Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152

 

 

 2025       03         24                                          2025/ШЦТ/152

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж, шүүгч Ц.А, шүүгч Г.Ж нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Н.Д,

иргэдийн төлөөлөгч Д.Б,

шинжээч эмч С.Э /цахим/,

гэрч Т.Б,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч, өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.О, Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн 242500********** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б овогт Г-ын Г /РД; **************/,

Шүүгдэгч Г.Г нь;

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********* аймаг ********** сум ******** баг ***************** тоотод амь хохирогч З.Г-той “ууж байсан архиа үлдээхгүй” гэсэн шалтгаанаар маргалдан түүнийг өшиглөх, архины шилээр толгойн ард дагз хэсэгт нь цохих зэргээр зодож, амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Г “...Би хашааных нь араар явж байхад өөрөө хашааныхаа ард явж байсан, “юу байна” гэхээр нь “тайван” гэсэн. Намайг гэр рүүгээ явж байхад “дэлгүүр ороод ганц юм аваад өг” гэхээр нь 0.75л “Хараа” архи авч өгөөд гэрт нь ороод хоёр, гурав татсан. Тэр архиа авч үлдээд “би найзындаа авч очиж найзтайгаа ууна” гэхээр нь би “харилаа” гээд түрүүлээд гараад явсан.” гэв.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч“...гомдолтой байна, ээж, А эгч, энэ хэдийгээ хэрүүл маргаангүй байлгах гэж бодож байна. Нэхэмжилж байгаа зүйл гэвэл гэм хор учруулсны зардал, хөдөөлүүлэх зардлаа нэхэмжилж байна гэв.” гэв.  

шинжээч эмч С.Э “...2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэлт гаргасан. Хэргийн материалд Ч.Б эмчийн дүгнэлт, задлан шинжилгээний материал зургуудтайгаа ирснийг, мөн эд эсийн шинжилгээг үндэслэсэн. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-н 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтийн 2 болон 5 дугаар хариулт буюу хоёр хариулт дээр Ч.Б эмч “амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “гавал тархины битүү гэмтэл; их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийг бүхэлд нь хамарсан бага тархины дээд хэсэг, гүүрэн тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины хоёр тал бөмбөлгийн суурь, хажуугийн ховдлын арын эвэр, гурав ба дөрөвдүгээр ховдол хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, хоёр нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хуйхны дотор тал, цээжний баруун талын булчин, баруун талын 7, 8, 9-р хавирганы хальс, зүүн нүдний дээд зовхи, цээж, хэвлийд цус хуралт, дух, баруун өвдгөнд зулгаралт” гэмтэл тогтоогдсон гэж тайлбарласан. Дүгнэлтийн 2 дугаар хэсгийг яагаад няцааж байгаа вэ гэхээр “цус харвалт тархины эдийг бүхэлд нь хамарсан” гэж бичсэн байсан. Үүнийг дотоод зургаар нь харахад хэсэгчилсэн буюу дух, зулай, тархины дагз хуйх хэсгийг хамарсан, гүүрэн тархиныхаа хэсгийг л хамарсан байсан учраас 2 дугаар хариултыг үндэслэлгүй гэж үзсэн. Мөн Ч.Б эмч дээрх гэмтлүүдийн улмаас амь хохирогч маш хурдан явцтай нас барсан байна, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэж дүгнэсэн байгаа. Цус харвалт буюу аалзан хальсан дахь цус харвалт нь бага багаар бөөгнөрч тархийг дарах учраас тодорхой хугацаатай, хугацааг нарийвчлан тогтоохгүй ч гэсэн шууд үхэлд хүргэхгүй. Ингээд 2 болон 5 дугаар хариултаас бусад нь үндэслэлтэй гэж хариулсан байгаа. 2 дугаар хариулт нь амь хохирогч гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан, 3 дугаарт гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, 4 дүгээрт амь хохирогч нь их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины дээд хэсэг, гүүрэн тархи, уртавтар тархины урд цистерн болон цистерн магна-г хамарсан аалзан хальсан доор, хажуугийн ховдлын арын эврийн цус хуралдалт, духны хуйхан доорх цус хуралт гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд амьд байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.” гэсэн дүгнэлтийг гаргасан.” гэв.

гэрч Т.Б “... хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллгааны үед цуглуулсан;

гэрч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-гийн,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 05-ны орой 00 цагийн үед архи уучихсан нэлээн согтолттой, их даарсан байдалтай “гадаа унтчихаж” гээд орж ирсэн, “хаагуур явж байгаад ирсэн” гэхэд “би өөрөө уначихсан юм уу, хүнд цохиулсан юм уу, мэдэхгүй байна.” гээд зүүн нүдний хэсэгт нь шалбарчихсан, зулга татаад уначихсан юм шиг байсан. ...маргааш өглөө нь босож ирээд “усандаа явна” гэж байсан тэгэхдээ “хүзүү гоёдчихсон юм шиг өвдөөд байна” гэж байсан, ...орой 21.00 цагийн үед очиход унтаж байсан. ...Маргааш өглөө нь “сайхан шөлтэй хоол хийгээд өг” гэхээр нь хоол хийж өгчихөөд ажилдаа явсан, ажил дээрээ байхдаа биеийг нь асуухаар залгатал утсаа авахгүй байгаад байсан, тэгэхээр нь “янз бүр болчихвий дээ” гээд ажлаа тараад шууд гэртээ очиход орон дээрээ дээшээ хараад ухаан алдаад уначихсан байсан, 103 дуудаад үзүүлэхэд “ухаан алдчихсан байна” гээд шууд авч яваад БОЭТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн, ухаан оролгүй 3 хоноод 10 дугаар сарын 10-ны өдөр 05.00 цагийн үед амьсгал хураачихсан. ...10 дугаар сарын 05-ны өдөр “нутгийн дүү Г гэх залуу 0.75л архи авч өгөөд архинаасаа 2-3 хийж өгчихөөд архиа аваад гарсан” гээд маргааш нь ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/,

2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “...Ганбаатар овогтой Г манай төрсөн эгч Т.Г-ын хүүхэд байгаа юм. Татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. Би урд нь өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, одоо болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгнө. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа явахдаа Г-д цуйван хийж өгөхөд нэг аяга идчихээр нь дахиж нэг аяга хоол хийгээд ширээн дээр нь тавьчихаад ажил руугаа явсан бөгөөд орой ажлаасаа 22.00-23.00 цагийн орчимд гэртээ орж ирэхэд гэр эмх замбараагүй болсон байхаар нь Ггоос “юу болсон юм” гэхэд “танай дүү Г /Гонгор/ ирсэн, ирэхдээ нэг шил 0.75л архитай ирээд тэрнээсээ задлаад 2-3 хундага архи хийж өгөөд үлдсэн архиа аваад явах гэхээр нь “архи хамт ууя, эсвэл архиа үлдээчих” гэхэд Г “чамд би архи өгөх албатай юм уу” гэж хэлээд өшиглөөд, цохисон бөгөөд дараа нь архины шилээрээ толгойны ард дагз хэсэгт нэг удаа цохиод гараад явсан” гэж ярихаар нь би “чи бас зүгээр байгаагүй байлгүй дээ” гэхэд “би ч бас зүгээр байгаагүй, би цохисон” гэж хэлсэн. ...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө Г “толгой өвдөөд байна, хүзүү гоёдчихсон юм шиг хөшөөд байна” гэхээр нь би толгойг нь хальт илж өгөхөд “сайхан шөлтэй хоол хийгээд өгчих” гэхээр нь шөлтэй хоол хийгээд байж байхад манай ажлын дарга Энхмаа утсаар залгаж “гадаа ирчихлээ, та гараад ир” гэхээр нь би “хоол хийсэн байна, чи орж ирж хоол ид” гэхэд “за” гээд гаднаас Э-г орж ирэхээр нь хоол хийж өгөөд бид гурав хоолоо идэж сууж байгаад би Г-гийн хоолыг нэмж хийгээд ширээн дээр нь тавиад, цай, гар утас, тамхийг саванд нь дүүргэж хийж өгөөд Энхмаагийн хамт ажилдаа явсан. Би өдөр ажил дээрээ юмаа хийж байгаад Г “толгойндоо цохиулаад толгой өвдөөд байна гэж байсан зүгээр байгаадаа” гээд санаа зовиуртай байсан учир Ггийн утас руу нь залгахад утсаа авахгүй байсан бөгөөд буузаа хийгээд сууж байгаад сэтгэл минь нэг л тавгүй, “толгой өвдөөд байна” гэж ярьж байсан болохоор санаа зовоод 17.00 цагийн орчим дарга Э-д “Г утсаа авахгүй байна, намайг хүргээд өгөөч” гээд гэртээ хүргүүлэхэд Энхмаа “нөгөө хоол чинь байгаа болов уу, хоёулаа хоол халааж идье” гээд бид хоёр хоол халааж идэхээр гэрт ороход гэрийн хоёр хаалга онгорхой, гэр эмх цэгцгүй, ширээн дээр байсан хоол, тамхи нь асгарсан байсан, Г цонхон талын орон дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь “согтуу хэвтэж байгаа юм байна даа” гээд бодоод очоод хацарт нь хүрэхэд хөдлөхгүй байхаар нь хоёр гарт нь хүрэхэд гар нь хүйтэн, сул байхаар нь “ухаан алдсан байна” гээд бодоод түргэний эмч дуудаж, Г-гийн эгч Ад бас хэлж мэдэгдсэн. Би болсон хэргийн талаар өөрийн төрсөн эгч Т.Г-н гар утас руу 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой эмнэлэг дээр ирсний дараа залгаж ярихдаа “Г гэртээ ухаангүй хэвтэж байгаад эмнэлэг дээр ирсэн байна” гэхэд “юу болсон юм, яасан юм” гэхээр нь “өчигдөр Г /Гонгор/ манайд орж ирээд Гтой маргалдаад, архины шилээр толгойн тус газарт нь цохисон гэсэн тэрнээс болчих шиг боллоо” гэж хэлсэн. ...Манай нөхөр Г амьд байхдаа надад ярихдаа “Гонгор орж ирж зодсон, толгойд архины шилээр цохисон” гэж хэлснийг би өөр хүнд хэлээгүй. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ очиход толгойны дух хэсэг, толгой, цээж, хавирганы орчимд хөхөрсөн гэмтлүүд учирсан байсан Г надад хандаж толгой руугаа заагаад “Г архины шилээр толгой руу цохисон” гээд надад зааж өгөөд харуулахад толгойны ар тал, хойд хэсэгт цус шүүрсэн, цус бага зэрэг гарсан байсан. ...“би яаж зүгээр байхав урдаас нь цохисон” гэж ярьж байсан. ...Г ер нь бол эмх замбараагүй, ойр байсан зүйлээ асгаж, цутгаад байж байдаг байсан, би Ггийн гар утсыг ширээн дээрээс авах гэхэд өглөө гарахдаа тавьсан газраас хөдлөөгүй байсан, варены шил ийш, тийшээ тарсан байсан, Ггийн нүдний хараа муу учир харахгүй хүрээд тараасан байж магадгүй, ер нь юмыг тэмтэрч явдаг байсан. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ очиход архины шил /хагарсан/ байгаагүй, ...би урд нь айж сандарсандаа худал хэлж байсан, гадаа тийм зүйл болоогүй, 2021 оны 10 дугаар сарын 06-ны орой Ггийн биед бүх гэмтлүүд нь учирсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 07.00-08.00 цагийн үед гэрээсээ гарч явсан, гарч явахдаа цуйван хийж өгөөд гарсан, тухайн үед гэр доторх зүйл эмх, цэгцтэй байсан. ...шөнө 23.00 цаг өнгөрч байх үед гэртээ ортол орон дээр хүн ноцолдсон юм шиг бүтээлэг нь үрчийсэн, хогийн сав хонхойчихсон, өлгөсөн шанага халбага, ширээн дээр байсан хоолны аяга зэрэг газар унаад эмх замбараагүй болчихсон байсан. Бас талийгаач Г ширээний дэргэд хуванцар сандал дээр согтсон шинжгүй, эрүүл шахуу сууж байсан. Энэ үед Г надад “Г манайд ирээд явсан, би байсан цуйвангаа халааж өгсөн, Г гаднаас нэг шил архитай орж ирсэн, тэр архинаасаа надад 2-3 хийж өгчихөөд архиа аваад явах гэхээр нь би “хоёулаа цуг ууя, эсвэл надад архиа үлдээчих” гэхэд Г “би таньтай архи уух албатай юм уу” гээд миний ийшээ архины шилээр цохисон” гээд гараараа толгойныхоо ар дагз хэсэг рүү зааж “эндээс цус гарч байна уу” гэж асуухаар нь би хурууныхаа өндөг хэсгээр талийгаачийн дагз хэсэгт хүрч үзэхэд бага зэрэг памбайчихсан байсан ба хурууны өндөг цус болсон. Мөн надад “Г намайг өшиглөсөн, түлхсэн, архины шилээр толгой руу цохисон” гэж хэлсэн. ...Хэсэг хугацааны дараа би Г рүү залгаж “чи ахтайгаа зодолдоо юу, чи ахыгаа зодчихсон юм уу” гэж асуутал “би юу гэж цохидог юм, зүгээр түлхчихээд архиа аваад гарсан шүү дээ” гэж хариулсан. ...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 06.00-07.00 цагийн үед босоод шөлтэй хоол хийтэл талийгаач хүзүүгээ хөдөлгөж чадахгүй биеэрээ эргээд байсан ба “толгой өвдөөд байна, хүзүү хөшчихөөд байна” гэж хэлж байсан. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10.00-11.00 цагийн үед 2-3 удаа талийгаач руу залгатал утсаа авахгүй байсан, ...17.00 цагийн үед дарга Энхмаагийн хамт гэртээ харьсан, энэ үед талийгаач ухаан алдчихсан, хамаг бие нь суларчихсан байсан. Би нөхрийг минь алсан Гийг өмөөрч, нууж мэдүүлэг өгсөн болохоор маш их шаналж байсан, энэ бүхнийг үнэн зөвөөр шалгуулмаар байна. ...Нүүр хэсэгт нь зулгарсан өнгөц шархнууд байгаа тэр шархнууд дээр нь би өмнө нь тос түрхэж өгч байсан юм, 2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө талийгаач унтахдаа “толгой өвдөөд байна, хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байна” гэж хэлээд байхаар нь талийгаачийн цээжийг хартал цээж хэсэгт нь хүнтэй барьцалдаж, ноцолдсон юм шиг улайсан, бас баруун хавирга хэсэгт нь юманд нидэрсэн юм шиг улайсан, толгойн ар хэсэгт нь жижигхэн хавдаад памбайчихсан, цус шүүрч байсан. ...манай нөхөр энд нээх хүн танихгүй, гэртээ хүн цуглуулж архи уудаггүй, хүмүүстэй нийлдэггүй, ганцаараа байдаг байсан, манайхаар хүн амьтан ирээд байдаггүй, Г манай гэрт хааяа ирдэг байсан, гэрт ирэхээрээ өөрөө архитай ороод ирдэг байсан, мөн Г, Г хоёр хоорондоо таарамж муутай. ...Нөхөр маань архи уухаараа хэн нэгэнтэй нийлэлгүй гэртээ уучихдаг байсан. ...Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны орой Гтэй утсаар ярьж, яагаад манай нөхрийг зодсон талаар асуухад “би зодоогүй, ганцхан удаа өшиглөсөн, түлхсэн” гэж хэлж байсан, мөн энэ оны /2024/ 4 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн цагдаа дээр таараад намайг харснаа “уучлаарай, би нэг өшиглөсөн, нэг цохисон, тэр маань үнэн шүү, уучлаарай” гэж уучлалт гуйсан. Эрдэнэтэд манай гэрээр орж гардаг хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

гэрч Х.П-ын “...Амь хохирогч Г нь манай ээжийн төрсөн дүү байгаа юм. ...тухайн өдөр эмнэлэгт ирэхэд цагдаад нь “гомдолгүй” гэсэн байхаар нь би гайхаад Б эгчээс асуухад “2-3 хоногийн өмнө архи уугаад шөнө орж ирэхдээ ийм болсон” гэж ярихаар нь тийм л юм болсон байгаа биз гэж бодоод айхтар тоогоогүй орхисон. Эмнэлэгт байхдаа Г /Гонгор/ Г ахынд очиж архи ууж байсан талаар Б эгчийн хамаатнууд нь хоорондоо ярьж байхыг сонсож байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 08-10-ны хооронд хажууд нь байнга сахиж, ар гэрээс нь хүн оруулахад нь би 2-3 удаа ороод харахад...толгой, тархи нь хавдсан, гуя, цээж, хавирга, нүд хэсэг нь хөхөрсөн, хүнд зодуулсан байдалтай байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өглөө үүрээр нас барсан. ...“задлан хийлгээд яах вэ, нэгэнт ийм болсон юм чинь, задлан хийлгэхгүй” гэж Б эгчийн талынхан яриад байхаар нь бид нар “тийм зүйл байхгүй, задлан шинжилгээ хийлгэнэ” гээд задлан шинжилгээ хийлгэсэн. Тухайн өдрийн 14.00 цагийн орчим Ч “Г-тэй уулзъя” гээд хаана байгааг нь мэдээд Үүрийнцолмон бид гурав Гтэй уулзахаар очоод хашааны гадаа уулзахдаа “чи Г ахыг зодсон юм уу” гэхэд “би зодоогүй” гэхээр нь “чи урд нь зоддог байсан биз дээ, дахиад очоод зодсон юм уу” гэхэд “үгүй” гээд байсан бөгөөд Гийн хоолой нь боолгосон, нүүрний хэсэг гэмтэлтэй байсан, “наадах гэмтлээ хаанаас авсан юм” гэхэд “Нангалдай гэдэг хүний хүүхэдтэй маргалдаж, зодолдсон” гэж байсан, Г “би хоёр хоногийн өмнө орохдоо архитай ороод гарсан, архи уугаагүй буцаад гарсан” гэж ярихаар нь би “чамайг цагдаагаар шалгуулна” гэж хэлээд буцаад явсан. ...Гийн хүзүү, хоолой нь шалбарсан байсан. ” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/,

гэрч Д.Ц-ын “...Орхон аймагт ирэхэд ах маань эмнэлэгт ухаангүй байсан бөгөөд нүүр нь халцарчихсан, баруун нүдний доор хавдсан, хоёр хөхний ойролцоо шалбарч улаан эрээн болсон, зүүн тохой, хоёр өвдөг нь шалбарчихсан, зүүн гуяны ард нь хөхөрчихсөн, толгойн ар хэсэг нь хагарчихсан байсан. Б нь ахыг “2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ Гонгорын хамт архи уусан, тэгээд Гонгор нь архи аваад явсан” гэж хэлсэн, Г ахыг “тэр архинаас нь хоёр билүү гурван хундагыг уусан” гэж хэлсэн. Минийхээр бол Гонгор зодсон гэж хардаж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

гэрч Д.Э-ийн,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...Би ажилчдаа өглөө болгон гэрээс нь очиж авдаг, тухайн өдөр Бгийнд өглөө 08.00 цагийн үед гадаа нь очоод “ирчихлээ” гэж хэлэхэд Б эгч “хоол болж байна, орж ирж хоол ид” гэхээр нь орсон, тэгэхэд Г ах цонхон талын орон дээр баруун тийшээ хараад тохойгоороо тулчихсан шөл ууж байсан, ...“хүзүү гоёдчихсон юм шиг байна” гэхээр нь “та нэг талаараа харж унтдаг юм уу, тийм бол байрлалаа сольж унтаж бай” гэж хэлтэл “тийм ч юм уу” гэсэн. ...Б эгч бид хоёр хоолоо идэж дуусчихаад гарах гэж байхад Г ах Б эгчийг “дахиад хоол хийгээд өг, шөл битгий хийгээрэй, гоймон голцуу хийгээрэй” гэхээр нь хоол хийж өгөөд Г ахын хажууд ширээн дээр хоол, тамхи, гар утас, асаагуур, ундааны саванд хар цай хийж өгөөд гараад явсан. ...намайг гадуур зах дээр явж байхад Б эгч залгаад “манай хүн утсаа авахгүй байх юм, хоёулаа манайд очоод ирье” гэхээр нь “за тэгье” гээд Б эгчийг ажил дээрээс аваад гэрт нь ороход Г их чанга хурхирч байсан, тэгэхээр нь “унтаж байх шиг байна” гээд бид хоёр хоорондоо ярьчихаад гэрэл асаахдаа Б эгч “Г” гээд дуудахад “айн” гэж байсан тэгээд хөнжлөө эвгүй нөмөрчихсөн байхаар нь “Б эгч та, Г ахын хөнжлийг янзал даа” гэсэн чинь “за” гээд Б эгч Г-гийн хөнжлийг янзлахаар сөхөхөд хоёр гар нь татчихсан юм шиг цээжин дээр барьчихсан байсан, тэгэхээр нь би “гар нь татчихсан юм биш үү, сонин байна, түргэн дуудъя” гээд өөрийн утсаар залгаж түргэн дуудсан. ...Г ахыг орноос нь хөдөлгөхөд дэр нь цус болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө Бг авахаар гар утас руу нь залгахад “хоол гарч байна, орж ирж хоол ид” гэхээр нь гэрт нь ороход нөхөр Г нь орон дээр хэвтэж байсан. Б эгч надад хоол хийж өгөөд бид нар хоол идээд сууж байхад Г ах надад “...хүзүү гоёдчихож, дэр эвгүй дэрлээд унтсан юм байхдаа” гээд хүзүүгээ бариад ярьж байсан бөгөөд бүрэн өндийгөөгүй, хагас хэвтээ байдалтай хоол идэж байсан. ...бараан зах ороод гарч байхад Б эгч утас руу залгаад “хоёулаа манай гэр рүү өгсчихөөд ирье, манай нөхөр утсаа авахгүй байна, санаа зовоод байна.” гэхээр нь “за гараад ир” гэж хэлээд шууд ажил дээрээ очоод гэрт нь хамт ороход гадаа үүдний өрөөний хаалга нь онгорхой, дотор хаалга нь хаалттай байсан санагдаж байна, тэгээд гэрт нь ороход Б эгчийн хөлд хогийн сав тээглэсэн, үүднээс авахуулаад шал нь цустай, хогийн сав хонхойсон байсан бөгөөд гэр нь хүйтэн, Г ахын хөл гарсан орон дээрээ дээшээ хараад хэвтэж байхад нь Б эгч дуудахад “аан” гэж хальт л авиа гарахаар нь очиход эвгүй байдалтай хэвтэж байсан /одоо яг сайн санахгүй байна/, хоёр гар нь татсан байсан учир түргэн дуудсан. Тухайн үед дэр нь цус болсон, цээж хэсэг нь шалбарсан байхаар нь “архи уугаад унаад шалбарсан юм байх даа” гээд Б эгчийг “үнэрт дээ” гэхэд “архи үнэртэхгүй байна” гэж байсан бөгөөд ойр орчмыг харахад архины шил байгаагүй, аягатай хоол, тамхи нь асгарсан байдалтай байсан. Дэр нь цус болсон эсэхийг ойртож хараагүй учир мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,    

2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 08.00 цагийн үед Б эгчийг ажил руу авч явахаар гэрийнх нь гадаа очсон, энэ үед Б эгч “чи орж ирээд хоол ид, хоол болж байна” гэхээр нь би гэрт нь орсон. Б эгчийнд хоол идчихээд гарч ирсэн, Б эгчийн гэрт орохдоо хогийн сав, хаалга, шал болон гэр доторх зүйлсийг нь тогтож хараагүй. ... орой 17.00-18.00 цагийн үед санагдаж байна, Б эгч над руу залгаад гэр рүү явчихаад ирье” гэхээр нь “хувцасаа өмсөж бай” гэж хэлээд ажлын гаднаас Б эгчийг аваад гэр рүү нь явсан. ...Б эгчийн гэрт орсон чинь Г ах орон дээрээ чанга хурхирч байсан, энэ үед Б эгч, нөхрөө хөнжлөө эвгүй нөмөрчихсөн байхаар нь янзлах гэтэл хоёр гараа цээжин дээрээ тавьчихсан, татчихсан юм шиг байсан, энэ үед би эргэн тойрноо харахад хаалганы дэргэд байсан хогийн сав хонхойчихсон, ширээн дээр байсан аягатай хоол, савтай дүнсэн тамхи газарт асгарчихсан, үүдний хэсэгт хулдаасан дээр цус болчихсон, хаалганы дотор талын хавтсан дээр цус шиг зүйл болчихсон байсан. Өглөө нь гэр доторх зүйлийг сайн анзаарч хараагүй учраас “өглөө гэр нь зүгээр байсан даа” гэж бодоод ингэж мэдүүлэг өгсөн байна. Б эгч бид хоёрыг гэрт нь орох үед тэр ширээ Г ахын хэвтэж байсан ор руу тулсан байсан, Г ахын хэвтэж байсан ор руу тулж байрлахдаа хөл хавьцаа нь байсан, сүүлд эмнэлгийн ажилчид орж ирээд Г ахыг “насилик дээр хэвтүүлж авч явна” гээд тэр ширээг хажуу тийшээ өргөж хөдөлгөсөн, мөн тухайн үед ширээн дээр байсан аягатай хоол, саванд хийсэн таглаагүй дүнсэн тамхи зэргийг Г ах таталт өгөхдөө өөрөө газар унагаачихсан юм шиг байна билээ.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,    

гэрч З.А-гийн “...Би Ггийн төрсөн эгч нь байгаа юм, Ггийн ойрын болон холын хараа муу байсан. 2021 оны 10 дугаар сард өдрөө санахгүй байна, 18.00 цагийн үед гэртээ байж байхад Ггийн эхнэр Б залгаад “та битгий айгаарай” гэхээр нь “яасан бэ” гээд асуухад “Г хүнд нүдүүлчихсэн юм шиг байна” гэхээр нь би охин Очирмаатай цуг хажуу талын айлын хөгшинг гуйгаад машинаар хүргүүлээд очсон, намайг Ггийнд очиход Б, Бгийн дарга гээд нэг эмэгтэй байсан, түргэний эмч ирчихсэн тариа хийгээд байж байсан, тэгээд яаралтай эмнэлэг рүү авч явсан, эмнэлэгт очоод шууд сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн. Ггийн эхнэр Б эхлээд надад “хүнд зодуулсан юм шиг байна” гэж хэлсэн болохоор би Ггийн эмнэлэгт очсон шалтгааныг “хүнд зодуулсан байх” гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,    

гэрч Х.О-ийн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орой 17.00 цаг өнгөрч байх үед Б эгч над руу утсаар залгаад “ах чинь ухаангүй байна, хүрээд ирээч” гэхээр нь “яагаад ухаангүй болсон юм, өглөө зүгээр байсан юм уу” гэж асуутал “зүгээр байсан” гэж ярьсан. 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12.00 цагийн үед эмнэлэг дээр очоод ахыг сахиад орой 23.00 цаг өнгөрч байхад явсан бөгөөд тухайн үед биеийг нь хартал бүх бие нь хүрэн няцарсан, хуруу, гар, хөл нь шалбарчихсан байдалтай байсан. ...ах маань доогуураа өмдтэй, цээжээрээ нүцгэн байсан бөгөөд зүүн талын хавирганы орчим шалбарчихсан, дух нь шалбараад хавдсан, дагз нь хагарчихсан цус гоожсон байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал/,    

гэрч Д.Ү-гийн “...Г ахыг эмнэлэгт бие нь муу байгаа талаар П, Ц хоёр над руу гар утсаар залгаж хэлэхээр нь мэдсэн... шөнийн 04.00 цаг өнгөрч байхад “одоо бие нь болохоо болилоо, гэр бүлийн хүмүүс нь ор” гэхэд нь гэр бүлийн 8-10 хүн орсон, тэр дунд би ороод харахад З.Г ах нэг амьсгаа авах шиг болоход эмч “нас барчихлаа” гээд бид нарыг гаргасан, тухайн үед эмнэлгийн орон дээр ухаан мэдрэл байхгүй, бие, цээж хэсэг нь улаан эрээн болсон байсан. ...Гийг дуудаж гаргаж ирээд автомашинд суулгаад Ч “та л манай аавыг зодсон, урьд нь 2-3 удаа зодож байсан” гэхэд “би урд өдөр нь архитай ороод хамт архи уусан” гэж ярьсан, би Г-эд “чи цагдаа дээр очоод хэргээ хүлээчихээ, хэрэг хуучирдаггүй” гэхэд “ахаа тийм зүйл болоогүй, зодоогүй” гэж ярьж байсан боловч Гийн хоолой, хүзүү нь маажуулсан /боолгосон ч юм уу/ юм шиг улаан эрээн, нүүрэн дээр нь шалбарсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/,

гэрч Г.Чын “...2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 03.00 цагийн орчим ирээд эмнэлэг ороход манай хамаатнууд бүгд цугласан байсан бөгөөд намайг очоод удаагүй байхад буюу 1 цаг орчмын дараа “гэр бүлийн, ойр дотны хүмүүс ороорой” гэхээр нь сэхээний өрөө рүү ороод харахад гуурстай, амьсгалын аппараттай, толгой нь боолттой, цээж маажсан, гар бие нь хөхөрсөн, хүнд зодуулсан шинжтэй байсан бөгөөд эмч “нас барчихлаа” гээд бид нарыг гаргасан. Тэгээд аавын талын ах, эгч нар “задлан шинжилгээ хийлгэнэ” гэсэн чинь ээжийн талын хүмүүс “задлан хийлгэхгүй” гээд байсан бөгөөд тухайн үед надаас асуухаар нь би “задлан шинжилгээ хийлгэнэ” гээд задлан хийлгэсэн. Манай аав Г эмнэлэгт очихоос 2-3 хоногийн өмнө би утсаар залгаж ярихад аав архи уусан бололтой байсан бөгөөд надаас “хэзээ ирэх вэ” гэж асуухаар нь “би удахгүй амралтаа аваад очино” гэхэд “эднүүс /Гонгор/ намайг дээрэлхээд, зодоод байна” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

гэрч Г.Г-ийн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 10.00 цагийн үед Г манайд эрүүл ирсэн. Тухайн үед манай нөхөр М найз Б-тай манай гэрт архи уугаад сууж байсан, ...Г ах, манай нөхөр М, Б нар нэмж архи аваад согтоцгоогоод хоорондоо маргалдаж, муудалцсан, нөхөр маань Г ахын нүүрийг маажчихсан байсан. ...Гийн нүүрийг бол манай нөхөр маажсан, цээжийг нь бол мэдэхгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр...манай нөхрийн найз болох Э, Б хоёр бага зэрэг халамцуу, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Манай нөхөр болон Э, Б нар дэлгүүрээс том савалгаатай 2.5л пиво хоёр ширхэгийг авч ирээд уугаад эхэлж байх үед гаднаас манай аавын эгчийн хүү Г.Г халамцуу, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа орж ирээд манай нөхөр болон Э, Б нартай хамт нөгөө пивоноос уугаад, нэмж дахин пиво уугаад өдөр 14.00-15.00 цаг хүртэл уусан. ...Г.Г ах Б.М нар нэг нэгнийгээ заамдаж авсан болохоос цохиж, зодоогүй, нэг нэгнийхээ биед гэмтэл шарх учруулахаар зүйл огт болоогүй. ... манайхаас ямар нэгэн гэмтэл шархгүй гарсан. ...Гийн биед халдаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 101-102, 104-107 дахь тал/,    

гэрч Т.Б-ын “...М, Г хоёр хоорондоо хальт маргалдаж байснаас зодолдож цохилцсон асуудал болоогүй. ...тухайн үед намайг М-ын гэрт шүлс хаясан гэж Э гэрийнх нь гадаа гараад хоёр удаа алгадсан. ... Г-тэй бид хоёр маргалдаж зодолдсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

Б.Э-ийн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байтал М утсаар залгаад “Б бид хоёр цуг байна, хүрээд ирээч” гэхээр нь яваад очиход Мэнд-А-ын гэрт Г /Гонгор/, Б, М нар пиво уучихсан сууж байгаад намайг ирлээ гээд нэг шил архи задлаад бид дөрөв хувааж уусан. Архи уугаад сууж байтал Б нь М-ын гэрт шүлсээ хаяхаар нь би уурлаад Б-г алгадтал М-ын эхнэр нь уурлаад гэрээсээ хөөхөөр нь Б бид хоёр явсан. ...М-ын гэрт Б бид хоёроос өөр хүмүүс хоорондоо маргалдаж зодолдоогүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал/,

шинжээч эмч Ч.Б-гийн,

“...Тархины суурийн жижиг судас гэмтсэн /язарч урагдах буюу бүрэн тасрахгүй байх, судас шүүрэх/ тохиолдолд хүн өөрийн өдөр тутмын үйлдлүүдийг хийх боломжтой ба хэсэг хугацааны дараа /хугацааг нарийн тогтоох боломжгүй/ тархины цус харвалтын хэмжээ ихсэх үед хүн ухаан алдах ба тархинд гэмтлээс үйлдэлтэй няцралын шинж тэмдгүүд илэрнэ. Амь хохирогчийн цогцосны гадна хэсэгт үүссэн тавшсан зулгаралтууд нь 5-10 хоногт үүссэн байхаар байна. Амь хохирогчийн цогцосны гадна хэсэгт үүссэн ногоон хүрээтэй цайвар хөхөлбөр ягаан өнгийн цус хуралтууд нь 10 буюу түүнээс дээш хоногт үүссэн байх боломжтой байна, энэ цус хуралтууд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129-130 дахь тал/,

“...Хүн бүрийн өөрийн биеийн онцлогоос хамаарч дээрх гэмтлийг авсан хүн ямар хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх болон ямар хугацааны дараа ухаан алдахыг нарийн тогтоох боломжгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 100 дахь тал/, 

“...Талийгаач нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан ба энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцад толгойн ар хэсгийн жижиг зөөлөн эдийн гэмтэл нь эдгэрсэн байх боломжтой. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл нь нэг удаагийн хүч үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой ба тухайн үед толгойн ар дагз хэсэгт хүч үйлчилж зөөлөн эдийн гэмтэл үүсэх үед тархины битүү гэмтэл үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 136 дахь тал/, 

Г.Гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Г ахын гадаа явж байхад Г ах гэрийнхээ гадаа байж байсан бөгөөд намайг “архи аваад өгчих хамт ууя” гэхээр нь би дэлгүүрээс нэг шил архи аваад Г ахын гэрт нь ороод Г “ах цуйван халааж өгье” гэхээр нь “хэрэггүй” гэсэн бөгөөд Г ах бид хоёр 0.75л “Хараа” архи уугаад талд нь хүрч байхад Г ах над руу “чи баян айлд байдаг” гээд миний хацар хэсэг рүү алгадахаар нь би уурандаа цээж хэсэгт нь түлхэхэд хойшоо шкаф руу толгойгоороо савж унаад босож ирээд “архи үлдээчих, би ууя” гэхээр нь би ширээн дээр байсан стаканд архи хийгээд өөрөө уугаад, үлдсэн архийг үлдээгээд гараад гэрлүүгээ харьж амарсан. Маргааш өглөө нь манай ээж Ганбаатарын хамгийн бага дүүгийн хүүхэд Г.Ганцэцэгийнд очсон, тухайн хүмүүстэй хамт пиво уугаад сууж байгаад пиво дуусахаар нь би дэлгүүрээс 0.5л архи аваад бид дөрөв хамт уусан, Мын найз Б зуух руу нь шүлсээ хаяхаар нь би “айл руу шүлсээ хаялаа” гээд хэрэлдээд гадаа гарахад Ганцэцэг “та нар харьцгаа” гэхээр нь бид нар салаад, би гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь морь барианы хажууд байдаг Гочоо гэх айлд очиж үхрийн баас арилгасан бөгөөд З.Ггийн төрсөн хүү Чойжоо /Ч/ талийгаачийн хоёр дүү хамт ирсэн бөгөөд надаа “чи манай ахыг зодсон юм уу” гэж асуухаар нь гурвуулаа байсан учир айсандаа “би цохиж, зодоогүй” гэж хэлж байсан. Г “баян айлд байдаг” гээд түрүүлж намайг алгадахаар нь би уурандаа түлхсэн, толгой хэсгээрээ савж унаад босож ирсэн. Г намайг нэг удаа шанаан тус газар алгадсан. Прокурорын яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. ...Тэр үед бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй, “үүнийгээ тэр хүндээ аваачиж өгөө” гээд гарч явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204-206, 222-224 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Бгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 281 дугаартай;

“...З.Ггийн цогцосноос авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 146-147 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Бгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 283 дугаартай;

“...З.Г нь АВО системээр бүлэг тогтоох аргаар шинжлэхэд АВ /IV/ бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Бгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 85 дугаартай;

“...Амь хохирогчийн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас баржээ. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “гавал тархины битүү гэмтэл; их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай хэсэг, суурь бүхэлд нь хамарсан бага тархины дээд хэсэг, гүүрэн тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины хоёр тал бөмбөлгийн суурь, хажуугийн ховдлын арын эвэр, гурав ба дөрөвдүгээр ховдол хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, хоёр нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хуйхны дотор тал, цээжний баруун талын булчин, баруун талын 7, 8, 9-р хавирганы хальс, зүүн нүдний дээд зовхи, цээж, хэвлийд цус хуралт, дух, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, амь хохирогчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэжээ. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл; их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай хэсэг, суурь бүрэлд нь хамарсан бага тархины дээд хэсэг, гүүрэн тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины хоёр тал бөмбөлгийн суурь, хажуугийн ховдлын арын эвэр, гурав ба дөрөвдүгээр ховдол хэсгийн тархины эдийн цусархаг няцрал гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Амь хохирогч нь 50-60 орчим насны, эрэгтэй хүн байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь богино хугацаанд үхэлд хүргэх ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Амь хохирогчийн биед учирсан хоёр нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 158-163, 166-167 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.Э, С.К, Т.А нарын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дугаартай;

“...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтийн 2 болон 5 дугаар хариултын тархины суурийг бүхэлд нь хамарсан аалзан хальсан доорх цус харвалт гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины дээд хэсэг, гүүрэн тархи, уртавтар тархины урд цистерн болон цистерн магна-г хамарсан аалзан хальсан доор, хажуугийн ховдлын арын эврийн цус хуралдалт, духны хуйхан доорх цус хуралт гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд амь байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.” гэсэн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 107-112 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Э.Ч-ий 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1298 дугаартай;

“...Шинжилгээнд ирүүлсэн Зундуйжамцын Г-гийн баруун, зүүн гарын 10 хурууны хумсны ДНХ-ийг ялгах боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Зундуйжамцын Ггийн баруун, зүүн гарын 4, 9 дугаарын хоёр ширхэг хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн Зундуйжамцын Ггийн баруун, зүүн гарын 4, 9 дугаарын хоёр ширхэг хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц хоорондоо тохирч байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Э.Ч-ий 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2454 дугаартай;

“...Шинжилгээнд ирүүлсэн З.Г-гийн дээж болгон авсан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. З.Ггоос дээж болгон авсан цусны ДНХ-ийн тогтоц нь 1298 дугаартай дүгнэлтийн З.Ггийн хумснаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Ж.Должмаа, Л.Бүдсүрэн, С.Энхмаа нарын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн;

“...Магадлуулагч Г.Г сэтгэцийн хувьд эрүүл, ...өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай, ...өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай, мөн хэрэг хариуцах чадвартай, ...болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ... нийгэмд болон бусдад аюулгүй.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

Орхон аймгийн БОЭТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн 80113727 дугаараас “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тархиндаа битүү гэмтэлтэй хүн түргэнээр ирсэн, одоог хүртэл ухаан орохгүй байна, шалгаж өгнө үү.” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20.03 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Баруун задгайн 27-14 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 30-31, 32-34 дэх тал/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 35-36, 37-40 дэх тал/,

талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,

яллагдагч Г.Гийн “...тухайн үед Цогоо намайг “ганц юм аваад өгөөч” гэхээр нь би гэрээс нь гарч 17 дугаар сургуулийн хажуугийн замын хажууд байдаг дэлгүүр рүү орж 0.75л хэмжээтэй нэг шил “Хараа” архи худалдаж аваад буцаж Цогоогийн гэрт орсон. Гэрт нь ороод би худалдаж авсан архиа Цогоод өгтөл Цогоо “би үүнийг чинь найздаа аваачиж өглөө” гэхээр нь би “аан за за, би тэгвэл дээрээс нь хоёр татчихья” гээд рүүнкэнд уусан. Бас дараа нь “за, дахиад нэг татчихья” гээд дахиж нэг татаад Цогоогийн гэрээс гарч явсан ба Цогоо гэртээ үлдсэн. Үүний дараа би шууд гэртээ харьсан.” гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 45-47, 48-55 дахь тал/,

амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 24-42 дахь тал/,

Т.Бгийн нэхэмжлэл /3 дахь хавтаст хэргийн 10-16 дахь тал/,

Нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас,

Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх П.Б-ын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаартай, “...дээрх хэрэгт Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Л.О нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  Орхон аймаг Баян-Өндөр сум ********************* тоотод явуулсан хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан довжооны урд 40см зайд цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлээс бинтэд шингээж авсан дээж, хар өнгийн хос гутал, уг гутлын зүүн талын гутлын хоншоорын ард тогтсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс бинтэд шингээж авсан дээж, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн гялгар уутны хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн дэрний уут зэрэг эд зүйлсийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авсан байна. Иймд дээрх хураан авсан эд зүйлийг 2025 оны 2 дугаар сарын 26-ны дотор ирүүлнэ үү.” гэсэн албан бичиг /3 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Б-ийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 42/03-1163 дугаартай, “...Тус Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн 2125003610300 дугаартай хэрэгт ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.О-ын 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *************** тоотод явуулсан хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан довжооны урд 40см зайд цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлээс бинтэд шингээж авсан дээж, хар өнгийн хос гутал, уг гутлын зүүн талын гутлын хоншоорын ард тогтсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс бинтэд шингээж авсан дээж, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн гялгар уутны хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн дэрний уут зэрэг эд зүйлс нь цагдаагийн газрын эд мөрийн баримтын бүртгэлд бүртгэгдээгүй байна.” гэсэн албан бичиг /3 дахь хавтаст хэргийн 164 дэх тал/,

Мөрдөгчийн “...Т.Б-тай ... дугаарын утсаар нь холбогдож, түүний;

“...Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа, Орхон аймагт шүүх хуралын үеэр ажлаасаа чөлөө авч очно, тэрнээс өмнө чөлөө авч   очиж уулзаж амжихгүй байна. Тухайн үед талийгаачийн өмссөн байсан хувцсыг ажил явдлынх нь үеэр шатаачихсан шүү дээ, одоо талийгаачийн тухайн үед өмссөн байсан хувцас байхгүй.” гэснийг нь тэмдэглэл болгон бичсэн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 166 дахь тал/,   

Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Э-ийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 384 дугаартай, “Албаны шалгалт хийлгэх тухай” албан бичиг /3 дахь хавтаст хэргийн 169 дэх тал/,   

шүүгдэгч Г.Г-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 226 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч нараас болон шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,

          шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум *************** тоотод амь хохирогч З.Г-той “ууж байсан архиа үлдээхгүй” гэсэн шалтгаанаар маргалдан түүнийг өшиглөх, архины шилээр толгойн ард дагз хэсэгт нь цохих зэргээр зодож, алсан болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

гэрч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-гийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “...Г овогтой Г манай төрсөн эгч Т.Гын хүүхэд байгаа юм. ...Би урд нь өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, одоо болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгнө. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа явахдаа Гд цуйван хийж өгөхөд нэг аяга идчихээр нь дахиж нэг аяга хоол хийгээд ширээн дээр нь тавьчихаад ажил руугаа явсан... ажлаасаа 22.00-23.00 цагийн орчимд гэртээ орж ирэхэд гэр эмх замбараагүй болсон байхаар нь Ггоос “юу болсон юм” гэхэд “танай дүү Г /Гонгор/ ирсэн, ирэхдээ нэг шил 0.75л архитай ирээд тэрнээсээ задлаад 2-3 хундага архи хийж өгөөд үлдсэн архиа аваад явах гэхээр нь “архи хамт ууя, эсвэл архиа үлдээчих” гэхэд Г “чамд би архи өгөх албатай юм уу” гэж хэлээд өшиглөөд, цохисон бөгөөд дараа нь архины шилээрээ толгойны ард дагз хэсэгт нэг удаа цохиод гараад явсан” гэж ярихаар нь би “чи бас зүгээр байгаагүй байлгүй дээ” гэхэд “би ч бас зүгээр байгаагүй, би цохисон” гэж хэлсэн. ...Би болсон хэргийн талаар өөрийн төрсөн эгч Т.Г-ийн гар утас руу 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой эмнэлэг дээр ирсний дараа залгаж ярихдаа “Г гэртээ ухаангүй хэвтэж байгаад эмнэлэг дээр ирсэн байна” гэхэд “юу болсон юм, яасан юм” гэхээр нь “өчигдөр Г /Гонгор/ манайд орж ирээд Гтой маргалдаад, архины шилээр толгойн тус газарт нь цохисон гэсэн тэрнээс болчих шиг боллоо” гэж хэлсэн. ...Манай нөхөр Г амьд байхдаа надад ярихдаа “Гонгор орж ирж зодсон, толгойд архины шилээр цохисон” гэж хэлснийг би өөр хүнд хэлээгүй. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ очиход толгойны дух хэсэг, толгой, цээж, хавирганы орчимд хөхөрсөн гэмтлүүд учирсан байсан Г надад хандаж толгой руугаа заагаад “Г архины шилээр толгой руу цохисон” гээд надад зааж өгөөд харуулахад толгойны ар тал, хойд хэсэгт цус шүүрсэн, цус бага зэрэг гарсан байсан. ...“би яаж зүгээр байхав урдаас нь цохисон” гэж ярьж байсан. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ очиход архины шил /хагарсан/ байгаагүй, ...би урд нь айж сандарсандаа худал хэлж байсан, ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой Ггийн биед бүх гэмтлүүд нь учирсан.” гэх,

мөн түүний 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 07.00-08.00 цагийн үед гэрээсээ гарч явсан, гарч явахдаа цуйван хийж өгөөд гарсан, тухайн үед гэр доторх зүйл эмх, цэгцтэй байсан. ...шөнө 23.00 цаг өнгөрч байх үед гэртээ ортол орон дээр хүн ноцолдсон юм шиг бүтээлэг нь үрчийсэн, хогийн сав хонхойчихсон, өлгөсөн шанага халбага, ширээн дээр байсан хоолны аяга зэрэг газар унаад эмх замбараагүй болчихсон байсан. Бас талийгаач Г ширээний дэргэд хуванцар сандал дээр согтсон шинжгүй, эрүүл шахуу сууж байсан. Энэ үед Г надад “Г манайд ирээд явсан, би байсан цуйвангаа халааж өгсөн, Г гаднаас нэг шил архитай орж ирсэн, тэр архинаасаа надад 2-3 хийж өгчихөөд архиа аваад явах гэхээр нь би “хоёулаа цуг ууя, эсвэл надад архиа үлдээчих” гэхэд Г “би таньтай архи уух албатай юм уу” гээд миний ийшээ архины шилээр цохисон” гээд гараараа толгойныхоо ар дагз хэсэг рүү зааж “эндээс цус гарч байна уу” гэж асуухаар нь би хурууныхаа өндөг хэсгээр талийгаачийн дагз хэсэгт хүрч үзэхэд бага зэрэг памбайчихсан байсан ба хурууны өндөг цус болсон. Мөн надад “Г намайг өшиглөсөн, түлхсэн, архины шилээр толгой руу цохисон” гэж хэлсэн. ...Хэсэг хугацааны дараа би Г рүү залгаж “чи ахтайгаа зодолдоо юу, чи ахыгаа зодчихсон юм уу” гэж асуутал “би юу гэж цохидог юм, зүгээр түлхчихээд архиа аваад гарсан шүү дээ” гэж хариулсан. ...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 06.00-07.00 цагийн үед босоод шөлтэй хоол хийтэл талийгаач хүзүүгээ хөдөлгөж чадахгүй биеэрээ эргээд байсан ба “толгой өвдөөд байна, хүзүү хөшчихөөд байна” гэж хэлж байсан. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр...17.00 цагийн үед дарга Э-ийн хамт гэртээ харьсан, энэ үед талийгаач ухаан алдчихсан, хамаг бие нь суларчихсан байсан. Би нөхрийг минь алсан Гийг өмөөрч, нууж мэдүүлэг өгсөн болохоор маш их шаналж байсан, энэ бүхнийг үнэн зөвөөр шалгуулмаар байна. ... Нүүр хэсэгт нь зулгарсан өнгөц шархнууд байгаа тэр шархнууд дээр нь би өмнө нь тос түрхэж өгч байсан юм, 2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө талийгаач унтахдаа “толгой өвдөөд байна, хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байна” гэж хэлээд байхаар нь талийгаачийн цээжийг хартал цээж хэсэгт нь хүнтэй барьцалдаж, ноцолдсон юм шиг улайсан, бас баруун хавирга хэсэгт нь юманд нидэрсэн юм шиг улайсан, толгойн ар хэсэгт нь жижигхэн хавдаад памбайчихсан, цус шүүрч байсан. ... Г, Г хоёр хоорондоо таарамж муутай. ...Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны орой Гтэй утсаар ярьж, яагаад манай нөхрийг зодсон талаар асуухад “би зодоогүй, ганцхан удаа өшиглөсөн, түлхсэн” гэж хэлж байсан.” гэх,

гэрч Х.П-ын “...Эмнэлэгт байхдаа Г /Гонгор/ Г ахынд очиж архи ууж байсан талаар Б эгчийн хамаатнууд нь хоорондоо ярьж байхыг сонсож байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 08-10-ны хооронд хажууд нь байнга сахиж, ар гэрээс нь хүн оруулахад нь би 2-3 удаа ороод харахад...толгой, тархи нь хавдсан, гуя, цээж, хавирга, нүд хэсэг нь хөхөрсөн, хүнд зодуулсан байдалтай байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өглөө үүрээр нас барсан. ...Тухайн өдрийн 14.00 цагийн орчим Ч “Гтэй уулзъя” гээд хаана байгааг нь мэдээд Үүрийнцолмон бид гурав Гтэй уулзахаар очоод хашааны гадаа уулзахдаа “чи Г ахыг зодсон юм уу” гэхэд “би зодоогүй” гэхээр нь “чи урд нь зоддог байсан биз дээ, дахиад очоод зодсон юм уу” гэхэд “үгүй” гээд байсан бөгөөд Гийн хоолой нь боолгосон, нүүрний хэсэг гэмтэлтэй байсан, ...Гийн хүзүү, хоолой нь шалбарсан байсан.” гэх,

гэрч Д.Ц-ын “...Орхон аймагт ирэхэд ах маань эмнэлэгт ухаангүй байсан бөгөөд нүүр нь халцарчихсан, баруун нүдний доор хавдсан, хоёр хөхний ойролцоо шалбарч улаан эрээн болсон, зүүн тохой, хоёр өвдөг нь шалбарчихсан, зүүн гуяны ард нь хөхөрчихсөн, толгойн ар хэсэг нь хагарчихсан байсан.” гэх,

гэрч Д.Э-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...Б эгч Ггийн хөнжлийг янзлахаар сөхөхөд хоёр гар нь татчихсан юм шиг цээжин дээр барьчихсан байсан, тэгэхээр нь би “гар нь татчихсан юм биш үү, сонин байна, түргэн дуудъя” гээд өөрийн утсаар залгаж түргэн дуудсан. ...Г ахыг орноос нь хөдөлгөхөд дэр нь цус болчихсон байсан.” гэх,

мөн түүний 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “...Тухайн үед дэр нь цус болсон, цээж хэсэг нь шалбарсан байхаар нь “архи уугаад унаад шалбарсан юм байх даа” гээд Б эгчийг “үнэрт дээ” гэхэд “архи үнэртэхгүй байна” гэж байсан.” гэх,

2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 08.00 цагийн үед Б эгчийг ажил руу авч явахаар гэрийнх нь гадаа очсон, энэ үед Б эгч “чи орж ирээд хоол ид, хоол болж байна” гэхээр нь би гэрт нь орсон. ...орой 17.00-18.00 цагийн үед санагдаж байна, Б эгч над руу залгаад гэр рүү явчихаад ирье” гэхээр нь “хувцасаа өмсөж бай” гэж хэлээд ажлын гаднаас Б эгчийг аваад гэр рүү нь явсан. ...Б эгчийн гэрт орсон чинь Г ах орон дээрээ чанга хурхирч байсан, энэ үед Б эгч, нөхрөө хөнжлөө эвгүй нөмөрчихсөн байхаар нь янзлах гэтэл хоёр гараа цээжин дээрээ тавьчихсан, татчихсан юм шиг байсан, энэ үед би эргэн тойрноо харахад хаалганы дэргэд байсан хогийн сав хонхойчихсон, ширээн дээр байсан аягатай хоол, савтай дүнсэн тамхи газарт асгарчихсан, үүдний хэсэгт хулдаасан дээр цус болчихсон, хаалганы дотор талын хавтсан дээр цус шиг зүйл болчихсон байсан. Өглөө нь гэр доторх зүйлийг сайн анзаарч хараагүй учраас “өглөө гэр нь зүгээр байсан даа” гэж бодоод ингэж мэдүүлэг өгсөн байна. Б эгч бид хоёрыг гэрт нь орох үед тэр ширээ Г ахын хэвтэж байсан ор руу тулсан байсан, Г ахын хэвтэж байсан ор руу тулж байрлахдаа хөл хавьцаа нь байсан, сүүлд эмнэлгийн ажилчид орж ирээд Г ахыг “насилик дээр хэвтүүлж авч явна” гээд тэр ширээг хажуу тийшээ өргөж хөдөлгөсөн, мөн тухайн үед ширээн дээр байсан аягатай хоол, саванд хийсэн таглаагүй дүнсэн тамхи зэргийг Г ах таталт өгөхдөө өөрөө газар унагаачихсан юм шиг байна билээ.” гэх,

гэрч З.А-гийн “...2021 оны 10 дугаар сард өдрөө санахгүй байна, 18.00 цагийн үед гэртээ байж байхад Ггийн эхнэр Б залгаад “та битгий айгаарай” гэхээр нь “яасан бэ” гээд асуухад “Г хүнд нүдүүлчихсэн юм шиг байна” гэхээр нь би охин О-тай цуг хажуу талын айлын хөгшинг гуйгаад машинаар хүргүүлээд очсон.” гэх,

гэрч Х.О-ийн “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12.00 цагийн үед эмнэлэг дээр очоод ахыг сахиад орой 23.00 цаг өнгөрч байхад явсан бөгөөд тухайн үед биеийг нь хартал бүх бие нь хүрэн няцарсан, хуруу, гар, хөл нь шалбарчихсан байдалтай байсан. ...ах маань доогуураа өмдтэй, цээжээрээ нүцгэн байсан бөгөөд зүүн талын хавирганы орчим шалбарчихсан, дух нь шалбараад хавдсан, дагз нь хагарчихсан цус гоожсон байсан.” гэх,

гэрч Д.Ү-ийн “...шөнийн 04.00 цаг өнгөрч байхад “одоо бие нь болохоо болилоо, гэр бүлийн хүмүүс нь ор” гэхэд нь гэр бүлийн 8-10 хүн орсон, тэр дунд би ороод харахад З.Г ах нэг амьсгаа авах шиг болоход эмч “нас барчихлаа” гээд бид нарыг гаргасан, тухайн үед эмнэлгийн орон дээр ухаан мэдрэл байхгүй, бие, цээж хэсэг нь улаан эрээн болсон байсан. ...Гийн хоолой, хүзүү нь маажуулсан /боолгосон ч юм уу/ юм шиг улаан эрээн, нүүрэн дээр нь шалбарсан байсан.” гэх,

гэрч Г.Чын “...2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 03.00 цагийн орчим ирээд эмнэлэг ороход манай хамаатнууд бүгд цугласан байсан бөгөөд намайг очоод удаагүй байхад буюу 1 цаг орчмын дараа “гэр бүлийн, ойр дотны хүмүүс ороорой” гэхээр нь сэхээний өрөө рүү ороод харахад гуурстай, амьсгалын аппараттай, толгой нь боолттой, цээж маажсан, гар бие нь хөхөрсөн, хүнд зодуулсан шинжтэй байсан бөгөөд эмч “нас барчихлаа” гээд бид нарыг гаргасан. ...Манай аав Г эмнэлэгт очихоос 2-3 хоногийн өмнө би утсаар залгаж ярихад аав архи уусан бололтой байсан бөгөөд надаас “хэзээ ирэх вэ” гэж асуухаар нь “би удахгүй амралтаа аваад очино” гэхэд “эднүүс /Гонгор/ намайг дээрэлхээд, зодоод байна” гэж ярьж байсан.” гэх,

шинжээч эмч Ч.Б-гийн “...Тархины суурийн жижиг судас гэмтсэн /язарч урагдах буюу бүрэн тасрахгүй байх, судас шүүрэх/ тохиолдолд хүн өөрийн өдөр тутмын үйлдлүүдийг хийх боломжтой ба хэсэг хугацааны дараа /хугацааг нарийн тогтоох боломжгүй/ тархины цус харвалтын хэмжээ ихсэх үед хүн ухаан алдах ба тархинд гэмтлээс үйлдэлтэй няцралын шинж тэмдгүүд илэрнэ. ...Хүн бүрийн өөрийн биеийн онцлогоос хамаарч дээрх гэмтлийг авсан хүн ямар хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх болон ямар хугацааны дараа ухаан алдахыг нарийн тогтоох боломжгүй. ...Талийгаач нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан ба энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцад толгойн ар хэсгийн жижиг зөөлөн эдийн гэмтэл нь эдгэрсэн байх боломжтой. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл нь нэг удаагийн хүч үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой ба тухайн үед толгойн ар дагз хэсэгт хүч үйлчилж зөөлөн эдийн гэмтэл үүсэх үед тархины битүү гэмтэл үүсэх боломжтой.” гэх,

Г.Гийн өөрийнх нь өгсөн “...З.Ггийн төрсөн хүү Чойжоо /Ч/ талийгаачийн хоёр дүү хамт ирсэн бөгөөд надаа “чи манай ахыг зодсон юм уу” гэж асуухаар нь гурвуулаа байсан учир айсандаа “би цохиж, зодоогүй” гэж хэлж байсан. Г “баян айлд байдаг” гээд түрүүлж намайг алгадахаар нь би уурандаа түлхсэн, толгой хэсгээрээ савж унаад босож ирсэн. Г намайг нэг удаа шанаан тус газар алгадсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Бгийн 2021 оны 85 дугаартай, “...Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэжээ. ...Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.Э, С.К, Т.А нарын 2025 оны 79 дугаартай, “...Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...Амь хохирогч нь их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины дээд хэсэг, гүүрэн тархи, уртавтар тархины урд цистерн болон цистерн магна-г хамарсан аалзан хальсан доор, хажуугийн ховдлын арын эврийн цус хуралдалт, духны хуйхан доорх цус хуралт гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд амь байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.” гэсэн дүгнэлтүүд,

Орхон аймгийн БОЭТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн 80113727 дугаараас “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тархиндаа битүү гэмтэлтэй хүн түргэнээр ирсэн, одоог хүртэл ухаан орохгүй байна, шалгаж өгнө үү.” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20.03 цагт хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Баруун задгайн 27-14 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар, нууц ажиллагааны магадлагаа зэрэг нотлогдон тогтоогдлоо.

          Монгол Улсын иргэний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар үндсэн эрхэд хамаарна, энэ эрхийг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэгт тооцох тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

          “Хүнийг алах” гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч Г.Г нь амь хохирогч З.Ггийн биед олон тооны гэмтэл учруулсан ба эдгээр гэмтлүүдээс толгойн тус газарт учруулсан гавал тархины битүү гэмтэл нь хохирогчийн амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгэж, түүнийг үхэлд хүргэсэн болох нь Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Бгийн 2021 оны 85 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.Э, С.К, Т.А нарын 2025 оны 79 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдсон.

          Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас З.Ггийн амь нас хохирсон шалтгаант холбоо байна.

Хэдийгээр шүүгдэгч Г.Г нь амь хохирогчийг “чи баян айлд байдаг” гээд миний хацар хэсэг рүү алгадсан гэх хэдий ч энэ нь амь хохирогчийн амь насанд халдах шалтгаан болохгүй юм.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “...Архи, согтууруулах ундаатай холбоотой төрөл, садангийн дунд гарсан гэмт хэрэг тул харамсаж байна.  Хохирогч Г архины хамааралтай. Гийг явсны дараа бэртэж, гэмтэх магадлалтай байна. Шүүгдэгч Г.Гийг гэм буруугүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт гаргасан.

          Шүүхийн иргэдийн төлөөлөгч Д.Б нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох эрхийнхээ хүрээнд санал, дүгнэлт гаргасан хэдий ч түүний “...Гийг явсны дараа бэртэж, гэмтэх магадлалтай байна. Шүүгдэгч Г.Гийг гэм буруугүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан өөрөөр хэлбэл, амь хохирогчийн эхнэр Т.Бгийн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны...орой ажлаасаа 22.00-23.00 цагийн орчимд гэртээ орж ирэхэд гэр эмх замбараагүй болсон байхаар нь Ггоос “юу болсон юм” гэхэд “танай дүү Г /Гонгор/ ирсэн, ирэхдээ нэг шил 0.75л архитай ирээд тэрнээсээ задлаад 2-3 хундага архи хийж өгөөд үлдсэн архиа аваад явах гэхээр нь “архи хамт ууя, эсвэл архиа үлдээчих” гэхэд Г “чамд би архи өгөх албатай юм уу” гэж хэлээд өшиглөөд, цохисон бөгөөд дараа нь архины шилээрээ толгойны ард дагз хэсэгт нэг удаа цохиод гараад явсан” гэж ярихаар нь би “чи бас зүгээр байгаагүй байлгүй дээ” гэхэд “би ч бас зүгээр байгаагүй, би цохисон” гэж хэлсэн. ...Манай нөхөр Г амьд байхдаа надад ярихдаа “Гонгор орж ирж зодсон, толгойд архины шилээр цохисон” гэж хэлснийг би өөр хүнд хэлээгүй. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ очиход толгойны дух хэсэг, толгой, цээж, хавирганы орчимд хөхөрсөн гэмтлүүд учирсан байсан Г надад хандаж толгой руугаа заагаад “Г архины шилээр толгой руу цохисон” гээд надад зааж өгөөд харуулахад толгойны ар тал, хойд хэсэгт цус шүүрсэн, цус бага зэрэг гарсан байсан. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой Ггийн биед бүх гэмтлүүд нь учирсан. ...Эрдэнэтэд манай гэрээр орж гардаг хүн байгаагүй.” гэх мэдүүлгээр няцаагдана.

 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаад дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгч Г.Гийг “хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж гэм буруутайд тооцов.

          Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, Р.Ц нар “...шүүгдэгч Г.Гийг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт байхгүй тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрч Т.Б дөрвөн удаа мэдүүлэг өгдөг, шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтэйгээ нийт таван мэдүүлэг өгсөн байдаг, аль мэдүүлэг үнэн зөв юм бэ гэдэг нь эргэлзээтэй тул Т.Бгийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй. ...О мөрдөгчийн хурааж авсан эд мөрийн баримтууд яагаад алга болсон юм бэ, хэний цус байсан юм бэ гэдгийг тогтоогоогүй, шүүгдэгчийг эрүүдэн шүүсэн.” гэж улсын яллагчтай маргасан.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн талаар нотлох үүрэг хүлээхгүй,

          харин энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрч нь шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй боловч тэд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

          Шүүх бүрэлдэхүүн Т.Б-г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, хэргийн талаар мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн боловч гэрч нь хуульд заасан дээрх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

          Харин мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Б энэ хэргийн талаар худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн хэдий ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй, яллагдагчаар татаагүй талаарх баримт хэрэгт авагдсан байдаг.          

          Гэрч Т.Б өмнө нь хоёр удаа хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн хэдий ч 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...Г овогтой Г манай төрсөн эгч Т.Гын хүүхэд байгаа юм. Татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. Би урд нь өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, одоо болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгнө.” гээд “...2021 оны 10 дугаар сарын 06-ны...орой ажлаасаа 22.00-23.00 цагийн орчимд гэртээ орж ирэхэд гэр эмх замбараагүй болсон байхаар нь Ггоос “юу болсон юм” гэхэд “танай дүү Г /Гонгор/ ирсэн, ирэхдээ нэг шил 0.75л архитай ирээд тэрнээсээ задлаад 2-3 хундага архи хийж өгөөд үлдсэн архиа аваад явах гэхээр нь “архи хамт ууя, эсвэл архиа үлдээчих” гэхэд Г “чамд би архи өгөх албатай юм уу” гэж хэлээд өшиглөөд, цохисон бөгөөд дараа нь архины шилээрээ толгойны ард дагз хэсэгт нэг удаа цохиод гараад явсан” гэж ярихаар нь би “чи бас зүгээр байгаагүй байлгүй дээ” гэхэд “би ч бас зүгээр байгаагүй, би цохисон” гэж хэлсэн. ...Манай нөхөр Г амьд байхдаа надад ярихдаа “Гонгор орж ирж зодсон, толгойд архины шилээр цохисон” гэж хэлснийг би өөр хүнд хэлээгүй. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ очиход толгойны дух хэсэг, толгой, цээж, хавирганы орчимд хөхөрсөн гэмтлүүд учирсан байсан Г надад хандаж толгой руугаа заагаад “Г архины шилээр толгой руу цохисон” гээд надад зааж өгөөд харуулахад толгойны ар тал, хойд хэсэгт цус шүүрсэн, цус бага зэрэг гарсан байсан. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой Ггийн биед бүх гэмтлүүд нь учирсан.” гэсэн,

          2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 07.00-08.00 цагийн үед гэрээсээ гарч явсан, гарч явахдаа цуйван хийж өгөөд гарсан, тухайн үед гэр доторх зүйл эмх, цэгцтэй байсан. ...шөнө 23.00 цаг өнгөрч байх үед гэртээ ортол орон дээр хүн ноцолдсон юм шиг бүтээлэг нь үрчийсэн, хогийн сав хонхойчихсон, өлгөсөн шанага халбага, ширээн дээр байсан хоолны аяга зэрэг газар унаад эмх замбараагүй болчихсон байсан. Бас талийгаач Г ширээний дэргэд хуванцар сандал дээр согтсон шинжгүй, эрүүл шахуу сууж байсан. Энэ үед Г надад “Г манайд ирээд явсан, би байсан цуйвангаа халааж өгсөн, Г гаднаас нэг шил архитай орж ирсэн, тэр архинаасаа надад 2-3 хийж өгчихөөд архиа аваад явах гэхээр нь би “хоёулаа цуг ууя, эсвэл надад архиа үлдээчих” гэхэд Г “би таньтай архи уух албатай юм уу” гээд миний ийшээ архины шилээр цохисон” гээд гараараа толгойныхоо ар дагз хэсэг рүү зааж “эндээс цус гарч байна уу” гэж асуухаар нь би хурууныхаа өндөг хэсгээр талийгаачийн дагз хэсэгт хүрч үзэхэд бага зэрэг памбайчихсан байсан ба хурууны өндөг цус болсон. Мөн надад “Г намайг өшиглөсөн, түлхсэн, архины шилээр толгой руу цохисон” гэж хэлсэн. ...Хэсэг хугацааны дараа би Г рүү залгаж “чи ахтайгаа зодолдоо юу, чи ахыгаа зодчихсон юм уу” гэж асуутал “би юу гэж цохидог юм, зүгээр түлхчихээд архиа аваад гарсан шүү дээ” гэж хариулсан. ...Би нөхрийг минь алсан Гийг өмөөрч, нууж мэдүүлэг өгсөн болохоор маш их шаналж байсан, энэ бүхнийг үнэн зөвөөр шалгуулмаар байна. ...Нүүр хэсэгт нь зулгарсан өнгөц шархнууд байгаа тэр шархнууд дээр нь би өмнө нь тос түрхэж өгч байсан юм, 2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө талийгаач унтахдаа “толгой өвдөөд байна, хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байна” гэж хэлээд байхаар нь талийгаачийн цээжийг хартал цээж хэсэгт нь хүнтэй барьцалдаж, ноцолдсон юм шиг улайсан, бас баруун хавирга хэсэгт нь юманд нидэрсэн юм шиг улайсан, толгойн ар хэсэгт нь жижигхэн хавдаад памбайчихсан, цус шүүрч байсан.” гэсэн мэдүүлгүүдийг болон хэрэгт цуглуулсан бусад гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд зэрэг баримтуудыг үнэлж шүүгдэгч Г.Гийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Орхон аймаг Баян-Өндөр сум ************* тоотод хийсэн хэргийн газрын үзлэгийн явцад мөрдөгчийн хураан авсан гэх цагаан өнгийн гялгар уут дээрх цусыг, ягаан өнгийн дэрний уут дээрх цусыг, мөн хогийн сав, хар өнгийн гутал болон тухайн байшинд туссан цуснаас дээж болгон бинтэнд шингээж авсан цусыг тус тус хэний цус болохыг шинжээчээр тогтоолгоогүй, дүгнэлт гаргуулаагүй, эд мөрийн баримтаар тооцоогүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болгосон зөрчлүүдийг мөрдөгч, прокурор нар гаргасан байсан тул шүүх хэргийн газраас хураан авсан гэх “1”, “2”, “3”, “4”, “5” гэж дугаарласан баримтуудад,

мөн Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Э-ын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн гэх хувцаснууд энэ хэрэгт хамааралтай бол цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээрх хувцаснуудыг хураан авч тус тус шинжилгээ хийлгэн хэний цус болохыг тогтоолгож, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлэх шаардлагатай гэсэн үндэслэл зааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхийг хойшлуулсан хугацаанд Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх П.Б-ын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаартай, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Б-ийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 42/03-1163 дугаартай, Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Э-ийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 384 дугаартай албан бичгүүдийг тус тус хэрэгт хавсаргуулсан байна.

Хэдийгээр хэргийн газраас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн гялгар уутны хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн дэрний уут зэргийг эд мөрийн баримтаар тооцоогүй ч эдгээр нь 1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх талд авагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум ************* тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаж, 32-34 дэх талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүдэд бэхжүүлэгдсэн тул шүүх нотлох баримтаар үнэлсэн.

          Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.Гийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүх шүүгдэгч Г.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

          шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулна уу.” гэсэн саналуудыг харгалзан, “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, 10 /арав/ жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж  хуульчлан зохицуулсан тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Г хариуцан төлөх үүрэгтэй байна.

          Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч“гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилнэ.” гэх боловч тухайн нэхэмжлэлийн шаардлага нь  тодорхойгүй, холбогдох нотлох баримтуудаа ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нэг хоног баривчлагдсан, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 326 хоног, нийт 327 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10,  37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн цагдан хоригдсон 327 /гурван зуун хорин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Гээс 5.000.000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чад олгож,

гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

7.Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э

                                               ШҮҮГЧИД                          Ц.А

                                                                                        Г.Ж