| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0125/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/151 |
| Огноо | 2025-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/151
2025 03 21 2024/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Д-д холбогдох эрүүгийн 2525000000112 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Х овгийн М-ын Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.Д нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн гадна машины урдуур шахаж зогслоо гэх шалтгаанаар П.О-тэй маргалдаж, нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь доод урууланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрнө” гэв.
Хохирогч П.О “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч П.О-ий “2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн-Эрдэнэ худалдааны төвийн автомашины зогсоол руу эхнэрийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсоол руу орох гээд үл таних залуугийн хажуугаар тээврийн хэрэгсэлтэй өнгөрөх гэтэл нөгөө залуу машиныхаа цонхоор намайг дуудахаар нь би яасан юм бэ гэж асуусан чинь чи хөөе түр зогсож байгаач наад урдаас чинь машин гарж ирж байна шүү дээ гэхээр нь би замын голд яаж зогсоод байгаа юм бэ гэж хэлээд би машинтай урдуур нь гараад зогсоол хэсэг рүү орох гээд зогсож байтал нөгөө залуу над руу алхаад хүрж ирэхээр нь би машины цонхоо онгойлгоод яасан гэж асуусан чинь чи миний дошин дээр байгаа шүү лалар минь гэхээр нь би машинаасаа буугаад яасан гэнээ чи муу гэсэн чинь намайг учир зүггүй заамдаад авахаар нь би зөрүүлээд газар унагачихсан. Тэгээд би салдаг юм билүү гээд нөгөө залууг газар унагачихсан байхад намайг толгойн зүүн тал хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн залууг дээрээс нь нүүрэн тус газар нь шанаа хэсэгт 2 удаа цохисон. Тэгсэн гэнэт нэг хөл орж ирээд миний нүүрэн тус газар өшиглөсөн. Тухайн үед миний нүд балартаад байхаар нь би нүүрээ дараад доошоо харсан байхад миний дээрээс нуруу хавьцаа цохиод байсан. Тэгээд би гэнэт ухаан ороод хоёр хөл байхаар нь барьж аваад унагах гэсэн тэр хажуугаар явж байгаа хүмүүс хүүе ахын дүү би чамайг салгах гэж байна гэж хэлээд бид хоёрыг тэр Есөн-Эрдэнэ захын хажуугаар явж байсан хүмүүс салгасан. Миний сэтгэцэд хохирол учраагүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10-р тал/
2. Сэжигтэн М.Д-н “Би 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим ажлын газар болох Есөн-Эрдэнэ худалдааны төв дээр ажилаа хийж байхад манай ажлын газрын урд талын автомашины зогсоол дээрээс нэг эмэгтэй жолооч эргэлт хийгээд гарах гээд би урд талд нь зогсож байхад миний ард зогсож байсан автомашины жолооч миний хажуу талаар гарах гэтэл би машин дотороос цонхоо онгойлгоод нөгөө жолоочид хандаж наад урд талын машины жллооч эргэлт хийгээд гарах гэж байна шдэ гэж хэлсэн чинь О гэх залуу та нар анхнаасаа наад машин тэрэгээ яаж байрлуулаад байгаа юм гээд машин дотроосоо цонхоор орилоод байхаар нь би тухайн залууд наад машин чинь ингээд эргэлт хийгээд гарчихсан шдэ чи ингээд орчих юм бол түгжрэл үүснэ шүү дээ гэж хэлсэн чинь намайг тухайн залуу чи тэгээд яах гээд байгаа юм гээд над руу орилж хашиграад байхаар би хэсэг чимээгүй болчихсон юм тэгсэн чинь тэр залуу миний урдуур машинаараа ороод түгжирч байгаад машинаа нэг зогсоол дээр очиж тавьж байрлуулчихсан тэгээд би бас машинаа зогсоол дээр тавьчихаад нөгөө залуу дээр очоод чи хөгшин миний дошин дээр байгаа шүү наад харилцаан дээрээ анхааруул яадаг юм соёлтой байгаач гэж хэлсэн нөгөө залуу машинаасаа чи тэгээд яах гээд байгаа юм гэж над руу орилж хашхираж бууж ирэнгүйтээ шууд намайг хоолойноос заамдаж аваад зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохичихоор нь би адилхан уруул хэсэгт нь 1 удаа цохисон чинь нөгөө залуу намайг газар хавсарч унагаад миний толгой хэсэгт 1 удаа цохисон дахиад зодолдох гээд байхаар нь манай ах тэр хавьд байсан болохоор биед хоёрыг салгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/
3. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13- ны өдрийн 315 дугаартай “П.О-н биед доод урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 25-26-р тал/
4. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар. /хх-ийн 45-61-р тал/
5. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-67-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Д нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн гадаа 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим П.Од-Эрдэнэтэй машины урдуур шахаж зогслоо гэх шалтгааны улмаас маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь доод урууланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.О-н “Тэгээд би салдаг юм билүү гээд нөгөө залууг газар унагачихсан байхад намайг толгойн зүүн тал хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн залууг дээрээс нь нүүрэн тус газар нь шанаа хэсэгт 2 удаа цохьсон. Тэгсэн гэнэт нэг хөл орж ирээд миний нүүрэн тус газар өшиглөсөн. Тухайн үед миний нүд балартаад байхаар нь би нүүрээ дараад доошоо харсан байхад миний дээрээс нуруу хавьцаа цохиод байсан” гэх мэдүүлэг, сэжигтэн М.Д-н “би адилхан уруул хэсэгт нь 1 удаа цохисон чинь нөгөө залуу намайг газар хавсарч унагаад миний толгой хэсэгт 1 удаа цохисон дахиад зодолдох гээд байхаар нь манай ах тэр хавьд байсан болохоор биед хоёрыг салгасан юм” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13- ны өдрийн 315 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Д нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн гадна П.Од-Эрдэнэтэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь доод урууланд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Д нь шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.О-ий эрүүл мэндэд “доод урууланд шарх” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн М-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ял биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А