Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

 

 2025      02          17                                          2025/ШЦТ/95

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Э.Г,

хохирогч Д.О, өмгөөлөгч Ж.М,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч У.Б-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр ********* ********* төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, артиллер наводчик мэргэжилтэй, ************ ********, ам бүл 1, ************ ************* ************** оршин суух бүртгэлтэй боловч ****** *********** оршин суудаг, урьд;

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн, 

Б овогт У-н Б /РД; **********/,

Шүүгдэгч У.Б нь;

2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 22.00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “*******” караокед хохирогч Д.О-н пиво цацсанд уурлан нүүр хэсэг рүү нь микрофон шидэж, эрүүл мэндэд нь “нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч У.Б “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Д.О эгчээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье, тухайн үед таныг гэмтээе гэж санаатайгаар микрофон шидээгүй. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш, “намайг уучлаарай” гэж хэлье.” гэв.

хохирогч Д.О “...Тухайн үед караокед орж үйлчлүүлээд сууж байхад эсрэг талын ширээнд энэ хэд ирж суусан юм шиг байгаа юм. Тэгсэн ширээн дээр ээлжилж ирээд бүгдээрээ хоргоогоод зүгээр суулгаагүй, дөрвүүлээ цөөвөр чоно шиг хөөцөлдсөн. Би энэ талаар анхны мэдүүлэгтээ өгсөн, сая уншигдахгүй байна. Тийм байдалтай суулгахгүй тав тух алдуулсан. Найзтайгаа дөнгөж нэг, нэг пиво захиалаад уугаад сууж байхад хоргоогоод “янхан”, “гичий”, “хулгайч”, “луйварчин” гээд элдэв янзаар хэлсэн, У.Б ирж микрофонтой чихэн дээр орилоод, “янхан авгай”, “балай авгай”, “манай ахыг араар нь тавиад явж байдаг юм байна шүү дээ” гэсэн. Бид хоёр салаад холбоогүй болсон байхад энэ хүн ирж намайг өчнөөн дарамталсан, нөгөө хэд нь ирж хамт сууж байсан найзыг маань хүзүүдэж авсан, Б ч гэсэн найзын маань цамцыг урж, ханцуйг нь салгаад шидсэн. Тэгэхэд нь би “энэ ширээнээс яваад өг, бид нарыг тайван байлгаад өг” гэж хэлээд гарахын хооронд бөөн юм болсон, би энэ залууг урьд нь хараагүй, таньж мэдэхгүй. Тэсвэр алдаад өчнөөн олон удаа гуйсны дараа ууж байсан пивоо цацсан, тэгээд удаа ч үгүй “гаръя” гээд сууж байхад нүүрэн дээр тас гээд юм ирээд буусан, халуу дүүгээд цус урссан, нүд юм харахгүй, хаанаас хэн, юу шидсэнийг мэдэхгүй хэсэг цусаа гоожуулж суусан. Тэгээд эмнэлэг рүү явсан, цагдаа дуудаад очоод мэдүүлэг өгөхөд энэ хэд “Бугатад байна, тийм юм хийгээгүй” гээд хэргийн газраас зугтаж олон хоног алга болсон. Энэ залуу “хэн та нар руу юу шидсэн юм, тийм зүйл болоогүй” гээд хэргээ хүлээхгүй их явсан, микрофон нь дээр үеийн хатуу, хүнд, төмөр микрофон байсан. Нүүрэн тус газар босоогоороо ирж цохисон юм шиг байгаа юм. Зөвхөн гадна гоо сайхан гэдгээс гадна миний нүдний хараанд их өөрчлөлт орсон, ойрын хараа байхгүй, байнгын гэрэл цохиод, ядрахаар дээрээс харанхуйлаад сүүдэртээд юу ч харахгүй байгаа. Энэ хүнээс эрүүл мэнд, гоо сайхан талаараа нэхэмжлэх мөнгө их байна, баримтжуулах зүйлсээ 100 хувь баримтжуулаагүй, сүүлд гоо сайхны эмнэлгээр явсан зардлыг энд хавсаргаагүй, 8, 9, 10 дугаар сард авсан юмнууд байгаа, унааны зардал, эмчилгээний зардал зэрэг зүйлс нэхэгдэж байгаа болохоос биш сүүлд авсан юмнууд ороогүй. Эхний хоёр сар огт ажлаа хийж чадаагүй, нүүр битүү хавантай байсан. Би үсчин хүн, ийм нүүр, царайтай байж хүний үс янзалж чадахгүй, хүний өөдөөс ч харж чадахгүй байдалтай байсан, толинд харах бүрдээ байнгын хямарч гутардаг, миний сэтгэлзүй тайван, хэвийн байдалд орохгүй байгаа, өөрийгөө өчнөөн барьж, мартах гэж бодсон ч байнгын хямралтай, гутралтай, сэтгэлзүй өөрчлөлттэй, нүд юм харахгүй байхаар гутарч байна, хүний үсний өө ч харж чадахгүй болсон. Би өрх толгойлсон ээж, оюутан охинтой, арван жилийн охинтой, хүүхдүүдээ асуудалгүй тэжээгээд явдаг байсан, энэ байдлаас болоод ажлаа хийж чадахгүй, эрэгтэй үсийг засаж чадахгүй болсон. Би 23 жил ажилласан чадвартай үсчин, чадвартай байлаа ч гэсэн эрүүл мэндийн доголдол үүсэхээр ажлаа хийж болдоггүй юм байна. Эхний хоёр сар огт юу ч хийгээгүй, дээрээс нь сэтгэл санаа хямарч, гутраад их хэцүү юм болсон. Шинэ жилээс өмнө 11, 12 дугаар сараас эхлээд ажлаа хийж байгаа, ажлаа хийхдээ 70 хувь хөдөлмөрийн чадвар  алдсан, ийм байдлаас болоод үйлчлүүлэгч нараа ч алдсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Д.О-н “...2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 21.00 цагийн үед найз Л.Э-н хамт...“*******” караокед ороод сууж байтал миний өмнө нь хамтран амьдарч байсан А.Ч, А бас өөр танихгүй хоёр хүний хамт ирээд амгалан тайван байдал алдагдуулаад орилж, чарлаад байсан, би “зүгээр мөрөөрөө яв” гэж хэлчихээд байж байтал юу гэж хэлж ярьж байгаа нь мэдэгдэхгүй юм ярьж байгаад, нэг юм шидчихээд гараад явчихсан. Би тухайн хүмүүсээс яг хэнийг нь шидэж байгааг харж амжаагүй, холоос архины шил аваад шидчихсэн. ...“хацарны яс хүчтэй цохигдсоны улмаас арьс нь задарсан байна” гэж хэлсэн, 10 гаран оёо тавьсан. ...Миний эрүүл мэндийг хохироож, гоо сайханд минь халдсан тэр хүнээс хохирол, мөнгө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

гэрч Л.Э-н “...2024 оны 7 дугаар сарын 29-ний орой 21.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “*******” караокед найз О хамт үйлчлүүлээд сууж байтал хажуу талын ширээнд үл таних дөрвөн залуу орж ирээд өргөн шанаатай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай нэг залуу нь ирээд намайг хүзүүдэж аваад “чи энэ хүүхний юу нь юм” гэхээр нь би “юу нь ч биш, чи зүгээр цаашаа бай” гэж хэлчихээд босож яваад өөр ширээн дээр сууж байсан хүмүүстэй уулзчихаад буцаад иртэл дахиад хүрээд ирсэн, би тухайн үедээ нарийн учрыг нь сайн ойлгохгүй байсан болохоор “яваад өгөөч” гэж гуйсан. Өргөн шанаатай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай залуу нь намайг “ална” гээд байсан, тэгээд хоорондоо маргалдаад байж байтал доод эрүүндээ сахалтай, туранхайвтар залуу ирээд О-г доромжлоод, зүй бусаар хэлээд байсан, намайг өөр тийшээ Арал сарнисан байхад О орилоод унасан, би О рүү хартал нүүрээ бариад доошоо тонгойгоод сууж байсан, тухайн хүмүүсийн яг аль нь юм шидсэнийг харж амжаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

гэрч А.Ч-н “...2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр...Д над руу залгаад “Б, Н Б бид гурав “*******” караокед байна, та ирээд намайг авчих, би Бугат явах гэсэн юм” гэхээр нь “*******” караоке орсон чинь Б, НБ, Д нар пиво уучихсан, дуулаад байж байсан, би ширээнд нь суугаад дуусахыг нь хүлээгээд сууж байсан чинь миний салсан эхнэр О “00” өрөөнөөс гарч ирээд баруун талын ширээнд нэг залуутай суухаар нь би Д билүү НБ-т “салсан эхнэр явж байна, би цуг баймааргүй байна, эндээс гаръя” гэсэн. ...би эхнэр дээр очоод “чи одоо охинтойгоо гэртээ байхгүй, эр эргүүлээд янхандаад явж байдаг” гээд хэлчихсэн чинь хэрүүл эхэлсэн. Тэгээд хэрүүл намжаад сууж байсан чинь эхнэртэй цуг явж байсан залуу дээр Б очоод юм яриад байсан, ...Б дуу дуулахдаа босоод О хажууд очоод дуулаад байсан чинь О босож ирээд ширээн дээр байсан лаазтай пиво барьж байгаад Б луу цацчихсан, тэгсэн зөөгч эмэгтэй ирээд “та зүгээр дуулж байгаа хүн рүү пиво цацчихлаа шүү дээ, таны буруу шүү дээ” гээд эхнэр, зөөгч хоёр маргалдаж байхад Б тойрч очоод эхнэр О рүү дуулж байсан микрофоноо шидчихсэн. Ямар шалтгааны улмаас шидсэнийг мэдэхгүй, пиво цацуулсан уурандаа шидчихсэн байх.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

гэрч Ч.Д-н “...Б-г босож зогсоод дуулж байхад нь Ч ахын эхнэр гэх хүн босож ирээд Б руу пиво цацчихсан, тэр үед ямар нэгэн асуудал гараагүй. Би текний хэсэгт нутгийн дүү бармен хийж байхаар нь ойр зуурын яриа өрнүүлээд зогсож байсан чинь нөгөө эмэгтэй Б руу дахин пиво цацаад, хэрүүл шуугиан болоод явчихсан. ...маргааш нь Ч ах “эхнэрийн нүд гэмтчихсэн байна” гэсэн, ...Б микрофон шидчихсэн гэдгийг сонссон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

У.Б-н яллагдагчаар өгсөн “…Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “*******” караокед НБ, Д, Ч нарын хамтаар үйлчлүүлж байсан чинь Ч ах эхнэрээ нэг залуутай явж байхыг нь хараад “чи хүүхэд хаяад эр эргүүлээд явлаа” гээд хэрүүл маргаан хийж байгаад Ч ах “явъя” гэсэн. Намайг дуу дуулж байсан чинь Ч ахын эхнэр нь ууж байсан пивоо цацчихсан, ингээд хэрүүл маргаан болж байхад нь би гартаа барьчихсан байсан микрофоноо Ч ахын эхнэр лүү шидчихсэн. ...гэмтэл учирсан талаар мэдээгүй байж байсан чинь цагдаагийн байгууллагаас холбогдоод миний шидсэн микрофонд хохирогч болох О оногдож, биед нь гэмтэл учирсныг мэдсэн. ...Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна, гэм буруугийн хувьд маргах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 691 дугаартай; “...Д.О-н биед нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар, шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнх нарын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1321 дугаартай;

“...Д-н О сэтгэцэд 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 117-119 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.Чулуунсүх, Б.Сэргэлэн, Э.Баасанжав нарын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1103 дугаартай; “...2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан 691 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.О-н биед тогтоогдсон хохирлын хөнгөн зэрэг өөрчлөгдөхгүй. Д.О-н биед учирсан гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 126-128 дахь тал/,

иргэн Д.О-н “...2024 оны 7 дугаар сарын 29-ний орой ******** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” караокед бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 23.33 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

хохирогч Д.О-н;

хаанаас ямар баримт бичгээс хуулбарласан нь тодорхойгүй, тамга тэмдэггүй, эмч, эмнэлгийн нэр тодорхойгүй, онцгой тэмдэглэл, эмчийн үзлэгийн тэмдэглэл гэх баримтууд /хавтаст хэргийн 31-34, 73-75 дахь тал/,

нүүрэн дээрх гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

1.Биеийн үзлэг оношилгоо, эмчилгээ, гоо сайхны зардалд 4.850.000 төгрөг,

2.Нэг өдрийн орлого 300.000 төгрөг, нэг сарын орлого 9.000.000 төгрөг,

3.Замын зардал, шатахууны зардал, УлаанБ хот явсан зардал 363.000 төгрөг,

4.Хоолны зардал УлаанБаатар хот явахад 430.000 төгрөг,

5.Нэг сарын зээлийн төлбөр 830.000 төгрөг, нийт 15.473.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 73-82 дахь тал/,

1.Ажлын байрны түрээсийн гэрээ 2 хуудас,

2.Зээлийн гэрээ, ипотекийн гэрээ 5 хуудас,

3.Зээлийн дансны хуулга 1 хуудас /зээлийн сарын төлбөр 830.000 x 3 = 2.940.000 төгрөг/,

4.Сарын орлого /9.000.000 x 3 = 27.000.000 төгрөг/,

5.Перфект эмнэлгийн үзлэгийн төлбөр 40.000 төгрөг, сорви засах мэс засал 1.800.000 төгрөг, лазер эмчилгээ Ца, Са, Ан 540.000 төгрөг,

6.Эм, эмчилгээний баримт, Орхон монос фарм 97.500 төгрөг, Charming Relax 75.000 төгрөг, Charming Relax 65.000 төгрөг, “Баясал эвсэл” ХХК 115.300 төгрөг,  73.000 төгрөг,

7.Тээвэр, шатахууны зардал 50.000 төгрөг, 147.000 төгрөг, 29.300 төгрөг, 40.800 төгрөг, 90.000 төгрөг,

8.УлаанБаатар хот явахад гарсан хоолны зардал 16.000 төгрөг, 65.000 төгрөг,

9.Өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг,

10.Ажлын түрээс /500.000 x 3 = 1.500.000 төгрөг/ нийт 36.683.900 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 94-95, 96-97, 98-100, 101-103, 104-107 дахь тал/,

Хаан банкны дансны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга /хавтаст хэргийн 147-158 дахь тал/,

2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 28.400 төгрөгийн, 45.800 төгрөгийн, 21.000 төгрөгийн баримтууд /хавтаст хэргийн 194-196 дахь тал/,

          2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 32.395.298 төгрөг болон сэтгэцийн хохирол гаргуулах нэхэмжлэл /хавтаст хэргийн 199-202 дахь тал/,

шүүгдэгч У.Б-н;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-54 дэх тал/,   

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/,

шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн хохирогч Д.О-т 1.000.000 төгрөг төлсөн баримт зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  хохирогч, гэрч нараас мөн У.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч У.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч У.Б-н “...Д.О эгчээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье, тухайн үед таныг гэмтээе гэж санаатайгаар микрофон шидээгүй. ... “намайг уучлаарай” гэж хэлье.” гэх,

хохирогч Д.О-н “...У.Б микрофонтой чихэн дээр ирж орилоод, “янхан авгай”, “балай авгай”, “манай ахыг араар нь тавиад явж байдаг юм байна шүү дээ” гэсэн. Бид хоёр салаад холбоогүй болсон байхад энэ хүн ирж намайг өчнөөн дарамталсан. ...Тэсвэр алдаад өчнөөн олон удаа гуйсны дараа ууж байсан пивоо цацсан. Тэгээд удаа ч үгүй гаръя гээд сууж байхад нүүрэн дээр тас гээд юм ирээд буусан, халуун дүүгээд цус урссан, нүд юм харахгүй, хаанаас, хэн, юу шидсэнийг мэдэхгүй хэсэг цусаа гоожуулж суусан.” гэх,

хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан; хохирогч Д.О-н “...2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 21.00 цагийн үед найз Л.Э-н хамт...“*******” караокед ороод сууж байтал миний өмнө нь хамтран амьдарч байсан А.Ч, А бас өөр танихгүй хоёр хүний хамт ирээд амгалан тайван байдал алдагдуулаад орилж чарлаад байсан, би “зүгээр мөрөөрөө яв” гэж хэлчихээд байж байтал юу гэж хэлж ярьж байгаа нь мэдэгдэхгүй юм ярьж байгаад, нэг юм шидчихээд гараад явчихсан. Би тухайн хүмүүсээс яг хэнийг нь шидэж байгааг харж амжаагүй, ...“хацарны яс хүчтэй цохигдсоны улмаас арьс нь задарсан байна” гэж хэлсэн, 10 гаран оёо тавьсан.” гэх,

гэрч Л.Э-н “...О орилоод унасан, би О рүү хартал нүүрээ бариад доошоо тонгойгоод сууж байсан.” гэх,

гэрч А.Ч-н “...Б дуу дуулахдаа босоод О хажууд очоод дуулаад байсан чинь О босож ирээд ширээн дээр байсан лаазтай пиво барьж байгаад Б луу цацчихсан, тэгсэн зөөгч эмэгтэй ирээд “та зүгээр дуулж байгаа хүн рүү пиво цацчихлаа шүү дээ, таны буруу шүү дээ” гээд эхнэр, зөөгч хоёр маргалдаж байхад Б тойрч очоод эхнэр О рүү дуулж байсан микрофоноо шидчихсэн.” гэх,

гэрч Ч.Д-н “...Б-г босож зогсоод дуулж байхад нь Ч ахын эхнэр гэх хүн босож ирээд Б руу пиво цацчихсан, ...нөгөө эмэгтэй Б руу дахин пиво цацаад, хэрүүл шуугиан болоод явчихсан. ...Б микрофон шидчихсэн гэдгийг сонссон.” гэх,

У.Б-н яллагдагчаар өгсөн “…Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Намайг дуу дуулж байсан чинь Ч ахын эхнэр нь ууж байсан пивоо цацчихсан, ингээд хэрүүл маргаан болж байхад нь би гартаа барьчихсан байсан микрофоноо Ч ахын эхнэр лүү шидчихсэн. гэх мэдүүлгүүд,

мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 691 дугаартай, “...Д.О-н биед нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.Чулуунсүх, Б.Сэргэлэн, Э.Баасанжав нарын 2024 оны 1103 дугаартай, “...Д.О-н биед тогтоогдсон хохирлын хөнгөн зэрэг өөрчлөгдөхгүй.” гэсэн дүгнэлтүүд,

хохирогч Д.О-н “...“*******” караокед бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 23.33 цагт хүлээн авсан тэмдэглэл болон нүүрэн дээрх гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч У.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой, харин шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч У.Б-н хохирогч Д.О-н эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүний эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалгаант холбоотой юм.

          “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч У.Б-н хохирогч Д.О-н эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч У.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч У.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч У.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

 

 

Шүүх шүүгдэгч У.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан байдал болон хохирогчид 1.000.000 төгрөг төлснийг, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлснийг, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, 

шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгчийн “...энэ хүнийг нийгэмшүүлэх үүднээс, мөн хүний хохироочихоод олон сараар явдаг, хурал дээр уучлалт гуйсан, энэ байдлыг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүхээс тогтоосон хохирлын 50 хувийг төлсөн, хөнгөн төрлийн гэмт хэрэг холбогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус харгалзан,

          “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.

          Шүүгдэгч У.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т “энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх.” гэж,

40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж тус тус заажээ.

          Хохирогч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед 52.156.900 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудаа гаргаж өгсөн байх боловч шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 32.395.298 төгрөг болон сэтгэцийн хохирол гаргуулах нэхэмжлэлүүдийг гаргасан байна.

Шүүгдэгч У.Б нь гэм буруутай үйлдлээрээ хохирогч Д.О-н нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд түүний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардал нь хор уршигт тооцогдоно.

          Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж,

          Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.4-д сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэлийг 0-3% гэж тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тооцохоор журамласан бөгөөд нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар тогтоосон байна. 

Шүүх шүүгдэгч У.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод,

хавтаст хэргийн 117-119 дэх талд авагдсан, Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнх нарын 2024 оны 1321 дугаартай, “...Д-н О сэтгэцэд 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн,

 

хавтаст хэргийн 29-30 дахь талд авагдсан, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2024 оны 691 дугаартай, “...Д.О-н биед нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн,

хавтаст хэргийн 126-128 дахь талд авагдсан, Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.Чулуунсүх, Б.Сэргэлэн, Э.Баасанжав нарын 2024 оны 1103 дугаартай, “...2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан 691 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.О-н биед тогтоогдсон хохирлын хөнгөн зэрэг өөрчлөгдөхгүй. Д.О-н биед учирсан гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлтүүдийг тус тус үндэслэн,

          “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д заасан “шүүгдэгчийн учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан хохирогч Д.О-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн шүүх холбогдох баримтуудыг нэгбүрчлэн нягтлаад,

хохирогч Д.О-н биед “нүүрний баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан болохыг Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяа 2024 оны 691 дугаартай дүгнэлтээрээ тогтоосон тул дээрх гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой баримтуудыг өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан 70.000, 4300, 28.300, 25.500, 612.000, 94.700 төгрөгийн баримтуудыг үнэлж 834.800 төгрөгийг,

79 дэх талд авагдсан 1700 төгрөгийн баримтыг үнэлж 1700 төгрөгийг,

80 дахь талд авагдсан 38.500, 6034 төгрөгийн баримтуудыг үнэлж 44.534 төгрөгийг,

81 дэх талд авагдсан 217.830 төгрөгийн баримтыг үнэлж 217.830 төгрөгийг,

82 дахь талд авагдсан 4620, 3000 төгрөгийн баримтуудыг үнэлж 7620 төгрөгийг,

104 дэх талд авагдсан 40.000 төгрөгийн баримтыг үнэлж 40.000 төгрөгийг,

105 дахь талд авагдсан 115.300 төгрөгийн баримтыг үнэлж 115.300 төгрөгийг,

107 дахь талд авагдсан 40.600 төгрөгийн баримтыг 2 талын зардлаар тооцон 81.200 төгрөгийг,

мөн талд авагдсан 28.300 төгрөгийн баримтыг 2 талын зардлаар тооцон 56.600 төгрөгийг,

196 дахь талд авагдсан 21.000 төгрөгийн баримтыг үнэлж 21.000 төгрөгийг, нийт 1.420.000 төгрөгийг шүүгдэгч У.Баас гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй гэж үзэв. 

Харин хохирогчид учирсан гэмтэлтэй холбоогүй гэж үзсэн,

хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан 473.880, 240.000, 210.000, 2.850.000, төгрөгийн,

78 дахь талд авагдсан 4220, 40.000, 58.000, 118.807, 40.000, 15.000, 110.556, 37.500, 110.600, 32.200, 45.000 төгрөгийн,

79 дэх талд авагдсан 17.500, 43.230, 202.650, 106.900, 416.670 төгрөгийн,

80 дахь талд авагдсан 15.456, 73.516, 102.100 төгрөгийн,

104 дэх талд авагдсан 73.000, 16.000, 1.800.000, 540.000 төгрөгийн,

105 дахь талд авагдсан 65.000, 90.000, 97.500 төгрөгийн,

106 дахь талд авагдсан 75.000, 65.000, 1.000.000 төгрөгийн,

107 дахь талд авагдсан 147.533, 50.000 төгрөгийн, 

194 дэх талд авагдсан 28.400 төгрөгийн, 

195 дахь талд авагдсан 45.800 төгрөгийн, нийт 9.453.418 төгрөгийн баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэмтэлтэй хамааралгүйгээр тархины MRI  хийлгэх, нүдний хараа шалгуулах, саунд орох, Солонгос хоол идэх, мантуун бууз, пизза, зайрмаг, нурууны бүс авах,  эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл авсан зэрэг ахуйн хэрэгцээнд зарцуулагдсан зүйлсийн баримтууд, мөн хэний ямар тээврийн хэрэгсэлд шатахуун хийлгэсэн нь тодорхойгүй байснаас гадна зарим баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байсан тул шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 9.453.418 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хохирогч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч сонгож авах, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний өөрийнх нь хүсэл зоригийн асуудал бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч заавал авах нөхцөл шаардлагад хамаарахгүй, мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй.

Өмгөөллийн үйлчилгээний хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчийн зардал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.

Харин сорви арилгах болон олох байсан орлоготой холбоотой баримтуудыг шийдвэрлэхэд зарим шаардлагатай нотлох баримтууд дутуу байсан тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.О нь холбогдох баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.  

Шүүгдэгч У.Б-с гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 2.080.584 төгрөгөөс 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.О-т төлсөн 1.000.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт У-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.Баас 1.080.584 төгрөг гаргуулж хохирогч Д.О-т олгож,

хохирогч Д.О нь сорви арилгах болон олох байсан орлоготой холбоотой баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,  

нэхэмжлэлийн шаардлагаас 9.453.418 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э