Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 29

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Э.Ганпүрэв,

шүүгдэгч Ж.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Урианхай овогт Жамъяны Соёл-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201701080093 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 8 дугаар гудамжны 449 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 11 дүгээр гудамжны 508 тоотод оршин суух, регистрийн МЕ69101107 дугаартай, Урианхай овогт Жамъяны Соёл-Эрдэнэ нь Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48-20 тоотод 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Ганпүрэв “намайг үлдээсэнгүй үстэж чирлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар шилээр чихийг зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Соёл-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 20 тоотод оршин суух Т.Сарантөрийн гэрт өглөө 09 цагийн орчим Т.Сарантөр, Э.Ганпүрэв нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Э.Ганпүрэвийг “явъя гэхэд нь явахгүй” гэж хоорондоо маргалдсаны улмаас түүний баруун чихийг нь толины хагархайгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Соёл-Эрдэнийн өгсөн: “Ганпүрэв намайг “гэртээ харья” гэж хэлээд зуурсан. Би харихгүй гэж хэлснээ бүдэг бадаг санаж байна. Ганпүрэв намайг айлаас чирч үүдний амбаарт гаргаад үстсэн. Би үүдний толийг арагшаа ухрах үедээ савсан. Тухайн үед яагаад харихгүй гэснээ би санахгүй байна. Айлаас Ганпүрэв гарсан. Араас нь би гарсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ганпүрэвийн өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн үед манай гэрт миний хоёр найз 1 шил архитай ирсэн. Маргааш нь манай хоёр найз ажил гээд авчирсан архиа уухгүй, надад өгөөд унтсан. Соёл-Эрдэнэ бид хоёр архийг тал хүртэл нь уугаад унтсан. Маргааш нь өглөөний 06 цагийн үед манай хоёр найз ажилдаа явсан. Соёл-Эрдэнэ бид хоёр өглөө нь босоод үлдсэн тал шил архийг хувааж уусан. Хажуу айл руугаа утсаар ярих гэж ороход Сарантөр нэг хүүхэнтэй хамт 1 шил архи урдаа тавьсан сууж байсан. Тэр архийг хувааж уугаад би Соёл-Эрдэнийг гэртээ харья гэхэд өөдөөс “би харихгүй, очвол намайг яах ч юм билээ, чамаас айж байна” гэж хэлсэн. Би уурлаад үстэж байгаад үснээс нь тавихад Соёл-Эрдэнэ арагшилж хананд өлгөсөн толийг савж хагалсан. Би эргэж хараад хаалга онгойлгож байхад чихнээс цус гарсан. Тэгээд Соёл-Эрдэнэ бид хоёр эмнэлэг явж оёдол тавиулсан. Би Соёл-Эрдэнийг уруу татаж тэр айлд дагуулж очоогүй байсан бол ийм хэрэг гарахгүй байсан. Энэ хэрэг миний буруугаас болсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/153 дугаар:

“1. Ганпүрэвийн биед баруун чихний ард шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Соёл-Эрдэнэд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж тогтоолыг баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хохирогч Э.Ганпүрэв нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж байна, учир нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэснийг ойлгоогүй байсан, одоо шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гээд шүүх хуралдаанд “Эрдэнэмөнх овогтой Ганпүрэв миний бие нь эхнэртэйгээ маргалдаж хөнгөн гэмтэл авсан ч одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Ж.Соёл-Эрдэнэтэй ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Бид хамтран амьдраад 5 жил гаруй болж байгаа, бидний гэр бүлийн харилцаа сайн, цаашдаа ийм асуудал дахин гаргахгүй зэргийг харгалзан үзнэ үү” гэх хүсэлт гаргаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулж, эдгээрээс өөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тул Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй дээрх заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Ж.Соёл-Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ж.Соёл-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Урианхай овогт Жамъяны Соёл-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Ж.Соёл-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2017 0108 0093 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ж.Соёл-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Ж.Соёл-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толины хагархайг устгасугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Соёл-Эрдэнэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ