| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0164/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/147 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/147
2025 03 20 2025/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Хохирогч Д.Г
Хохирогчийн өмгөөлөгч А.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2425000000098 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Г-ийн А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны *** тоот өөрийн гэртээ Д.Г той маргалдаж, хохирогч Д.Г мах зүсэх зориулалтаар ширээн дээр тавьсан модон иштэй хутгыг авч далайх үед нь тус хутгыг булаан авч, хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, газарт унаган цээжэн тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус харалт, хүзүү, баруун чамархайд зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн талаар маргаан байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санд 1 289 400 төлсөн. Г-д 1 350 600 төгрөг төлсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Г мэдүүлэхдээ “Ажилгүй байсан хугацааны цалин орлогын зөрүү 1 980 000 төгрөг, эмчилгээний зардал 380 000 төгрөг. Нийт 2 030 929 төгрөг нэхэмжлэнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 4, 13 дугаар тал/
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 5-12 дугаар тал/
3. Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 14-17 дугаар тал/
4. Хутганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 28-32 дугаар тал/
5. Хохирогч Д.Г гийн “2024 оны 01 дүгээр сарын 12-ны 18 цагаас би ажлынхаа хүний Алтан гадас одонгийн цайллаганд очсон. Тэндээс гарч ажлынхаа Э-д очсон. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 13-ны үүрийн 03 цагийн үед би, З , О , Т нарын хамт З гийнд очсон бөгөөд тэгэхэд А ирж авсан юм. З гийнд ногоон Экс, Болор, бас нэг архи ингээд 3 шил архи хувааж уусан. Тэгээд З бид 2 ажлаас болж маргасан юм. А бас эгч З гаа өмөөрч надтай бас маргасан. Тэгээд намайг “яв яв” гээд байхаар нь би үүд рүү явж гутлаа өмсөх гээд тонгойход намайг хэн цохисныг нь мэдэхгүй, яаж цохисныг ч мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь 2 нүд харахаа больчихсон юм. Тэгээд би ухаан алдчихсан бөгөөд нэг сэрээд А д эхнэрийнхээ дугаарыг өгч яриулсан юм. Тухайн үйл явдал болоход Т байхгүй байсан юм. Би нилээн согтуу байсан юм... Би Орхон аймгийн ШШХ-ийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 140 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт, хүзүү, баруун чамархайд зулгаралт зэрэг гэмтлүүдийг намайг З гийнд байхад түүний дүү А нь намайг зодож учруулсан байх. Миний санаж байгаагаар би гарах гээд гутлаа өмсөх гээд доошоо тонгойсон бөгөөд тэгтэл нүүр лүү өшиглөсөн үү, араас цохичихсон уу тэгээд би ухаан алдчихсан юм. Тухайн үед миний өмнө Т гараад явчихсан гэж санаж байна, тэгээд би, А , З , О бид 4 үлдсэн юм. Тухайн үед би зүв зүгээр З гийн гэрт орсон юм. Би Г.А руу хутга барьж дайраагүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 66-67, 69 дугаар тал/
6. Д-н Г /РД:*** /-ын Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт, өвчний түүх. /хавтаст хэргийн 36-58 дугаар тал/
7. Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/11 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын баримт. /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/
8. Гэрч Г.А-н “2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагт манай нөхөр Г нь ажлынхаа хүний алтан гадасын найранд орох гээд явсан юм. Би 22 цаг 45 минутанд нөхрийнхөө *** дугаар луу залгахад эрүүл байсан бөгөөд найран дээрээ байна гэж хэлсэн. Ахин шөнийн 00 цаг 09 минутанд залгахад ажлынхантайгаа гадуур явж байна гэж хэлсэн бөгөөд тэгэхэд бас эрүүл байсан юм. Түүнээс хойш би нөхөр лүү удаа дараалан залгахад утас нь дуудаад аваагүй юм. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 07 цаг 47 минутанд над руу *** дугаараас залгаж “нэг танихгүй залуу яриад нөхрийгөө ирж ав, би нөхрийг чинь цагдаад өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа тэр залуугийн хэлсэн хаяг руу буюу Залуус хотхонд очсон юм. Тэгэхэд нөхөр маань цус нөж болоод зодуулчихсан байдалтай том өрөөнийх нь орон дээр сууж байсан бөгөөд хивс, шалан дээгүүр нь цус болчихсон байсан. Тус айлын нойлын өрөөнд О гэдэг мастер хүүхэн, тэр айлын хүүхэн З , З гийн дүү гэх над руу ярьсан А нар байсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад тухайн айлд нөхөр маань мах идэж сууж байгаад А гэх залуу руу дайраад тэгээд А гэх залуу нь зодсон гэж хэлсэн юм. Тэгээд А гэх залуу цагдаа руу залгасан бөгөөд би ч гэсэн дараа нь цагдаа дуудсан. Цагдаа ирсэний дараа цагдаагийн машинтай бид нар эмнэлэг явсан юм. Нөхөр маань 2023 оны 11 дүгээр сарын эхээр хотод 3-р эмнэлэгт мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хамрын хагалгаанд орсон бөгөөд гамрит нь тархи руу орчихсон байна гээд гамритын хүнд хэлбэрийн хагалгаанд орсон юм. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Медипас эмнэлэг дээр очиж хамар нь эдгэчихсэн байна гээд боолтоо авхуулсан юм” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 78 дугаар тал/
9. Гэрч Ж.О ын “Нэг сэрэхэд Г би юм харахгүй байна, намайг зодчихсон байна” гээд орилоод байсан. Тэгээд би гараад хартал Т байхгүй байсан. Тэгээд би Г-н нүдийг аймар болчихсон байсан учраас З гийн дүүд чи яагаад энэ хүнийг зодчихсон юм бэ гэж асуухад наад хүн чинь өөрөө хутга барьчихаад над руу дайраад байсан учраас би өөрийнхөө биеийг хамгаалсан гэж хэлсэн. Тэгтэл Г миний эхнэрийг дуудаад залгаад өгөөч гэж хэлэхэд З гийн дүү Г-н эхнэр лүү залгаад танай нөхөр над руу хутга заазуур бариад дайраад байсан учраас би бие хамгаалаад цохисон та ирээд нөхрөө авах юм уу, эсхүл би цагдаа дуудах уу гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 81-83 дугаар тал/
10. Гэрч Г.З гийн “найрнаас гараад Э-д таксидаж очсон. Тэднийд очиход Э , О , болон Э гийн найз гэх залуу нар байсан. Тэгээд байж байтал араас ажлынхан нэмэгдэж ирсэн. Тэднийд 2 шил архи хувааж уусан бөгөөд Г ч мөн уусан, бас пиво уусан. Г нь Б , М нартай маргалдсан бөгөөд зодолдох гээд байсан. Гэхдээ ямар ч зодоон цохион болоогүй, би лав хараагүй юм. Тэгээд би үүрийн 04 цаг өнгөрч байхад дүү А руу залгаж дуудсан юм. Удалгүй А нь такситай ирсэн бөгөөд надтай хамт О , Г , Т нар нь цуг сууж явсан. Тэгээд манайд очихоор болж шагаас 2 шил архи авч манайд очсон. Манайд авсан архиныхаа Экс нэртэй архийг хувааж уусан бөгөөд Т нь манайд ороод удалгүй ганцаараа явчихсан юм. Барагцаагаар 06 цагийн үед явсан байх. Дүү А маань бид нарт архи хундагалж байсан, мөн мах чанаж өгсөн юм. Тэгээд байж байтал Г нь А ад хандан “чи ийм байж ажилд орж чадахгүй” гэж хэлээд тэр 2 жаахан маргалдсан юм. Тэгээд А маань та нарт такси дуудаж өгье гэж утсаар дуудсан. Энэ хугацаанд О эгч бид 2 нойл орсон бөгөөд тэгтэл түр тар хийх чимээ гарсан юм. Тэгэхээр нь би нэг их юм бодолгүй нойлоос түрүүлээд гартал Г нь том өрөөний хивсэн дээр хэвтчихсэн, өөдөөс А ирж байсан юм. Тэгээд яасан бэ гэтэл А нь “над руу хутга бариад дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад цохичихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А ыг нойл руу оруулчихаад буцаад том өрөө рүү явтал Г нь баруун гартаа манай гэрийн мах идэж байсан модон иштэй хутгыг барьчихсан сууж байсан бөгөөд би түүнтэй ноцолдож байж тухайн хутгыг булааж авсан юм. Тэгэхэд Г-н 2 нүд нь хавдчихсан, нүүр нь цус болчихсон байсан. Тухайн үед би хутгыг шүүгээ рүү хийсэн бөгөөд мах идэж байна гээд ширээн дээр 3 ширхэг модон иштэй адилхан хутга байсан. Би тэгээд хооронд нь холиод хийчихсэн учраас яг аль хутгыг булааж авснаа мэдэхгүй байна, ямар ч байсан цэвэрлээгүй тэр чигээр нь хийсэн юм. Г г анх газар хэвтэж байхад түүнийг хутга барьсан эсэхийг нь анзаараагүй юм.Тэгээд хэсэг хугацааны дараа би А ыг нойлоос гаргасан бөгөөд А нь Г гоос эхнэрийнх нь дугаарыг авч ярьж дуудсан юм. Эхнэр нь ирсэний дараа цагдаа руу А залгаж дуудсан юм. Цагдаа ирээд Г , А нарыг авч явсан. Тэдгээрийг явсаны дараа хивс, шал, толь маань цус болчихсон байсныг анзаарсан бөгөөд хэнийх нь цус гэдгийг мэдээгүй. А ын гар нь хутганд зүсэгдсэн гээд цус гарч байсан юм. Тухайн үйл явдал болоход том өрөөнд Г , А нар л байсан бөгөөд өөр хүн байгаагүй, манай 4 хүүхэд жижиг өрөөндөө хаалгаа хаагаад унтаж байсан. О бид 2 нойлд байсан, Т явчихсан байсан. Анх манайд Г орж ирэхэд түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан юм” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 85-86 дугаар тал/
11. Гэрч П.Т гийн “2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагт Петушка зоогийн газарт манай нэг хэсгийн даргын Алтан гадас одонгийн цайллага болж би оролцсон юм. Тэгээд би тухайн газарт согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн бөгөөд ухаан санаа маань орж гараад согтсон юм. Нэг мэдсэн чинь би, О мастер, З эгч, Г ах нарын хамт З эгчийн гэр лүү орж байсан юм. Тэгээд би удалгүй дуудлагын такси дуудаж З эгчийн гэрээс ганцаараа гарч явсан юм. Харин З эгчийн дүү А нь намайг гэрээсээ гаргаж өгсөн юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд миний мэдэхийн Г ах хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй, зодолдож цохилцоогүй зүгээр байсан. Ер нь бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд тэд нар надаас гайгүй байсан юм. Би тухайн өдрөө өмссөн хувцастай маргааш нь цагдаа дуудахаар ирсэн бөгөөд тэгэхэд би үргэлжлүүлээд архи уучихсан байсан тул согтуу байсан юм. Миний хувьд З эгчийнд архи уугаагүй, дөнгөж цай амсчихаад л гарсан шиг санагдаж байна. Намайг З эгчийнхээс явахад Г ахын биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан юм. Намайг явахад тэднийд Г ах, О эгч, З эгч, А нар үлдсэн бөгөөд өөр хүн байгаагүй юм. Мөн З эгчийн хүүхдүүдэд нь байсан шиг санагдаж байна” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 88 дугаар тал/
12. Иргэний нэхэмжлэгч Б.Д-н “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Иймд Д.Г гийн эмчилгээний зардалд 1,289,400 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 76 дугаар тал/
13. Яллагдагч Г.А ын “Анх манайд Г ирэхэд түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан бөгөөд надаас өөр түүнийг зодсон хүн байхгүй ээ. Тэрээр намайг заамдсан бөгөөд цохиж чадаагүй, харин хутга барьж дайрсан юм. Г-н гартаа барьсан хутга нь модон иштэй хутга байсан бөгөөд ширээн дээр 2 модон иштэй хутга, нөгөөх нь ногоон өнгийн иштэй хутга нийт 3 хутга байсан бөгөөд яг аль модон иштэй хутгыг тэрээр барьсныг мэдэхгүй байна... Би дүгнэлттэй танилцсан бөгөөд миний гарын алганд учирсан шарх гэмтлийг би түүнээс хутгыг нь булааж авахдаа зүсчихсэн юм. Тэрнээс над руу хутга барьж дайрахдаа зүсээгүй юм. 2-р хуруунд зулгаралт гэмтэл нь намайг түүнийг цохиход учирсан байх...Тухайн үед ширээний наана, цаана бид 2 сууж байсан бөгөөд Г ах над руу хутга аваад хутгалах гээд дайрахаар нь би холдсон юм. Гэхдээ хөөгөөгүй бөгөөд учир нь тэрээр ширээний ард байсан учир ширээ тулсан юм. Хэрвээ би холдоогүй байсан бол түүний хутга надад хүрэх байсан байх. Яг араас хөөж гүйгээгүй болохоор нь би далайсан гэж хэлсэн юм, тэрнээс биш над руу дайрсан юм. Яг хутга барьчихаад далайж айлгаагүй, хутгалах гээд 2 удаа гараа дээрээс доошоо, доороос баруун тийш хутгатай гараараа хөдөлгөөн хийсэн юм” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 154-155 дугаар тал/
14. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 140 дугаартай “Д.Г гийн биед зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт, хүзүү, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 93-95 дугаар тал/
15. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай “Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Г гийн биед баруун ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг, зүүн завжинд шарх, хүзүү, баруун чамархайд зулгаралт, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салст, зүүн чих, хүзүү, цээж, баруун, зүүн шуу, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн завжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 217-221 дүгээр тал/
16. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаартай “Г.А ын биед баруун алганд шарх, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун алганд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 100-101 дүгээр тал/
17. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 734 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн "Г.А " гэж хаягласан цуснаас 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 1,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 129-131 дүгээр тал/
18. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 735 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн "Д.Г " гэж хаягласан цуснаас 3,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 3,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 136-138 дугаар тал/
19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Е00528/372 дугаартай “Г.А ын биед тухайн үед баруун алганд зурагдсан зулгаралт, зүүн сарвууны 2-р хуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд болон түүнтэй ойролцоо хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулахгүй. Орхон аймгийн ШШХ-н №139 дугаартай дүгнэлтэд Г.А ын баруун гарт учирсан гэмтэл нь баруун сарвууны 1-р хурууны харалдаа алганы шивнүүрийн дотор хэсэгт хөндлөн болон босоо байрлалтай байна. Орхон аймгийн ШШХ-н №139 дугаартай дүгнэлтийн 1-р хариултын баруун алганд шарх, 4-р хариултын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэсэнтэй санал нийлэхгүй байна” гэсэн дүгнэлт /3хх-ийн 23-25-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны *** тоот өөрийн гэртээ хохирогч Д.Г той гэрт чанга ярилаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Д.Г нь мах зүсэх зориулалтаар ширээн дээр тавьсан модон иштэй хутгыг авч далайх үед нь тус хутгыг булаан авч, хаяулмагцаа хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, газарт унаган цээжэн тус газарт нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус харалт, хүзүү, баруун чамархайд зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй зөвшөөрч байна. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын талаар саналгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б дүгнэлтдээ: “Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд нотлох баримтаар тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Д.Г гийн “намайг хэн цохисныг нь мэдэхгүй, яаж цохисныг ч мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь 2 нүд харахаа больчихсон юм. Би нилээн согтуу байсан юм. Миний санаж байгаагаар би гарах гээд гутлаа өмсөх гээд доошоо тонгойсон бөгөөд тэгтэл нүүр лүү өшиглөсөн үү, араас цохичихсон уу тэгээд би ухаан алдчихсан юм” гэх мэдүүлэг, Д-н Г-н Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт, өвчний түүх, Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/11 дугаартай албан бичгээр ирүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын баримт, гэрч Г.А-н “нөхөр маань цус нөж болоод зодуулчихсан байдалтай том өрөөнийх нь орон дээр сууж байсан бөгөөд хивс, шалан дээгүүр нь цус болчихсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад тухайн айлд нөхөр маань мах идэж сууж байгаад А гэх залуу руу дайраад тэгээд А гэх залуу нь зодсон гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Ж.О ын “Нэг сэрэхэд Г би юм харахгүй байна, намайг зодчихсон байна” гээд орилоод байсан. Тэгээд би Г-н нүдийг аймар болчихсон байсан учраас З гийн дүүд чи яагаад энэ хүнийг зодчихсон юм бэ гэж асуухад наад хүн чинь өөрөө хутга барьчихаад над руу дайраад байсан учраас би өөрийнхөө биеийг хамгаалсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.З гийн “А нь “над руу хутга бариад дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад цохичихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А ыг нойл руу оруулчихаад буцаад том өрөө рүү явтал Г нь баруун гартаа манай гэрийн мах идэж байсан модон иштэй хутгыг барьчихсан сууж байсан бөгөөд би түүнтэй ноцолдож байж тухайн хутгыг булааж авсан юм. Тэгэхэд Г-н 2 нүд нь хавдчихсан, нүүр нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Т гийн “миний мэдэхийн Г ах хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй, зодолдож цохилцоогүй зүгээр байсан. Ер нь бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд тэд нар надаас гайгүй байсан юм” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Д-н “Д.Г гийн эмчилгээний зардалд 1,289,400 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, Г.А ын “Тэрээр намайг заамдсан бөгөөд цохиж чадаагүй, харин хутга барьж дайрсан юм. Г-н гартаа барьсан хутга нь модон иштэй хутга байсан бөгөөд ширээн дээр 2 модон иштэй хутга, нөгөөх нь ногоон өнгийн иштэй хутга нийт 3 хутга байсан бөгөөд яг аль модон иштэй хутгыг тэрээр барьсныг мэдэхгүй байна. 2-р хуруунд зулгаралт гэмтэл нь намайг түүнийг цохиход учирсан байх. Яг хутга барьчихаад далайж айлгаагүй, хутгалах гээд 2 удаа гараа дээрээс доошоо, доороос баруун тийш хутгатай гараараа хөдөлгөөн хийсэн юм” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 734 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 735 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Е00528/372 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Ань 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус хотхоны *** тоот гэртээ хохирогч Д.Г той маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, газарт унаган цээжэн тус газарт нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус харалт, хүзүү, баруун чамархайд зулгарал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.А нь шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г гийн эрүүл мэндэд зүүн “завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус харалт, хүзүү, баруун чамархайд зулгарал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ажилгүй байсан хугацааны цалин орлогын зөрүү болон бусад зардал 2 030 929 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний нэхэмжлэгч Б.Даваачимэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Г д эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн зардал 1 289 400 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Г.Ань хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Г д 1 350 600 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1 289 400 төгрөгийг тус тус төлсөн байна. Хохирогчийн нэхэмжэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг хянаж үзвэл ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг тодорхой тогтоох боломжгүй байх тул гэм хорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэлгүй орхиж, шүүгдэгч нь хохирогчид 1 350 600 төгрөг төлснийг, хохирогч гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдав. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 1 289 400 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 0.75 литрийн архины шил нэг ширхэг, бор шаргал өнгийн модон иштэй хутга 3 ширхэг, 3 хэсэг нойлын цаас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Г нь ажилгүй байсан хугацааны цалин орлогын зөрүү болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовгийн Г-ийн А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ад оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.А ад оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ял биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн,75 литрийн ногоон экс нэртэй архины шил нэг ширхэг, бор шаргал өнгийн модон иштэй хутга 3 ширхэг, 3 хэсэг нойлын цаас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.Г нь ажилгүй байсан хугацааны цалин орлогын зөрүү болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС