Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар   2025/ШЦТ/61

 

 

 

 

 

2025           02          20                                          2025/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэвээнсүрэн,

улсын яллагч Б.Энхтулга,

хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Л.*******,

шүүгдэгч А.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох 2536000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 18-17 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаартай гэв.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Буянт багийн задгайд өөрийн гэртээ архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.*******ийн толгой, бие хэсэгт модоор болон гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хоншоорын урд хана, хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын гадна доод хана зөрүүтэй сэлтэрсэн хугарал, зүүн талын хацар ясны хугарал, зүүн хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал, толгойн зулайн орой хэсэгт шарх, зүүн чамархай хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи болон хацрын дээд хэсэг, хамрын нурууны дээд 2/3 хэсэг, зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн хацар, шанаа, завж, эрүүний зүүн доод хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг цус хуралт, зүүн хөхний дээд дунд хэсэг, баруун бугалгын дунд гадна, ар хэсэг, бүсэлхийн баруун дунд хэсэг, бүсэлхийн зүүн ар хэсэг, зүүн гуяны доод гадна хэсэг, дээд урд хэсэг, баруун гуяны дээд дотор хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг:

- Шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Би тэр өдөр амрах гээд 0.75 архи авч ирээд уугаад сууж байтал гаднаас н. орж ирсэн, араас удалгүй н.******* орж ирсэн бид 3 хамт архи ууж байгаад н., н.******* 2 хамт гарч явсан удалгүй хохирогч н.******* сүү авна гээд буцаж ирээд надаас архи нэхэхэээр нь би “унтаж амар, нэг бол яв” гэсэн үгэнд орохгүй нүүр ам самардаж маажаад байхаар нь зуухны хажууд байсан модоор 1 удаа духанд нь цохисон цус гараад цусын арчаад явуулсан. Маргааш өглөө нь хөрш н.той ярьж “хохирогч н.*******ийн бие нь яаж байна, зүгээр үү” гэж асуусан н.******* нь хамтран амьдрагчтай зодуулсан байна гэсэн. Миний буруу хийсэн хэргээ хүлээж бйана...” гэв.

- Хохирогч С.******* мэдүүлэхдээ: “...Миний бие мэдүүлэгтээ дэлгэрэнгүй хэлсэн. Би А.*******ы гэрт очно гэж очоогүй. н.той уулзах гэж 0.5 архи авч очсон тэгээд н.той хамт А.*******ы гэрт орсон. Сүүгээ мартаад буцаж очсон А.******* согтуу байсан учиргүй намайг биеийн бүх хэсэгт зодож цохисон намайг ус цацаж сэрээсэн цагдаа ирээгүй бол би амь насаа алдах байсан... ” гэв.

2. 2536000000004 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Ховд аймгийн Цагдаагийн газар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

2.2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас),

2.3. Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Буянт багт торон дотор байдаг айл байна лээ. Нэрийг ******* гээд байх шиг байсан. Казак хүн байсан. Миний толгой нүүр хэсэг рүү цохисон. Бас миний нуруу, ууц, хөл, гар гээд биеийн хэсэг рүү цохисон байсан. Миний толгой хагарсан байсан 1 оёдол тавиулсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

2.4. Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... танихгүй казах хүнтэй архи уугаад сууж байсан. Би ороод мэнд ус мэдээд суусан. Би ийн зааж өгсөн айлд очиход надад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь би уусан. Тэр хоёрын ууж байсан архи дууссан. Би ид өгөхөөр нэг шил архи авчихсан байсан учраас тэр архиа гаргаж өгөөд бид гурав ууж дууссан. бид хоёр тухайн казах айлаас хамт гараад ийн гэрт очиж гал түлж, хоол унд хийх гэж байгаад би авч явсан сүүгээ мартчихсанаа санасан. Би архи уусан казах айлын гэр дээр ид өгөх гэсэн сүүгээ тавьчхаад мартчихсан байсан. Мартсан сүүгээ буцаж очоод авах гэхэд байхгүй байхаар нь казах айл руу ороод танай гэр дээр сүү тавьсан яасан юм болоо гэж асуухад, казах хүн байхгүй гээд өгөхгүй байсан. Тухайн казах босоод гэрийнхээ хаалга уячхаад намайг гаргахгүй байсан. Чи яаж байгаа юм гэхэд танай манай эхнэртэй унтдаг, би чамайг барьцаалж байгаа гэж хэлээд миний утас авчхаад өгөхгүй байсан. Тэгээд бид хоёр хэрэлдсэн. Тэгтэл миний толгой руу юмаар цохчих шиг болсон, юугаар цохисон эсэхийг мэдэхгүй байна. (Тухайн казах айлын гэр жижигхэн учраас таг харанхуй байсан.) Миний толгой, нүүр, бие рүү өшиглөөд юмаар цохиод байсан. Би гарах гээд орилж хашхирч байтал ирээд гэрийн хаалга тайлах гээд дотроос нь уячихсан байсан болохоор тайлж чадахгүй байсан. цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тайлсан.

Миний толгой нүүр хэсэгт гараараа цохисон, мөн гартаа таарсан юм аваад цохиод өшиглөөд байсан. Нэлээн олон удаа намайг цохисон. Тухайн үед миний толгой хагарч цус маш их гарсан. Нүүр, нүд хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

2.5. Гэрч Я.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайхаас урагш яваад торон дотор ганц гэр байгаа хүрээд ирж гэж хэлээд С.*******эд А.*******ы гэр зааж өгсөн. Удалгүй С.*******, А.*******ы гэрт ирсэн. С.*******, А.******* бид гурав юм ярингаа архиа уугаад дууссан. А.******* нэг шил 0.75 литрийн архи цүнхнээсээ гаргаж ирээд бид гурав мөн хувааж ууж дуусгасан. С.******* бид хоёр А.*******ы гэрээс хамт гараад манай гэрт очсон. Манайд очоод С.******* бид хоёр юм яриад сууж байтал С.******* би чамд сүү авч ирсэн сая очсон айлын гадна гэр дээр тавьчихаад мартаад ирсэн байна. Би очоод сүүгээ аваад ирье гэж хэлээд манайхаас ганцаараа гараад явсан. А.******* ирэхгүй удаад байхаар нь араас нь А.*******ы гэрт очсон чинь А.******* гэрийнхээ хаалгыг дотор талаас нь уячихсан байсан. Татаад онгойхгүй, гараа оруулах гэсэн чинь гар багтахгүй байсан. А.*******ы гэр дотор С.******* энэ намайг зодоод байна, чи хаалга онгойлгоод хурдан ороод ирээч гээд орилоод байсан. Би А.*******д хаалгаа тайл, цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд онгойлгохгүй болохоор А.*******ы гэрээс холдож байгаад цагдаа дуудсан. Удалгүй 2 эрэгтэй цагдаа ирээд А.*******ыг аваад явсан. Тэгэхэд С.*******ийн хацар, нүүр хэсэг нь улайчихсан, толгой хэсгээс нь цус гараад доош энгэр хэсэг рүү нь гоожиж, урссан байсан. С.*******ийг би дагуулаад гэртээ очоод ус хийж гар, нүүрийг нь угаалгасан. С.*******ээс яав, юу болов гэж асуухад намайг гэрийнхээ хаалга дотор талаас нь уяж байгаад зодлоо гэж надад хэлсэн. Тухайн үед юугаар, яаж зодсон эсэхийг би асуугаагүй. С.******* өөрөө надад юугаар цохиж, зодсоныг хэлээгүй ээ. С.******* манайхаас гэртээ харина гэж хэлээд гараад явсан. Хэдэн цагийн үед явсан эсэхийг мэдэхгүй байна тухайн үед цаг хараагүй ээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

2.6. Шүүгдэгч А.*******ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “..., манайд ирсэн авгай хоёр хамт дагалдаад манайхаас гарсан. Нэг их удалгүй манайд ирж архи уусан авгай ганцаараа буцаад манайд ирээд намайг архи авч өг гээд надаас архи нэхээд байсан. Би архи авч өгч чадахгүй, одоо чи яв гэхэд, архи авч өг гээд ахин дахин миний хувцаснаас татаад миний ам руу цохисон. Би зуухны урд талд байсан түлээний мод аваад тэр авгайг цохичихсон юм. Тухайн авгайн толгойноос цус гарахаар нь би угаалгаад уучлаарай гэж уучлалт гуйгаад гаргаад явуулсан. С.*******ийг цохих үед байхгүй байсан. С.*******ийг өөрийнхөө гэрт, түлээний жижиг модоор толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас),

2.7. Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Я.гийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн “Иргэн С.******* /ПЖ64072500/ биед гэмтэл учирсан байна. Иргэн С.*******ийн /ПЖ64072500/ биед зүүн хоншоорын урд хана, хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын гадна доод хана зөрүүтэй сэлтэрсэн хугарал, зүүн талын хацар ясны хугарал, зүүн хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал, толгойн зулайн орой хэсэгт шарх, зүүн чамархай хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи болон хацрын дээд хэсэг, хамрын нурууны дээд 2/3 хэсэг, зүүн нүдний дээд доод зовхи болон, зүүн хацар, шанаа, завж, эрүүний зүүн доод хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг цус хуралт, зүүн хөхний дээд дунд хэсэг, баруун бугалгын дунд гадна, ар хэсэг, бүсэлхийн баруун дунд хэсэг, бүсэлхийн зүүн ар хэсэг, зүүн гуяны доод гадна хэсэг, дээд урд хэсэг, баруун гуяны дээд дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс 12-15 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Иргэн С.*******ийн /ПЖ64072500/ биед учирсан гэмтлүүдээс зүүн талын хацар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг бусад гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас),

2.8. Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б., Г. нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай “...Хохирогч С.*******ийн сэтгэцэд хохирол, хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас),

2.9. А.*******ы сэтгэцийн байдлыг тодорхойлсон 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 дугаартай “А.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй байна. А.******* нь асуусан асуултыг зөвөөр ойлгох зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. А.******* нь хэрэг хариуцах чадвартай.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 85-88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

2.10. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- А.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 761 дугаартай тодорхойлолт, (хавтаст хэргийн 49-51, 81-82, 94 дэх тал),

- Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.11. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хохирогч С.*******ийн “...Буянт багт торон дотор байдаг айл байна лээ. Нэрийг ******* гээд байх шиг байсан. Казак хүн байсан. Миний толгой нүүр хэсэг рүү цохисон. Бас миний нуруу, ууц, хөл, гар гээд биеийн хэсэг рүү цохисон байсан. Миний толгой хагарсан байсан 1, оёдол тавиулсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

- Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би ийн зааж өгсөн айлд очиход танихгүй казак хүнтэй архи уугаад сууж байсан. Би ороод мэнд ус мэдээд суусан. Надад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь би уусан. Тэр хоёрын ууж байсан архи дууссан. Би ид өгөхөөр нэг шил архи авчихсан байсан учраас тэр архиа гаргаж өгөөд бид гурав ууж дууссан. бид хоёр тухайн казах айлаас хамт гараад ийн гэрт очиж гал түлж, хоол унд хийх гэж байгаад би авч явсан сүүгээ мартчихсанаа санасан. Би архи уусан казах айлын гэр дээр ид өгөх гэсэн сүүгээ тавьчхаад мартчихсан байсан. Мартсан сүүгээ буцаж очоод авах гэхэд байхгүй байхаар нь казах айл руу ороод танай гэр дээр сүү тавьсан яасан юм болоо гэж асуухад, казах хүн байхгүй гээд өгөхгүй байсан. Тухайн казак босоод гэрийнхээ хаалга уячхаад намайг гаргахгүй байсан. Чи яаж байгаа юм гэхэд танай манай эхнэртэй унтдаг, би чамайг барьцаалж байгаа гэж хэлээд миний утас авчхаад өгөхгүй байсан. Тэгээд бид хоёр хэрэлдсэн. Тэгтэл миний толгой руу юмаар цохчих шиг болсон, юугаар цохисон эсэхийг мэдэхгүй байна. (Тухайн казах айлын гэр жижигхэн учраас таг харанхуй байсан) Миний толгой, нүүр, бие рүү өшиглөөд юмаар цохиод байсан. Би гарах гээд орилж хашхирч байтал ирээд гэрийн хаалга тайлах гээд дотроос нь уячихсан байсан болохоор тайлж чадахгүй байсан. цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тайлсан.

Миний толгой нүүр хэсэгт гараараа цохисон, мөн гартаа таарсан юм аваад цохиод өшиглөөд байсан. Нэлээн олон удаа намайг цохисон. Тухайн үед миний толгой хагарч цус маш их гарсан. Нүүр, нүд хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

- Гэрч Я.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С.*******, А.******* бид гурав юм ярингаа архиа уугаад дууссан. С.******* нэг шил 0.75 литрийн архи цүнхнээсээ гаргаж ирээд бид гурав мөн хувааж ууж дуусгасан. С.******* бид хоёр А.*******ы гэрээс хамт гараад манай гэрт очсон. Манайд очоод С.******* бид хоёр юм яриад сууж байтал С.******* би чамд сүү авч ирсэн сая очсон айлын гадна гэр дээр тавьчхаад мартаад ирсэн байна. Би очоод сүүгээ аваад ирье гэж хэлээд манайхаас ганцаараа гараад явсан. А.******* ирэхгүй удаад байхаар нь араас нь А.*******ы гэрт очсон чинь А.******* гэрийнхээ хаалгыг дотор талаас нь уячихсан байсан. Татаад онгойхгүй, гараа оруулах гэсэн чинь гар багтахгүй байсан. А.*******ы гэр дотор С.******* энэ намайг зодоод байна, чи хаалга онгойлгоод хурдан ороод ирээч гээд орилоод байсан. Би А.*******д хаалгаа тайл, цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд онгойлгохгүй болохоор А.*******ы гэрээс холдож байгаад цагдаа дуудсан. Удалгүй 2 эрэгтэй цагдаа ирээд А.*******ыг аваад явсан. Тэгэхэд С.*******ийн хацар, нүүр хэсэг нь улайчихсан, толгой хэсгээс нь цус гараад доош энгэр хэсэг рүү нь гоожиж, урссан байсан. С.*******ийг би дагуулаад гэртээ очоод ус хийж гар, нүүрийг нь угаалгасан. С.*******ээс яав, юу болов гэж асуухад намайг гэрийнхээ хаалга дотор талаас нь уяж байгаад зодлоо гэж надад хэлсэн. Тухайн үед юугаар, яаж зодсон эсэхийг би асуугаагүй. С.******* өөрөө надад юугаар цохиж, зодсоныг хэлээгүй ээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

- Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Я.гийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн “Иргэн С.*******ийн биед гэмтэл учирсан байна. Иргэн С.*******ийн биед зүүн хоншоорын урд хана, хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын гадна доод хана зөрүүтэй сэлтэрсэн хугарал, зүүн талын хацар ясны хугарал, зүүн хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал, толгойн зулайн орой хэсэгт шарх, зүүн чамархай хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи болон хацрын дээд хэсэг, хамрын нурууны дээд 2/3 хэсэг, зүүн нүдний дээд доод зовхи болон, зүүн хацар, шанаа, завж, эрүүний зүүн доод хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг цус хуралт, зүүн хөхний дээд дунд хэсэг, баруун бугалгын дунд гадна, ар хэсэг, бүсэлхийн баруун дунд хэсэг, бүсэлхийн зүүн ар хэсэг, зүүн гуяны доод гадна хэсэг, дээд урд хэсэг, баруун гуяны дээд дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс 12-15 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Иргэн С.*******ийн биед учирсан гэмтлүүдээс зүүн талын хацар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг бусад гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас),

- Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б., Г. нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай “Хохирогч С.*******ийн сэтгэцэд хохирол, хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас),

- Шүүгдэгч А.*******ы сэтгэцийн байдлыг тодорхойлсон 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 дугаартай “А.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй байна. А.******* нь асуусан асуултыг зөвөөр ойлгох зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. А.******* нь хэрэг хариуцах чадвартай.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 85-88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* нь хохирогч С.*******ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.*******ийн толгой, бие хэсэгт модоор болон гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хоншоорын урд хана, хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын гадна доод хана зөрүүтэй сэлтэрсэн хугарал, зүүн талын хацар ясны хугарал, зүүн хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал, толгойн зулайн орой хэсэгт шарх, зүүн чамархай хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи болон хацрын дээд хэсэг, хамрын нурууны дээд 2/3 хэсэг, зүүн нүдний дээд доод зовхи болон, зүүн хацар, шанаа, завж, эрүүний зүүн доод хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг цус хуралт, зүүн хөхний дээд дунд хэсэг, баруун бугалгын дунд гадна, ар хэсэг, бүсэлхийн баруун дунд хэсэг, бүсэлхийн зүүн ар хэсэг, зүүн гуяны доод гадна хэсэг, дээд урд хэсэг, баруун гуяны дээд дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Иймд, хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, гэрч Я.ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь хохирогч С.*******ийг цохиж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан нь нотлогдсон, хохирогчийн биед үүссэн гэмтэл болон шүүгдэгчийн цохисон үйлдэл хоорондын шалтгаан холбоо тогтоогдсон гэж үзэх бүрэн боломжтой.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн  дүгнэвэл шүүгдэгч А.******* нь хохирогч С.*******ийг зодож, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

3.3. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч А.*******ы хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

4.2. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.3. Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

4.4. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 5.2. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Тус хэргийн улмаас хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* өөрийн нэр дээрх “Иргэний эрүүл мэндийн дэвтэр”-ийг нотлох баримтаар гаргаж өгч, эмчилгээний зардал болох 250,000 төгрөгийг шүүгдэгч А.*******аас нэхэмжилсэн. Уг дэвтрийн 3 дахь хуудаст “эмчилгээний төлбөр, ор хоногийн мөнгө болох 250,000 төгрөг авсан нь үнэн болно” гэх бичвэртэй боловч төлбөр төлсөн талаарх санхүүгийн анхан шатны баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул хохирогч С.******* нь энэ хэргийн улмаас гарсан эмчилгээний  зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдах нь эрх зүйн үндэслэлтэй.

5.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан бол мөн хуулийн 230.1, 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг буруутай этгээд мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй талаар хуульчилсан.

5.5. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам, хүснэгт батлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан. 

5.6. Хохирогчийн гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн баяр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудах зэрэг нь сэтгэцэд учирсан хор уршигт хамаарна. “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн шалгуур үзүүлэлтүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг сэтгэцэд учирсан гэм хорын 2 дугаар зэрэглэлд хамааруулсныг хохирогч хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 08 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ээр “хохирогч С.*******ийн сэтгэцэд хохирол, хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй.

5.7. Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б., Г. нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж тогтоосон байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 3,300,000 төгрөгийг шүүгдэгч А.*******аас гаргуулж, хохирогч С.*******эд олгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

5.8. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-аар тогтоосон 2 дугаар зэрэглэлийн доод хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч А.*******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь хувийн байдлын хувьд 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

2.3. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын биед халдсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

2.4. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэсэн, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгчөөс “нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч А.*******ыг гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгчийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчих, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг сануулав.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 8 сарын (найман) хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Ховд аймаг дахь ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******аас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч С.*******эд олгож, хохирогчийн нэхэмжилсэн 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

6. Шүүгдэгч А.******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ТАСХЫН