Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.,

            Улсын яллагч Ц.Цм,

            Шүүгдэгч Н.Г,

            Хохирогч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:

            Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гд холбогдох эрүүгийн 2419004600035 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, тусгай дунд боловсролтой, Барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 1, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 105 дугаар байр, 3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

            Урьд: Дорноговь аймаг дахь сум дундын эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар  хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  Г

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны гадна Д.Бг үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун шанаа ясны цөмөрсөн хугарал, баруун дээд хоёрдугаар шүдний паалангийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Гд холбогдох эрүүгийн 2419004600035 дугаартай хэрэгт дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:

            1.Хохирогч Д.Б “..2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шөнө 3 цагийн орчим Виктория баарнаас гараад гэр лүүгээ харих гээд баарнаас гарсан. Г миний нүүр лүү нэг удаа ямар нэг ямар зүйлээр цохиод миний толгой эргэж газар манарч унасан. Би сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, сэтгэл санааны мөнгө нэхэмжлэхгүй. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн мөнгө болох 4 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11 дүгээр тал/,

            2.Гэрч Бн: “...нөгөө залуу хажууд ирж Б тэй юм ярьж байгаад Бг баруун гараараа зангидаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохисон чинь Б газар унаад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

            3.Сэжигтэн Н.Гн: “..Бтэй маргалдаж байгаад би баруун гараа зангидаж байгаад зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг. /Хавтаст хэргийн 15 дугаар тал/,

            4.Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт. /Хавтаст хэргийн 24 дүгээр тал/.

 Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны гадна Д.Бг үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун шанаа ясны цөмөрсөн хугарал, баруун дээд хоёрдугаар шүдний паалангийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь 1.Хохирогч Д.Бмэдүүлэг  /хавтаст хэргийн 9, 11 дүгээр тал/, 2.Гэрч Бн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, 3.Сэжигтэн Н.Гн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/  ,4.Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 24 дүгээр тал/  зэрэг бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 Хохиролын талаар:Хохирогч Д.Б: Би эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн цалин хөлс болох 2,239,632 төгрөг нэхэмжилж байна гэснийг шүүгдэгч Н.Гшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ төлөхөө илэрхийлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 3,399,605 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг нь төлчихсөн. Үлдэгдэл 399,605 төгрөгийг ойрын 3-4 хоногтоо багтаагаад төлнө гэжээ. Хохирогч сэтгэл санаанд учруулсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Г 2,239,632 төгрөг гаргуулж хохирогч Д.Б, 399,605 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдъя.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Г2,239,632 төгрөг гаргуулж хохирогч Д.Б, 399,605 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг  дурдсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ