Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2018/02016

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2018/02016

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Жф ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Э,

 

Хариуцагч: А.С

 

Хариуцагч: Э.А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жф ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Д.Э, хамтран хариуцагч А.С нар 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 594/БГ дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Мөн зээлийн хугацаа сунгах гэрээг нэмэлтээр хийсэн болно. Гэтэл зээлдэгч Д.Э, хамтран зээлдэгч А.С нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлийн хүүгийн төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 20.652.215 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 00571 дугаар шийдвэр гарган зээлийн гэрээний үүрэгт 20.652.215 төгрөг гаргуулахаар шийдвэрлэн харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг анхан шатны шүүх хариуцагчаар Э.А, Л.Б, Д.Н нарыг татах хүсэлт гаргаагүй, барьцааны гэрээгээр хүлээсэн барьцаалуулагчийн үүргийг зээлдэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг тусад нь гаргаж байгаа. Барьцааны гэрээнийн нэг тал нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч буюу иргэн Э.А, байдаг бөгөөд барьцааны гэрээнд төлөөлж Д.Э, А.С нар гарын үсэг зурсан байдаг бөгөөд үүнтэй холбоотой итгэмжлэлийг хуульд заасан журмын дагуу авсан. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаар барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтан өлгий гудамж, тоот 109 м2 хувийн сууцыг, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтан өлгий 34 гудамж, 551А тоот хаягт байрлах нэгж талбарын  дугаартай Улсын бүртгэлийн дугаар 367 м2 газрын хамтаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 00571 дугаар шийдвэрээр А.С, Д.Э нараас 20.652.265 төгрөгийг гаргуулж Жф ББСБ ХХК-ийн олгон, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би шүүхийн шийдвэрийн дагуу зээлээ төлөх нь үнэн тул барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг түдгэлзүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.А шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2015 оны 01 сард иргэн Д.Э, А.С нарт зээл авахад нь Жф ББСБ ХХК-иас өөрийн өмч болох газар, байшингийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихад нь итгэмжилж өгсөн. Би уг зээлээс ямар нэгэн тохиролцсон мөнгө аваагүй. Өнөөдөр тэд гэрээний хугацаа өнгөрч зээлийн нөхцөл байдал хүндэрч зээлийн сунгалт хийх үед нэхэмжлэгч байгууллага мэдэгдээгүй. Их хэмжээний төлбөр гарсан үед нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөөр шийдвэрлэх асуудлыг би зөвшөөрөхгүй. Би ганц бие амьдардаг. 2 охин маань оюутан. Д.Эын эгч болох Д.Наранцэцэгээр уг нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг шийдвэрүүлэхийг хүсч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жф ББСБ ХХК нь хариуцагч Д.Э, А.С, Э.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Э, А.С, Э.А нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх хариуцагч Э.Аид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

 

Нэхэмжлэгч Жф ББСБ ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Э, А.С нарт 25.000.000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00571 дүгээр шийдвэрээр хариуцагч Д.Э, А.С нараас зээлийн гэрээний үүрэгт 20.652.265 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жф ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна /хх-20-23, 31-36/.

 

Мөн нэхэмжлэгч Жф ББСБ ХХК болон хариуцагч Э.А нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 594/БГ дугаар барьцааны гэрээ байгуулагдаж, дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтан өлгий гудамж,  тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 109 м2 талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, 367 м2 талбай бүхий өмчлөлийн газрыг тус тус барьцаалуулахаар харилцан тохиролцжээ /хх-12-14/.

 

Хариуцагч Э.А дээрх барьцаа хөрөнгийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба хөрөнгөө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулах эрхийг Д.Эт итгэмжлэлээр олгожээ /хх-28, 29/.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т барьцааны гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуулийн эдгээр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Талууд барьцааны гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргахгүй байна.

 

Зээлдэгч Д.Э, А.С нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00571 дүгээр шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 20.652.265 төгрөг гаргуулахаар тогтоосон, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 659 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ /хх-37/.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасныг үндэслэн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтан өлгий  гудамж,  тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 109 м2 талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 367 м2 талбай бүхий өмчлөлийн газрыг тус тус албадан худалдах үндэстэй байна.

 

Нэхэмжлэлд Д.Э, А.С нарыг хариуцагчаар татсан байх боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  дүгээр шийдвэрээр тэдэнд холбогдуулан гаргасан барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан ба хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д  энэ хуулийн 65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болохоор заасан. Иймд Д.Э, А.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Аийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтан өлгий  гудамж,  тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, 109 м2 талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 367 м2 талбай бүхий өмчлөлийн газрыг тус тус албадан худалдаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  дүгээр шийдвэрийг хангуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э, А.С нарт холбогдох, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 191.012 төгрөг, хариуцагч Э.Ааас 70.200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жф ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА