| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0152/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/178 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/178
2025 04 09 2025/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Эдаргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У,
улсын яллагч Т.Д,
өсвөр насны шүүгдэгч Б.Т, хууль ёсны төлөөлөгч Б.Э, тэдний өмгөөлөгч А.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн 25250000******** дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
М овогт Б-ын Т /РД; *********/,
2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, өсвөр насны шүүгдэгч Б.Т нь;
2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 0.96 хувийн согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт “Lexus RX450” /Лексус RX450/ загварын **-**УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүхийн хэлэлцүүлэгт;
өсвөр насны шүүгдэгч Б.Т “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э“…хүү Б.Тд 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
өсвөр насны шүүгдэгч Б.Т дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
насанд хүрээгүй гэрч Х.О-ын “...Б.Т машинаа жолоодоод “Таван-Эрдэнэ” зах руу явдаг зам руу эргээд явж байсан чинь өөдөөс ирж байсан машины гэрэл гялбаад байхаар нь “гэрлээ шилжүүлээч” гэсэн, Т гэрлээ шилжүүлсэн чинь өөдөөс ирж байсан машин нь гэрлээ шилжүүлэхгүй байсан, тэр үед миний юм суудлын доогуур уначихаар нь доошоо тонгойгоод авах гэж байсан чинь Т огцом тормослохоор нь өндийсөн чинь урд байсан шороог мөргөөд хажуу тийшээ онхолдсон.” гэх /хавтаст хэргийн 27 дахь тал/,
гэрч Д.О-ийн “...Б.Т миний төрсөн охин Э-ын төрсөн хүү байгаа юм, би 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 16.00 цагийн үед Улаанбаатар хотоос “Lexus RX450” загварын **-**УБР улсын дугаартай машинтайгаа ирээд машинаа байрны гаднах зогсоол дээр тавиад, машиныхаа түлхүүрийг үүдэндээ өлгөсөн. ...унтаад байж байсан чинь 20.00-21.00 цагийн үед охин Э над руу залгаад “Б.Т машин жолоодож яваад осолд орсон байна” гэхээр нь эмнэлэгт очиход манай ач их айсан, шоконд орсон байдалтай, найз Оргилтойгоо цуг явсан байсан, найз нь дух хэсэгтээ лент наачихсан байсан. ...Б.Т-ий жолоодож явсан “Lexus RX450” загварын **-**УБР улсын дугаартай автомашин нь Т-ий ээж Э-ын автомашин байгаа юм, намайг “унаж бай” гээд би унаж байсан, миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх /хавтаст хэргийн 32 дахь тал/,
гэрч Д.Л-ын “...2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр олон нийтийн цагдаа Б.Д-ын хамт Орхон аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн хоногийн ээлжид үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 20.00 цагийн үед цагдаагийн газрын жижүүрээс “Баянцагаан багийн “Таван Эрдэнэ” зах руу явахад байдаг гүүрний хажууд автомашин онхолдсон байдалтай байна” гэх дуудлага ирүүлсний дагуу очиход “Lexus RX450” загварын хар өнгийн автомашин дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай, их эвдрэл гэмтэлтэй, жолоочийн хажууд сууж явсан Х.О гэх залуу машинаас гараад ирсэн зогсож байсан, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т гэх залууг хүмүүс машинаас гаргаж байсан. Тухайн онхолдсон тээврийн хэрэгсэл дотор Х.Оргил, Б.Т нар цуг явсан гэж байсан, Б.Тээс юу болсон талаар асуухад “пиво уучихаад эмээгийнхээ машиныг жолоодоод найз Х.О-ыг аваад урагшаа хиймэл уулын тийшээ явж байсан” гэж ярьж байсан, Б.Т-ийг драгер багаж үлээлгэж шалгахад 0.96% согтолттой байсан. ...Б.Т нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан.” гэх /хавтаст хэргийн 36 дахь тал/ мэдүүлгүүд,
“Б.Т нь 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт “Lexus RX450” загварын **-**УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 0.96%-ийн согтолттой жолоодсон” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 21.30 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Б.Т-ий согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 0.96%-ийн согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11, 12-19 дэх тал/,
Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч а/ч Б.Л-ын “...Цагдаагийн газрын жижүүрээс Баянцагаан баг “Таван-Эрдэнэ” зах руу явахад байдаг гүүрний хажууд автомашин онхолдсон байдалтай байна.” гэх дуудлага ирүүлсний дагуу очиход “Lexus RX450” загварын хар өнгийн атомашины дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай, их эвдрэл гэмтэлтэй, жолоочийн хажууд сууж явсан Х.О гэх залуу машинаас гараад ирсэн зогсож байсан. Б.Т гэх залууг хүмүүс машинаас гаргаж байсан. Тухайн онхолдсон тээврийн хэрэгсэл дотор Х.Оргил, Б.Т нар цуг явсан гэж байсан. Тэгээд жолоодож явсан гэх Б.Тээс юу болсон талаар асуухад “пиво уучихаад эмээгийнхээ машиныг жолоодоод найз Х.О-ыг аваад урагшаа хиймэл уулын тийшээ явж байсан.” гэсэн. Жолоо барьж явсан Б.Т-ийг драгер багажаар үлээлгэхэд 0.96%-ийн согтолттой байсан.” гэсэн илтгэх хуудас /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/1804 дугаартай; “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар зөрчилд холбогдогч М овогт Б-ын Т-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэсэн шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Э нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Өсвөр насны хүнд оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын зорилго нь;
өсвөр насны хүнд үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, хөдөлмөрлөх дадал, туршлага эзэмшүүлэх, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх замаар дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд орших бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтоох нь насанд хүрсэн хүнд оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанаас хоёр дахин бага байна.
Прокурорын санал болгож, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүлээн зөвшөөрсөн,
тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар тогтоож,
нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч М овогт Б-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-ий тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар тогтоож,
мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар өсвөр насны шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхийг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Өсвөр насны шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э