Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 32

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах

хохирогч Ж.Соронзонболд,

гэрч Г.Сумъяабазар, Д.Мөнхтогтох,

шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Чих овогт Базаррагчаагийн Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг  баталж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0060 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 35 дугаар гудамжны 233в тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 02 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан, регистрийн ЙД85110511 дугаартай, Чих овогт Базаррагчаагийн Эрдэнэбаяр нь ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй байх үедээ 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 42-02 тоотод иргэн Ж.Соронзонболдтой хувийн таарамжгүй буюу настай хүнийг хэл амаар доромжилж болохгүй гэж хэлсний улмаас болж хоорондоо маргалдан түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 02 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтай байхдаа буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 42 дугаар гудамжны 02 тоотод оршин суух Д.Мөнхтогтохын гэрт 15-16 цагийн орчим Г.Сумъяабазар, Д.Мөнхтогтох, Ж.Соронзонболд нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа “настай хүнийг хэл амаар доромжилж болохгүй” гэж Ж.Соронзонболдтой маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж бие махбодид нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн дээд 1, 2-р шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр миний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Соронзонболдын өгсөн: “Намайг Нисэхийн хороонд байрлах Ооёо ахын гэрт очиход бүгд архи уусан байсан. Гэрийн баруун орон дээр Сумъяабазар унтаж байсан. Мөн хоёр эмэгтэй хүн байсан. Гаднаас Эрдэнэбаяр орж ирсэн. Сумъяабазар сэрээд хоёр эмэгтэйг гэр лүүгээ дагуулж явах гэж байсан. Би “харьлаа” гэхэд Мөнхтогтохын “чи намайг мөрлөлөө” гэж уурлаж заамдаж авсан. Гэтэл Эрдэнэбаяр “чи манай ах руу томордог хэн вэ? би Эрка байна” гэж орилоод намайг мөргөсөн. Намайг сөхрөөд суухад гурван удаа өшиглөсөн. Би гэрээс гарч худаг дээр очиж эхнэр лүүгээ гар утсаар ярьж дуудсан. Тэгээд манай эхнэр ирээд намайг аваад явсан. Тухайн үед Эрдэнэбаяр согтоогүй байсан. Миний урд талын хоёр шүд унасан. Эрүү зулгарч, хүзүүнд суулт өгсөн. Одоо хүнд зүйл өргөх боломжгүй болсон” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Соронзонболдын өгсөн: “2017 оны 02-р сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 4-р хороо Нисэхийн хороонд Тооёо ахын гэрт нь Эрдэнэбаяр, Сумъяа нэрийг нь мэдэхгүй хоёр хүүхэн, Тооёо ах бид нар 2 шил Сайхан нэртэй архи авч хувааж уугаад би нэлээн их согтуу болсон байсан юм. Тэгээд хамт архи ууж байсан хүүхэнтэй Тооёо ах болон Эрдэнэбаяр нар маргалдаад байх шиг байхаар нь хажуугаас нь би өмөөрч хэдэн үг хэлсэн чинь Тооёо ах намайг гэрээсээ хөөх үед нь би бариад авсан юм. Гэтэл Эрдэнэбаяр ирээд ах хүнийг ингэж болохгүй гэхээр нь би уур хүрээд Эрдэнэбаярын толгойн тус газарт нь гараараа нэг удаа цохисон шалан дээр унах үед уруул хавьд нэг удаа хөлөөрөө өшиглөж зодох үед тэнд байсан хүмүүс салгаад би гараад явсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7-8 дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Мөнхтогтохын өгсөн: “Сумъяабазар бид хоёр нэг шил архи ууж байхад Соронзонболд хажуу суугаад агсарч байсан. Би Соронзонболдыг гэрээс гар гэхэд намайг цохиод авсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхтогтохын өгсөн: “Соронзонболд гэх согтуу залуу хүн хүн рүү дайраад агсраад байсан. Тэгээд намайг нэг удаа алгадаад авсан гэтэл Эрдэнэбаяр салгах гэхэд нөгөө залуу Эрдэнэбаярыг толгойн тус газарт нь цохиод зууралдаад авсан тэгэхээр нь би салгаад Соронзонболдыг хөөгөөд гаргасан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Сумъябазарын өгсөн: “Тэр өдөр бид хэд ууж байхад гэрт Соронзонболд орж ирсэн. Намайг хоёулаа зодолдох уу гэж хэлж байсан. Соронзонболд хүн болгон руу агсам тавьж байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Сумъяабазарын өгсөн: “Соронзонболд их согтсон байсан учир Мөнхтогтох ах болон над руу дайраад ална та нар юу ч биш гэх мэтээр агсам тавиад хүн, хүн рүү дайраад байсан чинь Эрдэнэбаяр настай хүнийг ингэж болохгүй гэж хэлээд салгах гэхэд эхэлж Соронзонболд Эрдэнэбаярын толгойн тус газарт нь гараараа цохисон гэтэл Эрдэнэбаяр зөрүүлж Соронзонболдын нүүрэн тус газарт нь гараараа цохиж шалан дээр унагах үед нь бид нар босоод салгасан чинь Соронзонболд гараад явсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар тал/  

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/105 дугаар:

“1. Соронзонболдын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн дээд 1,2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 18 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Эрдэнэбаярт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр түүнийг ял шийтгэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч Ж.Соронзонболдын гаргасан “шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, учир нь шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, өршөөлийн хуульд хамрагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байх тул түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаярт ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, хохирогч Ж.Соронзонболд нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чих овогт Базаррагчаагийн Эрдэнэбаярт бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярт оногдуулсан 1 /нэг/ сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Эрдэнэбаяр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Б.Эрдэнэбаярт оногдуулсан 1 /нэг/ сар баривчлах ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Эрдэнэбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                     

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.БАВУУ