2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2507 00000 0034 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн *******, *******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд ******* дүүргийн *******, *******, тоотод байх гэртээ эр эмийн хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэн улмаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.ын үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний алимны салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр өдөр найзынхаа гэрт 1 шил архи уучхаад гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдсан. Намайг суманд байхад утсаа 7 хоног салгасан байсан. Тэр үед нэг хүнтэй чатласан байсан. Тэр асуудлыг яриад муудалцаад би цохисон байсан. Миний буруу...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоолоо идээд байж байхад хэрүүл хийж эхлэхээр нь би ихэнхдээ юм ярихгүй хоёрын хооронд юм ярьж битгий хэрүүл өдөөд бай чимээгүй болчих гэж зөндөө гуйсан. Тэгээд манай хүү “аав та болиоч ээ дандаа ингэж байхын” гээд бачуураад ширээгээ өргөөд газар унагасан чинь чиний хүүхэд надтай ингэж харьцаж байна гээд шууд намайг үсдэж аваад миний нүүр хэсэг рүү их олон удаа цохисон. Тэгээд би өвдөөд байна болиоч гэхэд чамайг алсан ч яадаг юм гээд их цохисон...архи уусан үедээ надтай байнга муудалцаж элдвээр хэлж энд тэндхийн хүн амьтантай унтаж хэвтдэг гэх мэтээр байнгын дарамтад байлгаж байна...Ч.******* нь сүүлийн 3 жилийн хугацаанд намайг байнга хардаж хэл амаар доромжлоод байдаг болсон...өмнө нь биед гэмтэл учрахаар цохиулж зодуулаагүй, өөрөө тэгээд архи уусан үедээ унтчихдаг болохоор нь цагдаад мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-04-08 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17 цагийн үед аав ******* ажлаасаа ирээд ээж удалгүй ирж хоол хийчхээд аав, ээж хоёр маргалдаад байсан. Ээж хоол аягалахад тэр хоёр улам муудалцаад байсан. Би босоод хоолтой ширээгээ унагаасан. Аав босож ирээд намайг гараараа цааш нь түлхсэн. Зөрүүлээд аавыг ор руу түлхсэн. Тэгээд хажууд сандал байхад аав тэр сандлыг аваад над руу далайсан. Би сандлыг нь аваад хажуудаа тавихад аав ээж рүү очоод тэр хоёр нөгөө орон дээр ноцолдсон. Би очоод салгахад би босох хооронд аав, ээж хоёр дахиж барилдсан. Тэр хоёрыг арай гэж салгахад ээж босоод утсаа аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-15-16 дахь тал/,

Шүүгдэгч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...гэрт хоол унд, цай байхгүй байна гээд уурласан, тэгээд бид хоёр бага зэрэг маргалдаад байж байх үед манай том хүү уурлаад ширээ хөмрүүлээд дандаа ингэж байх юм гээд уурласан, тэгэхээр нь миний уур хүрээд С.ын нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэгсэн манай хүү салгаад намайг орон дээр дарж хэвтүүлсэн...өмнө жилийн 8 дугаар сард би рүү явж ажил хийх хугацаанд манай эхнэр 7 хоногийн хугацаанд утсаа аваагүй тэрнээс болоод би бага зэрэг хардаад байсан юм. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир зориг орчихсон тэрэндээ тухайн асуудлын талаар хэлээд биед нь халдсан...” гэх мэдүүлэг /хх-32-33 дахь тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НАЛ0725/098 дугаартай “...С.ын биед зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-18-19 дэх тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-52-60 дахь тал/,

******* дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-01 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.ыг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах..гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Ч.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд ******* дүүргийн *******, *******, тоотод байх гэртээ эр эмийн хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэн улмаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.ын үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний алимны салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч С.ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч Ч.*******ийн  хохирогч С.ын эсрэг хийсэн дээрх үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д  "гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол мөнгөн төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД