Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2020/02853

 

 

 

 

 

 

 

 

 

2020 08 13

101/ШШ2020/02853

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Онгит овогт С.Н /РД:0/-гийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Бэсүүд овогт Ж.Г /РД:0/-д холбогдох,

 

Хүүхдийн сургалтын төлбөрт 11,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1706 дугаар шийдвэрээр Ж.Гаас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.А, 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.А нарыг эх С.Н миний асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлгийг эцэг Ж.Гаас гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хариуцагч Ж.Г нь шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хүүхдийн тэтгэлгийг нэг ч удаа сайн дураар төлөөгүй болно. Одоо хүү Г.А 15 настай, Г.А 9 настай. Хүү Г.А 2018-2019 оны хичээлийн жилд И Эс Эм олон улсын дунд сургуул-ийн 8-р ангид, 2019-2020 оны хичээлийн жилд Улаанбаатар Эмпати сургуульд шилжин суралцсан болно. И Эс Эм олон улсын дунд сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 11,850,000 төгрөгийг аав Ж.Г нь хариуцан төлнө гэсээр төлөөгүйн улмаас энэхүү төлбөрийн нэхэмжлэл удаа дараа ирсэн болно. Дээрх нөхцөл байдлын улмаас И Эс Эм олон улсын дунд сургуулийн хүү Г.Аын хувийн хэрэг материалыг өгөхгүй, гэтэл Улаанбаатар Эмпати сургуулиас хувийн хэрэг нэхэгдэж нэлээдгүй чирэгдэл учирлаа. Хариуцагч Ж.Г нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, одоо хүүхдүүд өсч том болж хэрэглээ нэмэгдэж байгаа нөхцөлд хүүхдийн сургалтын төлбөр төлөх нь хүндрэлтэй хэдий ч хүүгээ бодон арга буюу өр зээл тавин байж төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулан хүүгийнхээ хувийн хэргийг авсан болно. Миний бие хүү Г.А, Г.А нарын 2018-1019, 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж төлсөн болно. Гэтэл Ж.Г нь хүүхдүүдийнхээ сурч боловсроход анхаарал тавихгүй, эдийн засгийн бэрхшээлтэй асуудалд туслахгүй өдий хүрч байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хүү Г.Аын И Эс Эм олон улсын дунд сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 11,850,000 төгрөгийг Ж.Гаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай хүү Г.А И Эс Эм олон улсын дунд сургуульд 2016 оноос хойш суралцсан бөгөөд миний бие хүүгийнхээ сургалтын төлбөрийг би 2016, 2017 онуудад тус тус хариуцан төлж байсан төдийгүй түүнээс өмнө мөн л хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлж байсан. Харин С.Н зөвхөн 2018-2019 оны сургалтын төлбөрийг төлчихөөд надаас энэ мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие эцэг, эх хоёр хүүхдийнхээ өмнө эн тэнцүү эрх, үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1706 дугаар шийдвэрээр С.Нгоос надад 78,932,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн ба 20,000,000 төгрөгийг л төлж, үлдэх хэсгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн С.Н тухайн үедээ 236,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцыг хоёуланг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Миний охин Г.А бид хоёр орон сууцаа бүгдийг нь өгөөд явсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 7/сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. гэж заасан. Миний хүү Г.Аыг заавал өндөр төлбөртэй И Эс Эм олон улсын дунд сургуульд сурга гэсэн хууль байхгүй. Миний хувьд хүүгээ бусдын нэгэн адил Үндсэн хуульд заасны дагуу үнэ төлбөргүй, төрийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшүүлэх хүсэлтэй болно. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. гэж заасан. Миний хүү Г.Аыг 2018-2019 оны хичээлийн жилд заавал И Эс Эм олон улсын дунд сургуульд сургах онцгой нөхцөл байдал үүсээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Ж.Гд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрт 11,850,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1706 дугаар шийдвэрээр Ж.Г, С.Н нарын гэрлэлтийг цуцалж, 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.А, 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.А нарыг эх С.Нгийн асрамжид үлдээж, хүү Г.А, Г.А нарыг эцэг Ж.Гаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

 

Хүү Г.А нь 2018-2019 оны хичээлийн жилд И Эс Эм олон улсын дунд сургуульд 8С ангид суралцаж, тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрт 11,850,000 төгрөгийг эх С.Н төлсөн болох нь тус сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтаар тус тус тогтоогдсон.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч С.Н нь хүү Г.Аыг төлбөртэй сургуульд сургасантай холбоотойгоор гарсан нэмэлт зардлыг эцэг Ж.Гаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь хүү Г.Аыг заавал төлбөртэй сургуульд суралцуулах шаардлагагүй, 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг би төлж барагдуулсан тул 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг эс С.Н нь төлөх үүрэгтэй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь тэрээр өмнөх оны төлбөрийг төлсөнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйн дээр хүү Г.Аыг төлбөртэй сургуульд 2014 оноос хойш суралцуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд хүү Г.Аыг гагцхүү эх С.Нгийн дангаар гаргасан шийдвэрийн дагуу төлбөртэй сургуульд суралцуулсан гэж үзэхээргүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

 

Иймд гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр хадгалагдах ба харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх тул хүү Г.Аын сургалтын төлбөрийг эцэг Ж.Г дангаар хариуцах үндэслэлгүй. Иймд хариуцагч Ж.Гаас 11,850,000 төгрөгийн тал хувь болох 5,925,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Гаас 5,925,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Нд олгож, нэхэмжлэлээс 5,925,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 109,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ