Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 20

 

 

Н.Нямхүүгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00050 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 16-16 тоотод оршин суух, ПЖ48111508 регистрийн дугаартай, Халимаг овогт Нүдэнхүүгийн Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Номин шилтгээн констракшн” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Нямхүү түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1,262,950 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Миний бие нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Шахмал түлшний үйлдвэрийн үйлдвэрлэсэн нүүрс түлэх явцад нүүрсний цогноос дэлбэрэлт явагдаж үүний улмаас цогтой нүүрс үнс, нурам буудаж миний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. 2018 оны 2 дугаар сарын 15-ны өглөө 08 цаг өнгөрч байхад урд шөнө нь хийсэн нүүрсний үнсээ авах гээд пийшингийн амаа онгойлгож харахад цаанаа улаан цогтой байсан. Үнсээ авах гээд хутгатал өөдөөс үнс нурам миний нүүр лүү буудаж, миний нүд юм харахаа больсон. Тэгээд би гар утсаа аваад гарын мэдрэмжээрээ утсаа тэмтэрч байж охин руугаа залгаж болсон явдлыг хэлсэн. Миний нүд маш ихээр хорсож өвдөж юм харж чадахгүй байсан. Тухайн үедээ нүд сохорчихлоо гэж бодсон.

Ингээд хүүхдүүд ирж яаралтай эмнэлэгт очиж эмнэлгийн тусламж авсан. Нүдээ цэвэрлүүлээд эмчилгээ хийлгээд юм харж эхэлсэнд би маш их баярласан. Миний хүү энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан боловч гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр шалгахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний нүдний хараа тэр үеэс хойш эрс муудаж, одоо ч нүдний байнгын эмчилгээтэй байна. Мөн тэр үед улаан цогтой үнс буудаж цацарснаар гэрийн эд хогшил түлэгдэж гэмтэж ашиглалтаас гарсан.

Өмнө нь би боловсруулаагүй түүхий нүүрс түлдэг байсан. Насаараа л нүүрс түлж амьдарч байхад ийм асуудал гарч байгаагүй. Шахмал түлшний үйлдвэр нь үйлдвэрлэлийн технологийн ямар нэгэн алдаа гаргаснаас л ийм эрсдэлтэй нөхцөл байдал болсон. Иймд Н.Нямхүү миний бие нь тус үйлдвэрийн газраас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг мэдээж нөхөн төлж сэргээж чадахгүй, Би өндөр настай хүн. Тэр явдлаас болж айж цочирдож сэтгэл санаа тогтворгүй болсон. Одоо гал түлэхээсээ ч айдаг болсон. Одоогоор гарсан бодит хохирлыг тооцвол эм, эмчилгээний зардал 802,950 төгрөг, турк хивс 3*4 хэмжээтэй 170,000 төгрөг, Солонгос савхин дээл 140,000 төгрөг, Солонгос хивс 6*3 хэмжээтэй 150,000 төгрөг нийт 1,262,950 төгрөг,

Иймд хариуцагчаас 1,262,950 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн хохирлыг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай шахмал түлшний үйлдвэрээс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 'Шонхорын хүлэг транс” ХХК нь бидний үйлдвэрлэдэг шахмал түлшнээс 30 тонныг худалдан авч Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн орлого багатай, амьдралын түвшин доогуур 120 гаруй айл өрх, иргэдэд сар шинийн баярыг тохиолдуулан ард иргэддээ тусламж үзүүлэн нэг айл өрхөд 250 кг шахмал нүүрс үнэгүй өгч тараасан. Яг энэ үеэр нэг залуу нүүрс авч байсан хүмүүсийн дунд их муухай чанга дуугаар манай үйлдвэрлэсэн шахмал түлшийг түлж байтал түлж байсан нүүрс нь дэлбэрээд ээжийн нь нүүр түлэгдэж, хөмсөг нүд нь түлэгдээд ээж юм харахаа больчихлоо үйлдвэрийн дарга нь хаана байна гээд орилоод байсан. Тэгээд өдий гурван жил шахмал нүүрс үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулахдаа нэг ч ийм зүйл болоогүй учраас маш их гайхаж бас түр зуур цочиролд орсон. Тэгээд би тэр залуутай уулзаад ямар учиртай яг юу болсон талаар асуутал, танай хийсэн нүүрс чинь дэлбэрээд ээжийн нүүр нүд, хөмсөг түлэгдээд, ээжийн гэр орон үнсэнд түлэгдээд хамаг эд зүйлс авах юм байхгүй болсон танай нүүрснээс боллоо гээд дайраад байсан. Тэгээд би тэр залуутай хамт ирсэн залуугийн хамт гурвуулаа ээжийнд нь очсон. Ээжийнд нь очиход ээж нь алчуураар нүүр, нүдээ дараад сууж байсан. Амар мэндийг нь асуугаад юу болсон талаар асуухад, орой шөнө унтахдаа түлсэн нүүрснийхээ унтарч байсан галынхаа үнсийг өглөө нь авах гээд хутгатал үнс нь дэлбэрээд нүүр лүү нь цацарсан гэсэн. Би орой нь гал түлж байхад дэлбэрээгүй нүүрс, өглөө нь шатаад дуусчихсаныхаа дараа унтарчихсан гал яахаараа дэлбэрчихдэг байнаа гэж маш их гайхсан. Тэгэхдээ гэрт нь үнсний цацарсан тоос байсан. Гэхдээ гэрт тухайн үед түлэгдсэн зүйл юу ч байгаагүй. Би тэгэхэд таны түлж байгаа манай нүүрс хаана байна гээд гэрийн гадна гарч үзэхэд бидний үйлдвэрлэсэн нүүрс юу ч байгаагүй. Манай нүүрсний шатсан үнсний өнгө нь бор өнгөтэй, маш нунтаг үнс нь маш бага гардаг тул тэр айлын үнсний хог дээр манай нүүрсний үнс байна уу гээд үзтэл ерөөсөө манай нүүрсний үнс байгаагүй. Зөвхөн том бүхэл чулуутай үнс, мөн саарал өнгөтэй нунтаг үнс холилдсон хогнууд байсан. Мөн тэр айлын зуухан дотор болон гадна үнсний хогон дээр нь шатаасан бог малын яснууд нилээд байсан. Тэр эмээ хөмсөг түлэгдчихлээ гээд байсан болохоор нь хөмсөг, нүдийг үзсэн чинь эмээ угаасаа хөмсөггүй, шивээс хийлгэсэн хиймэл хөмсөгтэй байсан. Тэгээд эмээг эмнэлэгт очиж эмчид үзүүлье гэхээр би эмчид үзүүлчихсэн эмч намайг цусаа шүүлгэ гэж хэлсэн. Би олон удаа очиж цусаа шүүлгэнэ надад 5,000,000 төгрөг өг гээд нэхээд байсан.

Энэ эмээ манай үйлдвэрлэж байгаа шахмал нүүрсийг огт худалдан авч түлдэггүй мөртлөө 50 кг-ийн уутны ёроолд хагас дутуу шатсан болон огт шатаагүй хэдэн ширхэг шахмал нүүрсийг хийчихсэн байсан. Түүнийгээ цагдаа дуудаж үзүүлээд байцаагчид өгөөд, биднийг гүтгэн худлаа мэдээлэл өгсөн байна лээ. Би өмнө нь нүүрс түлээд гал галлаж байгаа айлд нүүрс дэлбэрч байна гэж нэг ч.удаа сонсож байгаагүй. Хүмүүсээс тийм зүйл байдаг юмуу гэж асуухаар асаж байгаа нүүрс дэлбэрдэггүй гэх юм.

Хөшөөтийн уурхайн нүүрсээр хийсэн манай үйлдвэрийн шахмап нүүрс нь ямар ч хөө тортоггүй, утаа бага гардаг, үнс бага гардаг учраас тэсэрч дэлбэрэх зүйл үгүй юм. Мөн манай шахмал нүүрсний орц найрлага нь Хөшөөтийн уурхайн цэвэр чулуугүй нунтаг нүүрстэй эрдэнэшишийн цардуулыг маш бага хэмжээгээр хольж үйлдвэрийн аргаар боловсруулж хийдэг. Эрдэнэшишийн цардуулыг хүнсний ургамалаас гаргаж авдаг тул хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар ч сөрөг хор хөнөөлгүй, тэсэрч дэлбэрэх зүйлгүй, аюулгүй бүтээгдхүүн юм. Бидний үйлдвэрлэж байгаа шахмал нүүрс болон бэхжүүлэгч эрдэнэшишийн цардуулын бүтэц, найрлага нь хүмүүст болон байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, аюулгүй бүтээгдэхүүн гэж нотлогдсон. Бүтээгдэхүүнийхээ дээжийг ШУА-ийн Хими, химийн хүрээлэнгийн лабораторт өгч шинжилгээ хийлгэж, шинжилгээнийхээ хариунуудаа авсан бөгөөд шахмал нүүрснийхээ Монгол улсын стандартыг хангаад МН8 5679:2014 тохиролын гэрчилгээг авсан.

Н.Нямаагийн үнс авч байсан хувин, сав дотор нь гар чийдэн, цагны хуруу батерей болон өөр дэлбэрч болзошгүй зүйл байсан ч байхыг бас үгүйсгэх аргагүй шүү дээ. Настай хүн анзааралгүй хогон дээрээ үнсээ авсан ч юм билүү. Тэгээд ч энэ хүний ярьж байгаагаар урд шөнийн түлсэн нүүрс өглөө нь унтарч байгаа галын хөрсөн үнс дэлбэрлээ гэхэд би огт итгэхгүй байна. Энэ эмээ анхнаасаа л биднээс их хэмжээний мөнгө нэхсэн бөгөөд одоо ч л бас мөнгөө нэхсээр л байна.

Энэ хүн манай үйлдвэрлсэн нүүрсийг нэг ч удаа худалдан авч байгаагүй. Зуухан дотор манай нүүрс түлж байсан гэх нэг ч нотолгоо, манай нүүрсний нунтаг бор үнс байгаагүй. Дандаа бүхэл чулуутай нүүрсний бүхэл чулуутай үнс, нунтаг саарал үнс мөн зуухан дотор нь бог малын дутуу шатсан яснууд байсан. Гадаа үнсний хогон дээр нь бас чулуутай нүүрсний хаягдал үнс, нунтаг саарал үнс болон нилээд хэмжээний тарианы шприц, бог малын дутуу шатсан яснууд нилээд хэмжээний байсан. Тэгэхээр энэ айл зуухандаа яс байнга түлдэг юм байна лээ.

Иймд энэ үйлдэл нь бидэнтэй адилхан түүхий бүхэл нүүрс зардаг бидний өрсөлдөгч хүмүүсийн явуулгаар шуугиан дэгдээж, бидний компани, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бидний нэр хүндийг унагааж хар пиар хийж, үйлдвэрийг зогсоох зорилготой байна. Тийм учраас манай компаний зүгээс дээрхи зүйлүүдийг үндэслэн энэ нэхэмжлэлийг ямарч үндэслэлгүй зүйлээр биднийг гүтгэн доромжилж байгаа учраас бид энэ нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00050 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Номин шилтгээн констракшн” ХХК-д холбогдох гэм хорын хохирол 1,262,950 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нямхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,900 /гучин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтэл учирсан болох нь тогтоогдвол гэмтлийн зэргээс хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн зүйлчлэлд хамаарах шалгуур үзүүлэлт болдог. Дээрх журамд заасан гэмтлийн зэрэгт хамаарсан гэмтэл заавал учраагүй болох нь байгууллага, албан тушаалтан, бусад этгээдийн буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй болохгүй. Иргэний хуулийн 228-230 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Н.Нямхүү нь өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо үүрэг бүхий этгээдээс шаардан арилгуулах эрхтэй. Анхан шатны шүүх нь дээрх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

            Хэн гэдэг хүн эм худалдан авсан нь бус харин тухайн худалдан авсан эм нь нэхэмжлэгч Н.Нямхүүгийн эмчийн үзлэгт тавигдсан онош, эмчилгээтэй тохирч байгаа эсэхд дүгнэлт хийх ёстой. Хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан “И” баримтын бичвэр арилсан гэсэн үндэслэлээр үнэлхээс татгалзжээ. Шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө бичвэр арилаагүй баримтыг гаргаж өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хамгаалах үүргээ шүүх биелүүлээгүйгээс баримтын бичвэр арилсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Нямхүү нь хариуцагч “Номин шилтгээн констракшн” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 1,262,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэгч Н.Нямхүү нь манай компаний шахмал түлш түлсэн, манай шахмал түлшний үнс буудсан гэдэг нь тогтоогдоогүй” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Н.Нямхүү нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 08 цагийн үед урд шөнө нь түлсэн нүүрснийхээ үнсийг авах үед үнс нурам нүүр лүү нь бургиж, буудсан. Үүний улмаас нэхэмжлэгч Н.Нямхүүгийн биед “баруун нүдний сормуусны түлэгдэлт, баруун нүдний дээд зовхинд 0.5х0.4 см, баруун нүдний доод зовхинд 0.7х0.5 см зулгаралт, зүүн чихний нүхний урд хэсэгт 1.2х0.4 см шарх, нүүрний хэсэгт олон тооны жижиг сорви, дээд уруулын дунд хэсэгт 0.5х0.3 см зулгаралт” гэмтэл учирсан нь амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, шинжээч эмч Д.Тогтохын дүгнэлт, хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч Н.Нямхүү нь хариуцагч “Номин шилтгээн констракшн” ХХК-ийн шахмал түлш түлсэн, уг шахмал түлшний үнс бургиж, буудсан гэдэг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Нямхүү нь “Номин шилтгээн констракшн” ХХК-ийн шахмал түлшийг хэзээ, хаанаас, хэдэн килограммыг нь хэдэн төгрөгөөр худалдан авсан, уг түлш нь ямар ууттай байсан, уут түлшнээс хэдэн килограммыг түлж байхад уг үйл явдал болсон, үлдэгдэл хэдэн килограмм түлш байсан гэдгийг нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “хариуцагч Номин шилтгээн констракшн ХХК-ийн шахмал түлш түлсэн, уг шахмал түлшний үнс бургиж, буудсан” гэх үйл баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь эм эмчилгээний зардал 802.950 төгрөг, 3х4 хэмжээтэй 170.000 төгрөгийн үнэтэй Турк хивс, 140.000 төгрөгийн үнэтэй Солонгос савхин дээл, 6х3 хэмжээтэй 150.000 төгрөгийн үнэтэй Солонгос хивсний үнийг нэхэмжилсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар үнс бургиж, буудсаны улмаас дээр дурдсан 2 ширхэг хивс, 1 ширхэг савхин дээл түлэгдсэн гэдэг нь тогтоогдоогүй, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй, анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34900 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                  ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                                  

                                                                                М.НЯМБАЯР