Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 213/МА2019/00001

 

*******ын нэхэмжлэлтэй Иргэний Нисэхийн

Ерөнхий газрын харъяа Баянхонгор аймаг дахь нисэх буудалд

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2018/00935 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харъяа Баянхонгор аймаг дахь нисэх буудалд холбогдох

Цэнэглэгч автомашины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний биеийг Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 тушаалаар цэнэглэгч авто машиныг жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу агаарын хөлгийг шатахуунаар хангах сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалан НАТОМ мэдээ зарлагдан байгууллагын үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсгээд байгаа тул гэх мэт шалтгаанаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан. Ийм учир урьд нь ажиллаж байсан цэнэглэгч авто машины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөөс эхлэн ажилгүй байсан үеийн цалин хөлсийн гаргуулах, мөн ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт зохих ёсоор бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 07 сард намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул шүүхэд хандсан. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлнэ. Манай байгууллагад сумлагч машин жолоодох эрхтэй хүн анхнаасаа байдаггүй, харин сургалтанд суусныхаа дараа тусгай сургалтанд хамрагдаж эрхээ авдаг юм. Намайг эрхгүй гэж 2 удаа ажлаас чөлөөлөөд энэ хооронд 3 хүнийг миний оронд сургалтанд явуулсан. Ажлаас халагдсан тушаалаа гарсан даруйд нь гардуулж өгөөгүй, Би ажлаас чөлөөлсөн гэхээр нь 14 хоног хөдөө байж байгаад ирсэн юм. Тэгээд төвд явж байхад 20 иод хоногийн дараа надруу утсаар ярьж тушаал гардуулсан баримтанд гарын үсэг зуруулсан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус нисэх буудлын цэнэглэгч машины жолооч ******* нь цэнэглэгч автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалан улсад НОТАМ мэдээ зарлагдан байгууллагын үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүссэн бөгөөд байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Үүнээс шалтгаалан тус аймагт Өвөрхангай аймгийн нисэх буудлын сумлагч машины жолооч ******* 2018 оны 5 дугаар сард 2 өдөр, Говь-Алтай аймгийн нисэх буудлын сумлагч машины жолооч ******* 2018 оны 7 дугаар сард 2 өдөр тус тус ирж ажилласан. Энэ бүхнээс шалтгаалан ирж ажиллаж байгаа хүмүүст томилолтын мөнгө унааны зардал гэх мэт зардал гарч байна. Иймд Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ур чадварын түвшин тогтоох хөдөлмөрийн магадлах комисс байгуулах тухай А/16 дугаар тушаал гарган тус нисэх буудлын цэнэглэгч машины жолооч ******* нь сумлагчийн жолоочийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн зорилт, тавигдах шаардлагыг хангаж ажиллах боломжтой эсэх, мөн агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхтэй эсэх, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргахыг комисст даалгасан. Уг тушаалаар томилогдсон комисс *******ыг онгоц сумлах тусгай тоноглолтой аюултай ачаа ачиж явах машин жолоодох эрх байхгүй, гэрчилгээ үнэмлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд холбогдох хууль журмыг баримтлан тус аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар *******ын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тул түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.Х нь сумлагч машин жолоодох эрхгүй атлаа шүүхийг төөрөгдүүлж сумлагч машин жолоодох эрхтэй мэтээр нэхэмжлэл гомдол гаргаж байна. Д.Хыг ажлаас халсан тушаал үндэслэлтэй гарсан. Д.Х нь сумлагч машин жолоодох эрхгүйгээс шалтгаалж байгууллагад хохирол учраад байгаа. Энэ хүн ажил мэргэжилдээ тэнцэх эсэх, ажил үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхийг миний тушаалаар комисс томилж шалгахад ажилдаа тэнцэхгүй гэдэг нь тодорхой болсон. Ажиллах чадваргүй учраас би сургалтанд явуулаагүй. Notam мэдээ зарлагдаж байгууллагад хохирол учруулсан тул хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Харин сумлагч машин жолоодох эрхгүй, сургалтанд хамрагдаагүй тул ажил мэргэжил, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэж үзсэн тул ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *******ыг Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын цэнэглэгч машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор аймаг дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.421.824 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч *******ын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга *******д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Тус нисэх буудлын цэнэглэгч сумлагч машины жолооч ******* нь цэнэглэгч автомашины жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалан улсад “НОТАМ” мэдээ зарлагдан байгууллагын үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүссэн бөгөөд байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Баянхонгор аймаг дахь нисэх буудалын цэнэглэгч машины жолооч гэсэн орон тоон дээр ажиллаж цалин авч байгаа боловч ******* нь цэнэглэгч автомашины жолоодох эрхийн үнэмлэхгүйгээс шалтгаалан Өвөрхангай нисэх буудлын сумлагч машины жолооч ******* 2018 оны 05 дугаар сарын 09-нөөс 10 ны өдрүүдэд, Говь-Алтай буудлын сумлагч машины жолооч ******* 2018 оны 07 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд тус аймагт ирж ажилласан. Энэ бүхнээс шалтгаалан ирж ажиллаж байгаа хүмүүст томилолтын мөнгө, унааны зардал гэх мэт зардал гарсан.

Иймд Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “ Ур чадварын түвшин тогтоох хөдөлмөрийн магадлах комисс байгуулах тухай” А/16 дугаар тушаал гарган тус нисэх буудлын цэнэглэгч машины жолооч ******* нь сумлагчийн жолоочийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заагдсан ажлын байрны үндсэн зорилт, тавигдах шаардлагыг хангаж ажиллах боломжтой эсэх мөн агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхтэй эсэх, талаарх дүгнэлт гаргахыг комисст даалгасан. Уг тушаалаар томилогдсон комисс *******ыг онгоц сумлах тусгай тоноглолтой, аюултай ачаа ачиж явах машин жолоодох эрх байхгүй, гэрчилгээ үнэмлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Иймд холбогдох хууль журмыг баримтлан тус аймаг дахь нисэх буудлын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар *******ын хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажпаас чөлөөлсөн. Мөн шүүхээс шинжээч томилон *******ыг агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумлагч автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар захирамж гарсан бөгөөд Иргэний нисэхийн Ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04/а/305 дугаар албан бичгээр ******* нь нисэх буудпуудын сумлагч автомашины жолооч нарын мэргэшүүлэх давтан сургалтанд хамрагдаагүй, сумлагч автомашин жолоодох эрх үүсээгүй байна гэсэн бичиг ирсэн.

Гэтэл үүнийг шүүх үнэлээгүй мөн ******* комиссийн дүгнэлтийн талаар гомдол гаргаагүй байхад шүүхээс комиссын дүгнэлтийг гаргасан комиссын бүрэлдэхүүнд уурын зуухны механик, шалгагч харуул зэрэг ажил үүргийн хувьд бусдын мэдлэг боловсролыг шалгах хангалттай мэргэшсэн ажилтан албан тушаалтан байх шаардлагыг хангаагүй хүмүүсээр дүгнэлт гаргуулсан байна гэж эрх бүхий хүмүүсийн дүгнэлтийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Нисэх буудлын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг тухайн байгууллагын бичиг хэргийн ажилтан ******* нь *******т 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн мөн энэ өдөр ажил хүлээлцсэн актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. *******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******аас Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга *******д холбогдуулан цэнэглэгч автомашины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн гомдол гаргажээ. Анхан шатны шүүх гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Ажил олгогч буюу хариуцагч талаас тайлбарлахдаа *******ын ажлаас халсан тушаалыг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *******т гардуулж өгсөн энэ тухай баримт нь /хавтаст хэргийн 90 дүгээр тал/ *******ын гарын үсэгтэй баримтаар тогтоогдож байгаа бөгөөд ******* нь 2018 оны 8 дугаар сарын 30-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар гомдлын шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарладаг бол ажилтан буюу нэхэмжлэгч ******* нь ажлаас халагдсан тушаалаа ажил олгогчоос 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гардан авч, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гомдлоо шүүхэд хуулийн хугацаанд гаргасан гэж маргажээ. Анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 гэсэн дугаартай тушаал гардуулж гарын үсэг зуруулсан гэсэн баримтыг нотлох баримтын хувьд үнэлээгүй байна.

Ажил олгогчоос тайлбарлахдаа ******* нь агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж байгаа, *******ын агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалж 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр NOTAM мэдээ зарлагдаж, 2018 оны 05 сарын 09-ний өдөр, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгаас *******, 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгаас ******* нарыг агаарын хөлөг шатахуунаар цэнэглүүлэх зорилгоор тус аймагт томилолтоор ажиллуулснаас шалтгаалж байгууллагад хохирол учирсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл болсон гэж тайлбарлажээ. Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/16 дугаар тушаалаар ур чадварын түвшин тогтоох хөдөлмөрийн магадлах комисс байгуулж, сумлагч машины жолооч ******* нь тус аймаг дахь Нисэх буудлын сумлагчийн жолоочийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн зорилт, тавигдах шаардлагыг хангаж ажиллах боломжтой эсэх, агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхтэй эсэх, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэх талаархи дүгнэлт гаргуулахаар комисст даалгасан байна. Улмаар дээрх тушаалаар байгуулагдсан комиссын 2018 оны 06 сарын 19-ний өдрийн дүгнэлтээр ******* нь онгоц сумлах тусгай тоноглолтой аюултай ачаа ачиж явах машин жолоодох эрх байхгүй гэрчилгээ үнэмлэхгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Ажил олгогч буюу хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудсыг ажилтанд гардуулсан /хх-ийн 85-86 дугаар тал/ атлаа , 4 хоногийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нисэх буудлын дарга нь тушаал гарган /хх-ийн 74 дүгээр тал/ *******ын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулсан байна. Эндээс үзвэл ажил олгогчоос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь цаг хугацааны хувьд зөрчилтэй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд мэдэгдсэний дараа мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах комисс томилж байгаа нь анханаасаа ажлаас халах зорилготой байсан гэж харагдахаар болжээ.

Ажил олгогчоос томилсон комиссын дүгнэлтийг гаргасан комиссын бүрэлдэхүүнд уурын зуухны механик, шалгагч харуул, онгоцны техникч зэрэг ажил үүргийн хувьд бусдын мэдлэг боловсролыг шалгах хангалттай мэргэшсэн ажилтан албан тушаалтан мөн эсэх нь тодорхойгүй хүмүүсээр дүгнэлт гаргуулсан, мөн комиссын дүгнэлтэнд ******* нь онгоц сумлах тусгай тоноглолтой аюултай ачаа ачиж явах машин жолоодох эрх байхгүй, гэрчилгээ үнэмлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан, тухайлбал мэргэжлийн үнэмлэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан болохоос мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гараагүй байна. Иймд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар *******ыг ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэл нь няцаагдаж байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 02619 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийг шинжээчээр томилсон бөгөөд энэ шүүгчийн захирамжийн хариуд Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн захирал *******ээс ирүүлсэн албан тоот нь /хх-ийн 146 дугаар тал/ хариу ирүүлсэн албан бичиг бөгөөд шинжээчийн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй юм. Нисэхийн сургалтын төв нь шинжээчийн дүгнэлт гаргаагүй байна гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл нь үйл баримтаар тогтоогдоогүй, *******ын хариуцлагагүйгээс болж яаж NOTAM мэдээ зарлагдсан, талаар хэрэгт нотлох баримт хангалттай авагдаагүй, мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг зөрчсөн гэх боловч чухам ямар зүйл хэсгийг зөрчсөн талаар тодорхой бичээгүй, тайлбарлаагүй байна. *******ыг Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын цэнэглэгч машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны олговор 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажлын 88 өдрөөр тооцож цалин олговорт 4.421.824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга *******гийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2018/00935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга *******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга *******гээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР