Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,  

Орчуулагч, хэлмэрч Т.Х,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, улсын өмгөөлөгч С.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн    А.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Хатын Ед холбогдох эрүүгийн 2413003390018 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын ... дүгээр /Шар гавь/ багт оршин суух бүртгэлтэй, одоо тус аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багт түр оршин суух хаягтай, урьд Баян- Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Са. ургийн Х.т овогтой Е, регистрийн дугаар:.......

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Е нь Баян-Өлгий аймаг Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багт байрлах гэртээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи авч ир, архины мөнгө өг гэх мэт шалтгаанаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Е.Б, Е.М нарыг үсдэж, биед нь халдсан,

-2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө охин Е.Р, Е.Л нарын биед халдсан,

-2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө архи нэхэж, хүү Е.Мгийн нуруу уруу 2 удаа өшиглөж, хүү Е.Быг “гадуур тэнэсэн” гэх шалтгаанаар үсдэж, хүү Е.Хын баруун хацар уруу 2 удаа алгадаж зодсон,

-2024 оны 11 дүгээр сарын 09-10 шилжих шөнө “...чамаас болж би гартаа цаг зүүсэн” гэж эхнэр Э.Бд уурлан, улмаар эхнэр Э.Б, хүү Е.Л, Е.М нарын биед халдаж зодсон,

-2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү Е.Мг архи олж ир гэж хэлээд түүний толгой уруу цохиж, биед нь халдсан,

-2025 оны 01 дүгээр сарын эхээр эхнэр Э.Бийн мөр рүү өшиглөж зодсон,

-2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Е.Мгийн биед халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, яллах, өмгөөлөх талын дүгнэлтүүдийн агуулга:

1.1. Шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: “Хүү маань надад худлаа хэлж, миний хэлснийг эсэргүүцсэн болохоор хүүхдээ зодсон нь үнэн. Тэрнээс болж эхнэр цагдаад хандаж, би 30 хоног баривчлагдсан. Баривчилгаанаас гараад ирэхэд эхнэр Э.Б хүүхдүүдийг дагуулаад хадам ээжтэй хамт өөрсдийн гэрээ орхин өөр газар байшин түрээслээд амьдарч байсан. Би эхнэр, хүүхдүүддээ би та нараас салмааргүй байна, хамт амьдаръя гэж гуйсан боловч эхнэр Э.Б гэрлэлтээ цуцлуулна, чи архи уугаад байгаа тул хамт амьдрахгүй гэж байгаа. Хүүхдүүддээ гар хүрч зодсон нь миний буруу. Хэлж байгаа зүйлүүд нь бүгд үнэн. Эхнэрээсээ уучлалт гуйсан, одоо архи уухгүй гэж хэлсэн боловч уучлахгүй байна. Би эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдрахыг хүсэж байна. Хэргийг зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна” гэв.

1.2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Е нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ 2 настай хүүхдээс авхуулаад 15 настай хүүгээ хүртэл зодож, эхнэрийнхээ биед хүртэл халддаг баримтууд тогтоогддог. Тухайн үйл баримтууд хэрхэн яаж тогтоогддог вэ гэхээр анх 2024 оны 11 сарын 03-ны өдөр хохирогч Э.Б нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.Энэ гомдлыг шалгаж байх явцад 2025 оны 01 сарын 18-ны өдөр хүртэл нийтдээ 4 удаа гэр бүлийн гишүүний биед халдсан ба үүнээс өмнө 3 удаа нийтдээ 7 удаа хүүхдүүдийн биед халдсан эхнэрээ зодсон нөхцөл баримт тогтоогддог. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдүүдээ архи олоод ир гэж хөөдөг ба дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан байнга гэдэг шинжийг хангаж байгаагаас гадна хүндрүүлэх нөхцөл байдал буюу хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд Х.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед Э.Б жирэмсэн байсан гэдгийг шүүгдэгч, хохирогч нарын  хэн аль нь мэдээгүй учраас Х.Еыг тухайн гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэх боломжгүй. Харин бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Хохирогч Э.Б болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г нар нь  Х.Еаас хохирол нэхэмжлээд ч төлөх чадваргүй тул сэтгэцийн болон бодит хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймээс энэ шийтгэх тогтоолоор Х.Е нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

1.3. Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би нөхөр Х.Ед гомдолтой байна. Тэр өдөр бүр архи ууж, бид нарыг зовоож, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдүүдээ болон намайг цохиж, зоддог. Х.Еаас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол нэхэмжилсэн ч тэр төлөх чадваргүй. Би өөрөө жирэмсэн, хүүхдүүдийнхээ хамт тайван амьдрахыг хүсэж байгаа тул хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх хүсэлтийг,

1.4. Хохирогчийн өмгөөлөгч С.Т “Би энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирогч Э.Б болон насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хохирогч Э.Б нь хувийн байдлын хувьд өөрөө хагас өнчин өссөн. Аав нь  нас барсны дараа ээж нь өөр хүнтэй суухын өмнө Э.Бийг энэ хүнтэй чи гэр бүл болох ёстой гэсэн байдлаар Х.Етай хүчээр гэр бүл болгосон асуудал яригддаг. Үүнээс хойш Е нь чи надтай гуйж суусан гэх байдлаар дарамтлаад эхэлсэн байгаа. Энэ явдал нь үргэлжилсээр байсан ба хохирогч Э.Б тухайн үед хүүхэдтэй болчихвол гайгүй болох байх гэж бодсон. Одоо 5 хүүхэдтэй болсон ч Х.Е гэр бүлийн хүчирхийлэл үйлдсээр байгаа, хүүхдүүдээ байнга зоддог. Өнөөдөр шүүх хуралдаан дээр гаргаж байгаа байдлаас үзэхэд Х.Е өөрийн гаргасан үйлдлээ зөв гэж ойлгож байгаа юм. Ерөөсөө эхнэр, хүүхдээ би ингэж дарамталж байлгах ёстой гэсэн байдлаар хандаж байгаа нь хүчирхийллийн илрэл болж байгаа юм. Миний үйлчлүүлэгч хүүхдүүдийн хамт Х.Ед байнга зодуулж, 5 сарын хугацаанд хамгаалалтын байранд, миний ажлын өрөөнд 3 өдөр хүүхдүүдтэйгээ хамт хоносон. Энэ хугацаанд шүүгдэгч 30 хоногоор баривчлагдах үед л хохирогч Э.Б, хүүхдүүдээ аваад гэртээ харьсан. Гэртээ байх хугацаандаа хадам талын дарамтад өртсөн, хадам тал нь чи нөхрөө баривчлуулчхаад энэ гэрт юу хийгээд хэвтэж байгаа юм бэ гэж хэрүүл маргаан гаргасны улмаас хохирогч гэрээсээ явахаас өөр аргагүй болж, одоо 5 хүүхдийн хамт байр түрээсэлж амьдарч байгаа, өөрөө 5 сартай жирэмсэн ба эмчийн үзлэгт хүртэл зөв орж чадахгүй яваад байгаа. Х.Е засрахгүй гэдэг нь тодорхой учраас иргэний шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулсан гээд хүртэл Х.Е хүчирхийлэл үйлдсэн. Иймээс Х.Еыг прокурорын яллах дүгнэлтийн дагуу гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг,

1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт:  “Миний бие Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Х.Еы хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Тэр үеэс хойш энэ хэрэгт хүүхдүүдээс мэдүүлэг, тайлбар авах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон байгаа. Энэ гэр бүлийн хувьд манай газарт өнгөрсөн оноос эхэлж эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлээр бүртгэгдсэн. Тухайн хугацаанд иргэн Етай 2-3 удаа уулзаж манай газраас зөвлөгөө, мэдээлэл өгөх, хууль сануулах ажиллагааг хийж байсан. Миний бие иргэн Етай 2 удаа уулзахад биеийн байдлаасаа болж өвчтэй байгаа учраас ажил хийхгүй байгаа, архи уухаар өвчин намддаг болохоор хааяа архи уудаг талаар хэлж байсан. Хүүхдүүдтэй ярилцаж байх үед аав бид нарыг зоддог болсон шалтгаан нь зөвхөн архитай холбоотой, архи уух шаардлагатай болох үед бид нарыг архинд яваад ир, архи олж ир гэх мэтээр гэрээс хөөж, архинд явахгүй бол зоддог гэж ярьж байсан. Харин энхэр нь тусдаа амьдрах болсон шалтгаан нь нөхөр нь болох Е нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг дарамталдаг учраас тусдаа амьдрах болсон. Бас тусдаа амьдрах болсноос хойш ч гэсэн амар заяа үзүүлэхгүй, өдөр шөнөгүй дарамт үзүүлж агсам тавьж байгаа гэдгийг хэлж байсан. Манай Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийг бүртгэж аваад хариу үйлчилгээ үзүүлээд явж байгаа. Хүүхдүүдэд сэтгэл санааны хохирол учирсан гэж үзээд сэтгэл санааны хохирол нэхэмжлэх гэж байсан боловч Х.Е нь одоогийн байдлаар төлөх ямар нэгэн боломжгүй. Тиймээс ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй. Хохирогч Э.Б нь хүүхдүүдийн хамт нэлээдгүй хугацаанд хамгаалах байранд амьдарсан. Иймд Х.Е хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.” гэх тайлбарыг,  

1.6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Х.Еыг зөвтгөх ямар нэгэн үндэслэл байхгүй тул гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байгаа. Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад торгуулийн ял авч байсан гэдэг талаас нь ч гэсэн харах юм бол, энэ Еы үйлдэл, гэм буруугийн гол шалтгаант зүйл нь нэгдүгээрт архи байгаа. Хоёрдугаарт хувь хүний боловсролгүй байдлаас болоод гэр бүлээ тэжээж чадахгүй, гэр бүлээ дарамтлаад хүчээр авч явна гэсэн буруу бодолтой байгааг өмгөөлөгчийн хувьд засаж, залруулах гээд зөвлөөд чиглүүлээд байгаа. Өөрөө ч  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруугийн тал дээр маргаангүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

2. Эрүүгийн 2413003390018 дугаартай хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Х.Ед холбогдох зөрчлийн хэргүүдийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны санал, зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолууд /1 дэх хавтаст хэргийн 01-03, 49, 77, 115-117 дахь тал/,

-Иргэн Э.Бээс гаргасан “Зөрчлийн талаарх амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг хүлээн авсан тухай” тэмдэглэлүүд /1 дэх хавтаст хэргийн 04,50,78 дахь тал/,

-Хохирогч Ж.БиБийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 06-07, 51-52, 80-81 дахь тал/,

-Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 08, 57-58, 82-84 дэх тал /,

-Шүүгдэгч Х.Еыг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд саатуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолууд /1 дэх хавтаст хэргийн 10, 56 дахь тал/,

-Х.Еы согтуурлыг шалгасан тэмдэглэлүүд /1 дэх хавтаст хэргийн 13,55 дахь тал/,

-Х.Ед холбогдох зөрчлийн хэргүүдийг харьяаллын дагуу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал, прокурорын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 118-120 дахь тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Е.Х, Е.М, Е.Б нарын зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүд  /1 дэх хавтаст хэргийн 16-17, 20-21, 26, 92 дахь тал/,

           - Хохирогч Ж.БиБийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөртэйгөө гэр бүл болоод 15 гаруй жил болж байна. Миний нөхөр Х.Е нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 15 гаруй жил болсон. Тэр надтай гэрлэснээс хойш ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Хамт амьдарснаас хойш сүүлийн 4 жил гаруй архинд орж, одоо архины хамааралтай болсон. Ялангуяа сүүлийн 1 жил, өдөр бүр архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, байнга согтуу байдаг болсон. Архидан согтуурсан үедээ хэтэрхий ширүүн, догшин зан авиртай болж, гэр бүлийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг. Хүүхдүүдээ намайг байхгүй үед байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хааяа надад бас гарч хүрч зоддог.

        -2024 оны 11 дүгээр 02-ны өдөр нөхөр Х.Е нь намайг  ажлаас тараад 22 цагийн үед ирэхэд гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тэгээд ууж байсан архи нь дуусах үед том хүү Е.М хойд талын өрөөнд унтаж амарч байхад нь сэрээж “Надад архи авч ирж өг” гэж хэлээд Е.Мгийн нуруу уруу хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тухайн үйл явдал болох үед гаднаас орж ирсэн хүү Е.Быг “Яагаад гадуур тэнээд байгаа юм” гэж хэлээд Е.Быг үсдэж зодсон. Мөн охин Е.Хын баруун хацар уруу 2 удаа алгадаж зодсон. Би тухайн үйл явдлыг хараад Х.Ед хандаж “...Чи яагаад хүүхдүүд зодоод байгаа юм бэ? гэж хэлээд түүнийг хүүхдүүдээсээ  салгах гэтэл тэр намайг хэл амаар доромжилж, зодохоор дайрах үед би гэрээс гарч зугтаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

        -2024 оны 11 сарын 09-ний өдөр нөхөр Х.Е нь надруу утсаар залгаж “...Архи аваад ир, архи авч ирэхгүй бол чамайг ална...” гэж дарамталсан. Би тухайн өдөр ажлаа тараад гэртээ очиход Х.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд  “...чамаас болж би гартаа цаг  зүүсэн /зорчих эрхийг хязгаарлах ял авсан/...” гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэж, миний нуруу  уруу гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд хадам ах болох Х.Едилбайгийн гэрт байхад нөхөр Х.Е ирсэн ба хүүхдүүд болон надад нарт хандаж “... би дахиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй...” гэж хэлээд бид нарыг дагуулан гэрт очсон. Гэртээ очоод Х.Е дахин хэрүүл маргаан үүсгэж, намайг болон хүүхдүүдийг маань хэл амаар доромжилсон, мөн 4 настай Е.Л, 13 настай Е.М нарыг барьж аваад сэгсэрч айлгасан тул  би дахин цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн явдлаас өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 настай Е.Р, 4 настай Е.Л нарыг цохиж зодсон байсан ба тухайн асуудлын талаар хүү Е.М надад хэлсэн. Миний бие Өлгий сумын 11-р багт байрлах Жадыра гэх халуун усны газарт үйлчлэгч хийдэг ба өглөө 10 цагаас оройн 22 цаг хүртэл ажлын байран дээрээ байдаг. Нөхөр Х.Е нь намайг байхгүй үед гэртээ архидан согтуурч, хүүхдүүдийг  зодож, хүчирхийлэл үйлддэг. Дээр дурдсан явдлуудаас өмнө нь мөн Х.Е  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан ба тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй ихэнх зүйлийг бараг мартсан байна, яг тодорхой санахгүй байна....” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

 

- Хохирогч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Өчигдөр буюу 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр Х.Е нь өмгөөлөгч С.Атай уулзаж, өөрт нь холбогдох хэрэгт тус өмгөөлөгчийг авсан байсан. Энэ талаар би мэдээгүй бөгөөд өчигдөр 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед  миний бие "Тирлик" зах дээр явж байтал нөхөр Х.Е миний араас хүрч ирээд надад "Би шүүх хуралдаанд өвчтэй, сэтгэцтэй хүн болж жүжиглэхээр болсон, харин чи урьд нь худал мэдүүлэг өгсөн, чи дахин миний нөхөр Е нь хүүхдүүдээ болон намайг зодсон асуудал болоогүй гэж хэл. Чи урьд өгсөн мэдүүлгээсээ буцаад хоёулаа асуудалгүй болно, би ял авахгүй, хоёулаа эвлэрнэ" гэж надад хэлж, намайг өмнө нь өгсөн мэдүүлгээ өөрчлөхийг шаардаж, тулгасан асуудал гарсан. Мөн өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн би өмгөөлөгчтэйгөө ярьж байхад над руу Мгийн 90421233 дугаараас залгасан. Би утсаа авч ярихад Е надтай ярьж гэртээ ирэхдээ замдаа нэг шил архи аваад ирээрэй, ирэхгүй бол гэрт оруулахгүй шүү..." гэж хэлсэн. Би өөрөө 2 сартай жирэмсэн бөгөөд байнгын эмчийн хяналтад байгаа хүн, би өнөө орой гэртээ архи авч очихгүй бол Е надад дахиад гар хүрч магадгүй юм. Дээр дурдсан хэрэг явдал гарснаас хойш яг өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан саяхан, 2025 оны 01 дүгээр эхээр Е нь орой 21 цагийн үед хүүхдүүдийг унтахгүй  байна гэж хэрүүл гаргаад улмаар намайг орон дээр хэвтэж байхад миний баруун мөр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Е архи уугаагүй, эрүүл байсан бөгөөд энэ талаар манай том хүү М мэдэж байгаа. Өөр хүнд энэ талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Е.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 8г ангид суралцдаг. Миний аав болох Х.Е намайг ухаан орсон цагаас эхэлж өдөр бүр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан, одоо ч гэсэн хэрэглэж байна, өдөр бүр согтуу гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэл үйлддэг. Намайг 1 дүгээр ангид байхаас эхэлж намайг зодсон. Би өдийг хүртэл зодуулчхаад Цагдаагийн байгууллагад хандаж үзээгүй, хүүхдүүдээ битгий зод гэж хамаатан садны ах дүү болон ээж маань хэлэхэд манай аав тоодоггүй. Аав намайг дунджаар сард 10-15 өдөр зоддог, яг ямар шалтгааны улмаас намайг зоддог талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Ихэвчлэн намайг өшиглөх, толгой уруу цохих, алгадах гэх мэтээр миний биед халддаг. Дандаа ээжийг байхгүй үед намайг болон дүү нарыг согтуудаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зоддог. Манай ээж Жадыра халуун усны газарт ажилладаг ба өглөө 9 цагаас орой 23 цаг хүртэл ажилладаг. Энэ хугацаанд манай аав гаднаас хүмүүсээс мөнгө гуйж олж, гэртээ архи авч ирээд ганцаараа уугаад суудаг. Тэгээд ууж байгаа архи нь дуусах үед ихэвчлэн миний дүү Б бид хоёрыг архи олж ир гэж хэлээд гэрээс хөөж гаргадаг. Аавыг архи авч ир гэж хэлээд намайг гэрээс хөөх болгонд нь би сэтгэл санаагаар маш их унадаг ба ээж болон дүү нарыг минь зодох байх гэж боддог. Мөн аав намайг хэл амаар доромжилдог бөгөөд тэр болгонд надад маш хэцүү санагддаг. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр намайг шөнө  унтаж байхад архи олж ир гээд нуруу хэсэгт хоёр удаа өшиглөсөн, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед намайг барьж аваад сэгсэрч нүүрэнд нэг удаа алгадаж байсан, цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байсан” гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 144 дэх тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Е.Мгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Яг хэзээ гэдийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан 2025 он гарсны дараа нэг орой манай хоёр дүү Е.Р, Е.Л нар унтахгүй шуугилдах үед манай аав Е хүүхдүүд унтсангүй гээд ээжтэй маргалдаад байсан. Тухайн үед би өөрийнхөө унтлагын өрөөнд байсан бөгөөд маргааш өглөө нь ээж Б надад"... өнгөрсөн шөнө аав чинь та нарыг унтсангүй гээд намайг нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Е.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг. Манай ээж өглөө 9 цагт ажилдаа яваад орой 23 цагт гэртээ ирдэг. Би энэ хугацаанд сургуульдаа явж ирээд гэртээ байдаг. Манай аав Е тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ ганцаараа архи уугаад байж байдаг. Манай аав архи уухаараа ах М, эгч Х бид гурвыг загнаж зоддог. Ихэвчлэн ууж байсан архи нь дуусах үед гараад архи олоод ир, ээжийнхээ ажил дээрээс архи олоод ир гээд ах М бид хоёрыг гэрээс хөөж явуулдаг, хэрэв явахгүй гэж хэлэх юм бол бас бид нарыг зоддог. Намайг түлхэх, алгадах гэх мэтээр зоддог. Манай аав өдөр бүр л согтуу байдаг болохоор дээр дурдсан үйл явдал бараг өдөр бүр шахуу болдог. Ээжийг ажилдаа яваагүй гэртээ байх үед аав бид нарыг зоддоггүй. Аавыг архи уучихсан согтуу байх үед нь нэг гэрт хамт байхаас айдаг, эрүүлдээ ч ялгаагүй бид нарыг зодож загнадаг болохоор би ааваас маш их айдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 152 дахь тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Е.Ха.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт аав, ээж, ах, эгч дүү нарын хамт амьдардаг. Миний аавыг Е, ээжийг маань Б гэдэг. Ээж маань Жадыра гэх халуун усны газарт ажилладаг, ах М, дүү Б бид гурав хичээлд явдаг, хоёр дүү минь цэцэрлэгтээ явдаг. Харин манай аав гэртээ ганцаараа үлддэг ба өдөр бүр архи уудаг. Аав намайг хичээлээс гэртээ ирэх болгонд согтуу байдаг бөгөөд миний ах, дүү нар болон намайг уурлаж, загнаж, М, Б ах нарыг архи олж ир гэх мэтээр гэрээс гаргаж явуулдаг. Манай аав согтуу байсан ч эрүүл байсан ч манай гэр бүлийнхнийг зоддог бөгөөд намайг дүү нараа харсангүй, чимээ шуугиан гаргаж ноцолдлоо гэх шалтгаанаар зоддог. Ээж ажилдаа яваагүй байх үед бид нарыг зодож чаддаггүй, зодож загнахаар ээж бид  нарыг өмөөрдөг болохоор тэгдэг байх. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр М ахыг унтаж байхад архи олж ир гэж хэлээд нуруу хэсэгт нь хоёр удаа өшиглөж миний хацар луу хоёр удаа алгадсан. Ихэвчлэн түлхэх, алгадах мэтээр намайг зоддог” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/,

-Гэрч Х.Е.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бэр Бийн  хэлснээр Е  архи уусан үедээ хүүхдүүдээ архинд явуулдаг, ганц хоёр удаа эхнэртээ гар хүрч байсан юм байна. Харин яг хэзээ уг асуудлууд болсныг би сайн мэдэхгүй байна, ямартай ч архи уух болгондоо эхнэр, хүүхдүүдээ архинд явуулж, явахгүй болохоор гар хүрч зоддог асуудал гаргаж байсан. Миний мэдэхийн хамгийн сүүлд 2024 оны 11 сарын 02-ны өдөр М хүүдээ гар хүрч, дараа нь 2024 оны 11 сарын 09-ний өдөр Бд гар хүрч, зодсон асуудал гаргасан. Тухайн үед би очиж салгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөд явуулж байсан. Тэрнээс өмнө болсон асуудлуудын цаг хугацааг нь санахгүй байна. Нэмж хэлэхэд Е нь эрүүл үедээ ч гэсэн эхнэртэйгээ таарамж муутай харагддаг, би тэдний хажууд байнгын байдаггүй болохоор тухайн үед ямар асуудлаас болж муудалцдаг эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал/,

-Гэрч С.Е.кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Е нь манай эгч Бийг эмнэлэгт хэвтэх хэмжээний гэмтэл учруулж зодохгүй ч тэр хүний биеийг хөх няц болгоод зоддог цохидог юм. Манай эгч өөрөө маш их тэвчээртэй. Миний мэдэхийн өнгөрсөн 2024 оны 11 сарын 02-03-нд шилжих шөнө Е ах том хүү Мг архи авчирч өг гээд гэрээс хөөгөөд явуулсан байсан. Би тухайн үед өөрөө Улаанбаатар хотод байсан бөгөөд над руу М залгаж "Аав намайг зодож, архи аваад ир гээд хөөгөөд явууллаа" гэж хэлж байсан. Миний мэдэхийн дээрх хэлсэнчлэн өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Е ах том хүү Мг архи авчирч өг гээд гэрээс хөөгөөд явуулсан байсан. Түүний дараа Е нь 2024 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө, бас намайг хотод байхад манай эгч Бийг "...цаг зүүлгэсэн..." гэх шалтгаанаар зодож цохисон гээд тухайн үед Б эгч над руу утсаар залгаж хэлж байсныг би мэдэх юм байна. Харин 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө өөрийн хүүхэд Е.Р, Е.Л нарын биед халдсан эсэх талаар би сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

-Насанд хүрээгүй гэрч Е.Х.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын 12 дугаар багт байрлах гэртээ аав Е, ах М, дүү Б, Л, Р нарын хамт байж байсан юм. Тухайн өдөр манай ах М орой 19.00 цаг өнгөрч байхад гэртээ нүүрс хийгээд зуухны дэргэд сууж байтал аав түүнийг "... архи олж ир, ээжийн чинь ажил руу хамт яваад архи аваад ирье..." гэж хэлж байсан бөгөөд ах М би явмааргүй байна гэж хэлэхэд аав түүний толгой руу цохисон. М ах өөрийгөө хамгаалж аавын хоёр гарыг нь барихад аав Е  ах  Мгын нүүрэн тус газарт мөргөхөд  М  ах буйдан дээр унасан. Аав М ахыг барьж авах гэхэд М ах гэрээс гараад зугтсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/,

Гэрч Х.Ах.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би Өлгий сумын 12 дугаар багийн нийгмийн ажилтан бөгөөд 2024 оны 11 дүгээр сард манай байгууллагад Цагдаагаас албан бичиг ирж байсан. Уг албан бичигт Х.Е нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа тул хохирогч нарт хууль зүйн туслалцаа үзүүлнэ үү гэсэн байсан. Уг албан бичгийн дагуу хохирогч Э.Б болон насанд хүрээгүй хүүхдүүдтэй уулзаж байсан. Мөн хамтарсан багийн гишүүдийг дагуулж, Х.Еы гэрт очих үед Х.Е нь согтуу, бид нарыг эсэргүүцэж байсан. Хохирогч нартай уулзахад “Х.Е нь өдөр бүр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөрийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Е.М, Е.Б, Е.Х нарыг архи олж ир гэх шалтгаанаар гэрээсээ хөөж гаргадаг. Мөн эхнэр Э.Б, хүүхдүүд болох Е.М, Е.Б, Е.Х, Е.Р нарыг зодож, хэл амаар доромжилж хохирол учруулдаг талаар надад хэлж байсан. Х.Е нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Байнга гэртээ байдаг бөгөөд өдөр бүр архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нөхцөл байдал тогтоогдсон” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 163 дахь тал/,

-Шүүгдэгч Х.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би согтуу үедээ архи олж ирж өг" гэж хэлээд хүү Е.Мгийн нуруун тус газарт нь хөлөөрөө 2 удаа өшиглөж, Е.Быг "гадуур яагаад тэнээд байгаа" гэх шалтгаанаар үсдэж, Е.Хыг баруун хацар уруу 2 удаа алгадаж, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжих шөнө "... чамаас болж би гартаа цаг зүүсэн" хэмээн эхнэр Э.Бийн биед халдсан гэх үйлдлүүдийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Тухайн асуудлууд бүгд үнэн юм. Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө 22 цагийн үед халамцуу байх үедээ өөрийн хүүхэд Е.Р, Е.Л нарыг уйлсан гэх шалтгаанаар Е.Р, Е.Л нарыг ноосон малгайгаараа өгзөг рүү нь цохисон. Дараа нь 2024 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө архинд яваад ир гээд Е. Мгийн нуруу тус газарт нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Е.Быг “гадуур тэнэсэн” гэх шалтгаанаар мөн ноосон малгайгаараа цохисон,  Е.Хыг баруун хацарт нь малгайгаараа цохиж зодсон. Дараа нь 2024 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө “...чамаас болж би гартаа цаг зүүсэн" гэж хэлээд эхнэр Э.Бийг нуруу уруу гараараа ганц хоёр удаа цохисон. Ийм л асуудал гаргаж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 225 дахь тал/,

 

            -Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

            -Шүүгдэгч Х.Еы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал/,

            -Гэрч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Е нь манай сэтгэц, наркологийн тасагт архины эмчилгээ хийлгэж байсан хүн болохоор сайн танина. Миний санаж байгаагаар Х.Е нь 2024 оны 10 дугаар сарын үеэр архины эмчилгээ хийлгэхээр сэтгэц наркологийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Гэхдээ Х.Ед сэтгэцийн өвчин байхгүй. Харин тэр байнгын архи уудаг, архины хамааралтай хүн болохоор манай эмнэлэгт ирж архины хор тайлах эмчилгээ хийлгэчхээд гараад явдаг юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 174 дэх тал/,

           -Гэрч Х.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..Манайх ах дүү наймуулаа бөгөөд Х.Е нь айлын бага нь буюу бидний отгон дүү юм. Тэр дээрээ 3 ах, 4 эгчтэй. Х.Е нь 3 дугаар анги хүртлээ сургуульд суралцаад хичээлээс гарч, аав, ээжид туслахаар мал маллаж, хөдөө амьдарч байгаад аймгийн төвд нүүж ирээд 6 жил болж байна. Цэргийн алба хаасан. Одоогоос 15 жилийн өмнө Э.Бтэй гэр бүл болж, 5 хүүхэдтэй болсон. Том хүү нь 7-р анги, бага хүүхэд нь 2 настай. Дүүгийнхээ зан байдлын талаар ярихад 6 жилийн өмнө аймгийн төвд нүүж ирснээс хойш байнгын архи ууж байгаа, ах, эгч нараас нь шаардлага тавьж, зөвлөгөө өгдөг боловч тоодоггүй. Архи уусан үедээ эхнэр хүүхдүүдээ архинд явуулж, таарамжгүй харьцаа үүсгэдэг. Эхнэр хүүхдээ зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 166-167 дахь тал/,

          -Х.Еы хүүхдийн дэргэд архидан согтуурсан зөрчлөөр шийтгэл хүлээсэн тухай 0734606 дугаартай шийтгэлийн хуудас /2 дахь хавтаст хэргийн 003 дахь тал/,

          - Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, мөн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 81 дугаартай шийтгэврийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 05-07,62-65 дахь тал/,

         -Х.Еы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангийн лавлагаа, Өлгий сумын 12-р багийн засаг даргын тодорхойлолт, /2 дахь хавтаст хэргийн 09-11, 17-18, 26 дахь тал/,

        -Х.Еы өвчний түүхийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь хүрэлцээтэй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

         

             Хэрэгт тогтоогдсон үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

1.Шүүгдэгч Х.Е нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл баг/ багт байрлах гэртээ байнгын архидан согтуурсан үедээ эхнэр болон бага насны хүүхдүүдийнхээ биед гурав ба түүнээс дээш удаа халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2.Тодруулбал: Шүүгдэгч Х.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Архи олж ир, ээжийнхээ ажил дээр очоод архины мөнгө аваад архи аваад ир” гэх мэтээр өөрийн насанд хүрээгүй хүүхэд болох Е.М, Е.Б нарыг шөнө оройн цагаар гэрээсээ хөөж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон байх бөгөөд тэрээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтуугаар 2 настай Е.Р, 4 настай Е.Л нарыг унтахгүй, ноцолдсон гэх шалтгаанаар тус бүрийг нь нэг нэг удаа алгадаж, биед нь халдаж зодсон,

-2024 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө согтуугаар том хүү Е.Мг унтаж амарч байхад нь “Архи авч ирж өг” гэж хэлээд нуруу уруу нь 2 удаа өшиглөж биед нь халдсан, тухайн үед хүү Е.Быг гаднаас гэртээ орж ирэхэд шүүгдэгч  Х.Е нь Е.Быг “гадуур тэнэсэн” гэх шалтгаанаар үсдэж, чирч газарт унагаан биед нь халдаж зодсон, мөн хүү Е.Хын баруун хацар уруу 2 удаа алгадаж зодсон,

 

-2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгч Х.Е нь согтуугаар эхнэр Э.Б рүү залгаж, “Архи авч ир, архи авч ирэхгүй бол чамайг ална” гэж дарамталж, улмаар тухайн шөнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө “...чамаас болж би гартаа цаг зүүсэн” гэж эхнэр Э.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, түүний нуруу уруу гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь халдаж зодсон,

-2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Э.Б, хүү Е.Лм, Е.М нарыг Х.Еы хүчирхийлэл дарамтаас зугтаж, ах Х.Егийн гэрт байхад нь “Би дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй” гэж хэлээд гэртээ дагуулж ирсний дараа согтуугаар дахин хэрүүл маргаан үүсгэж,  эхнэр хүүхдүүдээ хэл амаар доромжилж, 4 настай Е.Лм, 13 настай Е.М нарыг барьж аваад сэгсэрч, Е.Мг нэг удаа алгадаж биед халдаж зодсон,

-2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ хүү Е.Мг “Архи олж ир” гэж хэлээд толгой уруу нь  цохиж, биед нь халдаж зодсон,

-2025 оны 01 дүгээр сарын эхээр согтуурсан үедээ хүүхдүүдээ унтуулахгүй байна гэж эхнэр Э.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар Э.Бийг орондоо унтахаар хэвтэж байхад түүний баруун мөр хэсэгт өшиглөж зодсон,

-2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим согтуугаар “Архинд явсангүй” гэх шалтгаанаар хүү Е.Мг заамдаж, нүүрэнд нь нэг удаа алгадаж, чирч, биед нь халдаж зодсон (энэ үйлдэл нь 2 дахь хавтаст хэргийн 62-65 дахь талд авагдсан шүүхийн шийтгэврийн хуулбараар тогтоогдсон) болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусган ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

3. Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Х.Еы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргээр  зүйлчилж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Х.Е, хохирогч Э.Б болон тэдгээрийн насанд хүрээгүй хүүхдүүд Е.М, Е.Б, Е.Х, Е.Лым, Е.Р нар нь нэг гэр бүлд амьдарч байгаа, гэр бүлийн харилцаатай хүмүүс болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх  тул тэдгээрийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “Байнга” зодсон үйлдлээр илрэх ба хуульд зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид гурав ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно.

Хохирогчийн биед халдах үйлдэл нь үсдэх, алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэргээр хүний бие махбодид өвдөлт, зовиур мэдрүүлсэн аливаа үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч Х.Е нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Э.Б болон насанд хүрээгүй Е.М, Е.Б, Е.Х, Е.Л, Е.Р нарыг нийтдээ 7 удаагийн үйлдлээр биед нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “байнга зодох” гэсэн үндсэн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд түүний үйлдлүүдийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Шүүгдэгч Х.Еы гэр бүлийн гишүүдийг зодсон үйлдэл тус бүр нь гэр бүлийн хүрээн дэх ахуйн шинжтэй маргааныг агуулаагүй, тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүд болон эхнэрээсээ архи нэхэх, архины мөнгө олж ир гэж гэрээсээ хөөх зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлээр эхнэр, хүүхдүүдээ зодож, биед нь халддаг, түүний үйлдэл тус бүр нь ижил төстэй, дахин давтагдах шинжтэй, тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ ч дээрх үйлдлээ үргэлжлүүлж байсан зэргээс дүгнэж үзэхэд Х.Еы үйлдэл нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох” гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн бол мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Шүүгдэгч Х.Е нь согтуурсан үедээ тодорхой хугацаанд өөрийн насанд хүрээгүй буюу 2-13 насны 5 хүүхдээ удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон нь тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “Хүүхдийн эсрэг” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Х.Еыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Е нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Е болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Х.Еы ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнгын архидан согтуурч, архины хамааралтай байгаа нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

4. Шүүх хуралдаанд хохирогч Э.Б болон насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч А.Г нар нь шүүгдэгч Х.Еаас гэмт хэргийн хохирол, хор уршиг болон сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Еыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

5.Хохирогч Э.Б нь жирэмсэн болох нь хэрэгт авагдсан “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” гэх баримтын хуулбар, хохирогч Э.Бийн мэдүүлгээр нотлогдож байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх цаг хугацаанд хохирогч Э.Б болон шүүгдэгч Х.Е нарын хэн аль нь хохирогч Э.Бийг жирэмсэн гэдгийг мэдээгүй гэх тайлбарыг гаргасан тул Х.Еыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг  “жирэмсэн” хүний эсрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Х.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний үйлдсэн гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хариуцлагын хувьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 6 сараас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол болон хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан байгаа. Шүүгдэгч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байнгын бага насны хүүхдүүд болон эхнэрийн эрх чөлөөнд халддаг нь тогтоогдсон. Хохирол хор уршгийн хувьд бодит байдлаар ямар нэгэн хохирол учраагүй ч гэсэн хор уршиг маш их байгаа гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хэрэг нь байнга гэр бүлийн орчинд үйлдэгддэг, сэтгэл санааны хувьд бол хүүхдүүд айсан, түгшсэн байдалтай байгаа нь хор уршиг гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Харин хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Үүнээс гадна хэдийгээр шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгчийн үг үйлдэл нь тохирохгүй байгаа. Тодруулбал хүүхдүүдээ би зоддоггүй, нэг л удаа би том хүүгээ цохисон гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр улсын яллагч Х.Еыг 7 удаагийн үйлдлээр эхнэр, хүүхдүүдээ байнга зодсон яллаж байгаа болохоор улсын яллагчийн  хувьд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Мөн Х.Е нь энэ хэрэгт шалгагдаж байхдаа, хохирогчийн өмгөөлөгч ч гэсэн хэлэх байх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсээр л ирсэн, үйлдээгүй ганц тохиолдол нь юу вэ гэвэл шүүхээс 30 хоногийн хугацаагаар баривчлагдсан үедээ л гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Харин баривчлах шийтгэл эдлээд гарч ирсэн даруйдаа мөн ялгаагүй би та нараас болж баривчлагдсан, архины мөнгө олж ир гэх зэргээр гэр бүлийн хүчирхийллээ үйлдсээр л байсан болохоор хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна, алдаагаа бусдаас хайж байна гэж үзэхэд хүргэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Х.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил, 10 сар, 20 хоногоор тогтоох дүгнэлтийг гаргаж байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй” гэх дүгнэлтийг,

3.Хохирогч Э.Б шүүх хуралдаанд: “...Би жирэмсэн, нөхөр Х.Е хүүхдүүдийг маань байнга зоддог учраас тэд ааваасаа маш их айдаг, айдастай амьдарч байгаа. Би нөхөр Х.Еаас шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, одоо тусдаа амьдарч байгаа.  Тиймээс биднийг амгалан тайван амьдрах боломжтой болгож, нөхөр Х.Ед 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү”гэх хүсэлтийг,

4. Хохирогчийн өмгөөлөгч: С.Т шүүх хуралдаанд:”...Хохирогч Э.Бээс шүүгдэгч Х.Ед хорих ял оногдуулах хүсэлт гаргаж байгааг дэмжиж байна. Өмнөх ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, нэмж нэгтгэх нь зүйтэй” гэв.

4.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд “...Хохирогч Э.Бээс Х.Ед хорих ял оногдуулах хүсэлт гаргасныг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүх хуралдаанд: “...Х.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын хувьд прокуророос санал болгож байгаа хорих ялыг багасгаж өгнө үү. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд 6 сараас 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулах санкцтай байгаа. Иймээс улсын яллагчийн санал болгож байгаа 1 жил хорих ялыг 6 сар болгож,  эдлээгүй үлдсэн ялын нэмж нэгтгэж өгнө үү. Х.Еы хувьд тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлагдаж байж, архинаас холдох байх” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Х.Е шүүх хуралдаанд “Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

            7.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

8.Шүүгдэгч Х.Е нь 1982 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, одоо 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, мөн удаа дараа зөрчлийн хэрэгт холбогдож баривчлагдаж байсан, байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, аймгийн сэтгэц, наркологийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэх хувийн байдлууд хэрэгт тогтоогджээ.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

10. Шүүгдэгч Х.Еы үйлдсэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь гэр бүлийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, цаашлаад хүний халдашгүй байдалд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулах, дахин давтагдах шинжээрээ нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд  шүүгдэгч нь насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ дэргэд байнгын архидан  согтуурч, хүүхдүүдээсээ архи нэхэж, биед нь удаа дараа халдаж, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл дарамт үзүүлж байсан, насанд хүрээгүй хүүхдүүдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, эхнэр Э.Бийн эзгүйд бага насны хүүхдүүдээ зодож байсан нөхцөл байдал, Х.Еы хүчирхийлэл, дарамтаас шалтгаалан хохирогч Э.Б нь гэртээ очихоос айж, өвлийн хүйтэн улиралд насанд хүрээгүй 5 хүүхдийн хамт өмгөөлөгчийн өрөөнд өнжиж, эрх ашиг нь зөрчигдөж байсан, мөн гэрч, хохирогчийг хамгаалах байранд тодорхой хугацаан хүүхдүүдийн хамт амьдарч байсан нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 6 хүний эсрэг уг гэмт хэргийг байнга үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогч Э.Бийн “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх буюу хорих ял шийтгэх хүсэлт”, насанд хүрээгүй хохирогч хүүхдүүдийн хууль А.Гийн “Эрүүгийн хариуцлагын төрлөөс хорих ялыг сонгож хэрэглэх” санал хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь  дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Ед 1 жил, 10 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:”...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Е нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болохоос өмнө дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн нь 2 дахь хавтаст хэргийн 05-07 дахь талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Е нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг ялаас 03 сар, 10 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 10 сар 20 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Даийн “Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн этгээдийн ялын тооцоо” гэх баримтаар нотлогдож байна.

12.Шүүгдэгч Х.Е нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ зөрчиж, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан болох хүртэл 3 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын тооцоог 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тооцож ирүүлсэн нь  үндэслэлтэй байна.

13.Түүнчлэн шүүгдэгч Х.Е нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас 4 сар, 17 хоног нэмэгдэл ялыг эдэлж, 01 жил, 07 сар, 13 хоногийн эрх хасах нэмэгдэл ялыг эдлээгүй үлдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн ялын тооцоо гэх баримтаар нотлогдож байна.

14.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Ед энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил, 10 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр урьд тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар, 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Еы  нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил,  9 /ес/  сарын хугацаагаар,

15.Шүүгдэгч Х.Ед урьд тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялын хугацааг шийдвэр гүйцэтгэгчийн тооцоог үндэслэн  01 жил, 07 сар, 13 хоногоор тус тус тогтоож шийдвэрлэв.                                                                                                                                                                                  

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ед  оногдуулсан 2 жил, 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

17.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Х.Еыг 2 жил, 9 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 07 сар, 13 хоногийн нэмэгдэл ялыг хуульд заасан журмын дагуу эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт ”Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан тул шүүгдэгч Х.Еы энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Х.Ед урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг өнөөдрөөс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

19.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Еаас гаргуулах хохирол, хор                                    уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сащовогт Хщын Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Ед 1/нэг/ жил, 10 /арав/ сар, 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ед энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 10 /арав/ сар, 10 /арав/ хоног хорих ял дээр урьд тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж,  1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Еы  нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/  жил, 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.                                                                                                                                                                                  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ед  оногдуулсан 2 /хоёр/  жил, 9 /ес/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еыг 2 /хоёр/ жил, 9 /ес/ сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа түүнд  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил, 07 /долоо/ сар, 13 /арван гурав/ хоногийн нэмэгдэл ялыг хуульд заасан журмын дагуу эдлүүлэхийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еы энэ хэрэгт цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Х.Ед урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг өнөөдрөөс эхлэн тоолохоор тогтоосугай.

8.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Еаас гаргуулах хохирол, хор                                    уршиггүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.Б