| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00780/И |
| Дугаар | 156/ШШ2020/00078 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 156/ШШ2020/00078
2020 оны 01 сарын 31 өдөр Дугаар 156/ШШ2020/00078 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00780/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .. дугаар баг, ........... тоот хаягт оршин суух, Б овогт Ч Л /РД:/-ийн хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т,
прокурор Б.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ц.Ч нь улс төрийн хэрэгт 1938 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баривчлагдаж, онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр 3 жил хорих ялаар шийтгүүлж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр магадлалаар хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан. Ц.Ч нь 1985 онд нас барсан. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул нөхөх олговор олгохоос татгалзаж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Ч.Л нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 222/6189/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Ц Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45, 47 дугаар зүйлээр буудан алж, хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн боловч хэрэгжилтийн явцдаа 3 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг эдэлж, 2 жилийг тэнсэн харгалзсан, ял шийтгэгдсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан, түүнчлэн Ц.Ч нь хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч нь хэлмэгдэгчийн хүүхэд болох нь дараах баримтаар нотлогдож байна:
- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн Хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр магадлал,
- Улсын дээд шүүхээс 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэх,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/1598, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08/61, 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/94 тоот албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08/291 тоот лавлагаа,
- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 588 дугаар шийдвэр,
- Гэрч Л.П, Ж.Х нарын мэдүүлэг,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн архивын 1 дүгээр маягтын лавлагаа А,
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 63 тоот албан бичиг.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох хуульд заасан бүрдэл хангагдаагүй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ц.Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хөрөнгө хурааж буудан алах ялаар шийтгэгдээд хорих ял эдлэсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин Ч.Л 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн төрийн сан /Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэмэлт данс/-аас гаргуулан Б овогт Ч Л олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ