Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0237/з |
Дугаар | 534 |
Огноо | 2017-12-20 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 534
Г.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0655 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Г.М - ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,
2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Я, гуравдагч этгээд Ш.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг тус тус баримтлан иргэн Г.М-ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0655 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж, улсын бүртгэл буюу захиргааны акт хүчингүй болох учиртай. Гэтэл бүртгэл нь нэхэмжлэгчийн өөрийн олгосон, хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээний дагуу хийгдсэн болно. Барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлэг, эсхүл өмчлөгчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэл хийгдэхээр хуулийн 28.1, 28.2-т заасан бөгөөд барьцаалагч буюу зээлдүүлэгч, түүнчлэн итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалуулагчийн хэн аль нь энэхүү мэдүүлгийн талаар маргаагүй, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзээгүй байхад шүүх буруу дүгнэлт өгсөн байна. Бүртгэл хийхэд барьцаалагч болон барьцаалуулагч нарын гарын үсэг бүхий мэдүүлэг байхгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй мэт авч уг заалт нь өмчлөгч буюу нэхэмжлэгч нарт хамааралгүй, барьцаалагч болон барьцаалуулагч нарт хамааралтай.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд захиргааны актын үндсэн зориулалт, утга агуулгыг өөрчлөхгүй алдаа нь “хэлбэрийн төдий” буюу засаж болох илэрхий алдаа гэж үзэхээр заасан бөгөөд ийм алдаа бүхий захиргааны актыг хүчингүй болгодоггүй, харин захиргаа өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах боломжтой. Барьцааны бүртгэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч ирсэн нь хэргийн үйл баримтаас харагддаг, захиргааны акттай маргах хугацааг мөн хэтрүүлсэн байдаг.
Банкинд бус хувь хүнд барьцаалах байсан бол зөвшөөрөхгүй байсан гэдэг үндэслэлийг захиргаа бүртгэл хийхдээ мэдэх боломжгүй. Барьцаанд тавих үндсэн хүсэл зоригийг хангалттай нотолсон баримт бүртгэлийн байгууллагад ирүүлсэн байна. Иргэний хуулиар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийг хэтрүүлсэн гэж үзвэл учирсан хохирлыг шаардах эрх нь нээлттэй байгаа. Энэ бол итгэмжлэл үйлдсэн 2 этгээдийн хоорондын асуудал болохоос бүртгэлийн байгууллага ч юм уу эсхүл гуравдагч этгээдийн хариуцах асуудал биш юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д заахдаа нэхэмжлэгч хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн болохоо нотлох үүрэгтэй бөгөөд ийнхүү нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл, барьцаалагч барьцаалуулагч хамтран мэдүүлэг гаргасан байлаа ч бүртгэл хийгдэх байсан. Барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд зээлийн ба барьцааны асуудлаар иргэний маргаан шийдэгдэж дууссан, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тухайд шүүх ямар нэг дүгнэлт өгөөгүй, энэ нь хоорондоо холбоотой хэргийн талаар зөрүүтэй шийдвэр гарч ойлгомжгүй байдал үүсгэхэд хүргэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасанчлан захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож байж хүчингүй болгох байтал ийнхүү зөрчсөн эсэх нь бодитоор тогтоогдоогүй байхад хэргийг шийдсэн. Банкинд бус иргэнд барьцаалуулснаас үүдэлтэй хохирлоо бодитоор нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй. Хүүгийн зөрүүгийн хохирол байдаг бол үүнийг нэхэмжлэх эрх нь Иргэний хуулиараа төлөөлүүлэгч нь төлөөлөгчөөс нэхэх эрх бүрэн нээлттэй хэвээр.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчтэй хамт оролцох эрхийг хангаагүй. Өмгөөлөгч Сонгдо эмнэлэгт хэвтэж байсан баримтыг шүүхэд өгсөөр атал үүнийг тодруулах ажиллагаа хийж болох байсан.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг өөрчлөлт оруулсан нь мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т заасныг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Тодруулбал, барьцааны эрхийг бүртгэхэд, барьцааны гэрээг итгэмжлэлийг үндэслэн байгуулсан байдаг. Барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа 2 сарын хугацаатай байх нь бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэл болохгүй. Итгэмжлэлд заасан хугацааны дотор барьцааны гэрээг байгуулсан. Иргэний хуульд зааснаар барьцааны гэрээ байгуулсан хугацаа дуусгавар болсноор барьцааны эрх нь дуусгавар болдог тухай зохицуулалт байхгүй. Харин барьцааны эрх нь үүргийг гүйцэтгэж дууссанаар л сая дуусгавар болдог билээ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь энэ гэрээний үүргийг биелүүлэх хугацаа хэтэрснийг илтгэхээс бус, барьцааны эрхийг дуусгавар болсныг илтгэхгүй юм. Барьцааны гэрээ нь барьцаа үүсэх үндэслэл болохоос бус шууд дуусгавар болгодог зүйл биш. Мөнгийг бүрэн төлж байж сая барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болно, барьцааны эрх нэгэн зэрэг дуусгавар болдог хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэр хоорондоо зөрчилтэй, зөрүүтэй нотлох баримт гэж үзэхгүй, харин шүүх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж байна.
Хэнд ямар гэрээгээр яаж барьцаалуулахыг шалгах үүрэгтэй гэжээ. Яг хаана ингэж шалгахыг үүрэгдсэн бэ? Хуулийн ерөнхий зарчим барьж маргааныг хянасан нь үндэслэлгүй байна, Нотариатч итгэмжлэлийг гэрчилж түүнээс гарах эрх зүйн дагаврыг талуудад тайлбарлах үүрэгтэй тухай Нотариатын тухай хуульд заасан. Нотариатч мөн уг итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээг гэрчлэхдээ гэрээний эрх үүрэг, үүсэх эрх зүйн үр дагаврыг нь талуудад тайлбарлаж байж гэрээг хууль ёсны болгож баталсан байгаа. Нотариатчийн ийнхүү гэрчилсэн гэрээг үндэслэн бүртгэхэд улсын бүртгэлд бүртгэхгүй байх үндэслэл байхгүй юм. Нотариатчийн ажлыг шалгаж суух үүрэг хүлээлгээгүй. Нотариатч нь мэргэжлийн хариуцлагын заавал даатгалд даатгагдсан, өөрийн үйлдлээс гарах алдааг Нотариатын тухай хуулиараа хариуцдаг субъект билээ.
Итгэмжлэл нь хөрөнгийн хувьд ямар бүрэн эрх олгосныг агуулсан байх шаардлагатай. Итгэмжлэлд өмчлөгч нь барьцаанд тавих тухай хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлжээ. Ямар субъектэд тавих тухай нь итгэмжлэлийн хамгийн гол утга биш юм. Өөрийнх нь эрх ашиг сонирхлын эсрэг өндөр хүүтэй барьцаанд тавьсан тухай асуудал нь итгэмжлэгч итгэмжлэгдэгч нарын хоорондын бүрэн эрхийг хэтрүүлсэн тухай асуудал байх бөгөөд энэ тухайд учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй. Түүнчлэн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатч, даатгалын байгууллагад нь хандан хохирлоо нэхэх эрх нь нээлттэй. Өндөр хүүтэй зээлд барьцаалжээ гэдэг нь үндсэн барьцаалуулах хүсэл зоригийг нь үгүйсгэх хэмжээний асуудал биш баймаар. Үүнд улсын бүртгэл ямар буруутай вэ? хууль дээдлэх гэдэг ерөнхий нэрийн дор захиргаанд бүх асуудлыг хариуцуулах бус, хуулиар тодорхой дурдсан зохицуулагдсан асуудлыг бол хариуцах эздэд нь хариуцуулах хэрэгтэй. Хууль дээдлэх зарчмыг судлаад үзэхэд түүн дотор барьцааны харилцаа, итгэмжлэлийг зохицуулсан Иргэний хуулийн суурь зарчим бас хамаарна гэж ойлгож байна гэжээ.
Гуравдагч этгээд Ш.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
1.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэснийг дээд шатны шүүхийн хувьд бүрэн хянаж чадаагүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрөө өөрчилж хянан шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 054 тоот барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж өөрчлөн шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн маргаанаас хуулиар тусгаарлагдсан маргаан буюу иргэний хэргийн шүүхийн маргаантай уялдуулж хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүхийн шийдвэртээ тусгаж түүнийг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хуулийг зөрчиж байна. Нийслэлийн давж заалдан шатны шүүхийн магадлалыг бид хүлээн авч түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүхийн шийдвэр, магадлалыг шийдвэрт үндэслэл болгон шийдвэрлэж байгаа давж заалдах шатны шүүхээс иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй уялдаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг зөрчиж байна.
3. Маргаан бүхий барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болоод Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу хариуцагч байгууллага нь бүртгэлийг хийж гүйцэтгэсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болоод хариуцагч байгууллагын тайлбарт буруу үнэлэлт дүгнэлт өгсөн.
4. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд энэхүү хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцоолж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад түүнийг зөвтгөн хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хууль болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж байгаа болохыг онцгой анхаарч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.М нь Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлээр барьцааны бүртгэл хийх журмыг зохицуулсан байх бөгөөд бүртгэлийг өмчлөгчийн мэдүүлгээр, эсхүл барьцаалагч болон барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр, түүнчлэн мэдүүлэггүйгээр бүртгүүлэхээр тус тус зохицуулжээ. Хуулийн системчлэлийн хувьд эдгээр заалтууд нь бүгд нэг зүйлд хамаарагдах боловч бие даасан агуулга бүхий, өөр өөр тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт байна.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 08 тоотод байрлах ..... , ...... улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, өмчлөгч Н.Б нь хамтран өмчлөгч нарын хамт Р.Э итгэмжлэл олгосон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, орон сууцны барьцааны гэрээ байгуулах эрхийг бусдад олгосон, энэ дагуу барьцааны гэрээ байгуулагджээ.
Иймээс маргаан бүхий акт нь “гэрээгээр үүссэн барьцааны бүртгэл” байх тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх байна. Тухайн тохиолдолд уг бүртгэлийг бүртгүүлэхээр барьцаалагч, барьцаалуулагч мэдүүлэг гаргаж, хуулийн дээрх шаардлагыг хангасан тул улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчээс “банкны барьцаанд барьцаалахыг зөвшөөрсөн болохоос иргэнд барьцаалах эрх олгоогүй, захиргааны байгууллагаас үүнийг шалгах үүрэгтэй” гэж маргаж байгаа боловч энэ нь тухайн барьцааны гэрээг бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл биш, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэгт хавсаргах аль нэг баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол татгалзах үүрэг үүсэх болохоос агуулгыг хянах үүрэггүй.
2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Н.Б-аас Р.Э-т олгосон итгэмжлэл нь ямар нэгэн хуулийг зөрчөөгүй, талуудын хоорондын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хуурамч эсэх зэргээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй, орон сууцны өмчлөгчөөс итгэмжлэл олгосон тул захиргааны байгууллагад шалгах, тодруулах зайлшгүй шаардлага тухайн үед үүсээгүй байжээ.
Хэдийгээр итгэмжлэлд “банкны” зээлийн гэрээний барьцаанд барьцаалах эрх олгосон боловч банкинд биш иргэн Ш.Б-д барьцаалсан болохыг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан атлаа тухайн цаг үед маргаагүй, зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймээс барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, харин иргэд хоорондын зээлд барьцааны гэрээ байгуулсан үйл баримттай шалтгаант холбоотой байх тул захиргааны байгууллагыг шууд буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс “мэдүүлгийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гаргаагүй” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд тухайн харилцаа тусгай зохицуулалтаар зохицуулагдаж байхад уг заалтыг хэрэглээгүй, нөгөө талаар “өмчлөгч эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэхээр хуульчилсан” гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс мөн маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих нарийвчлан зохицуулсан заалтыг хэрэглээгүй, итгэмжлэл, зээлийн гэрээний хугацаа зэрэг иргэний шүүхийн маргаанд хамаарах үйл баримтад дүгнэлт хийж, хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсний зэрэгцээ захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар бодитой дүгнэлт хийгээгүй буруутай байна.
Маргаан бүхий захиргааны акт нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл” гэсэн тусгай хэсгээр зохицуулагдах байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан хууль хэрэглээний зарчмын дагуу тухайн харилцаа нь тусгай зохицуулалтаар зохицуулагдаж байвал уг заалтыг хэрэглэх байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 464 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0655 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ын Баянзүрх дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
|
|