| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0061/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/76 |
| Огноо | 2025-03-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б
Улсын яллагчаар: Хяналтын прокурор Ц.Ц
Шүүгдэгч: Г.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.А
Хохирогчийн өмгөөлөгч: С.Ш И.О /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С холбогдох эрүүгийн 2419002350034 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2001 оны дугаар сарын -ны өдөр Дорноговь аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага дунд боловсролтой, малчин, ам бүл 2, хүүгийн Дорноговь аймгийн сумын дугаар баг, Бариад гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Шүүгдэгч Г.Снь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт Г.Отой үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, нурууны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч: 6 дугаар сарын 9-ний өдөр бид хоёр худаг дээр малаа услаад байж байхад Г.Он хэдэн мал нь ахын малтай нийлчихсэн байсан. Тухайн үед мал нийлчихсэн байсныг мэдээгүй. Услаад зогсож байтал О мотоциклтой давхиж ирээд өөрийнхөө малыг ялгаж авах гээд мотоциклтой элдээд байсан. Тэгэхээр нь би “Хөгшөөн усалж дууссаных нь ялгаад авчих аа” гэж хэлсэн чинь давхиад явчихсан. Бид хоёр О эргэж ирэхийг нь бараг 3 цаг хүлээж байгаад явсан. Тухайн үед ах болон Омал их муу ядруу байсан. Ядруу байхад нь мотоциклоор элдээд байсан. Тэгээд өөрийнхөө малыг ялгаж аваад явахдаа ахын хониноос аваад явчихсан байсан. Араас нь машинтай очоод хонио ялгаж авсан. Маргааш өглөө нь мал услах үед О мал дахиад ахын малтай нийлчихсэн байсан. Би ахад мотор асааж өгөөд явсан. Өөрийнхөө хонийг захдуулчхаад худаг руу дурандсан чинь мотоциклтой 2 хүн хонийг элдээд байсан. Би хонио услах гээд хонио хориод байсан чинь ах ирээд мотор эвдэрчихсэн татуургыг нь янзлаарай ахын дүү гэхээр нь бид хоёр гэрээс дорцов авах гээд явсан. Гэрийн гадаа очоод буухад ахын хөл нь доголчихсон гишгэж чадахгүй байсан. Та яагаад доголчихсон юм бэ гэж асуусан чинь ах О мотоциклтой дайрч унагасан гэж хэлсэн. Урд айлын тэмээ худаг дээр ирчихсэн харагдахаар нь дорцовоо халаасандаа хийчхээд, шилбүүрээ аваад худаг руу явсан. Худаг дээр очиход нэг машин ирчихсэн байсан. Хэний машиныг нь эхлээд мэдээгүй. Тэгсэн О, Б хоёр ирчихсэн байсан. Тэгэхээр нь би Ос чи яагаад ахыг мотоциклтой мөргөж байгаа юм гэж асуухад яадаг юм, танай муу ах чинь өөрөө эхэлсэн гэхээр нь би Ог шилбүүрдчихсэн. Худгийн хашаанаас гараад явах гэсэн Оараас зүүгдээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд О намайг заамдаад авахаар нь би түлхчхээд эргээд явах гэтэл араас зуураад байсан. Миний цамцнаас зуураад байхаар нь би цамцаа урж байж салсан. Цамцны халааснаас унасан дорцовоо аваад тухайн үеийнхээ уураар Ог 1 цохичихсон. Бусдаар Ог санаатайгаар очиж зодсон асуудал байхгүй. 5 дугаар сарын сүүлчээс эхлээд Обид хоёр жоохон үл ойлголцох асуудал байгаад байсан” гэсэн мэдүүлэг,
2.Хохирогч Г.Он: “...С ганцаараа мотоцикльтой ирээд мэндийн зөрүүгүй шилбүүрээр миний нуруу орчим шавхуурдаад, хутга бариад над руу дайраад байхаар нь би хутга барьсан гарыг нь барьсан чинь миний баруун талын шанаа орчим гараараа зангидаж байгаад хүчтэй 3 удаа цохисон ба би доошоо тонгойсон чинь миний эрүү орчим өшиглөж байх шиг байсан. Миний найз Ббууж ирээд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
3.Гэрч Б.Б: “...Г.О хашаан дотор малаа ачих гээд би машинаа ухраах гээд байж байсан чинь нэг залуу мотоцикльтой ирчихсэн Г.Отой зууралдаад байж байхаар нь би салгасан. Г.Оын шүднээс нь цус гарчихсан байсан...гэх ” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 10 дахь тал/,
4.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Он сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
5.Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэд: “1. Г.Он биед эрүү ясны хугарал, нурууны зулгарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ....6.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Г.С нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Бариадын хутаг гэх газарт Г.Отой үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, нурууны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох хохирогч Г.Ор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С ганцаараа мотоцикльтой ирээд мэндийн зөрүүгүй шилбүүрээр миний нуруу орчим шавхуурдаад, хутга бариад над руу дайраад байхаар нь би хутга барьсан гарыг нь барьсан чинь миний баруун талын шанаа орчим гараараа зангидаж байгаад хүчтэй 3 удаа цохисон ба би доошоо тонгойсон чинь миний эрүү орчим өшиглөж байх шиг байсан. Миний найз Б бууж ирээд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг,гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Г.О хашаан дотор малаа ачих гээд би машинаа ухраах гээд байж байсан чинь нэг залуу мотоциклтой ирчихсэн Г.Отой зууралдаад байж байхаар нь би салгасан. Г.Он шүднээс нь цус гарчихсан байсан...гэх ” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 857 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Он сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэд: “1.Г.Он биед эрүү ясны хугарал, нурууны зулгарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.3.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна” гэсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Он биед хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
1.Хохирогч Г.О болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.С холбогдуулан сэтгэцэд учирсан хор уршигт 8,573,400 төгрөг нэхэмжилснээс 4,500,000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ учир нь хохирогчид учирсан гэмтэл, эдгэрэлтийн байдал зэргийг харгалзан үзээд.
2.Эмчилгээ эм тариа ирж очих унааны зардалд нэхэмжилсэн төлбөрөөс давхардуулж нэхэмжилсэн 206,281 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг нийт 1,706,281 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь эмчилгээ, эм тариа, ирж очих унааны зардлын баримт нь давхардсан, хохирогч өмгөөлүүлэх эрхтэй, хохирогч сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчийг өөрөө сонгож оролцуулсан байх тул шүүгдэгч өмгөөлөгчийн хөлс төлөх үүрэггүй гэж дүгнэлээ.
3.Шүүгдэгч Г.С нь хохирогч Г.Од 1,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3,870,090 төгрөг төлсөнийг дурьдах нь зүйтэй.
Мөн эм тариа эмчилгээ, буудал, замын зардлаас шүүгдэгчээс хохирогчид төлсөн 1,000,000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.Сс эм тариа эмчилгээ, буудал, замын зардалд 2,031,125 төгрөг, сэтгэцэд учирсан хор хохиролд 4,500,000 төгрөг, нийт 6,531,125 төгрөг гаргуулж хохирогч Г.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,706,281 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн талаар: Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн…бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байх ба шүүгдэгч Г.Снь бусдын биед хохирол учруулна гэдгийг ухамсарлан мэдсээр байж хохирогч Г.Он биед эрүү ясны хугарал, нурууны зулгарал зэрэг хүндэвтэр зэргийн гэмтлүүд учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэл гэж үзсэн ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Снь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Бариадын хутаг гэх газарт Г.Отой үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал,нурууны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал /балчир насны /2/ хүүхэдтэй эцэг/, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ст 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч хуульд заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгөөч гэж хүссэн ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч:” ...уг гэмт хэрэг нь 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг хүртэл торгох ялтай. Улсын яллагчийн зүгээс харьцангуй бага торгох ялыг оногдуулсан. Учир нь шүүгдэгч цаашид хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал, их хэмжээний өр зээлтэй мөн өрх толгойлсон эцэг гэдэг байдлуудыг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байгаа. Торгох ялын доод хэмжээ 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулаагүй шалтгаан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид хохирол төлбөрөө төлөөгүй, хохирогчтой эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зөвшөөрөхгүй...“ гэж тайлбарласныг шүүх үндэслэлтэй гэж үзэв.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Г.Од 6,531,125 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.Ст эм тариа эмчилгээ, буудал замын зардалд 2,031,125 төгрөг, сэтгэцэд учирсан хор хохиролд 4,500,000 төгрөг, нийт 6,531,125 төгрөг гаргуулж хохирогч Г.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,706,281 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ