Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Л.Т,

Өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г,

Өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Л-ийн Т-д холбогдох 2428000000028 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын дээд шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Л.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт Б.Г-тай мал нийлсэн асуудлаас маргалдан нүүр хэсэг рүү чулуу шидэж, түүний биед зүүн 1,2,3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Т-г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тэр өдөр малаа эргүүлчихээд, гэртээ очиж цай уучихаад гараад ирсэн. Манай мал цуваад бутарчихсан байсан. 500 метрийн зайтай тусгай дан ямаа байсан. Би давхиж ирж үзэхэд ямаа энгэр рүү ороод, эргээд буцахад энэ айлын мал нэлээн километрийн зайтай. Тэгээд малынхаа хойно мотоциклтой сууж байсан. Тэгээд би наашаа давхилаа гэдгийг нь анзаараагүй байхад гэнэт мотоцикл хаазлаад ирсэн. Хажууд нь би зогсоод, миний мотоциклыг татаж аваад шууд ална, пязда, одоо би газар дээр чинь ална гээд намайг ерөөсөө үг хэлүүлээгүй. Тэгээд намайг заамдаж аваад, миний ороолт мултарч,  намайг ташиж унагачихаад, мотоциклоо хаячихаад над руу дайраад байсан. Би айж сандраад балмагдаад, зогсоох гээд л арагшаа мотоциклоосоо мултраад, шороо аваад цацсан. Тэгсэн шүд цохичихлоо муу пязда чинь гээд харсан цус гоожсон. Ер нь дандаа манай нөхөр эзгүй байхад ийм зүйл болдог. Өмнө нь 2, 3 удаа тэгж байсан. Улаан цайм мал элдэж өөдөөс гарч ирчхээд, салхи уруудаад эргүүлэн авч байсан малыг чи хаяанд ирлээ гээд, би тэгээд чи яагаад өөдөөс мал элдээд загнаад байдаг юм гэхэд ерөөсөө чам шиг муу пяздаг ална гээд хэл амаар хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Би ерөөсөө тийм хүнтэй таараагүй. Намайг ер нь нохой мохой гээд дандаа тэгээд байдаг. Ер нь согтуу эрүүл нь мэдэгдэхгүй дандаа хаазалж ирдэг. Тэгээд би ирж байна даа гээд зөөлөн яваад зогссон. Ерөөсөө үгийн зөрөөгүй л барьж яваад, цохиод, ална гичий гээд би айж цочсондоо газраас чулуу аваад шидсэн. Манай хүн эзгүй байсан тул сумын төлөөлөгчийн утсыг нь мэдэхгүй. Тэгээд нөхөр рүүгээ залгасан утас нь холбогдож байсан. Би тэгээд ингэчихлээ, ийм болчихлоо цагдаа төлөөлөгч дуудаад өгөөч гэсэн. Тэр хооронд нөхөр рүүгээ залгалаа яах гээд байгаа юм гээд, миний утсыг булааж авах гээд, бид хоёр цасан дээр өнхрөөд, босож ирээд утсаа авахад манай нөхөр хэлчихсэн гэсэн. Тэгээд төлөөлөгч яаж байна гээд ярьсан. Энэ хүн ч ээж аавыгаа дуудсан. Ээж аав нь ч давхиад ирсэн. Төлөөлөгч над руу яриад та байж байгаарай гэсэн. Тэгээд би ийм байдлаас ингэчихлээ гэхэд чи муу, чам шиг юмыг алсан ч яадаг юм гээд ээж аав нь мөн дайраад, элдэв бусаар хэлсэн. Тэгээд би цагдаа төлөөлөгч дуудсан ирэхээр нь учраа олъё гэсэн. Тэгэхэд энэ хэд 3 метрийн зайтай овоо руу гараад утсаар яриад суугаад байцгаасан. Би мотоциклынхоо хажууд байж байсан. Тэгээд цаг гаруй байсан. Тэгээд цагдаа ирэхгүй байхаар нь залгаад би ганцаараа байгаа хүн, мал ингээд бутарчихсан явахгүй бол болохгүй байна, яачхав гэхэд та явж бай наад хүнээ нааш нь явуулчих гэсэн. Тэгээд би айж сандарсан байдлаасаа ч гарч чадахгүй. Малаа ч олигтой цуглуулж чадсан юм байхгүй. Адуунд явж байсан нөхрөө орой нь ир гэж дуудаад, ирэхээр нь ийм юм болчихлоо гээд манай хүн ч адуундаа явсан юм байхгүй. Явж байгаад эргээд газрынхаа дундаас буцаж ирсэн. Тэгээд би тэрнээс хойш ер нь сэтгэл санааны хохиролтой болчхоод байгаа. Мартамтгай, нүд хараагүй болж байна, чих бараг сонсохгүй, 1 жил шахуу ер нь хэцүү байдалд явж байна. Адуугаа ч олсон юм байхгүй. Тэгээд ер нь хоёулаа явахлаар ирээд уулзахгүй. Дандаа ганцаараа явж байхад л давхиж ирдэг. Энэ хүний аав ээж мөн намайг ганцаараа явахлаар л давхиж ирдэг. Тэгээд хойно хоёр айлын хүнтэй маргалдаад, тэр хоёр айлын хүнийг энэ хүний аав нь мөн цохиж байсан. Эрэгтэй хүн болохоор ингээд, эмэгтэй хүн болохоор зууралдаад ирээд хэрүүл, зодоон, ална гээд, хэл амаар доромжлоод байдаг л айл байсан. Би энэ хүнийг хохироосон нь үнэн, шүдийг нь цохисон нь үнэн, би тэр бүхэндээ уучлалт гуйж байна. Гэхдээ би одоо хүртэл тэр үеийн байдлаасаа гарч чадахгүй, мартамхай, хэцүү байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би Л.Т-гийн малтай манай мал нийлэх гэж байсан. Нэг гүн жалга байсан, тэрийг тойроод мал нийлэх байсан. Би мотоциклоо тавиад явган хоёр малаа хоёр тийш нь эргүүлчхээд, эргэж ирээд мотоциклоо аваад буцаад мал дээрээ очоод байж байсан. Тэгээд 5-10 малын хооронд байж байхад энэ хүн гарч ирээд шууд сагналдаад, цааш нь элдээд туучихсан. Амдаж ирсэн гээд байгаа. Би амдаж ирсэн юм бол байхгүй. Ер нь жалга гүн их цастай, ширээнээс ч өндөр цастай байсан. Тэр цасан дунд ямар ч явах боломж байхгүй. Тойрч явахаар байсан. Тэгээд тойроод энэ хүнтэй уулзсан. Уулзаад л маргалдсан. Энэ хүн мотоциклоо над руу шидээд, би мотоциклд нь шууд хавчуулагдсан, мотоциклоо аваач гэсэн цаашаа чулуу аваад шидчихсэн. Урьд нь нэг муудаж байсан. Манайх дөрвөн хүнс аваад, би малаа хойш нь тэжээчихсэн байгаад, нэг хүнс авчхаад, мал урагшаа явчихсан байсан. Би хүнсээ автайгаа элбэж гүйцээчхээд гараад ирэхэд Л.Т малд явж байсан. Тэгээд би очоод малыг нь үзээд уулзсан. Мал нийлэв үү гэхэд хэн мэддэг юм гээд загнаж байсан. Уулзах болгондоо ер нь загнадаг. Манайх 30-аад тэмээтэй. Тэгээд манай тэмээг байнга элдэж байдаг. Тэгээд сүүлдээ тогтвор ч үгүй болоод, эцэж тураад өнгөрсөн. Тэгээд мал дээр очоод уулзаад, хэдэн мал байсныг нь ялгаж хөөчхөөд, цаанаас нь хэдэн ямаа гараад ирэхээр нөгөөдүүлтэй нь нийлж хөөчхөөд, нэг борлон үлдчихээр нь авах гээд туулгаад явж байхад Л.Т гуай орой дээр гарч ирэн шууд утсаа гаргаж ирээд, энэ хүн ингээд мал хулгай хийж байна, гэгээн цагаан өдөр манай малаас мал хулгайллаа гэж байсан. Би зөрүүлээд шууд утсаа гаргаад ирэхэд болиод утсаа орой дээр тавьснаа, хөөе пязда минь, мангар пязда минь, малаа авав уу, би малаа явуулмаар байна гэсэн. Тэр үед надтай элбээд борлонгийн өмнүүр ороод, барилцсан бол хэрүүл ер нь нэг их гарахгүй. Тэгээд уулзаж барья гэхээр ерөөсөө дандаа зугтаачихдаг. Мал асууя гэхээр уулздаггүй. Тэгээд уулзахаараа дандаа хэрүүл хийж байдаг. Дандаа намайг чи согтуу, тэнэг мангар гээд загнаж байдаг. Урьд нь надтай хэрэлдэж байгаад манай гэрт очоод манай гэрийнхнийг шээс үнэртсэн айл гээд дээрэлхчхээд явчихсан байсан. Сэтгэл санааны хохиролд 8,573,400 төгрөг, эмчилгээний холбогдолтой зардал 21,049,950 төгрөг, нийт 29,623,350 төгрөг байгаа. Үүнээс 10,755,000 төгрөг өгсөн. Одоо 18,868,350 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би шүдээ хийлгэж чадаагүй. Шүдээ хийлгэмээр байгаа. Нэг шүдэн дээр бараг 6 удаа явсан. Ирж очих зардал гээд хэцүү байна. Очих айл байхгүй, 1 айл байдаг нь хөдөө явцгаачихдаг болохоор хэцүү, таньж мэдэх хүн байхгүй. Тэгээд нэг явах болохоор эхнэр, хоёр хүүхдээ хөдөө орхиод явдаг. Зарим үед нь шуургатай, хоёр хүүхэд хониноос нь ирэхэд даарчихсан байна. Ер нь их хэцүү байна. Тэгээд би хөдөө гадаа их явна. Хүн яриаг маань ойлгохгүй, утсаар ярихаар ерөөсөө ойлгохгүй, адуу мал сураглаад л ярихаар зарим хүмүүс чи согтуу байгаа юм уу гээд хэцүү байдаг гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн ... гэх газарт отроор байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бага малдаа явж байхад саахалт айлын бага малтай мал нийлэх гэж байсныг явган очиж эргүүлсэн. Нөгөө айлын малын эзэн болох Л.Т гэх эмэгтэй манай хэдэн ямааг элдсэн хөөсөн. Тэгэхээр нь би уулзах гээд очсон. Тэгсэн тэр хүн мотоциклоо шидэж унагаад эргэж хараад чулуу газраас аваад миний бие рүү шидсэн. Тэр шидсэн чулуу нь миний нүүр хэсэг буюу уруул шүд хэсэгт онож доод уруул язарсан үүдэн доод 3 шүд хугарч унасан, дээд хоёр үүдэн шүд эмтэрсэн юм. Мөн тэр үед миний уруулаас цус гарсныг тогтоосон. Тэгээд би тэр үед уулын орой дээр гарч гэр рүүгээ ярьсан бөгөөд бууж ирэхэд намайг хэл амаар доромжлоод явуулахгүй байсан. Тэгж байгаад би салж яваад аймагт ирж эмнэлэгт үзүүлэн доод уруулд 4 оёдол оёулсан./хавтаст хэргийн 10-15 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Г-ын биед зүүн 1,2,3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой 3. Б.Г-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 15% нөлөөлнө. 4. Б. Г-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 493 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б-ы Г-ын сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. /хавтаст хэргийн 194 дэх тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 493 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Г-ын сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. /хавтаст хэргийн 194 дэх тал/

Шүүгдэгч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би биед нь халдаж зодож цохиж байгаагүй. Харин малын бэлчээрт маргалдаж байсан тэр үед болохоор мөн манай малын захад Г-ын мал байсан юм билээ. Би тэрийг мэдээгүй мөн малаа услаад бэлчээрт гаргах үед Г-ын бууц гэрийн хажуугаар ойрхон гардаг, ойролцоо бууцтай болохоор тэрийг Г гэрийн хаяанд мал чинь очлоо гэж уурлаж тэрнээс нь болоод маргалдсан. Мөн манай тэдний мал нийлсэн тэр үед маргалдаж муудаагүй малаа ялгаж аваад салгаж байсан. Тухайн маргааны улмаас Г-ын шүд хугарсан тухайн шүдийг хэдэн төгрөгөөр яаж эмчлүүлэх ямар зардал гарахыг Б.Г-ын хамт Өмнөговь аймгийн төвд байх Хэрмэн цахиур шүдний эмнэлэг дээр очин Б.Г-ын биеийг үзүүлэн гарах зардлыг бодуулж эмнэлгийн эмчээр бичүүлж авсан. Энэ бичиг баримтыг өгсөн байгаа. Тэр үнэлгээгээр 10.755.000 төгрөгийг Б.Г-ын Төрийн банкны ... гэх тоот дансанд өгсөн байгаа. /хавтаст хэргийн 30 дахь тал/ 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 68 дахь тал/

Noble dental care үйлчлүүлэгчийн үзлэгийн картын хуулбар /хавтаст хэргийн 162-172 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... дугаар багийн засаг даргын 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 0078 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 42 дахь тал/

Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/

“...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 51 дэх тал/,

“...” гэх эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 64 дэх тал/

“...” ХХК, Noble dental care” шүдний эмнэлэг гэх гар тэмдэглэл

“...” ХХК 3.300.000 төгрөгийн ебаримт /хавтаст хэргийн 171 дэх тал/

“...” эрүүл мэндийн үйлчилгээ 55.000 төгрөг, “...” эрүүл мэндийн үйлчилгээ 130.000 төгрөг, “...” эрүүл мэндийн үйлчилгээ 150.000 төгрөг, “...” эрүүл мэндийн үйлчилгээ 50.000 төгрөг,

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 09 дэх тал/

“...” гараар бичсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 36 дахь тал/

Шүүгдэгч Л.Т хохирогч Б.Г-т 10.755.000 /арван сая долоон зуун тавин таван мянган/ төгрөг шилжүүлсэн баримт /ХХ-ийн 43 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 202 дахь тал/

Шатахууны баримтууд, Ноён сумын Ганзагад багийн засаг даргын тодорхойлолт, харилцагчийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Б.Г, шүүгдэгч Л.Т нар нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ... багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрийн асуудлаас болж маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Л.Т нь хохирогч Б.Г-ын нүүр хэсэг рүү чулуу шидэж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.   

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-ын: 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бага малдаа явж байхад саахалт айлын бага малтай нийлэх гэж байсныг явган очиж эргүүлсэн нөгөө айлын малын эзэн болох Л.Т гэх эмэгтэй манай хэдэн ямааг элдсэн хөөсөн. Тэгэхээр нь би уулзах гээд очсон. Тэгсэн тэр хүн мотоциклио шидэж унагаад эргэж хараад газраас чулуу аваад миний нүүр хэсэг буюу уруул шүд хэсэгт онож доод уруул язарсан үүдэн доод 3 шүд хугарч унасан дээд хоёр үүдэн шүд эмтэрсэн. /ХХ-ийн 10-15 дахь тал/ гэх мэдүүлэг,

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Г-ын биед 2 зүүн 1,2,3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Г-ын биед учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Л.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Хохирогч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Сэтгэл санааны хохиролд 8,573,400 төгрөг, эмчилгээтэй холбогдолтой зардал 21,049,950 төгрөг, нийт 29,623,350 төгрөг байгаа. Үүнээс 10,755,000 төгрөг өгсөн. Одоо 18,868,350 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би шүдээ хийлгэж чадаагүй. Шүдээ хийлгэмээр байгаа. Нэг шүдэн дээр бараг 6 удаа явсан. Ирж очих зардал гээд хэцүү байна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсан ба шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар судалж, он сар хугацаа давхацсан, нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гын дансны хуулгаар нэхэмжилсэн эмчилгээтэй холбоотой зардал “...”, “...” эмнэлгээс үйлчилгээ авсан 385,000 төгрөг, замын зардалд Ё.О дансанд шилжүүлсэн 60,000 төгрөг, Н.О дансанд шилжүүлсэн 60,000 төгрөг, Ц.Б дансанд шилжүүлсэн 60,000 төгрөг, “...” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 55,050 төгрөг, “...” ХХК-аас шүдний эмчилгээ үйлчилгээ авсан 3,300,000 төгрөг, эмчилгээтэй холбоотой зардалд төлсөн 150,000 төгрөг, рентген зураг авахуулсан зардал 90,000 төгрөг, буудал, такси шатахуун, замын зардалд зарцуулсан 146,500 төгрөгийн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлж гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт нийт 4,306,550 төгрөгийг шүүгдэгч Л.Т-гаас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин дансны хуулгаар хоолны мөнгөнд зарцуулсан зардал, дансны хуулгатай он, сар, өдөр, мөнгөн дүнгээрээ давхцаж байгаа 4 баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байхаар шийдвэрлэлээ.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-ын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 8,573,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 493 дугаартай шинжээчийн: Б.Г-ын сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна /хавтаст хэргийн 194 дэх тал/ гэх дүгнэлт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” хийх тухай хуульчилсан ба Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 2 дахь хэсэгт хэсэгт “хоёрдугаар зэрэглэлд ...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно” гэжээ.

Шүүх сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг төлүүлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн нийт хурлын 25 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолын 3 дугаар зүйлд нөхөн төлбөр төлбөр тогтооход баримтлах зарчим аргачлал, мөн 3.1, 3.8-д заасан үндэслэлээр шүүх хохирлыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх нөхөн төлбөрийг тогтоохдоо дээрх аргачлал, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг нөлөө, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Л.Т-гаас 4,620,000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-т олгохоор шийдвэрлэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд шүүгдэгч Л.Т-гаас эмчилгээтэй холбоотой болон замын зардалд нийт 4,306,550 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 4,620,000 төгрөг нийт 8,926,550 төгрөгийг шүүгдэгч Л.Т-гаас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Т нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 10,755,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Т гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 1,828,450 төгрөгийг хохирогчид илүү төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-ын зүгээс шүүх хуралдаанд “...шүдээ одоогийн байдлаар гүйцэт эмчлүүлээгүй байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх, шүд хийлгэх шаардлагатай байгаа” гэх тайлбарыг гаргаж, хавтаст хэрэгт Мөнхтөрийн Номинцэцэг гэх эмчийн гар бичмэлээр бичсэн тэмдэглэлийг хэрэгт ирүүлжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 4.1.1-т "хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг” ойлгоно, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно” гэж тус тус хуульчилсан ба шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байхаар хуульчилсан байх бөгөөд М.Н гэх эмч шүдний эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эмч мөн эсэх баримт хэрэгт ирүүлээгүй, хуулийн этгээдийн хэвлэмэл хуудас ашиглаагүй гар тэмдэглэлийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Т нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлгүй” /хавтаст хэргийн 47 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ... Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан санал дүгнэлт нь хэргийн бодит байдал, үйлдсэн гэмт хэрэгт тохирч байна гэж харж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурийг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус үйлдлээс болоод тус гэмт хэрэг гарсан гэдэг байдлаар хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлт тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Л.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан тул шүүгдэгч Л.Т нь торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Т торгох ялыг шүүхээс тогтоосон энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн плаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Г-т 10,755,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Л-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-гаас 8,926,550 /найман сая есөн зуун хорин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-т олгож, уг төлбөрийг шүүгдэгч Л.Т мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-т төлсөн 10,755,000 /арван сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол төлбөрт оруулан тооцож, 1,828,450 /нэг сая найман зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөг илүү төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн плаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-т 10,755,000 /арван сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Л.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ