Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/04243

 

 

 

 

 

 

 

2021 12 15 101/ШШ2021/04243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Бгийн РД: 000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Ад /РД: 00000000/ холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5.787.003,03 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н. Аын барьцаа төлбөр 800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Халиун,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч С.Б би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12, 14 дэх хэсэг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 2 сарын 2-ны өдрийн 181/ШШ2021/00299 тоот шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын тодорхойлолт, хариуцагч Нармандахын Атай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 10.1-т заасныг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг харьяаллын дагуу гаргаж байна.

Хариуцагч Н.А нь гэр бүлийн хамт гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч миний Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Y-2203005665 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5-р хороолол, 6-р байрны 27 тоотын 3 өрөө, иж бүрэн засвар хийсэн орон сууцыг хөлслөн амьдарч, хүлээлгэн өгсөн 7.613.500 төгрөгийн үнэлгээ бүхий тавилга, эд хөрөнгийг минь эзэмшиж байгаад 2020 оны 10 сарын 7-ны өдөр түлхүүрээ н.Должинсүрэн гэх огт танихгүй эмэгтэйд өгөөд өөрсдөө алга болцгоосныг Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж оллоо.

Хариуцагч Н.А нь орон сууц хөлслөх гэрээний үүргийн 11 хэсэг, 6 заалтыг биелүүлээгүйгээс надад 5.787.003,03 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч Н.Аар төлүүлэн намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжилж буй 5.787.003,03 төгрөгийн хохирлыг задалж үзүүлбэл:

1. Хариуцагчид хүлээлгэн өгсөн 7.613.500 төгрөгийн хөрөнгөнөөс алга болгосон, эвдсэн, дутаасан, чанар байдлыг нь алдагдуулж цаашид ашиглах боломжгүй болгосноос 1.095.000 төгрөгийн хохирол учирсан.

2. Хариуцагч нь орон сууцыг ашиглалтын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс 265.403,03 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс:

2.1 2020 оны 10 сарын цахилгааны төлбөр 15.916 төгрөг,

2.2 Баянбулаг-6 СӨХ-ийн 2020 оны 2 сараас 10 сар хүртэл хугацааны төлбөр 144.000 төгрөг,

2.3 Домофон 21.800 төгрөг,

2.4 Конторын 9 сарын төлбөр 83.687,03 төгрөг,

3. Орон сууцанд барилгын засвар үйлчилгээ хийж анхны төлөв байдлаар хүлээлгэн өгөөгүйгээс 2.500.000 төгрөг,

4.    Гэрээний 3.5-д хамаарах зөрүү төлбөр 1.926.600 төгрөг байна гэжээ.

 

 

Хариуцагч Н.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Халиун шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний дүү Н.А нь нэхэмжлэгч С.Бтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 6-р байр, 27 тоотын 3 өрөө орон сууцыг 2018 оны 6 сарын 8-ны өдрөөс 2020 оны 10 сарын 7-ны өдөр хүртэл хугацаанд хөлсөлсөн.

Н.А нь иргэн С.Бтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болохоос эд хөрөнгийг нь хадгалах гэрээ байгуулаагүй. Орон сууц хөлслөх гэрээ байгуулан хөрөнгө хүлээлцэх үед би байсан. Энэ үед би эд хөрөнгөө авах хэрэгтэй байна гэхэд далд хийнэ гэсэн тайлбар хэлж байсан.

Ингээд С.Б нь тухайн жижиг эд хогшлуудаа цаашаа өөрийн гал тогооны шүүгээнд хийсэн. Тухайн ашиглах боломжгүй болсон, эвдсэн, дутаасан гээд байгаа эд хөрөнгийг Н.А хэрэглээгүй тул уг 1.095.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Хөлслөн сууж байх үеийн байрны ашиглалтын төлбөр 265.403,03 төгрөгийн тухайд төлөхөд татгалзах зүйлгүй.

Н.А байрыг нь хөлслөн суусан 28 сарын хугацаанд түүнд нийт 22.400.000 төгрөг төлсөн байна.

Тухайн орон сууцыг ямар нэгэн байдлаар эвдэн гэмтээж анхны төлөв байдлыг нь алдагдуулсан зүйл огт байхгүй бөгөөд хөлслөх гэрээний нийтлэг зохицуулалтаар тухайн хөлслөж буй эд хөрөнгөд өөрөө засвар хийх үүрэгтэйг хуульчилсан.

Н.А байранд нь засвар хийж өгье гэхэд С.Б өөрөө татгалзсан байсан ба байранд хүрч болохгүй гэсэн байсан. Иймд нэхэмжилж буй 2.500.000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй.

Гэрээний 3.5-д хамаарах зөрүү төлбөр 1.926.600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Н.А тухайн орон сууцыг зориулалтын дагуу ашигласан тул уг мөнгийг төлөх үндэслэл мөн байхгүй болно гэв.

 

Хариуцагч Н.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Халиун шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ад холбогдох иргэний хэрэгт дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Орон сууц хөлслөх гэрээний 2 дугаар зүйлийн зохицуулалтаар орон сууц хөлслөх төлбөр тооцоог зохицуулсан бөгөөд гэрээний 2.2-т зааснаар 1 сарын барьцаа төлбөрийг төлсөн.

Гэтэл орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсны дараа 1 сарын барьцаа төлбөрийг огт аваагүй бөгөөд орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн барьцаа мөнгө 800.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Бгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.Бгийн өмгөөлөгч Л.Баттогтох сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.А 2018 оны 6 сарын 8-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч С.Б өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т зааснаар хөлслүүлэгч орон сууцаа доторхи эд хөрөнгийн хамт, мөн ашиглалтын төлбөрийг бүрэн төлж барагдуулсаны дараа барьцаа 800.000 төгрөгийг буцаан өгөхөөр тохирсон.

Хариуцагч Н.А уг үүргээ биелүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн тухайд гэрээний 3.5-д заасан зөрүү төлбөр 1.926.600 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.Ад холбогдуулан 5.787.003,03 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Н.А барьцаа 800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

С.Б нь Н.Ад холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 6-р байр, 27 тоотын 63.5 м.кв талбай бүхий орон сууцыг хөлслөх гэрээний үүрэгт:

-Хүлээлгэн өгсөн 7.613.500 төгрөгийн эд хөрөнгөөс алга болгосон, эвдсэн, дутаасан чанар байдлыг нь алдагдуулж, цаашид ашиглах боломжгүй болгосноос учирсан хохирол 1.095.000 төгрөг,

-2020 оны 10 сарын цахилгааны төлбөр 15.916 төгрөг,

2020 оны 2 сараас 10 сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр 144.000 төгрөг,

домофон 21.800 төгрөг,

орон сууцны конторт төлөх 2020 оны 9 сарын төлбөр 83.687,03 төгрөг,

Нийт 265.403,03 төгрөг,

-Орон сууцанд барилгын засвар үйлчилгээ хийн анхны төлөв байдалд хүлээлгэн өгөөгүйгээс 2.500.000 төгрөг,

-Гэрээний 3.5-д хамаарах зөрүү төлбөр 1.926.600 төгрөг,

Нийт 5.787.003,03 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

 

Хариуцагч Н.А нь:

-Барьцаа 800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 6-р байр, 27 тоотын 63.5 м.кв талбай бүхий С.Бгийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Н.А 2018 оны 6 сарын 8-ны өдрөөс сарын 800.000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай хөлслөхөөр тохиролцон Либерти бридж ХХК-иар зуучлуулан орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба гэрээнд хөлслүүлэгчийг С.Б, хөлслөгчийг Н.А, зуучлагч Либерти бридж ХХК-ийг төлөөлж зуучлагч Э.Маргад нар гарын үсгээ зуран тамгаа даран баталгаажуулжээ.

Дээрхи гэрээний хугацаа дуусгавар болмогц хөлслөгч Н.А, хөлслүүлэгч С.Б нар 2019 оны 8 сарын 27-ны өдөр гэрээний хугацааг сунгасан ба 2020 оны 6 сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр тохирсон талаар талууд маргахгүй байна.

Дээр дурдсан 2 гэрээнд нэхэмжлэгч С.Б, хариуцагч Н.А нар хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 12-23 дугаар тал/

 

Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 6-р байр, 27 тоотын 63.5 м.кв талбай бүхий 3 өрөө бүхий орон сууц нэхэмжлэгч С.Бгийн өмчлөлийн орон сууц болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба хариуцагч Н.А энэ талаар маргаагүйг дурдлаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 43-45 дугаар тал/

 

Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 6-р байр, 27 тоотын 63.5 м.кв талбай бүхий 3 өрөө бүхий орон сууцыг 2018 оны 6 сарын 8-ны өдрөөс 2020 оны 10 сарын 7-ны өдрийг хүртэл түрээслэсэн талаараа хариуцагч Н.А тайлбарласан ба нэхэмжлэгч С.Бд 2020 оны 10 сарын 7-ны өдөр орон сууцных нь түлхүүрийг иргэн н.Должинсүрэнгээр дамжуулан өгсөн талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.

 

Нэхэмжлэгч С.Б нь түрээслэгч Н.Аыг орон сууцыг хэвийн элэгдэл хорогдлоос дордуулсан, эд хөрөнгийг эвдэлсэн, чанар байдлыг нь алдагдуулсан, түрээслэсэн зарим хугацааны ашиглалтын төлбөрийг төлөөгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Н.А орон сууцны түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй талаар нэхэмжлэгч С.Б маргаагүй болно.

 

Талуудын хооронд 2018 оны 6 сарын 8-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 2.2-т зааснаар түрээслэгч Н.А нь орон сууц хөлслөх гэрээний үүргийн баталгаанд 800.000 төгрөгийг хөлслүүлэгч С.Бд өгсөн талаар мөн хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 13 дугаар тал/

 

Талуудын хооронд 2018 оны 6 сарын 8-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулмагц зуучлагч Либерти бридж ХХК-ийн менежер н.Маргад-Эрдэнэ, хөлслүүлэгч С.Б нар хөлслөгч Н.Ад Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 6-27 тоот орон сууц дахь эд хөрөнгийг жагсаалт үйлдэн хөрөнгийн чанар бүрээр нэг бүрчлэн хүлээлгэн өгчээ. Үүнд:

-Зочны өрөө, 20 нэр төрлийн 24 ширхэг, нийт 3.875.000 төгрөг,

-Унтлагын өрөө, жижиг, 12 нэр төрлийн 14 ширхэг, нийт 730.000 төгрөг,

-Унтлагын өрөө, том, 17 нэр төрлийн 23 ширхэг, нийт 1.180.000 төгрөг,

-Коридор, 12 нэр төрлийн 30 ширхэг, нийт 503.000 төгрөг,

-Ванны өрөө, /ариун цэврийн өрөө/ 7 нэр төрлийн 7 ширхэг, нийт 183.000 төгрөг,

-00-ын өрөө /ариун цэврийн өрөө/, 4 нэр төрлийн 4 ширхэг, нийт 70.000 төгрөг,

-Гал тогооны өрөө, 67 нэр төрлийн 156 ширхэг, нийт 1.072.500 төгрөг,

Бүгд 7.613.500 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хүлээн авсан болох нь эд хөрөнгө хүлээлцсэн жагсаалтаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 19-22, 2 дугаар хавтасны 1-131 дүгээр тал/

 

Хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч С.Бд 2020 оны 10 сарын 7-ны өдөр орон сууцных нь түлхүүрийг бусдаар буюу иргэн н.Должинсүрэнгээр дамжуулан өгмөгц тэрээр мөн өдөр нь зуучлагч Либерти бридж ХХК-ийн агент О.Дамдиндорж, түлхүүрийг хүлээлгэн өгсөн иргэн н.Должинсүрэн нарыг байлцуулан эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдэн хөлслөгчид хүлээлгэн өгсөн эд хөрөнгөө нэг бүрээр нь тоолон хүлээн авчээ.

2020 оны 10 сарын 7-ны өдөр үйлдсэн эд хөрөнгө хүлээлцсэн актын хавсралтад зааснаар 2018 оны 6 сарын 8-ны өдөр жагсаалтаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгүүдээс 20 нэр төрлийн 1.095.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг ашиглах боломжгүй болгосон, эвдэлсэн, үрэгдүүлсэн болох нь тогтоогдлоо.

Уг актад орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн иргэн н.Должинсүрэн гарын үсэг зурахаас татгалзжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 27-30, 46-49, 2 дугаар хавтасны 1-131 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч С.Б эд хөрөнгийн чанар байдалтай холбоотой 5 ширхэг СД бичлэгийг ирүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой талууд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, мөн маргаагүйг дурдлаа.

 

Баянбулаг-6 СӨХ-оос 2020 оны 10 сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 6-27 тоот орон сууцанд түр оршин суугч иргэн Н.Ад 2020 оны 2 сараас 2020 оны 9 сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбоонд сар бүр төлөх 18.000 төгрөг, нийт 144.000 төгрөгийг төлөх мэдэгдлийг хүргүүлжээ.

Нэхэмжлэгч С.Б нь 2020 оны 10 сарын цахилгааны төлбөр 15.916 төгрөг, 2020 оны 2 сараас 10 сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр 144.000 төгрөг, домофон 21.800 төгрөг, орон сууцны конторт төлөх 2020 оны 9 сарын төлбөр 83.687,03 төгрөг, нийт 265.403,03 төгрөгийг 2020 оны 10 сарын 20-ны өдөр төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

Дээрх 265.403,03 төгрөгийг төлөх тухайд хариуцагч тал маргаагүй болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 24-26 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С.Б нь орон сууцанд барилгын засвар үйлчилгээ хийж анхны төлөв байдалд хүлээлгэн өгөөгүйгээс 2.500.000 төгрөгийн хохирол учирсан хэмээн нэхэмжилсэн ба 2020 оны 10 сарын 7-ны өдрийн эд хөрөнгө хүлээлцсэн тухай актын 2-т ... өрөөнүүдийн хуулж, эрээчсэн ханыг цаас, ханыг анхны төлөв байдлаар нь болгож, барилгын засвар үйлчилгээ хийгээгүй гэж тусгасан бөгөөд нэхэмжлэгч С.Б нь Ачигчирун ХХК-тай 2020 оны 10 сарын 10-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хорооол, 6-р байрны 27 тоот орон сууцанд барилгын засварын ажлыг гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 119-169 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ,

288 дугаар зүйлийн 288.2-т хөлслүүлэгчийн эрхийн талаар заасан ба 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах гэж,

289 дүгээр зүйлийн 1-т хөлслөгчийн хүлээх үүргийг заасан ба 289.1.1хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах,

289 дүгээр зүйлийн 289.1.2-т Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх,

289.1.4-т Хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх,

289.1.5-д Гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлсүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх гэж,

Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 сарын 8-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний 4.1-т Хөлслөгч хөлслөн авсан орон сууцыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангана. Хөлслөгч орон сууцыг буруу эзэмшиж, ашигласнаас үүссэн засвар, эвдрэл гэмтлийн сэргээн засварлахтай холбоотой зардлыг өөрийн хөрөнгөөр засварлана гэж заасны дагуу хариуцагч Н.А гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.Аас дээр дурдсантай холбоотой зардлуудыг нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Н.А нь орон сууцыг хэвийн элэгдэл хорогдлоос дордуулаагүй, 2018 оны 6 сарын 8-ны өдөр хүлээлгэн өгсөн түрээсийн байран дахь эд хөрөнгүүдийг эвдээгүй, дутаагаагүй, ашиглаагүй гэх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 3.5-д хамаарах зөрүү төлбөр 1.926.600 төгрөг нэхэмжилсэн ба гэрээний 3.5-д Гэрээний хугацаа дуусахад хөлслөгч орон сууцыг буруу эзэмшиж, ашигласнаас үүссэн эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг хөлслөгч тал өөрийн хөрөнгөөр засаж янзлах, бүрэн бүтэн байдал, тоо хэмжээ, чанарын асуудлыг бүрэн хариуцах, хохирлыг барагдуулахыг шаардах, барьцааны мөнгийг ашиглах эрхтэй ба хүрэлцэхгүй тохиолдолд хөлслөгчөөс нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Б гэрээний 3.5-д заасны дагуу зөрүү төлбөр 1.926.600 төгрөгийг шаардсан бөгөөд Ачигчирун ХХК-тай байгуулсан 2020 оны 10 сарын 10-ны өдрийн хөлсөөр ажиллуулах гэрээнд С.Бг ажлын даалгаварт заасан барилгын засварын ажлуудыг хийлгэх, гүйцэтгэгчийн тооцоололд үндэслэн зарим шаардлагатай барилгын материал, бусад зүйлсээр хангах, тэдэнд ажлын хөлс төлөх, ажиллах боломж нөхцлөөр хангах, ажлын гүйцэтгэлийг чанартай хүлээн авах талаар заасан ба тэрээр уг зөрүү төлбөрийг хэрхэн тооцон нэхэмжилж буй нь тодорхой бус байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг зөрүү төлбөр 1.926.600 төгрөгийг хариуцагч Н.Аас нэхэмжлэхгүй хэмээн тайлбарлажээ.

 

Иймд хариуцагч Н.А нь эд хөрөнгийн чанар байдал алдагдуулсан, цаашид ашиглах боломжгүй болгосноос учирсан хохирол 1.095.000 төгрөг, ашиглалтын зардал 265.403,03 төгрөг, орон сууцанд засвар хийлгэсэн зардал 2.500.000 төгрөг, нийт 3.860.403,03 төгрөгийг хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч С.Бд төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 сарын 8-ны өдрийн гэрээний 2.2-т Орон сууц хөлслөх барьцааны мөнгө нь энэ гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 1 сарын байрны төлбөртэй тэнцүү хэмжээтэй байх бөгөөд хөлслөгч нь энэ гэрээ дууссаны дараа сард амьдарсан хугацааны байр, ашиглалтын төлбөрөө төлж, төлбөрийн баримтыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн тохиолдолд хөлслөгч барьцааны мөнгийг буцаан өгнө гэж заажээ.

Хариуцагч Н.А орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүний сөрөг нэхэмжлэлээр шаардсан барьцаа төлбөр 800.000 төгрөгийг буцаан гаргуулж түүнд олгох үндэслэлгүй бөгөөд харин уг мөнгийг түүний нэхэмжлэгч С.Бд төлөх 3.860.403,03 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 сарын 2-ны өдрийн 299 дугаар шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Аыг эрэн сурвалжлан түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2021 оны 3 сарын 30-ны өдрийн 50 тоот тодорхойлолтод тусгаснаар ... Н.А ... Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Ногоон төгөл хотхон, 63б байр, 12 тоотод оршин сууж байгаа болох нь тогтоогдсон болно гэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-8 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С.Б нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргаж байсан ба түүний өмгөөлөгч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Аас 3.060.403,03 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.926.600 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч Н.Аын 800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107.542 төгрөгийг болон хариуцагч Н.Аын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23.750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Аас 63.918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 сарын 31-ний өдрийн 8635 дугаар захирамжаар хариуцагч Нармандахын Аын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 5.787.003,03 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН