| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0051/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/118 |
| Огноо | 2025-03-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/118
2025 03 07 2025/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн 242500000***** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,
Ц овогт Б-ийн Д /РД; ***************/,
Шүүгдэгч Б.Д нь;
2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг “Д” дэлгүүрийн орчим хохирогч Д.С-ийг “архи авч өг” гэсэн шалтгаанаар модоор цохиж, эрүүл мэндэд нь “зүүн богтос ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Д “...тухайн өдөр С, Э хоёртой дэлгүүрт таарахад “архи авч өг” гэж намайг дарамталсан, би “надад мөнгө байхгүй” гэж хэлээд архи авч өгөөгүй. Гэтэл тэр хоёр намайг зодож, хутга гаргасан, мөн Мандахыг ч бас зодсон. Мандахыг зодож байхад нь би салгачихаад мордоод яваад өгсөн. Надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гомдол, саналгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Д.С-ийн“...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ************* тоот гэрээсээ гараад “Д” дэлгүүрээс тамхи авахаар явж байхад дэлгүүрийн урд автобусны буудал дээр “Увс Д” хочит танил залуу морь хөтөлсөн, Э-тэй хамт алхаад явж байсан, тэр хоёр “нэг шил архи байна, хамт ууя” гээд бид гурав “Д” дэлгүүрийн арын гудамжинд 0.75л “Хараа” архи уугаад сууж байхад Мандах ах ирж дөрвүүлээ архиа ууж дуусгаад Д морио унаад явсан. Би харих гээд “Д” дэлгүүрийн арын гудманд алхаж байхад Д өөдөөс явган ирээд намайг урт, том модоор цохиж унагаасан, Д цаашаа алхаж гудамжны булан тойроод морио унаж гарч ирээд “архи авч өг” гээд морины цулбуураар ороолгосон, би “чамд архи авч өгөх мөнгө алга” гэхэд Д морио унаад засмал дагуу яваад өгсөн. ...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр БОЭТ-д өвчтэй гараа рентгенд харуулахад “гарын шуу хэсгийн яс хугарсан байна.” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч Л.У-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин М залгаад “аав хүнд зодуулаад орж ирлээ, гар нь хөдлөхгүй байна” гэсэн, би ажлаа тараад 18.00 цаг өнгөрч байхад гэртээ очиход нөхөр С гараашдаа гараа барьчихсан, “дотор муухай оргиод явж чадахгүй байна” гээд хэвтэж байсан, юу болсон талаар асуухад “...“Увс Д” хамт архи уучихаад модоор цохиж, зодсон” гэсэн. С “гар хөдлөхгүй, босохоор толгой эргээд байна” гээд нэлээн хэд хоног хэвтэж байгаад ээжтэйгээ хамт эмнэлэг орж үзүүлэхэд гар нь хугарсан байсан тул гипсдүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
гэрч С.М-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр аав С хүнд зодуулсан талаар мэдсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум ************* тоотод байхад аав гаднаас согтуу, гар нь унжсан, гараа дийлэхгүй байдалтай, “явахаар толгой эргээд байна” гээд хэвтээд байсан. Би ааваас “таныг хэн ийм болтол нь зодсон юм” гэхэд “манай энэ хавиар морь унаад яваад байдаг “Увс Д” гэж дууддаг залуу модоор цохисон” гэсэн. Аав олон хоног босож чадахгүй хэвтэрт байсан, эмээ Г аавыг дагуулаад эмнэлгээр явтал “гар нь хугарсан байна” гээд гипсдүүлээд ирсэн. Аавыг цагдаад өргөдөл гаргасны дараа 10 дугаар сарын сүүлээр аав гэртээ байхгүй эмнэлэг явсан үед “Увс Д” хашааны гадаа морь унасан ирээд “С, чи эр юм байж яасан арчаагүй юм” гээд орилоод байхаар нь би “аав байхгүй” гэхэд зөндөө орилж, орилж явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
гэрч Н.Б-ын “...С, Д гэх хүмүүсийг танина, манай гэрийн ойролцоо амьдардаг хүмүүс байгаа юм. Д нь Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг болон Шанд багаар морь унаад яваад байдаг “Увс Д” хочтой, С нь 17-р сургуулийн урд зогсож мод хөрөөддөг залуу байгаа юм. ...тухайн өдөр Д болон С нартай уулзсан, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 11.00 цагийн орчим М бид хоёр гудамжинд нэг шил архи ууж дуусаад, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг “Д” дэлгүүрийн урд зам дээр С-тэй таараад нэг шил архи уухаар болж, би “Д” дэлгүүрээс 0.75л “Хараа” архи авсан. “Д” дэлгүүрийн арын гудамжинд архиа задлаад бид гурав ууж байтал “Увс Д” морьтой ирээд мэнд мэдээд, мориноосоо буугаад архи уусан, би жаахан согтоод байж байтал С, Д хоёр хоорондоо маргалдаж байгаад Д морио унаад гудамж тойрч яваад удалгүй буцаж ирээд 1м гаруй урт, бүдүүн модоор С-ийг үгийн зөрүүгүй гар, толгой, бие хэсэг рүү нүдчихээд яваад өгсөн. ...Маргааш нь С-ийн гэрт очоод “бие гайгүй юу” гэхэд орноосоо босож чадахгүй, толгой өвдөөд, зүүн гараа дийлэхгүй байна” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 884 дугаартай; “…Д.С-ийн биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл хэвтээ, босоо, суугаа аль ч байрлалд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлий цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
хохирогч Д.С-ийн“...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Д” дэлгүүрийн арын гудманд зүс мэдэх Д гэх залуу зодож, эрүүл мэндэд хохирол учирсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15.22 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
хохирогч Д.С-ийн гомдол /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг “Д” дэлгүүрийн орчим хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10, 11 дэх тал/,
144.500 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 14-16 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Д-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч Б.Д-ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гомдол, саналгүй.” гэх,
мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх хохирогч Д.С-ийн“...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр...“Д” дэлгүүрийн арын гудманд алхаж байхад Д өөдөөс явган ирээд намайг урт, том модоор цохиж унагаасан, Д цаашаа алхаж гудамжны булан тойроод морио унаж гарч ирээд “архи авч өг” гээд морины цулбуураар ороолгосон...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр БОЭТ-д өвчтэй гараа рентгенд харуулахад “гарын шуу хэсгийн яс хугарсан” гэсэн.” гэх,
гэрч Л.У-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин Мөнхсаран залгаад “аав хүнд зодуулаад орж ирлээ, гар нь хөдлөхгүй байна” гэсэн, ...юу болсон талаар асуухад “...“Увс Д” залуу хамт архи уучихаад модоор цохиж, зодсон” гэсэн. С “гар хөдлөхгүй, босохоор толгой эргээд байна.” гээд нэлээн хэд хоног хэвтэж байгаад ээжтэйгээ хамт эмнэлэг орж үзүүлэхэд гар нь хугарсан байсан тул гипсдүүлсэн.” гэх,
гэрч С.Мөнхсарангийн “...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр аав С хүнд зодуулсан талаар мэдсэн, ...Би ааваас “таныг хэн ийм болтол нь зодсон юм бэ” гэхэд “манай энэ хавиар морь унаад яваад байдаг “Увс Д” гэж дууддаг залуу модоор цохисон” гэсэн. Аав олон хоног босож чадахгүй хэвтэрт байсан, эмээ Гармаажав аавыг дагуулаад эмнэлгээр явтал “гар нь хугарсан байна” гээд гипсдүүлээд ирсэн.” гэх,
гэрч Н.Бын “...С, Д гэх хүмүүсийг танина, ...тухайн өдөр Д болон С нартай уулзсан, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр...“Д” дэлгүүрийн арын гудамжинд архиа задлаад бид гурав ууж байтал “Увс Д” морьтой ирээд мэнд мэдээд, мориноосоо буугаад архи уусан, ...С, Д хоёр хоорондоо маргалдаж байгаад Д морио унаад гудамж тойрч яваад удалгүй буцаж ирээд 1м гаруй урт, бүдүүн модоор С-ийг үгийн зөрүүгүй гар, толгой, бие хэсэг рүү нүдчихээд яваад өгсөн.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 884 дугаартай, “…Д.С-ийнбиед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, хохирогч Д.С-ийн“...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Д” дэлгүүрийн арын гудманд зүс мэдэх Д гэх залуу зодож, эрүүл мэндэд хохирол учирсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15.22 цагт хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.С-ийнгомдол, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг “Д” дэлгүүрийн орчим хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдох бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй болно.
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг “Д” дэлгүүрийн орчимд хохирогч Д.С-ийг “архи авч өг” гэсэн шалтгаанаар модоор цохиж, эрүүл мэндэд нь “зүүн богтос ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Дын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Д-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Д-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.Д-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Д-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан,
“эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Д урьд гурван удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд хамгийн сүүлд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн байна.
Улсын Дээд шүүх дээрх шийтгэх тогтоолыг хянаад 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 127 дугаартай тогтоолоор түүнд 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас хорих ял эдэлсэн 370 хоногийг хасаж шийдвэрлэсэн, шүүгдэгч нь үлдэх 1 жил 5 сар 28 хоног буюу 545 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх бөгөөд өнөөдрийн байдлаар 81 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Д нь “...өндөр настай ээж маань эрүүл мэндийн байдлаас шалтгаалан мэс засал хагалгаанд орох тул надад торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тул торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Дод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Шүүх шүүгдэгч Б.Д-од холбогдох хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод,
цуглуулсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-оос 144.500 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлД,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт Б-гийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-од энэ тогтоолоор оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Улсын Дээд шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 127 дугаартай тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 81 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д-оос 144.500 төгрөг гаргуулж хохирогч хохирогч Д.С-д олгосугай.
8.Хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э