Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/52

 

 

 

 

 

2025           02          12                                          2025/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч З.Алтансолонго,

хохирогчийн өмгөөлөгч Б.*******,

шүүгдэгч Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ******* ургийн овогт ******* *******т холбогдох 2436003040370 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хохир ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ******* ургийн овогт ******* *******, регистрийн дугаар *******,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтуугаар хохирогч Х.*******ыг хэл амаар доромжилсны улмаас тухайн үед тэдний хооронд таарамжгүй харилцаа үүсэж, улмаар Х.******* нь Б.*******ийг түлхэхэд Б.******* нь хохирогчийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг:

- Шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би гэртээ унтаж байхад манай эхнэр А., Х., Д., Х.******* дөрөв орж ирсэн. Манай эхнэр А., Х.******* нар гараад машин дотроо архи ууж байсан. Х. намайг бос гэсэн боловч би согтуу байсан учраас босож чадаагүй. Х. манай эхнэрийн төрөл садангийн хүн. Х. миний биеийг чимхээд, хүчээр татаад миний өмдийг урсан. Тэгээд би босоод Х. бид хоёр гадаа гарсан. Бид хоёртой хамт манай охин гарч ирсэн. Бид хоёрыг гарахад Х.******* машинаас унаад нүүрнээс нь цус гарч байсан. Би асаагуурын гэрэл тусгасан. Манай эхнэр болон бусад 3 хүн дөрвүүлээ согтуу байсан. Намайг чи цохичихлоо гэхээр нь би цохиогүй гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд унасан чулуу, хашааны зургийг бүгдийг нь аваад маргааш нь шалгасан. Өөрөө уначихаад намайг цохисон гээд байгаад нь жаахан гомдолтой байна...” гэв.

2. 2436003040370 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хэргийн газарт 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зэргийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-10 дахь тал),

2.3. Хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай дүү Х. Б.*******ийн гэр лүү орсон, машин дотор Д. бид хоёр буулгүй сууж байсан. А. гэрлүүгээ орж гараад явж байсан. Тэгж байтал байшингаас Х., Б.******* нар хоорондоо муудалцаад гараад ирсэн. Тэгээхээр би машинаас буугаад яваад очтол Б.******* хашаан дотор надад “чи муу Хуанбайн жингэр, Х.ийн дэвсгэр биз дээ” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд би “чи юу гээд байгаа вэ” гэж хэлэхэд миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохиод унагаасан. Би хойшоо унаад босоод ирэхэд дахиад миний зүүн талын нүүр лүү алгадаж унагасан. Энэ үед унахдаа зүүн хацраараа юм мөргөж, газар юм уу, хатуу зүйл мөргөөд унасан байсан. Би босоод хоёр гараараа нүүрээ дарж үзэхэд миний зүүн хөмсөгний дээд тал, зүүн хацрын доод жавжний хажуу тал нь урагдаж, цус гарчихсан байх шиг байсан. Би шууд ухаан санаа эвгүй болоод доошоо суусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

2.4. Хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би бодохдоо Б.******* намайг хатуу юмаар цохисон байх гэж бодож байна. Намайг Б.******* хоёр дахь удаа цохиход би доошоо газар унаж, суугаад нүүрээ хоёр гараараа дарахад миний нүүрнээс цус гарчихсан байсан. Би тухайн үед согтолттой байсан үнэн, гэхдээ болсон зүйлүүдийг сайн санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

2.3. Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид А.г гэрт нь хүргэж өгөхөөр хашаанд нь очсон. А. бид хоёр машинаас буугаад гэрт нь орсон. Гэрт нь ороход Б.******* унтлагын өрөөнд хэвтэж байсан. Би Б.*******ийн өрөөнд нь ороход надад “чиний ороо орж яваа юм уу, чи энийг харах уу” гэж өмдөө доошлуулаад надад бэлэг эрхтнээ гаргаж харуулсан. Тэгж байтал эхнэр нь А. гаднаас орж ирсэн. Би Б.*******ийн унтаж байсан өрөөнөөс гараад заал өрөөнд нь сууж байсан хүүхдүүдтэйгээ зураг авхуулаад, ярилцаад сууж байгаад гадаа гарахад Б.******* манай эгч Х.******* хоёр хоорондоо маргалдаж байсан. Сонсоход эгч “миний янхан байх чамд ямар хамаатайн” гэж хашхирч байсан. Би шууд очоод Б.*******ийн цээж рүү нь хойшоо түлхсэн. Б.******* эргүүлээд миний зүүн нүүр лүү гараараа хүчтэй алгадсан, эгч Х.******* нь Б.******* рүү яваад очиход эгчийн нүүр лүү цохиод унагаасан. Би Б.*******ийг болиулах гээд гүйж очиход миний зүүн арын булчингаас базаад барьж аваад хойшоо түлхчихсэн. Энэ үед би хойшоо газар савж унасан. Манай эгч Х.******* Б.******* рүү ирэхэд эгчийг дахиад нүүрэн тус газар нь цохиж хөөж зодох гээд дайрахад би зугтсан. Сумын цагдаад дуудлага өгөөд удалгүй сумын хоёр цагдаа ирсэн. Манай эгчийг Б.******* хоёр удаа цохиход эгч хоёр удаа газар унасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

2.4. Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х.г гарч ирэхгүй удаад байхаар нь би гэр лүү ороход миний урдаас манай нөхөр Б.*******, Х. хоёр хоорондоо хэрэлдээд юм яриад гарч ирсэн. Би зөрөөд хаалганы хажууд үлдээд хараад зогсож байтал нөгөө хоёр машины хажууд очиход Х.гийн дуу гараад манай нөхөрт “чи манай эгч Х.*******ыг зодчихлоо” гэж хашхирсан. Тэгээд би хажууд нь гүйж очоод Х.*******ын нүүрэнд утасны гэрэл тусгахад гараараа нүүрээ дарчихсан, гарын салаагаар нь цус гарч байсан. Манай нөхөр надад “чи согтуу авгай нар дагуулж ирээд надад гай боллоо” гэж уурласан. Тэгээд би сумын цагдаад утасдаж дуудсан. Манай нөхөр тус өдөр архи уучихсан ирээд унтаж, амарч байсан. Х. ирээд унтаж амарч байсан хүнийг чимхэж, татаад сэрээгээд хэрүүл өдөж босгосон. Гадаа гарч ирсний дараа Х. гар хөлөөс нь татаад зулгаагаад өдөж байсан. Тэрнээс манай нөхөр Х.*******ын биед хүрснийг би хараагүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

2.5. Шинжээч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Унах, цохигдох, мөргөх, мөргөлдөх, шүргэх, шудрах зэрэг гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм. Х.*******ын нүүрэнд байх шархыг гартаа хатуу зүйл барьж, эсхүл нүүрээрээ ямар нэгэн биетэд унаж, цохигдох үед үүсч болно, харин дан гараар цохих үед үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

2.6. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад Б.гийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 550 дугаартай “...1. Х.*******ын биед гэмтэл учирсан байна. 2. Х.*******ын зүүн хөмсөгний ард болон зүүн завьжинд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи алим, баруун нүдний дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Х.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /дээрх оёдол тавиулсан шарх гэмтлүүд нь цохих, цохигдох, хатуу гадаргуутай зүйл дээр унах, шүргэх шүргэлдэх үеийн алинд ч үүсэх боломжтой./ 5. Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүдийг ямар нөхцөлд үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. 6. Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд цаг хугацааны хувьд шинэ байх ба тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 7. Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

2.7. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн хошууч Д.ын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 551 дугаартай “...1. Х.гийн биед гэмтэл учирсан байна. 2. Х.гийн зүүн гарын бугалганы ар хэсгийн цус хуралтууд, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн зулгаралтууд, 2 хөлийн өвдөгний хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 3. Х.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Х.гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5. Х.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ямар нөхцөлд үүссэн болохыг тогтоох боломжгүй. 6. Х.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь үзлэг хийсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой 7. Х.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

2.8. Хохирогч Х.*******, шүүгдэгч Б.*******, гэрч Х., гэрч Д., гэрч А. нарын Согтуурлыг “ALCOTEST 6820” багажаар шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 44-48 дахь тал),

2.9. Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайх Б.*******ийн дээд талын хөрш айл болдог. Би 2024 оны 05 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 00 цаг болж байсан байх гадаа бие засахаар гарахад Б.*******ийн гадаа цагдаагийн машин гэрэлтэй зогсож харагдсан. Өөр ямар нэгэн зүйл анзаараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал),

2.10. Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би гэртээ унтаж амарч байсан. Шөнө ямар нэгэн зүйл сонсож, хараагүй, надад хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),

2.11. Насанд хүрээгүй гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Ховд аймгийн прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Мөрдөгчийн хууль бус шийдвэр /үйл ажиллагаа/-г хүчингүй болгох тухай” хяналтын прокурор З.Алтансолонгоогийн тогтоол (хавтаст хэргийн 68, 75-76 дахь тал),

2.12. Яллагдагч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би гэртээ унтаж байтал шөнө Х., Д., Х.*******, манай эхнэр 4 орж ирээд миний унтаж байсан өрөөнд 4-лээ орж ирсэн. Гэтэл Х., Х.*******, Д. манай эхнэр А. 3-ыг миний унтаж байсан өрөөнөөс түлхээд гаргачхаад бос гээд миний хөнжил татсан, тэгэхээр би босохгүй байсан чинь намайг маажаад, чимхээд татаад 10 гаруй минут болсон. Тэгээд би сүүлдээ босоод Х. бид хоёр өрөөнөөс гарсан, Х. манай охинтой селпи хийж зургаа авхуулж байсан. Би байшингийн тамбар дотор тамхи татаад зогсож байтал Х., манай охин хоёр байшингаас гараад ирсэн, бид 3 гэрээс хамт гарсан. Гадна гараад хашаан дотор байсан Х.*******ын машин дээр очиход Х.******* манай эхнэр А. хоёр машинаас буусан. Нэг харахад, Х.******* газарт уначихсан байсан. Би асаагуурын гэрэл тусгасан чинь Х.Гулнарын нүүр хэсгээс цус гарч, нүүр нь шороо болчихсон байсан. Гэтэл Х. ирээд чи Х.*******ыг цохчихлоо гээд над руу дайраад байсан. Тухайн үед би эхнэр А.г цагдаа дууд гай болно гэж хэлээд цагдаа дуудсан. Би Х.*******тай хэрүүл маргаан хийгээгүй, Х.*******ыг анх гэрт орж ирэхэд нь гэх залуутай явалддаг юм уу гэж хэлсэн. Х.******* намайг цохиогүй, нэлээн согтуу байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-88 дахь тал),

2.13. Насанд хүрээгүй гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х. эгч, аав хоёр гадаа гарахад дагаад гарсан. Сартай байсан тул гадаа юм харагдаж байсан. Мөн машины гурван хаалга нь онгорхой дотор гэрэл нь асаалттай байсан тул машины ойролцоо сайн харагдаж байсан. Гадаа хашаан дотор Х.******* гэдэг хүний жижиг машин дотор ээж А., Х.*******, Д. нар сууж байсан. Манайхаас Х. бид гурав гарч ирээд аав машинд очоод ээжид орж амаръя гэж хэлэхэд ээж машинаас буусан. Тэгж байтал Х.******* гэдэг хүн машины арын суудлаас буух гэж өндийж нүүрээрээ газар уначихсан. Тухайн үед манай аав машины наад талд зогсож байсан учраас Х.*******ын нүүр лүү тамхины асаагуурын гэрлийг тусгахад нүүрнээс нь цус гарчихсан байсан. Энэ үед хамт явж байсан Х.*******ын төрсөн дүү нь Х. цаанаас манай 00-оос гарч ирээд манай аав руу “чи Х.*******ыг түлхчихлээ” гээд манай аав руу дайрч байсан. Манай аав шууд цагдаа дуудаарай, эд нар намайг хэрэгт оруулах нь байна гэж хэлээд ээж цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал),

2.14. Насанд хүрээгүй гэрч Ө.ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тус өдөр гэртээ байж байгаад аавыг Б. гэдэг айлд машиныг нь барьж хүргэж өгөөд найзуудтайгаа уулзахаар явсан байсан. 2024 оны 05 дугаар сарын 18-19-ний өдөр 23-00 цагийн үед манай гэрт гаднаас Х., Х.*******, Д. болон манай ээж А. нар ирсэн. Тэгээд би гадуур гараад явсан. Дээрх асуудал болох үед би гэртээ байгаагүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116 дахь тал),

2.15 Хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би архи уусан байсан, гэхдээ болсон үйл явдлыг бүгдийг санаж байна. Б.******* намайг эхлээд хэл амаар доромжилж байгаад миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон, эхний удаа газар унаад босоод ирсэн, 2 дахь удаа цохиход мөн унаж ухаан алдсан, ухаан ороход миний дух хэсгээс цус гарч, нүүр шалбарсан байсан. ...Б.******* намайг янхан банзал гэж дайрч доромжлоод байсан. Тэгэхээр би урьдаас нь чи юу яриад байна, чамд миний амьдрал ямар хамаатай юм гэж хэлээд маргалдаж байтал намайг цохиод авсан. Б.******* намайг цохих үед миний төрсөн дүү Х. харсан. Б.******* намайг цохиход А. мөн гадна байсан. Намайг Б.******* цохисныг харсан байх гэж бодож байна. Би сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй, хүснэгтээ хүлээн зөвшөөрч байгаа тул сэтгэцэд учирсан гэм хорыг хүснэгтийн дагуу нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-121 дэх тал),

2.16. Мөрдөгчийн хохирогч Х.*******т сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг танилцуулсан баримт (хавтаст хэргийн 122 дахь тал),

2.17. Ховд аймгийн прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай” 294 дугаартай хяналтын прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 140 дэх тал),

2.18. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/737 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан хохирогч Х.*******т хийсэн эмчийн үзлэгийн хуудас, компьютер томографын шинжилгээ, дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягт (хавтаст хэргийн 141-145 дахь тал),

2.19. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/457 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 150 дахь тал),

2.20. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаартай албан бичиг, шүүгдэгч Б.*******ийн 2023 онд тоолуулсан малын тодорхойлолт, (хавтаст хэргийн 49, 132, 133, 134, 158-172 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.21. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай дүү Х. Б.*******ийн гэр лүү орсон, машин дотор Д. бид хоёр буулгүй сууж байсан. А. гэрлүүгээ орж гараад явж байсан. Тэгж байтал байшингаас Х., Б.******* нар хоорондоо муудалцаад гараад ирсэн. Тэгээхээр би машинаас буугаад яваад очтол Б.******* хашаан дотор надад “чи муу Хуанбайн жингэр, Х.ийн дэвсгэр биз дээ” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд би “чи юу гээд байгаа вэ” гэж хэлэхэд миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохиод унагаасан. Би хойшоо унаад босоод ирэхэд дахиад миний зүүн талын нүүр лүү алгадаж унагасан. Энэ үед унахдаа зүүн хацраараа юм мөргөж, газар юм уу, хатуу зүйл мөргөөд унасан байсан. Би босоод хоёр гараараа нүүрээ дарж үзэхэд миний зүүн хөмсөгний дээд тал, зүүн хацрын доод жавжний хажуу тал нь урагдаж, цус гарчихсан байх шиг байсан. Би бодохдоо Б.******* намайг хатуу юмаар цохисон байх гэж бодож байна. Би тухайн үед согтолттой байсан нь үнэн, гэхдээ болсон зүйлүүдийг сайн санаж байна. Б.******* намайг цохих үед миний төрсөн дүү Х. харсан. Б.******* намайг цохиход А. мөн гадна байсан. Намайг Б.******* цохисныг харсан байх гэж бодож байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-15, 119-121 дэх тал),

- Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...Би гадаа гарахад Б.******* манай эгч Х.******* хоёр хоорондоо маргалдаж байсан. Сонсоход эгч “миний янхан байх чамд ямар хамаатайн” гэж хашхирч байсан. Би шууд очоод Б.*******ийн цээж рүү нь хойшоо түлхсэн. Б.******* эргүүлээд миний зүүн нүүр лүү гараараа хүчтэй алгадсан, эгч Х.******* Б.******* рүү яваад очиход эгчийн нүүр лүү цохиод унагаасан. Би Б.*******ийг болиулах гээд гүйж очиход миний зүүн арын булчингаас базаад барьж аваад хойшоо түлхчихсэн. Энэ үед би хойшоо газар савж унасан. Манай эгч Х.******* Б.******* рүү ирэхэд эгчийг дахиад нүүрэн тус газар нь цохиж хөөж зодох гээд дайрахад би зугтсан. Сумын цагдаад дуудлага өгөөд удалгүй сумын хоёр цагдаа ирсэн. Манай эгчийг Б.******* хоёр удаа цохиход эгч хоёр удаа газар унасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

- Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х.г гарч ирэхгүй удаад байхаар нь би гэр лүү ороход миний урдаас манай нөхөр Б.*******, Х. хоёр хоорондоо хэрэлдээд юм яриад гарч ирсэн. Би зөрөөд хаалганы хажууд үлдээд хараад зогсож байтал нөгөө хоёр машины хажууд очиход Х.гийн дуу гараад манай нөхөрт “чи манай эгч Х.*******ыг зодчихлоо” гэж хашгирсан. Тэгээд би хажууд нь гүйж очоод Х.*******ын нүүрэнд утасны гэрэл тусгахад гараараа нүүрээ дарчихсан, гарын салаагаар нь цус гарч байсан. Манай нөхөр надад “чи согтуу авгай нар дагуулж ирээд надад гай боллоо” гэж уурласан. Тэгээд би сумын цагдаад утасдаж дуудсан.... гэх мэүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

- Шинжээч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Унах, цохигдох, мөргөх, мөргөлдөх, шүргэх, шудрах зэрэг гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм. Х.*******ын нүүрэнд байх шархыг гартаа хатуу зүйл барьж, эсхүл нүүрээрээ ямар нэгэн биетэд унаж, цохигдох үед үүсч болно, харин дан гараар цохих үед үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад Б.гийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 550 дугаартай “...1. Х.*******ын биед гэмтэл учирсан байна. 2. Х.*******ын зүүн хөмсөгний ард болон зүүн завьжинд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи алим, баруун нүдний дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Х.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /дээрх оёдол тавиулсан шарх гэмтлүүд нь цохих, цохигдох, хатуу гадаргуутай зүйл дээр унах, шүргэх шүргэлдэх үеийн алинд ч үүсэх боломжтой./ 5. Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүдийг ямар нөхцөлд үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. 6. Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд цаг хугацааны хувьд шинэ байх ба тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

- Яллагдагч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би байшингийн тамбар дотор тамхи татаад зогсож байтал Х., манай охин хоёр байшингаас гараад ирсэн бид 3 гэрээс хамт гарсан. Гадна гараад хашаан дотор байсан Х.*******ын машин дээр очиход Х.******* манай эхнэр А. хоёр машинаас буусан. Нэг харахад, Х.******* газарт уначихсан байсан. Би асаагуурын гэрэл тусгасан чинь Х.Гулнарын нүүр хэсгээс цус гарч, нүүр нь шороо болчихсон байсан. Гэтэл Х. ирээд чи Х.*******ыг цохчихлоо гээд над руу дайраад байсан. Тухайн үед би эхнэр А.г цагдаа дууд гай болно гэж хэлээд цагдаа дуудсан. Би Х.*******тай хэрүүл маргаан хийгээгүй, Х.*******ыг анх гэрт орж ирэхэд нь гэх залуутай явалддаг юм уу гэж хэлсэн. Х.******* намайг цохиогүй, нэлээн согтуу байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-88 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.*******ыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хоорондоо маргалдах үед шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.*******ын зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисноос Х.******* хойшоо унаад босоод ирэхэд дахиад зүүн талын нүүр лүү алгадаж газарт унах үед зүүн хацраараа юм мөргөж унсанаас хохирогч Х.*******ын зүүн хөмсөгний ард болон зүүн завьжинд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи алим, баруун нүдний дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хохирогч Х.*******ын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх, оёдол тавиулсан шарх гэмтлүүд нь цохих, цохигдох, хатуу гадаргуутай зүйл дээр унах, шүргэх шүргэлдэх үеийн алинд ч үүсэх боломжтой боловч хохирогч болон гэрч Х., А. нараас хохирогч Х.Гулнарыг машинаас буух үед өөрөө газарт унаж хатуу зүйл мөргөсөн талаар мэдүүлж байгаагүй, улмаар гэрч Х. цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр цагдаагийн албан хаагчид хэргийн газарт ирсэн, хохирогч, шүүгдэгч нар мэдүүлэг өгөхөөр цагдаагийн байгууллагад очсон, шүүгдэгч Б.******* нь тухайн хэрэг гарсан өдрийн маргааш хохирогч Х.*******ын гэрт очсон зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт зэргээс үзэхэд хохирогч Х.******* машинаас буух гэж байгаад өөрөө газар унсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Б.******* учруулаагүй гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд, хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.*******ыг цохиж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан нь нотлогдсон, хохирогчийн биед үүссэн гэмтэл болон шүүгдэгчийн гараараа цохисон үйлдэл хоорондын шалтгаан холбоо тогтоогдсон гэж үзэх бүрэн боломжтой.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн  дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.*******ыг зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

3.3. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Б.*******ийн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.  

4.3. Хохирогч Х.*******ын биед учирсан гэмтлийг хөнгөн гэмтэлд буюу хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.

4.4. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

4.6. Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

4.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.3. Хохирогч Х.******* мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон эм тарианы зардал 285,038 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 5,280,000 төгрөг, нийт 5,565,038 төгрөгийг нэхэмжилжээ.

5.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан бол мөн хуулийн 230.1, 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эртэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг буруутай этгээд мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй талаар хуульчилсан.

5.5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учраас хохирогч Х.*******ын нэхэмжилсэн эмчилгээний болон эм тарианы зардал 254,308 төгрөгийг шүүгдэгч Б.*******ээс гаргуулан хохирогчид олгож, харин хохирогч Х.*******ын хөнгөлөлттэй эм худалдан авсан гэх 30,730 төгрөг нь хэрэг учрал болсон үеийн цаг хугацаатай тохирохгүй буюу хэрэг болсон өдрөөс өмнө 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хөнгөлөлттэй эмийн худалдан авалт байх тул эмчилгээний болон эм тарианы зардал 285,038 төгрөгөөс 30,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.6. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам, хүснэгт батлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан байх ба уг хүснэгтийн шалгуур үзүүлэлтүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг сэтгэцэд учирсан гэм хорын 2 дугаар зэрэглэлд хамааруулсан байна. 

5.7. “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг  мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.”, 2.4 дэх хэсэгт “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно.” гэж тус тус заасан байна.

Дээрх журмаас үзэхэд журамд шалгуур үзүүлэлтийн хүрээнд "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэх ба тухайн хүснэгтээр тогтоосон буюу  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг мөрдөгч хохирогчид танилцуулж хүлээн зөвшөөрсөн эсэхийг  баталгаажуулж баримтыг хэрэгт хавсаргахаар зохицуулжээ.

5.8. Мөрдөгчөөс хохирогч Х.*******т сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг танилцуулж баримтыг хэрэгт хавсаргасан байна. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгттэй танилцаж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хүсэлт, гомдол гаргаагүй байна.

5.9. Хохирогчийн гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн баяр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудах зэрэг нь сэтгэцэд учирсан хор уршигт хамаарна. “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн шалгуур үзүүлэлтүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг сэтгэцэд учирсан гэм хорын 2 дугаар зэрэглэлд хамааруулсныг хохирогч хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “миний эрүүл мэнд, гоо сайханд хохирол учруулсан, хохирлоо барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэх мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад Б.гийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 550 дугаартай дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт “духанд 2 оёдол, завьжинд 2 оёдол тавьсан, цэвэр боолт хийсэн” гэх тэмдэглэл, хэрэгт цугларсан эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, шинжээчийн хохирлын зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн нийгмийн харилцааны шалгуур үзүүлэлтүүдээр хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг /тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

5.10. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-аар тогтоосон 2 дугаар зэрэглэлийн доод хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

          5.11. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасан.

          5.12. Хохирогч Х.*******, гэрч Х., А., Д. нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, мөн шүүгдэгч гэртээ унтаж амарч байхад түүнийг очиж сэрээж хэрүүл маргаан гарах шалтгааныг бүрдүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хохирогч Х.*******ын эрүүл мэндэд хохирол учрахад өөрийнх нь хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч Х.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,300,000 төгрөгийг багасгаж 2,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.*******ээс гаргуулж шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хувийн байдлын хувьд 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

2.3. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын биед халдсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

2.4. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэсэн, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгчөөс “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.*******ийн дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгчийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчих, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг сануулав.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 2 сарын (хоёр) хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Ховд аймаг дахь ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ээс гэмт хэргийн хохирол, хор уршиг 2,254,308 (хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун найман) төгрөгийг /хор уршиг 254,308 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 2,000,000 төгрөг/ гаргуулан хохирогч Х.*******т олгож, хохирогчийн нэхэмжилсэн 3,310,730 (гурван сая гурван зуун арван мянга долоон зуун гуч) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ТАСХЫН