Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/MA2017/0250

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр                   Дугаар 221/МА2017/0250                          Улаанбаатар хот

        

 Уламжлалт анагаах ухааны элэг судлалын

клиник төвийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Түвшинтулга, Д.Одонтунгалаг, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******, хариуцагч нийслэлийн Засаг даргын өмгөөлөгч А.Нарантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 74 дүгээр зүйлийн 2, 77 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2-ын 3, мөн зүйлийн 3, 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвөөс нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/356 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд хандаж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/356 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Маргаан бүхий байгууламж байрлаж буй газарт нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар 2893 м.кв /үүнээс барилгын доорх талбай 550 м.кв бусад 2343 м.кв/ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгон гэрээ байгуулж гэрчилгээ олгосон.

Улмаар эмийн үйлдвэрийн хуучин барилгын ашиглалтын байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын улмаас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 87 дугаар тогтоол, нийслэлийн Засаг дарга 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 445 тоот захирамж гаргаж барилгыг акталсан. Тийм ч учраас манай байгууллагын зүгээс тухайн газар дээр шинээр Сургалт, сувилал, эрдэм шинжилгээ, судалгааны цогцолбор төвийн барилга барих зохих зөвшөөрлийг 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 470 тоот захирамжаар авсан юм. Тус захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд олгосон.

Түүнчлэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 8/3911 дүгээр албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн Техникийн зөвлөлийн дүгнэлтийн 47-д дурдсанаас үзвэл газар эзэмшигч Нийслэлийн өмчийн харилцааны газарт орон сууцны үйлчилгээний зориулалтаар 2893 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гишүүдийн саналаар зөвшөөрсөн билээ.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын зүгээс уг маргаан бүхий объектод өөр барилга байгууламж барих эрхийг захиргаа акт гаргах замаар нэхэмжлэгч талд эрх олгосон байна. Гэтэл Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн тухайн газрыг эзэмших гэрчилгээ, гэрээний хугацаа дуусаагүй, мөн шинээр цогцолборын барилга барих зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад захиргаа илт хууль бус акт гаргах замаар нэгэнт акталсан хөрөнгийг дахин үнэлж бусдад шилжүүлсэн байна. Тухайн газарт байрлах объектыг акталж устгаад өөр барилга барихаар зөвшөөрөл аваад тодорхой ажиллагаа хийгдсэн байхад нэгэнт акталсан /үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасагдсан хөрөнгө/ объектоо бусдад шилжүүлснийг нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна гэж үзэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр аливаа үл хөдлөх хөрөнгө гэдэгт газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж гэх мэт хөрөнгө хамаардаг билээ.

Хоёр. Маргаж буй тогтоол захирамжийг гарахаас өмнө буюу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар бүхий “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” тогтоолоор акталсан. Улмаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн балансаас хасагдаж даруй 6 жил болсон. Ийм байхад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолоор уг 2010 оны 87 буюу хөрөнгө акталсан тогтоолоо хүчингүй болгоогүй түүнчлэн манай байгууллагад барилга барих зөвшөөрөл олгосон 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 470 дугаар захирамжийг ч хүчингүй болгоогүй бөгөөд уг захирамжийн үйлчлэл дуусаагүй байхад маргаан бүхий дээрх актыг гаргасан.

Энэ нь илтэд агуулгын алдаатай болох нь харагдаж байна. Учир нь захиргаа тухайн хөрөнгийг хөрөнгийн бүртгэлээс хасч акталсан тэр шийдвэрээ хүчингүй болгоогүй атлаа дахин акт гаргаж “хөрөнгө” гэж үзэн бусдад шилжүүлсэн нь агуулгын хувьд илэрхий алдаатай актын заалт нь хоорондоо зөрчилдсөн, хоёрдмол утга агуулгатай зөрчилтэй байна. Мөн нэг шийдвэрээр эрх олгосон бөгөөд түүнийгээ хүчингүй болгоогүй үйлчлэл нь дуусаагүй байхад түүнийгээ хүчингүй болгоогүй атлаа дахин зөрчилтэй өөр шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасанд хамаарч байна. Түүнчлэн агуулгын зөрчилтэй өөр бас нэг зүйл байгаа нь захиргаа тухайн объектыг үл хөдлөх хөрөнгө гэдгийг мэдсээр байж газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэлгүйгээр бусдад шилжүүлсэн нь тухайн газар эзэмшигчийн эрхийг зөрчөөгүй, хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Ньютур сафарис” ХХК-д төлөх өрийн үлдэгдэл 725,788,829 төгрөгийн өр төлбөрт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийслэлийн өмчийн 2 давхар барилгыг шилжүүлэн өгөхийг нийслэлийн Засаг даргад зөвшөөрч, нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/356 дугаар захирамжаар тус барилгыг “Ньютур сафарис” ХХК-д хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвөөс шүүхэд “дээрх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/356 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Тус төв нь нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн дагуу маргаан бүхий байгууламж байрлаж буй газрыг эзэмшдэг бөгөөд объектыг акталж устгаад өөр барилга барихаар зөвшөөрөл авч, тодорхой ажиллагаа хийгдсэн байхад захиргаа нэгэнт акталсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь үндэслэлгүй” гэж тодорхойлон маргасан байна.

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар барилга нь орон нутгийн буюу Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 19.1.2-т “орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”,  мөн зүйлийн 2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй”, 2 дахь хэсгийн 3-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах...”, мөн зүйлийн З-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, ... асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ”, 78 дугаар зүйлийн 1-д “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж тус тус зааснаас үзэхэд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийн өмчлөгч байх бөгөөд нийслэлийн өмчийн үндсэн болон үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй, Засаг дарга нь энэ талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь Засаг даргын саналыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгыг “Ньютур сафарис” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар нийслэлийн Засаг дарга нь энэхүү ажлыг зохион байгуулж А/356 дугаар захирамжийг гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тэрчлэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 1150 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 45 дугаар магадлалаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 209 241 600 төгрөгийг гаргуулан “Нью тур сафарис” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрийн үлдэгдэлд тооцон дээр дурдсан объектыг шилжүүлэхээр хариуцагч нар захиргааны акт гаргажээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор өөрийн эрх хэмжээний хүрээнд акт гаргасан хариуцагч нарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр уг барилгын доорх 550 м.кв газар болон бусад 2343 газрыг нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны 360 дугаар захирамжаар нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамжаар эзэмшил газраас 0.086 га талбайг Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн барилгын зориулалт болгон өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий захиргааны актуудаар энэхүү газрын асуудлыг хөндөөгүй, энэ талаар шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 74 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримталсан нь уг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий актуудыг хүчингүй болгоогүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирдлага болгосон байсныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дахь заалтаас “15 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 74 дүгээр зүйлийн 2” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН