Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

2025      03        20                                            2025/ШЦТ/145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Э.Г

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-т холбогдох эрүүгийн 2525000000070 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х овгийн Ц-ийн А,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.А нь 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор-Эрдэнэ зочид буудлын 306 тоот өрөөнд А.Б-тэй хэрүүл маргаан үүсгэж зодолдох явцдаа эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, доод уруулд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ө.Б-н “2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагт ирээд шинэ жилийн үйл ажиллагаанд оролцоод орой нь нэлээн согтуу байдалтай У , А, А-ийн эхнэр нартай буудлын өрөөнд хамт баяр ёслол сайхан боллоо шүү гэж ярилцаж байгаад яг ямар үйлдлээс болж маргалдсанаа санахгүй байгаа юм. А бид хоёр зууралдаж зодолдоод У  та нар больцгоо ямар муухай юм бэ гээд уурлаад байсныг санаж байна. Тэгээд би буудалдаа хоносон байсан. Маргааш өглөө нь У , А нар эхнэр эгчийн хамт ирээд эрүү хугарсан байна гэж хэлсэн. Ат эмчилгээний зардалд нийт 4,500,000 төгрөг өгсөн. Миний нүүр шүд бас өвчин орж хөндүүрлэж хавдаад шүд хөдөлсөн байж байгаад унасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23-р тал/

2. Гэрч С.А-н “Манай нөхөр болох А нь Ви А ХХК-д борлуулалтын түгээгчээр ажилладаг юм. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай нөхрийн ажлын шинэ жил Молор-Эрдэнэ зочид буудлын ресторанд 20 цагийн орчимд эхлэээд 00 болж байхад дууссан юм. Би тухайн шинэ жилд нөхрийнхөө хамтаар оролцсон. Шинэ жил дуусаад гэртээ харьцгаах нь хариад манай нөхөр ажлынхаа нэг согтсон эгчийг гэрт хүргэж өгөөд буцаад ирсэн. Тэгээд гэртээ харьцгаах гэтэл манай нөхрийн ажлын У  гэх эгч залгаад “та хоёр хайччихваа, явах гээд байгаа юм уу, буудлын өрөөнд байна ороод ир” гэхээр нь нөхөр бид хоёр ороод уулзаад гаръя гэж бодоод ортол хоёр ортой буудлын өрөө байсан. У  эгчийн найз эмэгтэй нэг орон дээр согтоод тасраад унтсан, нөгөө орон дээр нь Б  гэх ахтай Улаанбаатараас ирсэн ах бас согтуу унтаж байсан. Ширээний хоёр талын сандал дээр У  эгч бас нэг найзтайгаа юм яриад архи уугаад сууж байсан. Тэгээд манай нөхөр бид дөрөв юм яриад суусан. Би огт архи дарс уугаагүй эрүүл байсан. Удалгүй У  эгчтэй юм яриад сууж байсан С  гэх эгч гэртээ харих гээд хувцасаа өмсөөд гарч яваад нөхөр бид хоёр араас нь хувцсаа аваад гарах гэтэл өөдөөс Б  гэх ах орж ирээд манай нөхрийг ахын дүү явах гэж байгаа юм уу гэсэн. Тэр үед нь У  эгч хувцасаа тайлаад найзынхаа хажуугаар орж унтах гэж байтал Б  гэх ах “та хоёр хурдан яв, эртхэн явж амар” гээд байсан чинь манай нөхөр Б  гэх ахад хандаж “та өөрийнхөө өрөөнд орж амарчих, энд хоёр эмэгтэй хүн унтах гэж байна шүү дээ” гэтэл “би наад хөгшин хоёр алыг чинь тоож шаалаа юу, энэ хоёрыг чинь би тоохгүй” гэж манай нөхөр рүү дайраад байхаар нь би “та ахаа эмэгтэй хүмүүсийг ямар муухай хэлдэг юм бэ” гэж уурлатал намайг “тураач авгай минь, эмээ минь тураач” гэж дайраад салаавч гаргаад, дунд хуруугаа гаргаад манай нөхрийн ам руу салаавч хийгээд байтал манай нөхөр зөндөө тэвчиж байгаад уурлаад тэр хоёр хоорондоо заамдалцаад барилцаад авсан. Тэгсэн чинь У  эгч босож ирээд “та хоёр чинь юу болов оо” гээд салгах гэтэл манай нөхөр, Б  хоёр салахгүй хоорондоо нүүр нүүр рүүгээ цохилцож эхлээд хоорондоо зодолдож байхад Б гийн амнаас нь цус гараад удалгүй салаад би нөхрөө аваад явлаа гээд нөхөр бид хоёр гарах гэж байтал яг хаалган дээр Б  гэх ах манай нөхрийн араас мэдээгүй байхад нь нүүр лүү нь нэг удаа цохиж унагаад манай нөхөр газар унаад амнаас нь маш их цус гарч тогтохгүй ухаан алдаад босохгүй болохоор нь би дүүгээ утсаар дуудаад БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж рентген зураг даруулахад эрүү нь хугарсан байна гээд хагалгаанд орохоор болсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р тал/

3. Гэрч Д.У ийн “би орондоо хэвтэж байхад А, А  хоёрыг өрөөнөөс гарах гэж байхад Б  өрөө рүү орж ирсэн ба А , Б г та энэ өрөөнөөс гарчих хоёр эмэгтэй унтах гэж байна гэж хэлэхэд Б  би наад хоёр эмэгтэйг чинь яавал гэж дээ гэж хэлээд А  Б  хоёр маргалдаад А ыг Б  эгчээ, хөшгин авгай гэх мэтээр хэлээд байхаар би орон дээр хэвтэж гэж байгаад босож ирээд А А  хоёрыг явъя гэж хэлэхэд миний үгэнд орохгүй А Б гээс эхнэрээ өмөөрөөд маргалдаад байсан. Тэгтэл А Б г цохиход Б  газар унахад А өшиглөөд байх шиг байсан. Тэгээд Б  газраас босож ирээд орон дээр суугаад өөрийнхөө нүүр амыг барьж үзээд та нар яаж байгаа юм гэж уурлаад гомдлоод чиний буруу миний буруу гэж ярилцаж байгаад би А, А  хоёрыг өрөөнөөс аваад гарах гэж байхад ард явж байсан А гэнэт л газар унахаар би А-г  яачихваа гэж өндийлгөхөд нүүр ам нь хөдлөхгүй болохоор нь нүүрийг илэхэд нүд нь хөдлөхөөр нь би А ын хамт Аийг босгож аваад өрөөнөөс гарсан. Тухайн үед А-ийн эрүү хугарсан байдал мэдэгдээгүй, хэсэг хугацааны дараа А  над руу залгаад А харьж явахад орилж хашгираад өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт очиж үзүүлээд өвчин намдаах хийлгээд гэртээ ирээд унтаж байна гэж хэлсэн. Тэгээд өглөө 11 цагийн орчим А , А хоёр манай гэрт орж ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь Аийн эрүү хугарсан байна хагалгаанд орох юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-р тал/

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 173 дугаартай “Ө.Б-н биед 1 шүдний булгарал, доод уруулд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх 1 шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх 1 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 32-33-р тал/

5. Яллагдагч Ц.Аийн “12 сарын 30-ны шөнө шинэ жил дууссаны дараа нөгөө Молор-Эрдэнэ зочид буудлын өрөөнд хотоос ирсэн С  гээд хуучин одоо манай ажлын хотоос бараа эөөдөг жолооч байсан С , Б , буудлын ерөөнд У  гээд ажлын эгч маань дуудсан намайг одоо гэрлүүгээ харих гэж байхад энэ манай дүүг оруулж ир гээд манай эхнэр лүү хүртэл залгаад манай дүүг оруулж ир гэж давтан дуудсаар байгаад тэгээд тэр өрөөнд орохоор болсон. Тэгээд өрөөнд орсон чинь У  эгч байсан найз нь болох Ж  гээд эгч бол цаана тасраад буулын хоёр ортой өрөөний нэг орон дээр нь унтсан. Хотоос ирсэн хоёр жолоочийн нэг болох С  гэж ах нөгөө орон дээр унтаж байсан. Манай эхнэр А  бид хоёр орсон ороод бид дөрөв хоорондоо юм яриад одоо шинэ жилийн талаарх юмнууд яриад хуучин ажил төрлийнхөө талаар яриад сууцгааж байгаад А  бид хоёр С  гэж ах одоо бас ингээд унтаад өгсөн, ерөөсөө огт архи дарс бол нэмж уугаагүй тэгээд У  эгчийг унтуулах гээд ор луу нь дөхүүлээд өөрөө ч гэсэн амарлаа гээд тэгээд А  манай эхнэр бид хоёр гараад явах гэж байтал яг хаалгаар өөдөөс хотоос тэр ирсэн Б  гээд ах хүү орж ирсэн орж ирээд ах хүүг ороод ирэхээр нь шинэ жил сайхан боллоо ах ийшээ суу муу гээд ах хүүтэй нэг хоёр хундага татчих санаатай байсан чинь ах хүү дүү яасан явах гэж байгаа юм уу гэсэн тэгээд би явах гэж байна аа тэгээд та ч гэсэн сайхан амрахгүй юу даа гээд тэгсэн чинь за за дүү яв яв гэхээр нь угаасаа манай ажлын нөгөө У  эгч яг тэр хүнийг харж байхад ерөнхийдөө бол нүцгэлээд орондоо орчихсон тэгээд яг тэр хүнийг нүцгэлж байхад Б  ах хараад байсан байхгүй юу тэгээд хараад байсан болохоор нь за ах та өрөөндөө ороод амарчихгүй юу даа гэсэн чинь чи зүгээр яваач гээд тэгэхээр нь үгүй ээ би одоо энэ У  гээд ажлынхаа эгчийг тэгээд манай ажлын эгчийн тэр найз Ж  хоёр хоёулаа ингээд нүцгэн орондоо байна аа тийм болохоор та ингээд өрөөндөө ороод амарчихгүй юу даа ах гэж хэлсэн. Тэгсэн чинь үгүй үгүй би энэ өрөөнд ингээд манай найз ч гэсэн амарч байгаа би гарахгүй марахгүй гээд янз янзын юм яриад гарахгүй байсан л даа тэгээд гарах дургүй байсан би болохоор ажлынхаа тэр хоёр эмэгтэй хүн рүү ойртуулахгүй гэсэн санаагаар угаасаа хараад байсан болохоор нь үгүй ээ үгүй ах аа та энэ өрөөнөөс гар аа ийм хоёрын хоёр эмэггэй хүн байхад би одоо ингэж таныг үлдээж чадахгүй ээ та зүгээр энэ өрөөндөө ороод амарчих аа гэсэн чинь тэр хоёр эмэгтэйг харааж эхэлсэн яасан чиний энэ хоёр хөгшин пизда гичий алыг чинь би одоо шаана гэж бодсон уу гээд хараагаад эхэлсэн тэгсэн чинь манай эхнэр босож ирээд та одоо эмэгтэй хүнийг болиоч ээ гэсэн чинь манай эхнэрийг хүртэл хөгшин авгай минь зайл майл ёстой чи бол нэг хачин хөгшин пизда байна майна гэж бас манай эхнэр лүү хараалын үг урсгаж дайрч байхад У  гэдэг хүн босож ирсэн чи намайг яагаад ингээд хараасан ерөөсөн гээд Б  гэдэг хүн рүү бас дайрсан би чиний нүдэнд янхан харагдаж шиг байна уу, гичий харагдаж байна уу гээд л тэр хүнд гомдоод байсан. Ер нь бол цохиод байсан. Тэгээд би бас тэгээд яг манай эхнэр бас У  эгчийг боль гээд тэр хоёрыг бас болиулаад манай эхнэр У  эгч хоёрлуу бол угаасаа нөгөө Б  гэдэг хүн бол маш муухайгаар хараагаад л дайрсаар хэвээрээ л байсан тэгээд би босоод яг болиулах гэхээр намайг У  эгч чи байж бай иймэрхүү юмнуүдтай орооцолдоод хэрэггүй зодоон нүдээний асуудал үүсэж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би бараг гуч дөчин минут яг тиймэрхүү байдлыг харж суусан өр нь бол тэгээд тэр харж сууж байх явцад миний ам руу салаавч хийсэн манай эхнэрийн ам руу салаавч хийсэн. Б  гэдэг хүн дээр очиж чи одоо яагаад байгаа юм гээд шууд очоод заамдалцаж харилцан цохилцоход манай эхнэр болон У  эгч нар дундуур орж ирж салгасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56-р тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор-Эрдэнэ зочид буудлын 306 тоот өрөөнд А.Б-тэй хэрүүл маргаан үүсгэж зодолдох явцдаа эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, доод уруулд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ө.Б-н “Миний нүүр шүд бас өвчин орж хөндүүрлэж хавдаад шүд хөдөлсөн байж байгаад унасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч С.А-н “манай нөхөр, Б  хоёр салахгүй хоорондоо нүүр нүүр рүүгээ цохилцож эхлээд хоорондоо зодолдож байхад Б гийн амнаас нь цус гараад удалгүй салаад би нөхрөө аваад явлаа гээд нөхөр бид хоёр гарах гэж байтал яг хаалган дээр Б  гэх ах манай нөхрийн араас мэдээгүй байхад нь нүүр лүү нь нэг удаа цохиж унагаад манай нөхөр газар унаад амнаас нь маш их цус гарч тогтохгүй ухаан алдаад босохгүй болохоор нь би дүүгээ утсаар дуудаад БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж рентген зураг даруулахад эрүү нь хугарсан байна гээд хагалгаанд орохоор болсон” гэх мэдүүлэг, гэрч Д.У ийн “А Б г цохиход Б  газар унахад А өшиглөөд байх шиг байсан. Тэгээд Б  газраас босож ирээд орон дээр суугаад өөрийнхөө нүүр амыг барьж үзээд та нар яаж байгаа юм гэж уурлаад гомдлоод чиний буруу миний буруу гэж ярилцаж байгаад би А, А  хоёрыг өрөөнөөс аваад гарах гэж байхад ард явж байсан А гэнэт л газар унахаар би А-г  яачихваа гэж өндийлгөхөд нүүр ам нь хөдлөхгүй болохоор нь нүүрийг илэхэд нүд нь хөдлөхөөр нь би А ын хамт Аийг босгож аваад өрөөнөөс гарсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 173 дугаартай дүгнэлт, яллагдагч Ц.Аийн “миний ам руу салаавч хийсэн манай эхнэрийн ам руу салаавч хийсэн. Б  гэдэг хүн дээр очиж чи одоо яагаад байгаа юм гээд шууд очоод заамдалцаж харилцан цохилцоход манай эхнэр болон У  эгч нар дундуур орж ирж салгасан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.А нь 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор-Эрдэнэ зочид буудлын 306 тоот өрөөнд А.Б-тэй маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд 1 шүдний булгарал, доод уруулд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.А нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Б-н эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, доод уруулд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдснийг” ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Ц-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Ц.А-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А