| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/01730/И |
| Дугаар | 101/ШШ2020/03533 |
| Огноо | 2020-10-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2020/03533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгчид Т.Ганчимэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сумын **** тоот хаягт оршин суух, Г******* овогт Д*******гийн С /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн **** тоот хаягт оршин суух, Б******* овогт П*******ийн Э /регистрийн дугаар: /-д холбогдох
Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 444,669 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.С нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны төвд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Тоёота карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа УБН улсын дугаартай машинтай мөргөлдсөн. Энэ үед жолооч нь болох П.Э нь согтуугаар машин жолоодож явсан.
Д.С болон түүний эх Р.Цгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Д.*******ийн зүүн шилбэ болон тахилзуур яс хугарсан ба Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Хотод байхад П.Э ийн нөхөр Түмэннаст нь эмчилгээнд 500,000 төгрөг, дараа нь 320,000 төгрөгөөр тэрэг авч өгч байсан. Бас буудлын хөлс 200,000 төгрөг өгсөн.
Д.С нь хүнд жинтэй тул бусдаар асруулж, эм тариа, эмчилгээний материал авч, нэмэгдэл хоол тэжээл хэрэглэж байсан.
Дараах зардлыг гаргуулна. Үүнд:
1. Хүнээр 7 сар асруулсны хөлсөнд төлсөн 2,100,000 төгрөг.
2. Мөрөн-Улаанбаатар-Мөрөн чиглэлд онгоцоор явж ирсэн 888,900 төгрөг.
3. Хэрэглээний зүйлс дэлгүүрээс авсан 937,058 төгрөг.
4. Зарлагын баримтаар өөртөө эм тариа авахад 337,000 төгрөг
5. Мөрөн-Хатгал-Мөрөн чиглэлд, Улаанбаатар хотод таксигаар үйлчлүүлсэн 670,000 төгрөг.
6. Өмгөөллийн хөлс 800,000 төгрөг.
Нийт 5,732,950 төгрөгийг хариуцагч П.Э өөс гаргуулна гэв.
Хариуцагч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд шүүгдэгч Д.С нь ******* Тоёота карина маркийн автомашин жолоодож байхдаа гарцан дээр эргэлт хийж байсан миний УБН улсын дугаартай автомашины хажуу талаас ирж мөргөсөн зам тээврийн осолд цагдаагийн 5айгууллагаас 1838005540408 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №2019ШЦТ/309 дугаартай тогтоол гарган эцэслэн шийдвэрлэж, Д.С болон би давж заалдалгүй энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Дээрх осол хэрэг гарснаас хойш 1 жил 2 сар 3 хоногийн хугацааны дараа болсон шүүх хурал дээр Д.Сарангэрэл болон ээж, нөхөр нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт сэлт гаргаж ирээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд тухайн цаг хугацаанд нь бүрдүүлээгүй, сүүлд нь нөхөж хуурамч байдлаар бүрдүүлсэн баримт сэлт гаргаж илрүүлсэн нь бодит байдалд нийцэхгүй байгаа тул иргэний нэхэмжлэлтэй холбоотой бүх баримтууд болон шүүх хурлын тэмдэглэлийг хуулбарлан авч харьцуулан судлах шаардлагатай нөхцөл байдал үүсч байна.
Тухайлбал, Д.С нь нөхөр болох хүн ажил хийдэггүй болохоор асруулж байгаа гэж тухайн үед уулзахад удаа дараа ярьж байсан, мөн шүүх хурал дээр хүртэл нөхөр асарч байгаа гэж мэдүүлж байсан боловч, гэнэт нөхрийнхөө дүүгээр асруулсан гэж сүүлд нь буюу 2019 оны 11 сард нөхөн бүрдүүлж, таньдаг нотариатаар баталгаажуулж 2,100,000 төгрөг нэхэмжилсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байх тул баримтуудыг шинжлэн судлуулах, хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэж байна.
Үнэхээр 2,100,000 төгрөгөөр хүн харж асарч орлого олсон бол татвар, нийгмийн даатгал төлсөн баримтууд байх ёстой юм.
Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №2019ШЦТ/309 дугаартай тогтоолын 8 дахь хэсэгт О.Ц. Д.С нар нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан.
Гэтэл Д.С нь эрүүл мэндийг нөхөн сэргээхэд ямар ч хамааралгүй өөрийнх нь зам тээврийн осол гаргасан гэм бурууг өмгөөлсөн өмгөөлөгчийн төлбөр мөнгөний баримт, зайлшгүй өдөр тутмын хэрэгцээний хүнсний зүйл авсан, мөн гоо сайхны лак арилгагч авсан гэх тодорхой он, сар, өдөр нь арилсан НӨАТ-ын баримтууд, онгоцоор Д.*******ээс өөр хүн явсан нэртэй тийз, тодорхой шалтгаангүй Мөрөн-Хатгалын хооронд явсан зэрэг эд зүйлийн баримт сэлт зэргийг хавсаргаж ирүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан тайлбар гаргаж, цаашид нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хаах шалтгаан нөхцөл үүсч байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №2019ШЦТ/309 дугаартай тогтоолд "Шүүгдэгч нар болох Д.С болон миний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг тус бүрийг харгалзан үзээд өөрсдийн автомашинд учирсан хохирлоо өөрсдөө хариуцах нь зүйтэй гэж үзсэн.
Энэ ослын улмаас миний бие хөнгөн гэмтэж эмчилгээ хийлгэсэн, автомашинаа зарсан, Улаанбаатар-Мөрөн хотын хооронд 1 жил 2 сарын хугацаанд олон удаа явсан, очих бүрдээ буудалд байрласан зэрэг зардлаа тооцож үзвэл 25 сая орчим төгрөгийн зардал гаргаж, 3 жилийн тэнсэн авч автомашин жолоодох эрхээ хасуулан, Д.*******т учирсан хохиролтой харьцуулшгүй илүү ихээр хохирсон.
Энэ ослын улмаас Д.*******, болон түүний гэр бүлийнхэнд учирсан хохирлыг цаг тухайд нь бүрэн төлсөн, дээр нь нэмж түүний сүрдүүлгээс айхдаа ямар ч баримтгүй 1,120,000 төгрөг илүү төлсөн болно.
Энэ талаар Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №2019ШЦТ/309 дугаартай тогтоолд шүүгдэгч П.Э нь Д.*******т 1.120.000 төгрөг сайн дураараа илүү төлсөн гэж дурдсаныг анхаарч үзэх нь зүйтэй байна.
Миний бие нь Э нь 2020 оны 5 дугаар сард амаржиж нялх хүүтэй болсон тул Д.*******ээс гаргасан нэхэмжлэлийн ихэнх баримтуудтай сайтар танилцаж чадаагүй, цаашид олон дахин шүүх дээр ирээд байх боломжгүй учир өмгөөлөгч авч энэ ажиллагаанд оролцуулах, мөн өмгөөлөгчөө Д.*******ээс гаргасан нэхэмжлэлтэй холбоотой баримт сэлтийг танилцуулж, дахин тайлбар гаргаж өгөх болно.
Болсон асуудлыг дүгнэн үзэхэд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №2019ШЦТ/309 дугаартай тогтоолд хоёр талаас хуулийн хугацаанд давж заалдаагүй тул тус тогтоол нь хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.
Харин тус тогтоолд намайг болон Д.С нарын аль алиных нь буруутайг тогтоож, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо өөрсдөө хариуцахаар заасан бөгөөд харин тухайн үед эрүүл мэндийг эмчлэх эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт байхгүй байсан тул шийдвэрлээгүй юм.
Одоо Д.*******ийн иргэний шүүхэд гаргаж өгч байгаа нотлох баримт нь нэгдүгээр бодит байдалтай нийцэхгүй хувийн хэрэглээний эд зүйлсийн баримт байх бөгөөд, хоёрдугаарт Хөвсгөл аймагт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад гаргаж өгөөгүй тул сүүлд хуурамчаар үйлдсэн байх боломжтойг онцгой анхаарах шаардлагатай талаар тайлбар гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч П.Э өд холбогдуулан, зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 5,732,950 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч П.Э нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны төвд УБН улсын дугаартай Тоёота харьер маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 7.6 заалтуудыг зөрчиж, ******* улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинтай мөргөлдөж уг автомашины жолооч Д.*******, зорчигч Р.Цолмн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар,
Нэхэмжлэгч Д.С нь дээр дурьдсан цаг хугацаа, нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 8.11 заалтуудыг зөрчиж УБН улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашинтай мөргөлдөн зорчигч Р.Цгийн биед хүндэвтэр хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тус тус үйлджээ.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолоор П.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн, Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1.-т заасныг баримтлан Д.*******т холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар П.Э ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарын автомашинтай холбоотой нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, П.Э нь П.*******т 1,120,000 төгрөг өгсөн болохыг дурьдаж, хохирогч О.Ц, Д.С нар энэхүү гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо шүүгдэгч П.Э өөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Гэвч хариуцагч П.Э өөс нийт 5,732,950 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдсонгүй.
Тухайлбал, нэхэмжлэгч нь хүнээр 7 сар асруулсны хөлсөнд төлсөн 2,100,000 төгрөгийн баримт буюу В.Бадам гэх хүний тодорхойлолт нь нотариатаар гэрчлүүлсэн боловч мөнгө төлсөн үйл баримтыг нотлохгүйн зэрэгцээ тухайн осолтой холбоотой хохирлыг арилгахад зарцуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Мөрөн-Улаанбаатар-Мөрөн чиглэлд онгоцоор явж ирсэн 888,900 төгрөгийн, Мөрөн-Хатгал-Мөрөн чиглэлд, Улаанбаатар хотод таксигаар үйлчлүүлсэн 670,000 төгрөгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, эх сурвалж тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хэрэглээний зүйлс дэлгүүрээс авахад 937,058 төгрөг, өөртөө эм тариа авахад 337,000 төгрөг зарцуулсан гэх баримтууд нь тухайн осолтой холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй, гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үйлчлүүлж, зардал гаргасан болон эмийн сангуудаас эм авсан гэх баримтууд нь бүрэн уншигдахгүй, тухайн ослын улмаас учирсан хохиролтой холбоотой гэж үзэх боломжгүй, өмгөөллийн хөлс 800,000 төгрөгийн зардал гаргасан нь нотлох баримтаар нотлогдоогүйн дээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахад ямар хэмжээгээр зардал гаргах нь нэхэмжлэгчийн өөрийн үзэмж, сонголтоос хамаарах тул үүнд хариуцагчийг буруутгах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасантай нийцэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан, хариуцагч П.Э өөс зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 5,732,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Б.МАНДАЛБАЯР