Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2022/0711/З |
Дугаар | 128/ШШ2022/0707 |
Огноо | 2022-09-27 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2022/0707
2022 09 27 128/ШШ2022/0707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Г******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х******
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Г******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х********, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Г*******гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Э.Г****** нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/175 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар мөн сургуулийн захирлаар томилогдон, Нийслэлийн Боловсролын газрын даргатай 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 2019/08 дугаар Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан.
3. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б/48 дугаартай Э.Гг ажлаас халах тухай захирамж гарган, нэхэмжлэгч Э.Г********тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.
4. Нэхэмжлэгч Э.Г***** нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 дугаартай захирамжийг эс зөвшөөрч, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06/2708 дугаар албан бичгээр “... шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлнэ үү” гэх хариу ирсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 дугаар захирамжийг эс зөвшөөрч, үүнийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулахаар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х******** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 онд Нийслэлийн Боловсролын газартай гэрээ байгуулснаас хойш дүүргийн Засаг дарга нь хөдөлмөрийн гэрээг огт байгуулаагүй боловч Нийслэлийн Боловсролын газартай байгуулсан Э.Г*******гийн хөдөлмөрийн гэрээг дүгнэж байгаа нь хуульд тогтоомжид нийцэхгүй, зөрчилтэй үйлдэл гэж үзэж байна. 2019 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох зохицуулалтын 6.3.11, 6.3.21, 6.3.23 гэсэн хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж зааж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 6.3.11-д хууль хяналтын байгууллага буюу прокурор, цагдаа, мэргэжлийн хяналтын эрх бүхий албан тушаалтнуудаас шаардахад мэдэгдэл хүлээн авч тодорхой арга хэмжээ аваагүй, зөрчил дутагдлыг арилгаагүй бол гэж зааж өгснийг зөрчсөн байна гэж үзсэн. Э.Г******** нь мэргэжлийн хяналт болон прокурор, цагдаагийн байгууллагаас мэдэгдэл буюу албан шаардлага огт ирж байгаагүй. Гэтэл албан шаардлага ирж байсан, тухайн албан шаардлагад дурдсан зөрчлүүдийг арилгаагүй гэж үзэж хариуцлага ногдуулж байгаа нь буруу гэж үзэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн албан бичиг нь 126 дугаар сургуульд очсон эсэхийг тодруулах нь зүйтэй. 126 дугаар сургууль Мэргэжлийн хяналт явуулсан талаар тэмдэглэл огт ирээгүй. Гэтэл энэ дутагдлаа арилгаагүй гэж холбогдох хөдөлмөрийн гэрээний 6.3.11-д заасныг удирдлага болсон. Хөдөлмөрийн гэрээний 6.3.21-д заасан ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцээгүй ажилтныг ажилд авсан гэдэг. Хэн гэдэг хүнийг ажилд авсан гэдгийн хариуцагч мөн адил тогтоож, нотолж чадаагүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албаны бичигт дурдагдаагүй боловч дурдагдсан мэтээр бичсэн байдаг. Ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, ажиллагааг шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй байгаа нь тогтоогдсон. Тогтоохдоо Мэргэжлийн байгууллага болон дотоодын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон байдаг. 126 дугаар сургуулийн үйл ажиллагаа ямар байдлаар доголдсон талаар тогтоосон зүйл байхгүй. Доголдсон гэдгийг хэн ч тогтоогоогүй. Ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байгаа нь тогтоогдсон мэтээр дүгнэсэн. Ажилтан нь өөрөө ажлын бүтээмжгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжууд байдаг. Үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгосон урамшууллууд байдаг. Эдгээр урамшууллууд нь улирал болгонд олгогдоод явдаг. 2022 онд гаргаж байсан 3 захирамжийг гарган өгсөн. Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Гг урамшуулаад байдаг боловч урамшуулал олгосон захирамж гаргаснаас 1 хоногийн дараа хариуцлага ногдуулдаг. 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа сайн хийсэн байна гэж урамшуулсан боловч 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа хийж чадахгүй байна гэж ажлаас халдаг. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь тушаал захирамж гаргаад өөрийн тушаалын үндэслэл болсон нөхцөл байдлуудыг зайлшгүй тогтоож нотлох ёстой байсан. Тус ажиллагааг хангалттай хэмжээнд хийгээгүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичигт дурдсан үндэслэлүүд нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, тухайн гаргасан албан бичигт дурдсан зөрчлүүд нь Э.Г******д хамааралтай байсан эсэхэд дүгнэлтээ хийх байсан гэж үзэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгийн 7 дох хэсэгт дүүргийн Засаг даргад санал болгосон байдаг. Тус саналын 7.5 дахь хэсэгт сургууль, цэцэрлэгийн цайны газрыг өөрчлөн засварлах, өргөтгөх, стандарт эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг бүрэн хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ үү гэсэн байдаг. 126 дугаар сургуулийн захиралд тус асуудлуудыг даалгаагүй, тухайн арга хэмжээг авч хэрэгжүүл гэж үүрэг болгоогүй. Албан бичиг нь мэдэгдэл буюу албан шаардлагын хэмжээнд үнэлэгдэхгүй байна. Холбогдох зөрчлүүдийг арилгах арга хэмжээг аваарай гэсэн санал хүргүүлсэн албан бичиг. Тус албан бичигт дурдагдсан зөрчлүүдийг арилга гэсэн саналыг хүргүүлсэн болохоос бус зөрчил гаргасан байж болзошгүй албан тушаалтныг ажлаас чөлөөлж, хариуцлага тооц гэсэн талаар дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл Э.Г********д хариуцлага ногдуулснаар тус албан бичигт дурдагдсан зөрчлүүд арилаагүй. Шаардлага хангаагүй ажилтныг ажилд авч ажиллуулсан гэж үзэж байгаа бол Э.Гг ажлаас халснаар тухайн зөрчил арилахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 1/130 дугаар удирдамжийн дагуу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд 2 үе шаттайгаар явуулсан хяналт шалгалтын дүнд зөрчил илэрсэн. 1 дүгээрт мэргэжлийн номын санч, нийгмийн ажилтан, багшаар бүрэн хангагдаагүй байгаа нь Боловсролын Сайдын 2008 оны 30 дугаар тушаалаар батлагдсан Номын сангийн үлгэрчилсэн дүрэм, 172, 592 дугаар тушаалын 2.8-д заасныг зөрчсөн, хоол хүргэлтийн технологийн үе шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг зөрчсөн, хоолны жор технологийн картад орц, илчлэг, шим тэжээллэг чанар, технологи ажлыг бүрэн тусгаагүй нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг зөрчсөн. Бэлтгэсэн хоолыг 75 градусаас доошгүй хэмд, хоёрдугаар хоолыг 65 градусаас доошгүй хэмд хадгалж бүртгэдэггүйн нь Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах заалтыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн ажлаас халсан. Мэргэжлийн Хяналтын газрын албан бичгээр ирүүлсэн шалгалтын дүнд тухайн байгууллагад гомдол гаргах бүрэн боломжтой боловч гомдол гаргаагүй гэсэн агуулгатай хариу тайлбараа ирүүлсэн байдаг” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 80 дугаар зүйлийн 80.1.4, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02-03/3871 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирал Э.Г нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 01/130 дугаартай удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд 2 үе шаттай явуулсан хяналт, шалгалтын дүнд Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан 2019 оны Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2, 5.2, 5.5, 6.3 дугаар зүйлийн 6.3.11, 6.3.21, 6.3.23-т заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан байна.
2. Нэхэмжлэгчийн зүгээс “...Хариуцагч нь өөр этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн, нийслэлийн Боловсролын газраас санал аваагүй, сонсох ажиллагаа хийснээс хойш 5 сарын дараа шийтгэл ногдуулсан нь хууль бус, мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн гэх зөрчлүүд нь нэхэмжлэгч надад шууд хамааралгүй, зөрчлөө арилгасан байхад шийтгэл ногдуулсан нь тус тус үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...мэргэжлийн хяналтын шалгалтаар нийт 4 зөрчлийн асуудал илэрсэн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж тус тус маргаж байна.
3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/130 дугаар “Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх” удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 52 сургуульд 2 үе шаттай хяналт, шалгалт хийжээ.
4. Маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02-03/3871 дүгээр албан бичгээр 126 дугаар сургуулийг нийт 4 зөрчил гаргаснаас шалгалтын хугацаанд 2 зөрчлийг арилгасан гэж үзсэн байх бөгөөд энэ нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.
4.1. Уг албан бичгийн нэгдүгээр хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “126 дугаар сургуулийг мэргэжлийн номын санч, нийгмийн ажилтангүй” гэж дүгнэжээ.
4.1.1. 126 дугаар сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Н.Нг тус сургуулийн номын санчаар томилон ажиллуулсан байх бөгөөд Н.Н нь 1998 онд номын санчийн мэргэжил олгох дамжаанд суралцаж 016 дугаартай үнэмлэх авсан, үүнээс хойш тасралтгүй мэргэжлээрээ ажилласан болох нь гэрч Н.Н*************гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, 88 дугаар сургуулийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай тодорхойлолтоор нотлогдоно.
4.1.2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын /хуучин нэрээр/ 2008 оны 30 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.8-д “Номын санч нь “Номын сангийн ажилтанд тавигдах шаардлага”-ыг /MNS5742:2007-ын 9 дэх хэсэг/ хангасан мэргэжлийн боловсон хүчин байна”, уг стандарт нь 2019 онд шинэчлэн батлагдсан байх хэдий ч 9 дэх хэсэгт заасан /шинэ журмаар 10 дахь хэсэг/ шаардлагыг Н.Н нь хангаж байгаа болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06-02/2015 дугаар албан бичиг, гэрч Т.О****** мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул “мэргэжлийн номын санчгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.1.3. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн Монгол улсад мэргэжлийн номын санч бэлтгэж ирүүлсэн түүхэн тоймоос үзэхэд 1991-2007 он хүртэл Соёлын коллеж нь номын санч бэлтгэж байсан, Н.Н нь 1998 онд тус коллежод суралцаж төгссөн зэргээс үзвэл 126 дугаар сургууль нь мэргэжлийн номын санчтай байсан байна.
4.1.4. 126 дугаар сургуулийн захирлын 2019 оын 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Э.Дыг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар М.А*******ийг тус тус сургуулийн нийгмийн ажилтнаар томилон ажиллуулсан, тэдгээр иргэд нь нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж төгссөн болох нь тус тусын бакалаврын дипломоор нотлогдож байна.
4.1.5. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 172/592 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Боловсролын нийгмийн ажилтны үйл ажиллагааны нийтлэг жишиг”, 5 дугаар хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-д заасан мэргэжлийн шаардлагыг Э.Д********, М.А********** нар нь хангаж байхад 126 дугаар сургуулийг мэргэжлийн нийгмийн ажилтангүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02-03/3871 дүгээр албан бичгийн нэгдүгээр хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д “126 дугаар сургуулийг хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг”, 4.3.4-д “хоолны жор, технологийн картад орц, илчлэг, шим тэжээллэг чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгаагүй, мөрдөж ажиллагаагүй нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг”, бэлтгэсэн хоолыг 75-аас доошгүй хэмд, хоёрдугаар хоолыг 65-аас доошгүй хэмд хадгалж үйлчилдэг, хугацааг тэмдэглэн бүртгэдэггүй нь Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагааныхаа дагаврыг өөрөө хариуцах тухай заалтыг тус тус зөрчсөн” гэж үзсэн нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.
4.2.1. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавина: хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах”, 10.1.2-т “стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх” гэж заажээ.
4.2.2. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “"хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг” гэж заасан, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, 126 дугаар сургууль, С **Э **Э*** ХХК нарын хооронд байгуулсан “Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээ” зэргээс дүгнэвэл дээрх хуульд заасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь 126 дугаар сургууль бус С**Э **Э* ХХК байна.
4.2.3. Тус сургуулийн зүгээс зориулалтын цайны газартай болох асуудлыг холбогдох байгууллагуудад удаа дараа тавьж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч Э.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь зориулалтын цайны газартай болгох эрх бүхий албан тушаалтан биш байна.
4.2.4. Нэхэмжлэгч Э.Г********* болон 126 дугаар сургууль нь Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч биш, нөгөөтэйгүүр сургууль зориулалтын бус цайны газартай байгааг залруулах арга хэмжээ авах талаар маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02-03/3871 дүгээр албан бичгийн нэгдүгээр хавсралтын 7-д Цаашид авах арга хэмжээний саналыг тусгахдаа 8 чиглэлийн ажлыг Дүүргийн Засаг даргад даалгасан байхад нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээс үзвэл уг ажлын хэсгийн дүгнэлт, болон улсын байцаагчийн акт, албан шаардлагад дурдсан бүх зөрчил нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүрэгт нь хамааралтай эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч уг зөрчлийг гаргасан гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байхад Хөдөлмөрийн гэрээний 6.3.11-д “Хууль хяналтын байгууллага /прокурор, цагдаа, мэргэжлийн хяналт/, эрх бүхий албан тушаалтнаас шаардлага, мэдэгдэл хүлээн аваад тодорхой арга хэмжээ аваагүй, зөрчил дутагдлыг арилгаагүй, 6.3.21-д “Ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцээгүй ажилтныг ажилд авсан, 6.3.23-д “Ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн байгууллага, зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдон, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байгаа нь мэргэжлийн байгууллагын болон дотоодын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, сургалтын үйл ажиллагаанд нөлөөлсөн зөрчил гарсан, сургалтын амжилт чанар огцом буурсан нь хөндлөнгийн хяналт шалгалтаар тогтоогдсон” зэрэг шалтгаанаар ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
6. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна, 16.4-д Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна, 16.4.18-д төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн, 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна, 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгана, 40.3-т Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ, 40.4-т Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээ авна, 40.4.1-д төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах, 40.4.2-т хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох гэж тус тус заажээ.
7. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд төсвийн шууд захирагч нь (захирал, эрхлэгч) харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулахаар, үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх асуудлыг тусгахаар, үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэхээр, үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцохоор байна.
8. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/704 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид 2021 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/262 дугаар тушаалаар 2022 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгосон атлаа мөн өдрийн Б/48 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй байна.
9. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан байхаар зохицуулсан байна.
10. Боловсролын тухай хуульд 2018 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө нийслэлийн Боловсролын газраас санал авах үүрэгтэй байсан байна.
11. Дээрх хуулийн өөрчлөлтийн дагуу дүүргийн Засаг дарга нь ажил олгогч тул сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүрэгтэй байсан. Уг үүргээ биелүүлэлгүй, Э.Гд нийслэлийн Боловсролын газар буюу ажил олгогч биш субъекттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, үндэслэлгүй байна.
12. Уг нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр үйлчлэлгүй хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад чөлөөлсөн нь хууль бус байна.
13. Хэрэгт авагдсан нотлох баримт, тодруулбал нийслэлийн Боловсролын газрын 2022 оны 08 дугаар сарын 30-ны 1/1184 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбараас үзэхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд хуульд зааснаар нийслэлийн Боловсролын газраас санал гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна.
14. Түүнчлэн хариуцагч нь сонсох ажиллагаа хийснээс хойш 5 сар, зөрчил илэрсэн гэж үзсэнээс хойш мөн 5 сарын дараа маргаан бүхий актыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 131 дугаар зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн /2021/ 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн байна.
15. Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг тус тус зөрчсөн, дээрх актын улмаас нэхэмжлэгчийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 тоот захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингаас /ТҮБД-5-5/ 964899+/төрийн алба хаасан хугацаа 20%/ 192980+/зэрэг дэв 20%/ 192980 * 5 сар, ажлын 2 хоног =1350859*5+127440=6881735 /зургаан сая найман зуун наян нэгэн мянга долоон зуун гучин тав/ төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
16. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа
багасгаж “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичигт хийлгэх” шаардлагаас татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
17. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****** нь удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/8318 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Г*****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/48 тоот захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6881735 /зургаан сая найман зуун наян нэгэн мянга долоон зуун гучин тав/ төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн “...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичигт хийлгэх” шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА