Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/63

 

 

2025       01          31                                          2025/ШЦТ/63

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Эг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.О-д  холбогдох эрүүгийн 2525000000*** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** ******* төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, ******************, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ************************* оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Т овогт Б-н О /РД; **************/,

2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Б.О нь;

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрийн замд 12-***** улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг 0.56 хувийн согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч Б.О “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

гэрч Т.У-н “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21.00 цаг өнгөрч байхад Эрдэнэ багийн нутаг дэвсгэр “Дуурга” дэлгүүрийн орчимд ахлагч Лхагважаргалын хамт эргүүл шалгалт хийж байгаад 12-***** улсын дугаартай  “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Б.О-аас согтууруулах ундааны зүйл үнэртсэн, драйгер багажаар шалгахад 0.56 хувийн согтолттой гарсан. Мөн эрхээ хасуулсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Б.О-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12.00 цаг өнгөрч байхад гэртээ найз А, У болон тэдэнтэй хамт ирсэн нэг залуу нарын хамт 0.5л нэг шил архи, 0.75л нэг шил архийг тус тус хувааж уусан. ...манай эхнэр Пагмадулам...20.00 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёр гэрээсээ гарч дэлгүүр орох гээд...би 12-***** улсын дугаартай, саарал өнгийн “Toyota Prius” машиныг жолоодож явсан. Тэгтэл Эрдэнэ багийн нутаг “Дуурга” дэлгүүрийн орчим намайг цагдаа зогсоож миний согтолтыг шалгахад 0.56 хувийн согтолттой гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 29 дэх тал/,

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Б.О-ын согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 0.56 хувийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.О дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

гэрч Т.У-н “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21.00 цаг өнгөрч байхад...12-***** улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Б.Оаас согтууруулах ундааны зүйл үнэртсэн, драйгер багажаар шалгахад 0.56 хувийн согтолттой гарсан. Мөн эрхээ хасуулсан байсан.” гэх,

Б.О-ын өөрийнх нь өгсөн “...20.00 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёр гэрээсээ гарч дэлгүүр орох гээд...би 12-***** улсын дугаартай, саарал өнгийн “Toyota Prius” машиныг жолоодож явсан. Тэгтэл Эрдэнэ багийн нутаг “Дуурга” дэлгүүрийн орчим намайг цагдаа зогсоож миний согтолтыг шалгахад 0.56 хувийн согтолттой гарсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл, Б.О-ын согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 0.56 хувийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэл, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврийн хуулбар, жолоочийн лавлагаа, Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.О-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн санал гаргаж,

шүүгдэгч Б.О өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...бага хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзав. 

          Шүүх шүүгдэгч Б.О-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Б.О-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.   

Бусад асуудал;

Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерийн бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.О-ын  тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Т овогт Б-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Б.О-д  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

          мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э