| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/158 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/158
2025 03 27 2025/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2525000000087 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Б-ын Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 08-ний шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт Тоёота Ист маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.63 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “хэлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрнө” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 01 дүгээр сарын 08- ны өдрийн тэмдэглэл, жолоочийн лавлагаа, согтуурлын зэрэг шалгасан багажийн заалт. /хх-ийн 2-4-р хуудас/
2. Гэрч Б.Э-г “Би 2025 оны 01 дүгээр сарын 07-ны орой 17 цагаас эхлэн 24 цагаар замын хяналт шалгалтаар ажилласан. Мөн цагдаагийн ахлагч О.Ж-н хамт үүрэг гүйцэтгэсэн. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багийн дунд засмал зам дээр зам шалгалтаар ажиллаж байтал гудамжнаас ***ОРО улсын дугаартай, саарал өнгийн тоёота ист маркийн тээврийн хэрэгсэл засмал зам руу орж ирсэн. Энэ үед уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Б-н Б /РД: *****/гэх эрэгтэй жолоодож явсан. Тэгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад 0.63 хувийн согтолттой байсан. Бас уг эрэгтэйн хажууд урд суудал дээр эхнэр нь бололтой эмэгтэй хүн, арын суудал дээр нь бага насны 2 хүүхэд зорчиж явсан. Б гэх эрэгтэйгээс яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон талаар нь асуухад манай гэр Дэнж багт байдаг, би зөөлөн явж байгаад харина гэж бодсон юм гэж хариулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-р хуудас/
3. Гэрч Ө.Б-н “2025 оны 01 дүгээр сарын 07-ны орой манай найзууд манай гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг Хөтөл ****тоотод ирсэн. Яагаад гэвэл идэш ирээд удаагүй байсан учраас мах чанаж найзуудыгаа дайлъя гэж бодсон. Тэгээд уг өдрийн орой 20 цагийн орчим Б , Б , Б , Лам найз нар гэр бүлтэйгээ ирсэн. Бид нар хоол цай идэнгээ хөзөр тоглосон. Тоглоом тоглож байхдаа залуучууд нь 2.5л хэмжээтэй 2 сав пиво, 0.5л хэмжээтэй 1 шил архи зэргийг хувааж уусан. Гэхдээ ер нь бол эмэгтэйчүүд уугаагүй яагаад гэвэл буцахдаа машин барина гэж ярьж байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед бүгдээрээ харихаар болж машин машиндаа суугаад манайхаас явсан. Маргааш нь сонссон чинь манайхаас гарч яваад Б цагдаад баригдсан гэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
4. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/2179 дугаартай шийтгэвэр. /хх-ийн 35-37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 08-ний шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт Тоёота Ист маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.63 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3000 нэгж буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 01 дүгээр сарын 08- ны өдрийн тэмдэглэл, жолоочийн лавлагаа, согтуурлын зэрэг шалгасан багажийн заалт, гэрч Б.Э-г “Энэ үед уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Б-н Б /РД: *****/гэх эрэгтэй жолоодож явсан. Тэгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад 0.63 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Б-н “Тоглоом тоглож байхдаа залуучууд нь 2.5л хэмжээтэй 2 сав пиво, 0.5л хэмжээтэй 1 шил архи зэргийг хувааж уусан. Гэхдээ ер нь бол эмэгтэйчүүд уугаагүй яагаад гэвэл буцахдаа машин барина гэж ярьж байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед бүгдээрээ харихаар болж машин машиндаа суугаад манайхаас явсан. Маргааш нь сонссон чинь манайхаас гарч яваад Б цагдаад баригдсан гэсэн” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/2179 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 08-ний шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт Тоёота Ист маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.63 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Тоёота Ист маркийн ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.63 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-н Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 800 000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах болон торгох ялыг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС