| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/0042/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/54 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/54
2025 02 14 2025/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвээнсүрэн,
улсын яллагч Б.Энхтулга,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******ад холбогдох 2536000100019 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа том машин барьдаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* Овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *******гийн ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Бугат багийн 07-10 тоот хашааны үүдэнд тээврийн хэрэгсэл дотор тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа буюу “өөр хүнтэй явалдсан” гэх шалтгааны улмаас А.*******тай маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхины урд хэсэгт цус хуралт, мөн хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2. 2536000100019 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2.2. Хохирогч А.*******гийн “...Н.*******ын байгаа газар нь явж очсон. Тэгээд би Н.*******тай уулзаад гэрийнх нь гадаа очиж юм ярилцаж суугаад байж байсан чинь Н.******* намайг манай гэр лүү хүргэж өгсөн. Би Н.*******ад утасныхаа кодыг гаргаж өгчхөөд гэр лүү орж гал түлчхээд гараад ирсэн чинь миний чатыг уншаад намайг чи өөр хүнтэй явалдаад байна гэж хэлээд намайг цохисон. Миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд намайг үсдээд цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
2.3. Хохирогч А.*******гийн дахин өгсөн “...Н.*******аас 250,000 төгрөг, 400,000 төгрөг нийт 650,000 төгрөгийг өөрийн дансаар авч эмчилгээнд хэрэглэсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
2.4. Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.*******гийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн “...А.*******гийн биед гэмтэл учирсан байна. А.*******гийн хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхины урд хэсэгт цус хуралт, мөн хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. А.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. А.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. А.*******гийн биед учирсан дээрх хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дангаараа хөнгөн, бусад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.5. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дэх тал),
- Гэрч Д.ийн “...Н.******* илүү дутуу зан байхгүй хүний эвийг олдог даруухан шударга залуу. Гэр бүлдээ зөв харилцаатай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.6. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
- Хохирогч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн ажил болох Алтан хунчир гэх газар ажил дээрээ байж байсан чинь манай хуучин найз залуу болох Н.******* над руу залгаж орж ирээд миний машин Жи мобайлын тэнд байгаа 6 дугаар сургуулийн тэд аваачаад тавьчих гэж хэлсэн. Тухайн үед манай хуучин найз залуу согтуу байсан. Тэгээд машиныг нь аваад 6 дугаар сургуулийн тэнд тавьчихаад ажил руугаа явж байсан чинь бас залгаад чи ерөөсөө миний машины түлхүүрийг аваад ир гэхээр нь би чамайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд Н.*******ын байгаа газар нь явж очсон. Тэгээд би Н.*******тай уулзаад гэрийнх нь гадаа очиж юм ярилцаж суугаад байж байсан чинь намайг ******* манай гэр рүү хүргэж өгсөн. Би Н.*******ад утасныхаа кодыг гаргаж өгчихөөд гэр рүү орж гар түлчихээд гараад ирсэн чинь миний чатыг уншаад намайг чи өөр хүнтэй явалдаад байна гэж хэлээд намайг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
- Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 2-ны орой нэг таньдаг ахтайгаа хамт 2,5 литрийн 2 том Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Тэгээд А.*******тай утсаар яриад ирээд ав, би жаахан уучихсан байна. Замаараа миний машин аваад хүрээд ир гэхэд миний байгаа газар ирсэн. ...Бид 2018-2022 оны хооронд үерхэж байсан тэрнээс хойш би Улаанбаатар хотод харин А.******* Ховд аймагт амьдарч хоорондоо чат бичиж ярьдаг тийм харилцаатай байсан. Би Ховд аймагт ирээд 7-8 хонож байна. А.*******г найз залуутай болсныг мэдээгүй байж байгаад тэр өдөр утасныхан чат харж байгаад мэдээд А.*******г зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
- Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.*******гийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн “...А.*******гийн биед гэмтэл учирсан байна. А.*******гийн хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхины урд хэсэгт цус хуралт, мөн хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. А.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. А.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. А.*******гийн биед учирсан дээрх хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дангаараа хөнгөн, бусад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал),
- Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед хуурай ах болох гийн гэрт очтол авгай хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд ах бид хоёр дэлгүүр гарч нэг том пиво аваад гэрт нь орж бид хоёр ууж дуусгаад 21 цаг өнгөрч байхад ******* руу утсаар залгаад чи намайг ирээд аваач би архи уучихсан байна машин хүнээс аваад хүрээд ир гэж хэлээд гар утсаа салгасан. Тэгтэл удалгүй ******* миний машиныг аваад ахын гэрийн гадаа ирээд над руу залгаад гараад ир гэж хэлэхээр нь би ахын гэрээс гараад машины урд талын жолоочийн эсрэг сандал дээр суусан чинь ******* би ажил дээр очих ажилтай байна чи энд байж бай гэж хэлэхээр нь би *******гийн гар утсыг авч үлдээд машинаас буугаад ******* миний машинтай ажил руугаа явсан. Тэгээд би ахын гэрийн гадаа *******гийн утсыг нээж үзтэл нэг залуугаас чат ирсэн байхаар нь би гэрийнхэн гадаа 30-40 минут хүлээж зогсож байтал ******* машинтай ирээд би машины жолоочийн эсрэг талын урд сандал дээр суугаад ******* машин бариад тэдний гэр лүү явж байх замд Би *******гаас энэ юу болоод байгаа юм гэж асуусан чинь ******* би өөр хүнтэй болсон юм гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан чинь ******* би гэр лүү орчоод гараад ирье гэж хэлээд 20- 30 минутын дараа гарч ирээд би хойно суугаад ******* бас хойд сандал дээр суугаад дахин маргалдаад би *******гийн нүд хэсэг рүү баруун гараа атгаж байгаад хоёр удаа цохисон чинь ******* машинаас буугаад гэр лүүгээ орсон ийм зүйл болсон. Би хохирогч *******гийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Н.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой Ховд аймгийн ******* сумын Бугат багийн 07-10 тоот хашааны үүдэнд тээврийн хэрэгсэл дотор архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.*******тай маргалдаж, түүний нүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхины урд хэсэгт цус хуралт, мөн хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.
3.2. Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...А.*******г зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч А.******* болон шүүдэгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Н.******* нь хохирогч А.*******гийн биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт:
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Н.******* хохирогч А.*******гийн биед нь халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
4.3. Хохирогч А.*******гийн биед учирсан хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, алиманд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхины урд хэсэгт цус хуралт, мөн хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүссэн гэмтлийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1 дэх заалтад зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэв.
4.4. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.5. Шүүгдэгч Н.*******ын үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой буюу шүүгдэгч нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
4.6. Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Хохирогч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед “...Н.*******аас 250,000 төгрөг, 400,000 төгрөг нийт 650,000 төгрөгийг өөрийн дансаар авч эмчилгээндээ хэрэглэсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Иймээс шүүгдэгчийг хохирогчид учирсан хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх, хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Шүүхээс шүүгдэгч Н.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* хувийн байдлын хувьд 28 настай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, дээд боловсролтой, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 27-29, 53 дахь тал),
2.3. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд мөрдөн шалгаж ажиллагааны үед хохирогчид 650,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжээр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан болно.
2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулав.
Гурав. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Н.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.******* нь хохирогч А.*******д 650,000 төгрөгийн хор уршгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Охтор ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад оногдуулсан торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******ад сануулсугай.
5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн 2536000100019 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.******* хохирогч А.*******д 650,000 төгрөгийн хор уршгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН