт хэргийн улмаас амьтны аймагт 5,300,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар 2 дахин хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж нийт 10,600,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд төлөөгүй бөгөөд дээрх хор уршгийг шүүгдэгчээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд тушаалгах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
3.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ээс “...Жил бүр ангийн тоог Засгийн газраас гаргаад Байгаль орчны газар хуваарилж өгдөг байсан бол сүүлийн 2 жил тухайн аймгийн Засаг дарга нар Хөгжлийн бодлогын хэлтэс дээр дуудлага худалдаа зарлагдаад ан хийгддэг болсон. Ан хийгдэхдээ нэгдүгээрт: ан хийж байгаа компаниас орон нутагт авсан тусгай зөвшөөрлийг шалгадаг. Хоёрдугаарт: тухайн орон нутагт төлсөн төлбөрийг шалгадаг. Тусгай зөвшөөрөлтэй, бүрэн төлбөртэй бол анг нь хийлгэдэг. 2024 онд 4 тусгай зөвшөөрөл байсан. Ар хужирт агнуурын бүсээс хоёр тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд хийгээд, төлбөр хураамжаа төлсөн. Төлбөр хураамжаа тухайн сумын төрийн сангийн ангийн төлбөрийн дансанд төлдөг. Улсын тэмдэгтийн хураамжийн дансанд хураамжийн төлбөрийг төлдөг. Бүгд орон нутгийн дансанд ордог. Балинт агнуурын бүс нутагт 20-д гараад 30-ны хооронд агнуур хийх ажиллагаа явагдсан. 2024 оны намар орон нутгийн сонгуультай холбоотой төрийн захиргааны бүх албан хаагчдыг шалгалт өгч, сонгуульд ажиллуулсан. Балинт агнуурын бүсэд анх гарч байхад би хяналтаар очиход бэлтгэл ажил хангагдсан байдалтай байсан. Тэгэхдээ агнуураа хийж эхлээгүй байсан. Би холбогдох бүх хүмүүстэй нь уулзаад буцсан. ...Мөн бэлчээрийн хяналт, хөөгүүл гээд өдөр болгон хөдөө явдаг ажилтай байсан. 30-ны өдөр жолоочид эрт үүрэг болгоод байгаль хамгаалагчтайгаа Балинт агнуурын бүс нутагт очиход нэг тэх агнагдсан. Нөөцгүй болоод Ар хужирт агнуурын бүсээс нэг тэх агнахаар явсан гэх мэдээллийг тухайн агнуурын малчид хэлсэн. Тэгээд яагаад хэлж мэдэгдээгүй юм бол гээд явсан ч хол газар учраас араас нь явж гүйцээгүй...” гэх дүгнэлтийг,
3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.*******оос “...Эрүүгийн хууль буюу эрүүгийн эрх зүйн онцлог байдаг. Гэмт хэрэг гэж юу вэ гэдгийг тодорхойлоход үндсэн 4 зүйл буюу объект, объектив тал, субъект, субъектив тал гэдэг зүйл байдаг. Г.*******ын хийсэн гэмт хэрэг энэ бүх шаардлагуудыг хангахгүй байна гэж үзэж байна.
Г.******* “Балинт гэдэг газраас 2 тэх, Ар хужирт гэдэг газраас 2 тэх агнах ёстой байсан. Тэгээд Ар хужирт гэдэг газраас 3 тэх, Балинт гэдэг газраас 1 тэх агнасан” гэж анхны мэдүүлгээрээ ч хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаан дээр ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа.
Энэ асуудал яг гэмт хэрэг мөн үү, биш үү гэвэл “гэмт хэрэг биш” гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд хууль бусаар ан агнах гэх гэмт хэрэг байгаа. Энэ гэмт хэргийн объект нь амьтны эрх, амьтны амийг хамгаалах, байгаль орчны аюулгүй байдал юм. Өөрөөр хэлбэл Байгаль орчны аюулгүй байдал, амьтныг хамгаалах нь объект болж байгаа юм.
Хавтаст хэргийн 110-114 дүгээр талд тусгай зөвшөөрлөө Г.******* авчихсан хэргийн нотлох баримт нь байна. Тийм учраас энэ хэрэгт объект байхгүй байна.
Хоёрдугаарт улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй ан амьтан агнасан нь объектив тал юм. Хар-Ус нуурын тусгай хамгаалалтын газраас “Ар хужирт хэмээх газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй” гэх албан бичиг хавтаст хэргийн 131 дүгээр талд авагдсан. Ховд аймгийн Байгаль орчны газрын 2024 оны 9 сарын 12-ны өдрийн 277 тоот албан бичиг хавтаст хэргийн 45, 46 дугаар талд, мөн Ар Хужирт нь агнуурын бүс мөн гэсэн албан бичиг хавтаст хэргийн 50 талд 45 дугаар талд авагдсан. Тухайн гэмт хэрэг нь улсын тусгай хамгаалалттай газарт нутагт үйлдэгдээгүй. Харин ан агнуурын бүсэд болсон байна.
Мөн нэг объектив тал нь “ховор амьтныг тусгай зөвшөөрлөөр агнасан” байхыг шаардана. Ийм 2 объектив талыг энэ хэрэг дээр хамааруулах боломжтой юм. Тусгай зөвшөөрөлгүй гэж байна. Гэтэл хавтаст хэргийн 110-114 дүгээр талд тусгай зөвшөөрлүүд авагдчихсан байна. Гэрээгүйгээр, бүс сольсон гэсэн үгнүүд байхгүй. Зөвхөн тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд гэмт хэрэг болно гээд тусгаж өгсөн. Тухайн субъект нь ямар ч тусгай зөвшөөрөлгүй, ямар ч төрийн холбогдох байгууллагатай харьцаагүй, хүсэлт гаргаагүй байж агнасан тохиолдолд гэмт хэрэг болно гэдгийг зааж өгсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан. Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглээд байна гэж ойлгож байна. Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл гэрээгүйгээр агначихсан бол бараг гэмт хэрэг гэж үзэх гээд байгаа юм уу? Бүс сольсон бол гэмт хэрэг гэж үзэх гээд байгаа юм уу? Гэтэл хуульд тусгай зөвшөөрөлгүй бол гэмт хэрэг гэж байгаа. Бүс сольсон тохиолдолд гэмт хэрэг биш, төсөөтэй хэрэглэхгүй гэдэг зарчим байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж, гэмт хэрэгт тооцохгүй гэдгийг хангалттай дурдаж өгсөн. Объектив талын шинжийг мөн хангахгүй байна гэж үзэж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байгаль орчны мэргэжилтэнээр олон жил ажилласан хүн. Нэг сүргийн буюу нэг гэр бүлийн тэхүүд байх боломжтой гэдгийг хэлж байна. Энэ зөвшөөрөл олгож байгаа 4 тэх энэ мэдүүлгүүдээс харвал Балинтад ч явж байх боломжтой, Ар Хужиртад ч явж байх боломжтой байгааг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.
Тийм учраас Г.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Эрх зүйн зөрчил гаргасан гэж үзвэл Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх асуудлыг Эрүүгийн хуулиар шийдэх гэж байгаа нь буруу байна. Ингэж шийдвэл хуулийн буруу жишиг тогтоно гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж шүүгдэгч Г.*******ын гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:
4.1. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийлээ.
4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн Ар хужирт гэх газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ховор амьтан болох 1 янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ийн “...Ховд аймгийн Дуут суманд тус аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/382 дугаартай захирамжийг баталгаажуулж дуудлага худалдаа зарлаж, Дуут сумын Хөхбэлчир багийн Балинт ан агнуурын бүсэд 2 тооны янгир, Дуут сумын Шивэр багийн нутаг дэвсгэр Ар хужирт ан агнуурын бүсэд 2 тооны янгир агнах зөвшөөрөл олгогдсон бөгөөд уг зөвшөөрлийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Ар хужирт ан агнуурын бүсээс 2 тооны янгирыг Буянт Алтай нутаг ХХК агнасан. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Балинт ан агнуурын бүсэд Буянт Алтай нутаг ХХК-ийн анчин ирээд 1 тооны янгир агнаад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ар хужирт агнуурын бүс нутгаас ямар нэгэн ан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 1 тооны янгир агнасан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 88110620 гэсэн дугаараас орчуулагч П. над руу залгаад ...Балинт ан агнуурын бүсээс агнах ан амжилтгүй болсон, 1 өдрийн хугацаа үлдсэн, тиймээс танай Ар хужиртын ангийн бүсэд ан хиймээр байна... гэж хэлэхэд ингэж болох юм уу гэж асуухад, зөвшөөрлөө өгсөн тохиолдолд агнуурын бүсээс агнах эрхтэй, ан байгаа юу гэж асуусан...”, “...Ар хужиртын ан агнуурын бүсээс анх 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирэхдээ 2 янгирын зөвшөөрөл авсан гэж ирээд 2 тооны янгираа агнаад, Балинтын агнуурын бүсээс 2 тооны янгир агнана гэж хэлээд явсан. Тэгтэл 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өглөө Ар хужиртаас ирээд 1 тооны янгир агнаад явсан ...” гэх дахин мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 28 дугаар хуудас/,
- Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Балинт ан агнуурын бүсээс 2 тооны янгирын зөвшөөрөлтэй ирээд 1 тооны янгир агнаад, үлдсэн 1 тооны янгирыг Ар хужиртын ан агнуурын бүсээс агнана гэж явсан. Уг нь тогтоосон бүсээс агнахгүй бол зөвшөөрөлгүй агнасантай адилхан. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Балинтын ан агнуурын бүсээс яваад Ар хужирт ан агнуурын бүсэд очоод 1 тооны янгир унагаагаад явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
- Гэрч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өглөө над руу зөвшөөрлийн дагуу 2 тэхээ агнасан, үлдсэн 2 тэхийнхээ 1 тооны тэхийн гэрээ хиймээр байна гэхээр нь “би ээлжийн амралттай байгаа, хоёрдугаарт амралтын өдөр, мөн гэрээ хийгээгүй байхад хууль бус ан хийгээд байна” гэж хэлсэн. Г.******* нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ар хужирт агнуурын бүс нутгаас 2 тэхийн ан хийх гэрээгээ хийхэд Балинтын хавцал ан агнуурын бүсээс хийх 2 тэхийн гэрээг хийлгэж аваарай, би ээлжийн амралтаа 08 дугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл авах учраас хийлгэж аваарай гэдэг зүйл хэлсэн. Г.******* энэ тэхийг 9 дүгээр сарын сүүлээр хийнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Байгаль орчны газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн 277 дугаар “...2487 дугаартай гомдол мэдээлэлд өргөргийн 47.6173900, уртрагийн 912039550 радиус нь Ар хужиртын агнуурын бүс нутагт хамрагдаж байна...” гэх албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
- 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Агнуурын амьтан агнах, барих гурвалсан гэрээний 2.2-т “...Зөвшөөрлийн дагуу хуваарьт агнуурын бүсэд хуулийн дагуу ан агнах, барих үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж хамтран ажиллана...” гэж заасан Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Буянт Алтай нутаг” ХХК-ийн хүлээх үүрэг /хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, Г.ы 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2802 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн амьтны мөч нь шинжилгээнд тэнцэж байна, амьтны урд мөч нь салаа туруутны баг-Artiodactyla, Тугалмайтныхан Bovidae овгийн Янгир ямаа-Capra sibirica (Pallas, 1776)-ны урд мөч байна. Шинжилгээнд ирүүлсэн Янгирын урд мөч нь шинэ байна. Шинжилгээнд ирүүлсэн янгирын урд мөч нь 7,5 x 5 см өргөн мөртэй байгаа нь эр хүйсийн 10-13 настай “Тэх” байх боломжтой. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтын Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад нэг бодгаль Янгир ямаа-Capra sibirica (Pallas, 1776)-ны экологи-эдийн засгийн үнэлгээг 5,300,000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/,
- Ховд аймгийн дуудлага худалдааны ялагч нар ан хийх сум, бүсээ сонгосон байдал, 2024 оны тусгай зориулалтаар агнах ангийн бүсийг тогтоосон талаарх хүснэгтүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны олгосон ан агнах тусгай зөвшөөрөл /хавтаст хэргийн 103, 108, 110-113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаа нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Тав. Эрх зүйн дүгнэлт:
5.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ...ан амьтан ...хамаарна” гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамруулахаар тус тус хуульчилж, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай “Жагсаалт, журам батлах батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын Нэгийн 12-т Янгир ямаа (Capra sibirica)-ыг ховор амьтны жагсаалтад оруулжээ.
5.2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “Буянт Алтай нутаг” ХХК нь холбогдох байгууллагаас олгосон 4 ангийн тусгай зөвшөөрөлтэй, уг тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд 4 янгир ямаа агнасан гэж маргах боловч Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “агнуурын бүс нутаг гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг” заахаар тодорхойлсон байх бөгөөд дээрх тусгай зөвшөөрлөөр “Буянт Алтай нутаг” ХХК-д Ар хужирт ан агнуурын бүсээс 2 янгир ямаа, Балинтын хавцлын ан агнуурын бүсээс 2 янгир ямаа тус тус агнах тусгай зөвшөөрөл олгогдсон байхад бүсээ сольж Ар хужиртын ангийн бүсээс тусгай зөвшөөрлийн тооноос 1 илүү янгир ямаа агнасан үйлдэл нь хууль бус байх тул шүүгдэгчийн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэх хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
5.3. Шүүдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал ховор амьтны жагсаалтад орсон амьтныг агнасан тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хангасан гэж үзнэ. Иймд шүүгдэгч Г.*******ыг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Зургаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
6.2. Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2/ дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байна.
6.3. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтын Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад нэг бодгаль Янгир ямаа-Capra sibirica (Pallas, 1776)-ны экологи-эдийн засгийн үнэлгээг 5,300,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд Экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлдэг хуулийн зохицуулалтаас үзэхэд амьтны аймагт учирсан хохирол энэ хэргийн хувьд 10,600,000 төгрөгөөр тооцогдоно.
6.4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:” 7.2.3. “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого;” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.*******аас гэмт хэргийн хохиролд 10,600,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Долоо. Эрүүгийн хариуцлагын талаар:
7.1. Шүүгдэгч Г.*******ыг “хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь эрх зүйн үндэслэлтэй.
7.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасны дагуу гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
7.3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг,
7.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Хохирол төлүүлэхгүй” гэх саналыг,
7.5. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Г.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10,600,000 төгрөгийг нөхөн төлөхийг илэрхийлж байгаа зэргийг тус тус харгалзан торгох ялыг багасгаж хамгийн доод хэмжээгээр буюу 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
7.6. Шүүгдэгч Г.Галмандын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бага насны хүүхэдтэй буюу ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
7.7. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуулийн зохицуулалттай болохыг шүүгдэгч Г.*******ад сануулах нь зүйтэй.
Найм. Бусад асуудлын талаар:
8.1. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн агнагдсан гэх 1 тооны янгир ямааны 1 ширхэг мөчийг устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 86-68 ХОЕ улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаагаар хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
8.2. Шүүгдэгч Г.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх болохыг дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 7,000 (долоон мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 10,600,000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 86-68 ХОЕ улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаагаар хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг “Янгирын мөч”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН