| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/122 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/122
2025 03 12 2025/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 252500000***** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,
Б овогт Д-ийн А /РД; ***********/,
2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Д.А нь;
2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн орчим 1.30 хувийн согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрт **-**ОРН улсын дугаартай “Honda Insight” /Хонда Инсайт/ загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Д.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
гэрч Т.У-ын “...2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Уусан үедээ бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Орхон аймаг багийн “Эрдэнэт” хүнсний дэлгүүрийн голын зам дээр цагдаа, ахлагч О.М-ы хамт тээврийн хэрэгсэл зогсоож шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 21.30 цагийн орчим **-** ОРН улсын дугаартай цагаан өнгийн “Honda Insight” загварын тээврийн хэрэгслийг зогсоон жолоочоор нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгадаг тандагч багаж үлээлгэхэд тухайн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь согтуурлын зэрэг хэмжих багаж үлээлгэхэд согтолтын зэрэг нь 1.30 хувьтай байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг тээврийн хэрэгслээс нь буулгаж регистрээр нь шалгахад жолоодох эрхээ хасуулсан байсан.” гэх /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
гэрч Ц.О-ын “...2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр манай ажлын залуу А эхнэр О-ийн хамт манай гэрт 19.00 цагийн орчимд бууз хийхээр ирсэн. Би эхнэртэйгээ хамт гэртээ байсан бид дөрөв бууз хийж 2л айраг болон 2.5л хэмжээтэй пиво хувааж ууцгаасан. Тэгээд 21.00 цагийн орчимд бууз өрөх гампанз хэрэг болоод А гэр лүүгээ гампанз авахаар машинаа жолоодоод явсан. Удалгүй А эхнэр лүүгээ залгаад “цагдаа таараад согтолтын зэрэг шалгаад машин аччихлаа” гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
гэрч Д.О-ийн “...2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр манай нөхөр А бид хоёр хамт ажилладаг найз Батгэрэлийн Яргуйт багт байдаг гэрт очиж бууз хийцгээсэн. Бид нар буузаа хийнгээ ойр зуурын юм ярьж, 2.5л “Сэнгүр” пиво нэг ширхэг, 2л айраг хамт хувааж ууцгаасан. Бид нарт бууз өрөх гампанз хэрэг болоод А “гэрээс очоод аваад ирье” гээд өөрийнхөө **-**ОРН улсын дугаартай “Honda Insight” загварын тээврийн хэрэгслийг жолоодоод гарсан, удалгүй 20.00 цагийн орчим над руу залгаад “цагдаа таараад машинаа ачуулчихлаа” гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Д.А-ийн яллагдагчаар өгсөн “…өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ харамсаж байна. ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлгүүд,
Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын ашиглах зөвшөөрөлтэй “Alcotest7510” загварын амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар жолооч Д.А-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, мөн түүний согтолтын зэргийг нь шалгахад 1.30%-ийн согтолттой байсныг тогтоосон эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/711 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,
Цагдаагийн албан хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан болон тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан шүүхийн шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э