| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0072/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 148.3., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
иргэдийн төлөөлөгч Б.Батхүү,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав (ҮД:0162),
хохирогч Б.*******, Ж.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080523 дугаар, 108/2017/0072/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, эмээ, охин, 4 дүү нарын хамт *******,******* тоотод оршин суух,
1. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/38 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт шийтгүүлсэн Б.******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Налайх дүүргийн 3 дугаар хороонд уурхай ажиллуулдаг гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Б.*******оос 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 240.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 360.000 төгрөг, Ж.*******оос 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 345.000 төгрөгийг авч бусдад нийт 1.945.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байхад “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 3 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал үлдсэн бөгөөд иргэн Л.ын уурхайд ажиллах ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 240.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 360.000 төгрөгийг иргэн Б.*******оос, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 345.000 төгрөгийг иргэн Ж.*******оос “Налайх дүүргийн 3 дугаар хороонд уурхай ажиллуулдаг” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэж бусдын нийт 1.945.000 төгрөгийг залилан мэхлэх аргаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн: “... Анх мөрдөн байцаалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр байцаалт өгч байхад дахин давтан гэмт хэрэг үйлдсэн гэж байсан. Энэ нь *******, ******* хоёроос нэг өдөр мөнгө авсан байсан. Дахин давтан гэмт хэрэг үйлсэн гэдгийг тодруулмаар байна ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын: “... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Налайхад нүүрс ачих гээд явж байгаад 57 дугаар аман дээр *******той таарсан юм. Тэгээд танилцаад “ахын дүү нүүрсний амтай байгаа юм уу” гэсэн чинь “би амтай” гэсэн. “Нүүрсний ам жаахан засвартай байгаа болохоор мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь эхнэртэйгээ ярьж байгаад 1.000.000 төгрөг өгсөн. Тэр хооронд би өөр уурхайгаас нүүрс ачуулдаг байсан. Дараа нь ******* манай эхнэрээс 360.000 төгрөг бэлнээр, 240.000 төгрөг дансаар авсан. Өвөл дуусаад цагаан сар болох гэж байхад нүүрсний уурхайд ирээд “*******г ажилладаг уу” гэж асуусан чинь “манайд ажиллах нь ажилладаг байсан, одоо ажиллахаа больсон” гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан байна гэдгээ мэдээд Налайхын цагдаад өргөдөл бичиж өгсөн. ******* надад эхлээд 500.000 төгрөг өгсөн, өнөөдөр 1.100.000 төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Оногдуулах ялаас нь хөнгөлж өгнө үү гэсэн саналтай байна ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*******ын: “... 2016 оны 11 дүгээр сард Багануураас нүүрс ачдаг байсан юм. Налайх руу ирж үзээгүй байсан. Манай найзыг ******* таньдаг байсан юм. Би “Налайх орж нүүрс үзээд ирье” гэсэн чинь манай найз *******гийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд *******той уулзахад “ам ажиллуулдаг гээд манай ах дүү нар байгаа юм, нүүрсний амандаа тог залгуулж, засвар хийх гээд мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь “ахад нь Багануураас нүүрс ачдаг эргэлтийн мөнгө л байгаа шүү дээ, үүнийгээ л эргэлдүүлдэг” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* “би танд очергүй нэг ковшноос нь 5000 төгрөгийн татуу өгнө” гэж хэлэхээр нь “ахад нь 240.000 төгрөг байна” гээд өгсөн. Маргааш нь над руу залгаад “кабель авчихвал болох гээд байна” гээд манайд ирж 100.000 төгрөг нэмж авсан. Тэрнээс хойш сураггүй болсон. Өвөл ачааны машинаа халаагаад гэрт нь 9 удаа ирсэн. Гэрт нь ирэхэд байхгүй байдаг байсан. Цагаан сарын өмнө эхнэртэйгээ хонон өнжин байж 3 ковш нүүрс авсан. Би “удаа дараа яваад зардал их гарч байна” гэхэд “наадах чинь яах вэ, бензиний зардалдаа болно, таны хохирлыг барагдуулна” гэж удаа дараа худлаа хэлсэн. Хамгийн гол нь хор нөлөөтэй нааш цааш нь их явуулсан ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Л.ын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “... Б.******* нь манай уурхайд 2012 онд шоронд орохоосоо өмнө ажиллаж байсан. Өнгөрсөн жил буюу 2015 онд суллагдаад 2015 оны 11 сараас 2016 оны 03 сар хүртэл ажиллаж байгаад гараад 2016 оны 09 сараас 10 сарын дунд хүртэл ажиллаад гарчихсан юм. Садан төрлийн холбоо байхгүй. Б.******* нь хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын*******-ны өдөр цалин 100.000 төгрөг аваад тэрнээс хойш ирээгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уурхай дээр ирчихээд “ажиллана” гэж байгаад “цагдаагаас дуудаад байна” гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгээд Б.******* нь 2016 оны 11 сарын 28-ны өглөө 08 цаг 41 минутад өөрийн дугаарын утаснаас залгаад “би очиж ажлаа хийх гэсэн чинь гуч машины жолооч буюу би 1.600.000 төгрөг авчихсан ах ирчихсэн байна, би очиж ажиллаж чадахгүй байна, та маргааш нөгөөдрөөс гуч машины жолоочид нүүрс ачаад өгөөч, тэгэх юм бол би таниас цалин авахгүйгээр ажиллая” гэж ярьсан юм. Тэгээд удалгүй 10 цаг 09 минутад өөрийн дугаарын утаснаас над руу залгаад “би тантай уулзах гэсэн юм, хаана уулзах уу” гэхээр нь “гэртээ ирчихсэн байна” гээд ирээд манай орцонд уулзахад ээж *******ын хамтаар явж байсан ба тэр хоёр “ядаж 800.000 төгрөг зээлчихээч, тэрэнд нь нүүрс ачаад явуулчихъя, тэгэхгүй бол нөгөө хүн байнга залгаад цагдаад өгнө гээд байсан” гэхээр нь “надад тэгж хүнд зээлэх мөнгө байхгүй” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Б.******* буюу Док “за тэгвэл явж зээл хөөцөлдье” гэж хэлээд яваад өгсөн юм. ... Б.******* нь гуч машины жолоочоос 1.600.000 төгрөг зээлж аваад “Хорго” буудалд ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа сурагтай байсан ба ямар ч байсан өөрийн гэр нь Налайх дүүрэг 2-р хороо Тайжийн шинэ цэцэрлэгийн ертөнцийн зүгээр урд талын ногоон өнгийн баганан тоосгоор өрчихсөн хашаа байгаа тэндээ очихгүй байгаа гэж байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Б.******* нь манай нүүрсний уурхайд 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Б.*******д өөрийнх нь эзэмшлийн уурхай байхгүй, манай уурхайд ажиллдаг юм. Б.******* нь манай уурхайгаас гадна өөрөө уурхай ухсан асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч З.ын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр нөхөр *******ын найз яриад “миний нэг таньдаг дүү уурхай ажиллуулдаг юм. Мөнгөний асуудалтай байгаа гэсэн чи нэг очоод уулзаад уурхайг нь үзээд харчих” гээд манай нөхөртэй яриад байх шиг байсан. Тэгээд бид хоёр Налайхад ирээд *******той холбогдоод гэрийг нь утсаар ярьж заалгаад очсон чинь “би та хоёрт уурхайгаа үзүүлье” гээд явсан. Тэгээд уурхай дээрээ очоод “би 2 ам ажиллуулдаг, цахилгааны холбогдолтой асуудал гарсан байгаа, маргааш гэхэд ажилд орно” гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр “маргааш ирэх үү, яах юм” гэхэд “чадвал маргааш чадахгүй бол нөгөөдөр ирж дараалалгүйгээр 1 ковшноос 5.000 төгрөг татаж өгнө, надад мөнгөний хэрэг болоод байна, маргааш юм уу нөгөөдөр ирэхэд чинь энэ машиныг чинь дүүргээд өгнө, надад одоо ямар ч асуудал байхгүй, та хоёр манай гэр, уурхайг мэдээд авлаа, мөн ахыг мэдэж байгаа” гэхээр нь итгээд 240.000 төгрөгийг аваад манай нөхөр өөрөө *******д өгсөн. Тэгээд нөгөөдөр өглөө нь ******* манай нөхөр лүү яриад “кабель авах гэсэн чинь 150.000 төгрөг дутчихлаа, кабель авчих юм бол уурхай маань ажилд орох гээд байна” гэж хэлэхээр нь нөхөр маань “150.000 төгрөг байхгүй 100.000 төгрөг байна” гэж хэлээд Хужирбуланд гарч уулзаад өгсөн юм. Тэгээд тэрнээс хойш уулзалдаагүй, утсаар ярих болгонд “за би маргааш дуудна, эсвэл өдөр дуудна” гэж дандаа худлаа ярьдаг байсан. ... *******той гэрээ байгуулаагүй ба сүүлд 100.000 төгрөг авахдаа “би 100 айл орчихоод гурвуулаа хамт Налайх оръё” гэж ярихаар нь бид хоёр машинаа асаагаад хүлээж байхад ирээгүй таг алга болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.ын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... 2016 оны 10-р сард байх над руу ******* залгаад “дүү нь уурхай ухаж байгаа нүүрсэндээ хүрчихсэн, хүний уурхайгаас тог татсан чинь тогоо таслаад хэцүү байна. Албан ёсоор тог татах гэсэн чинь мөнгө хэрэг болоод болдоггүй танд мөнгө байна уу” гэхээр нь надад мөнгө байхгүй байсан учир “мөнгө алга” гэдгээ хэлээд “манай багын найз ******* нүүрс шуудайлж зардаг байсан учир нэг хэлээд үзье, харин чи нүүрсээ хямдруулаад мөн очергүй оруулж өгөх юм уу” гэхэд “болно” гэсэн. Тэгээд *******од “манай дүү уурхай нээж байгаа юм байна чи нүүрс авбал би очергүй оруулж өгүүлээд мөн хямдруулж нүүрсийг нь авч өгье” гэхэд зөвшөөрөхөөр нь би *******д *******ын дугаарыг өгсөн. Тэрнээс хойш холбоо бариагүй мөнгө төгрөгөө өгч авалцсан талаар нь огт мэдэхгүй. Тэгтэл 2016 оны 11 сарын сүүлээр байх ******* над руу залгаад “нөгөө ******* чинь алга болчихлоо, 2 хоногийн дараа ирээд ачаарай гэж хэлсэн ба утас руу нь залгахад холбогдохгүй, уурхай дээр нь очсон чинь ажилдаа ирэхгүй байгаа гэж байна” гэхээр нь *******той хамт *******гийн гэрт ирэхэд ээж нь болох ******* байсан ба “*******г гэртээ ерөөсөө ирэхгүй байгаа” гэж хэлэхээр нь ээжийнх нь утсаар ******* луу залгуулахад утсаа авахаар нь би утсыг нь аваад “ ах нь байна” гэхэд шууд утсаа унтраагаад алга болсон. Тэрнээс хойш огт холбоо бариагүй. *******той ямар ч байсан утсаар яриад “маргааш хүрээд ир, нөгөөдөр хүрээд ир” гээд ирэхээр өөрөө байхгүй тэгээд л буцдаг байсан гэсэн. ... ******* нь 2016 оны 07 дугаар сард над руу залгаад “дүү нь 9 га газар ногоо тарьж байгаа” гэж нэг ярьсан, 2016 оны 09 дүгээр сард байх “самранд яваад ирлээ, тонн самар авах хүн байна уу” гэж асууж байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сард над руу ярихдаа “өөрөө хувиараа нүүрсний ам ухаж байгаа” гэж хэлж байсан ба дахиад ярихдаа “нүүрсэндээ орж байна, тогоо албан ёсоор авмаар байна мөнгө байна уу” гэж асуухаар нь би *******ыг нүүрс авдаг болохоор нь аль алинд нь хэрэгтэй юм байна гэж бодоод *******д *******ын дугаарыг өгсөн юм. Өөр бусад асуудлыг би мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.*******ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... Б.******* нь уурхай ажиллуулдаггүй ээ. гэх хүний уурхайд ажилладаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Б.*******гийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... 2016 оны хавар 04 сарын үед байх намайг эгчийн уурхайд ажиллаж байхад ******* нь ирж нүүрс ачдаг байсан ба би тэгэхэд танилцаж байсан юм, удалгүй уурхай зогссон. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 20-ноос шинээр ам Налайх дүүргийн 3-р хороо 57-р углонд ухаж эхэлсэн ба би бас тэнд нь ажилласан. Тэгээд манайхыг шороо ухаж байхад ******* нүүрс ачихаар явж байхдаа “нүүрсэндээ орж байна уу, орохоор чинь танайхаас нүүрс ачмаар байна” гэдэг байсан ба би утасны дугаарыг нь тэмдэглэж авсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөнгөний хэрэг болоод юунд хэрэглэх гэж байснаа санахгүй байна ******* руу залгаад “танд мөнгө байна уу, манай уурхай нүүрсэндээ орохоор нүүрс ачуулъя” гэхэд “чи хаана байна” гэхээр нь би “Налайхад байна, танд боломж байвал би яваад очъё” гэхэд “хүрээд ир” гэсэн. Тэгээд би шууд Улаанбаатар хот цайз захын хажууд утсаар нь холбоо барьж яваад 14 цагийн үед уулзсан ба ******* ах түүний эхнэр нэрийг нь санахгүй байна уулзалдаад “надад мөнгөний хэрэг гараад байна, уурхайд молдок тросс авах хэрэгтэй байна, мөнгөний боломж байна уу 800.000 төгрөг хэрэгтэй байна, нүүрсэндээ орохоор нүүрс ачуулъя” гэхэд зөвшөөрөөд ******* ах “1.000.000 төгрөг өгье” гэхээр нь зөвшөөрөөд эхнэртэй нь “нүүрсэндээ орохоор ковш тутмаас 5.000 төгрөг татуу болон очер дараалалгүй ачуулж байна” гэсэн гэрээ бичгийн цаасан дээр бичээд гарын үсэгнүүдээ зураад бэлнээр 1.000.000 төгрөг аваад буцаад явж байтал манай найз Балсандорж над руу залгаад “уулзах уу” гэхээр нь зөвшөөрөөд Налайхад ирээд бид 2 “Тайхар” бааранд ороход надтай хамт уурхайд ажилладаг хүмүүс байсан ба архи авч уугаад дараа нь дахиад “Бизон” бааранд ороод ажлынханыгаа дайлаад мөнгөө дуусгасан. Тэгээд маргаашнаас нь эхлээд уурхай нүүрсэндээ ороогүй байсан учир очиж шороогоо ухсан ба 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр болоод мөнгөгүй байсан болохоор ахиад ******* ахын эхнэр лүү залгаад “дүүгийнх нь төрсөн өдөр болж байгаа юм аа, та мөнгө байвал өгөөч дүү нь удахгүй нүүрсэндээ орохоор нүүрс ачуулаад болох байх” гэж хэлэхэд “240.000 төгрөг байна” гэхээр нь “данс руу шилжүүлчих” гэж хэлээд бэр дүү Цэлмэгийн одоо бас сайн санахгүй байна 5720965805 дугаарын дансыг өгөөд 240.000 төгрөг шилжүүлүүлж аваад төрсөн өдрөө тэмдэглээд “Баян-Налайх” караокед ороод ажлынханыгаа дуудаад наргиад дуусгасан. Тэгээд маргааш нь ажил дээрээ очтол 10 цагийн үед манай найз Балсанжаргал над руу залгаад “Улаанбаатар хотод байна хүрээд ирээч” гэхээр нь зөвшөөрөөд Улаанбаатар хот руу явсан ба мөнгөгүй байсан учир замаараа цайз зах дээр ******* ахын эхнэр дээр очоод “одоо удахгүй нүүрсэндээ орлоо дүүдээ мөнгө байвал өгөөч” гэхэд “360.000 төгрөг байна, өмнөх мөнгөнүүдтэйгээ нийлээд 1.600.000 төгрөг болж байна шүү” гээд өгөхөөр нь тэрийг нь аваад Балсандоржийнд очоод орой нь Сансарт бааранд ороод наргиад мөнгөө дуусгасан. Тэгээд тэрнээс хойш ажилдаа очихгүй гэртээ байж байтал ******* гэж хүн над руу залгаад “ ахаас дугаарыг чинь авлаа чамтай уулзмаар байна, очергүй нүүрс ачиж баймаар байна би Налайхад байна уулзах боломж байна уу” гэхээр нь би гэрээ зааж өгөхөд удахгүй хүрээд ирэхээр нь би “манай уурхай шороондоо явж байгаа удахгүй нүүрс гарч эхлэх байх, тэгэхээр ирээд ачаарай” гэхэд “ чамайг мөнгө хайгаад байгаа гэсэн ахад нь байгаа нь 340.000 төгрөг байна” гээд Хаан банкин дээр очоод АТМ машинаас мөнгө авч өгөхөөр нь бэлнээр тоолж аваад ******* ах яваад би “Буян-Налайх” худалдааны төв дээр бууж үлдээд Сим картаа сэргээлгээд урьд нь дүүгийнхээ утсыг ломбарданд 130.000 төгрөгөөр тавьсан байсныг авч өгөөд үлдэгдэл мөнгөө бага багаар идэж уух юмандаа зарцуулагдаад дууссан. Би *******, ******* нарт өөрийнхөө ажилладаг эгчийн нүүрсний уурхайгаас нүүрс ачуулна гэж ярьсан. Би нүүрсний уурхай ажиллуулдаггүй, харин эгчийн уурхайд ажилладаг. Би *******, ******* нарт эгчтэй хамтарч ажиллуулдаг гэж хэлсэн. Гэхдээ тай хамтарч ууурхай ажиллуулдаг асуудал байхгүй. Би *******од өөрийнхөө ажилладаг эгчийн нүүрсний амыг үзүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр тал/,
Б.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 73-77, 79-80, 108-111 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.*******од төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.******* нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,
шүүгдэгч Б.*******гоос 345.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.*******од олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.*******д урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэгт 2 удаа шийтгүүлж хорих ял эдэлж байсан, ялтай байх хугацаандаа гэмт хэрэг давтан үйлдсэн, Б.*******од учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299,*******1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******г урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******ын *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5.000 (таван мянга) төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 (тав) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гоос 345.000 (гурван зуун дөчин таван мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Ж.*******од олгосугай.
5. Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Б.*******гоос гаргаж өгсөн 5.000 төгрөгийг хураан авсан тухай” тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.*******од төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.******* нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД Д.ЛУВСАНДОРЖ
Д.ЧИНЗОРИГ