Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 02

 

Д.Бын нэхэмжлэлтэй Баянхонгор тээвэрчин ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2018/00933 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдох

Сахилгын арга хэмжээ ногдуулсан тогтоол, тушаалуудыг хүчингүй болгуулах, олох байсан орлого 8.064.341 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Тээвэрчин хоршоо нь 2018 оны 04 дүгээр сард үйл ажиллагаагаа компаний хэлбэрээр явуулахаар болж дүрмээ батлан биднээр гарын үсэг зуруулан төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Н.Отгонжаргалыг сонгосон байсан. Хөдөлмөрийн гэрээг байгуулсаны дараа Баянхонгор тээвэрчин хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоолоор надад Хөдөлмөрийн гэрээ болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчин удаа дараа зөрчил гаргаж хүн хэтрүүлэн тээвэрлэж зорчигчийн амь нас тав тух аюулгүй тээвэрлэлтэнд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон гэсэн үндэслэлээр 1 сарын хугацаатай хот хооронд хүн тээвэрлэх хувиараас хасч арга хэмжээ авах шийдвэрийг дарга Н.Отгонжаргал гэгч нь гаргасан байсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлага тооцох үндэслэлд дурьдсан зөрчлийг гаргаагүйгээс гадна яг надтай адилхан зөрчил гаргасан Д.Мад сануулах сахилгын шийтгэл оногдуулж надад хувийн өс хонзонгоор хандаж арга хэмжээг хүндрүүлж авсан.

Иймд Баянхонгор аймгийн Тээвэрчин Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоолоор надад авсан зорчигч тээвэрлэх эрхийг 1 сарын хувиараас хасч арга хэмжээ авсан сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Баас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Баянхонгор тээвэрчин хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тушаалаар 9 дүгээр сард хот хооронд хүн тээвэрлэх хуваариас хасч арга хэмжээ тооцсон болгож, мөн өдрийн 07 дугаар тушаалаар Баянхонгор тээвэрчин төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн тодорхойгүй хугацаагаар хот хооронд хүн тээвэрлэх хуваариас хасч арга хэмжээг тус тус авахаар болгож өөрчилснийг мэдлээ. Би дээрхи надад сахилгын шийтгэл оногдуулсан 5,6,7 дугаар тушаалуудыг хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь намайг шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандах явцад тус Баянхонгор тээвэрчин хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өөрсдийн гаргасан хууль бус шийдвэрийг өмгөөлөгчөөс зөвлөгөө авсны дараагаар засаж, өөрчлөн өөрсдөдөө ашигтай болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.

Баянхонгор тээвэрчин хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн 05 дугаар тушаал, 06 дугаар тушаал, 07 дугаар тушаалуудаар надад сахилгын шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулах, 2018 оны 09 болон 10 дугаар сард Баянхонгор Тээвэрчин хязгаардлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын хууль бус шийдвэрээс шууд шалтгаалан олж чадаагүй, олох байсан орлого найман сая жаран дөрвөн мянга гурван зуун дөчин нэгэн төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Баас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянхонгор тээвэрчин ХХК-ийн удирдлагууд өмнөх компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудын оронд тус компанийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 3-ний өдрийн 5,6, 7 дугаар тушаалуудаар сахилгын шийтгэл оногдуулсан болгож өөрчилсөн. Би одоо 11 сараас ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа харин Баянхонгор тээвэрчин ХХК-ийн хууль бус шийдвэрүүдийн улмаас 2018 оны 9, 10 дугаар саруудад ажлаагүй. Иймд олох байсан орлого 8.064.341 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Жолооч Д.Б нь өөрийн эрхэлж буй ажил үйлчилгээний
онцлог байдал, зорчигчийн амь нас аюулгүй байдлыг харгалзахгүй замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм журам, Хөдөлмөрийн гэрээний 4.4 дэхь,
4.6 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журамын 9.2-д заасан сахилгын ноцтой
зөрчлүүдийг гарган гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж алдаагаа засаагүй давтан
зөрчил гаргаж ТУЗ-өөс удаа дараа шат дараалсан арга хэмжээ авагдсан болно. Д.Б нь 2018 оны 9 дүгээр сард зорчигч тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт автобусаа оруулаагүй тул тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд орж тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах хүртэл тодорхойгүй хугацаагаар хувиараас хасч арга хэмжээ авсан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Б анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Б нь тээврийн хэрэгслээ үзлэг оношилгоонд оруулалгүй хугацаа хэтрүүлсэн учраас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ТУЗ-ын хурлаар тухайн тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд оруулаагүй, өвлийн бэлтгэлийг хангаагүй гэсэн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хот хооронд зорчигч тээвэрлэх хуваариас хассан арга хэмжээ авсан. Авто тээврийн үндэсний төвд үйлчилгээний хөлс 8 хувийг төлдөг. Ингээд нэг зорчигчийн тээврийн зардлын цэвэр дүн нь 24840 төгрөг болно. Үүнийг 72 зорчигчид үржүүлэхэд 1.788.480 төгрөг нэг эргэлтийн орлого гэсэн үг. Сард 3 эргэлт хийдэг гэж үзвэл жолооч сард 1.704.750 төгрөгийн цалин авдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05, 06, 07 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бын хариуцагч Баянхонгор Тээвэрчин ХХК-иас олох байсан орлого 8.064.341 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаруулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.979 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Анхан шатны шүүхээс надад сахилгын шийтгэл ногдуулсан тогтоол, тушаалуудыг хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянхонгор тээвэрчин ХХКомпанийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 03,06,07 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан олох байсан орлого 8.064.341 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Олох байсан орлогыг хэрэгсэхгүй болгосон энэхүү хэсэгт гомдолтой байна.

Учир нь шүүхээс 8.064.341 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн буруу заалт хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хэрэв надад сахилгын шийтгэл оногдуулсан тушаалууд хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн бол миний олох байсан орлогыг гаргуулах байсан гэж үзэж байна. Би сүүлийн 10 жилийн хугацаанд хот хооронд зорчигч тээвэрлэж байнгын тогтмол орлоготой байж татвараа төлж амьдарлаа залгуулдаг байсан. Баянхонгор тээвэрчин ХХКомпанийн удирдлагуудын хууль бус шийдвэрээс үүдэлтэйгээр 2 сарын турш огт орлого олж чадаагүй.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 22 ны өдрийн 131/ШШ2018/00933 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан миний олох байсан орлого 8.064.341 төгрөгийг Баянхонгор тээвэрчин ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баас хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдуулан сахилгын арга хэмжээ ногдуулсан тогтоол, тушаалуудыг хүчингүй болгуулах, олох байсан орлого 8.064.341 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05, 06, 07 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, олох байсан орлого 8.064.341 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь анх гаргасан нэхэмжлэлээ болон /хх-ийн 1 дүгээр тал/, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дахин гаргасан нэхэмжлэлээ тус тус /хх-ийн 70 дугаар тал/ хариуцагчаар Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Отгонжаргалд холбогдуулж гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй буюу зөвшөөрөөгүй /нэхэмжлэгч нь хариуцагчийг нэр зааж гаргасан/ байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдаагүй Баянхонгор тээвэрчин ХХК-н захирал О.Бд /хх-ийн 26, 73 дугаар тал/ нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар авсан байна.

Нэхэмжлэгч Д.Баас 2 дахь удаагаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дахин нэхэмжлэл гаргасан /хх-173-175 дугаар тал/ бөгөөд энэ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаар Баянхонгор Тээвэрчин ХХК, түүний захирал О.Б, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл, зөвлөлийн дарга Н.Отгонжаргалд тус тус холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлд дурьдсан хариуцагч Н.Отгонжаргалд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, хэргийн оролцогчийн эрх үүрэг болон хэргийн материалтай танилуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна гэж үзнэ.

Анхан шатны шүүх Баянхонгор Тээвэрчин ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Отгонжаргалыг хариуцагчаар оролцуулаагүй тул хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас Н.Отгонжаргалыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангахаас татгалзах тухай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03062 дугаар шүүгчийн захирамж гарчээ. Тус шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Н.Отгонжаргал нь зохигчийн төлөөлөгч тул гэрчээр оруулахаас татгалзаж шийдвэрлэв гэж дурьдсан нь анхан шатны шүүхээс Н.Отгонжаргалыг зохигчийн төлөөлөгч мөн гэж дүгнэж байгаа бол шүүх хуралдаанд хариуцагчаар оролцуулах, эрхийг нь хангах үндэстэй байтал шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143.979 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 131/ШШ2018/00933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143.979 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                 Г.УЛАМБАЯР