| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч М.Сэлэнгэ,
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.******* нь ,ийн тоотод 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шөнө 2-3 цагийн үед иргэн Ө.ийн биед заазуураар “зүүн мөр, зүүн шуунд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэртээ 2 хүнтэй хамт архи уусан. намайг элдвээр хэлээд доромжлоод байсан. Унтаж байхад намайг оролдоод байхаар нь би босоод заазуур аваад цохьсон. Цаашид архи уухгүй дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-11 дэх тал/,
2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22 дахь тал/,
Хохирогч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.*******ийн хамт мал хараад 5 хонож байсан. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед , Баянгийн тоотод гэртээ малаа хотлуулчхаад Х.*******, бид гурав 0,75 литрийн архи 2 шилийг уугаал сууж байтал эгч ирээд тухайн үед уурласан та нар яах гэж архи ууж байгаа юм бэ гээд уурлаж байгаад чимээгүй болсон. Бүгд унтахаар болоод нэлээн согтуу байсан болохоор унтах санаатай юм яриад хэвтэж байтал Х.*******ийн уурыг хүргэсэн юм шиг байгаа юм гэнэт Х.******* миний зүүн гарын булчин хэсэгт заазуураар цавчихаар нь чаддаг юм бол дахиад цавччих гэхэд зүүн дал булчин хэсэгт заазуураар цавччихсан. Тэгээд эгч цагдаад дуудлага өгөхөд *******, нар гэрээс гараад явсан. Би цусаа гоожуулаад хэвтэж байхад цагдаа нар ирсэн...миний буруу бас байгаа байх, ямар нэгэн гомдол, санал байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-26-27 дахь тал/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай охин Х.******* гал тогооноос заазуур авч Ө.эгийн далан дундуур цавчаад, э чаддаг юм бол дахиад цавч гэхэд нь зүүн гарын булчин дундуур цавчсан. Тэгээд гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-29-30 дахь тал/,
Шүүгдэгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...унтах гээд хэвтэж байтал амандаа юм яриад намайг янз бүрээр хэлээд байсан тухайн үедээ согтуу байсан болохоор уурлаад босоод хоолны тавиур дээр байсан заазуур аваад зүүн дал хэсэгт нь нэг удаа цавчсан, тэгээд чаддаг юм бол дахиад цавччих гэхээр нь би шарандаа зүүн гарын булчин хэсэгт нь нэг удаа дахиад цавччихсан. Тэгээд ээж цагдаад дуудлага өгөхөөр нь би ын хамт гэрээс гараад тэдний гэрт очоод унтсан...” гэх мэдүүлэг /хх-67-68 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай “...Ө.эгийн биед зүүн мөр, зүүн шуунд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн мөр, зүүн шуунд учирсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлдлээр бусад зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүүнд учирсан зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн нидрэх, үрэх үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-37-38 дахь тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-06 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд заазуур хэрэглэн хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Х.******* нь ,ийн тоотод 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 02-03 цагийн үед иргэн Ө.эгийн биед заазуураар “зүүн мөр, зүүн шуунд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.******* нь хохирогч Ө.эгийн биед заазуураар халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол мөнгөн төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хуульд заасан үндэслэлээр эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн иштэй нийт урт 33 см, ажлын хэсэг 20.5 см хэмжээтэй 1 ширхэг төмөр заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД