| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 1910025680960 |
| Дугаар | 2021/ДШМ/214 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/214
2021 3 3 2021/ДШМ/214
Э.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/2503 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.С-д холбогдох эрүүгийн 1910025680960 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаан банди овгийн Э.С, 19.... оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл системийн инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;
Э.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mint” баарны лифтэнд Б.Ж-тэй “эмэгтэй хүнийг өдөж хоргоосон” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь нэг удаа толгойгоороо мөргөж түүний эрүүл мэндэд хамрын нурууны хугарал, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.С- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан обьектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү 2 шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн обьектив шинжээр яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэхэд: шүүгдэгч Э.С- нь хамт ажилладаг Б.Есөн-Эрдэнэ гэх эмэгтэйн хамтаар “Mint” баарны цахилгаан шатны дэргэд байхад хохирогч Б.Ж-тэй хамт явсан гадаад хүмүүс “Б.Есөн-Эрдэнийн биед хүрсэн” гэх шалтгаанаар маргаан үүссэн байна. Э.С-, Б.Есөн-Эрдэнэ нарыг цахилгаан шатанд байхад хохирогч Б.Ж- болон түүний найзууд /хохирогч Б.Ж-ийн мэдүүлэгт дурьдсанаар найз Амраа, Билгээ/ цахилгаан шат руу дайран орж зодоон үүсгэсэн ба энэ үед хохирогч Б.Ж-ийн биед “хамрын нурууны хугарал, шарх” бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч Э.С- биед “хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун бугуйн цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт” бүхийн хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Э.С- хувьд хохирогч Б.Ж-ийн эрүүл мэндийн эсрэг буюу хөнгөн гэмтэл санаатай учруулах санаа сэдэлттэй эсэх, эсхүл өөрийн болон бусдын эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг хамгаалах явцдаа бусдад хохирол учруулсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ. Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Э.С- биед учирсан олон тооны гэмтлийг хэн, хэрхэн учруулсныг шалгаж тогтоогоогүй ирүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Э.С- биед учирсан гэмтлийг түүнтэй хамт явсан Э.Одбаяр учруулсан” гэсэн тайлбар гаргасан. Гэтэл хэрэг авагдсан баримтаар “Э.Одбаяр нь Э.С- хацар руу нэг удаа алгадсан” гэх нөхцөл байдлыг гэрчүүд мэдүүлсэн байна. Иймд Э.С- биед учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон олон тооны гэмтлийг Э.Одбаяр дангаар учруулсан гэх нөхцөл байдал няцаагдаж байна. Иймд улсын яллагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэснийг зөрчиж хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоогоогүй ирүүлсэн байна. Шүүгдэгч Э.С- нь гэм буруугийн талаар маргаагүй боловч шүүгдэгч нь гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй субъект тул түүний хэргээ хүлээн мэдүүлсэн нь яллах үндэслэл болохгүй юм. Прокуророос шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын саналыг Э.С-д 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, мөн ялын саналд яллагдагч Ж.Нямсүрэнд гэж алдаатай бичсэнийг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”-ийг бүрэн шалгаж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх “...шүүгдэгч Э.С- байсан цахилгаан шат руу хохирогч Б.Ж- болон түүний найзууд болох Амраа, Билэгээ нар дайран орж зодоон үүсгэн уг зодооны улмаас шүүгдэгч Э.С- биед “хамар ясны далд хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун бугуйнд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хэрэгт цугларсан баримтууд болох хохирогч Б.Ж-ийн “...Э.С- гэх залуу надтай хамт явж байсан хоёр залуутай маргалдаж эхэлсэн. Амраа, Билгээ нар болон Э.С- гэх залуутай цуг явж байсан охин энэ 4 лифтэнд цуг орчихсон Амраа, Э.С- хоёр хоорондоо зодоон эхлүүлж байсан. Тэгээд би найз нараа өмөөрч ороод “больцгоо” гэж хэлсэн чинь Э.С- гэх залуу миний хөл рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь салаад явсан болохоор хариу үйлдэл үзүүлж цохисон. Тэгэхэд хамгаалагч нар ирээд бужигнасан зодооныг салгаж байхад Э.С- гэх залуу миний нүүрэн тус газар хамар руу 1 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд хамгаалагч нар камерын хяналтын өрөө рүү авч ороод юу болсон талаар асууж байсан. ...Э.С- гэх залуу “тамхи татчихаад ороод ирье” гээд хяналтын камерын өрөөнөөс гарсан. Удалгүй Э.С- хяналтын камерын өрөө рүү хамар амнаас нь цус гарчихсан нүүрээ дарсан байдалтай орж ирсэн. Тэгэхэд Э.С- гэх залуу над руу зааснаа “энэ залуу намайг ийм болгосон” гэхээр нь “чи юу яриад байгаа юм, бид 2 хамт энэ өрөө рүү ороход чиний биед ил харагдах шарх сорви байхгүй байсан биз дээ” гээд хэлсэн чинь тэнд байсан хамгаалагч нараас жижиг биетэй нь “сая би чамайг дагаад гарахад чи найздаа өөрөө цохиулсан биз дээ” гэж хэлсэн чинь Э.С- гэх залуу хэлэх үггүй дуугаа хураагаад чимээгүй болсон” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Энхдөлгөөний “...би лифтэн дээр яваад очсон чинь гадаад улсын 2 иргэн, 3 Монгол залуус танихгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгээд эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг цахилгаан шатанд суулгах гэтэл эмэгтэй хүнтэй явж байсан үл таних залуу нөгөө 5 залуу руу дайрч давшлаад үгээр идээд байсан. Нөгөө залуучууд цахилгаан шатны хаалга хаагдаж байхад лифт рүү ороод ноцолдож зууралдаж эхэлсэн. Тэгээд дундуур нь салгаад эмэгтэй хүнтэй хамт явж байсан залуу болон маргалдсан гэх залуучуудыг камерын өрөөнд оруулж ирэхэд гадаад залуучуудтай явж байсан нэг залуугийн хамарнаас цус гараад хамар нь хавдсан байсан. ...тэгтэл эмэгтэй хүнтэй явж байсан залуу “гарч тамхи татмаар байна” гээд уурлаж уцаарлаад байсан. Тэгээд би камераар хяналт тавиад харж байсан нөгөө залуу ариун цэврийн өрөө орохгүй, тамхи татахгүй найзтайгаа уулзаад өлгүүрийн урд хэсэгт юм ярьж байгаад найздаа цохиулчихаад ороод ирсэн. Тэгээд камерын өрөөнд орж ирэхэд тэр залуугийн хамар хэсгээс нь цус гараад уруул хэсэг нь хавдсан байсан. Тэгээд би “яасан бэ” гэж асуусан чинь нөгөө маргалдсан гэх камерын өрөөнд байсан залууг гараараа заагаад “энэ залуу намайг сая цохисон” гэж худлаа ярьж байсан. Би “юу яриад байгаа юм бэ, чи сая найздаа цохиулаа биз дээ” гэж хэлсэн чинь “үгүй” гээд гүрийгээд байсан. Удалгүй цагдаа ирээд маргаан үүсгэж зодолдсон гэх хүмүүсийг аваад явсан” гэсэн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.С- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би Б.Ж-ийн нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн чинь хамраас нь цус гарсан. Хэрэг гардаг өдөр би нилээн согтуу байсан учир хамт явж байсан бид нарыг хариуцсан ахлах албан тушаалтай Э.Одбаяр намайг “яагаад согтуу зодоон хийгээд байгаа юм бэ” гэхээр нь би өөдөөс нь янз бүрийн үг хэлсэн. Тэгсэн чинь намайг “аятайхан явж чадахгүй” гээд цохисон. Тэгээд хамраас цус гарсан” гэх мэдүүлэг,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...миний биед учирсан гэмтлийг хамт ажилладаг Э.Одбаяр учруулсан” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Э.С- нь цахилгаан шатанд байхдаа хохирогч Б.Ж- болон түүний найзуудад зодуулж гэмтэл авсан гэх үйл баримт тогтоогдоогүй.
Харин Э.С- эрүүл мэндэд учирсан гэмтлийг Э.Одбаяр учруулсан гэх бөгөөд энэ үйлдлийг шалгуулахаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1/4880 дугаартай албан бичиг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан. Түүнчлэн захирамжинд “... шүүгдэгч Э.С- өөрийн болон бусдын эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг хамгаалах явцдаа бусдад хохирол учруулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй” гэжээ.
Хохирогч Б.Ж- “... хамгаалагч нар ирээд бужигнасан зодооныг салгаж байхад Э.С- гэх залуу миний нүүрэн тус газар хамар руу 1 удаа толгойгоороо мөргөсөн” гэж, гэрч Б.Энхдөлгөөний “... эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг цахилгаан шатанд суулгах гэтэл эмэгтэй хүнтэй явж байсан үл таних залуу нөгөө 5 залуу руу дайрч давшлаад үгээр идээд байсан” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.С- нь бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, маргалдааныг таслан зогсоохоор хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдыг ирсний дараа хохирогч руу довтолж биед нь гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” нөхцлийг заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж заасан.
Шүүгдэгч Э.С-д өмгөөлөгч авах эрхийг нь мөрдөн байцаалтын шатанд болон прокурор ял тохиролцох ажиллагааны явцад танилцуулсан бөгөөд Э.С- нь өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг яллагдагч Э.С-д танилцуулж гарын үсэг зуруулсан. Харин Э.С-тэй ял тохиролцсон талаар ялын саналд яллагдагч Ж.Нямсүрэн гэж бичиг техникийн алдаа гаргасан байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Э.С- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх “шүүгдэгч Э.С- хувьд хохирогч Б.Ж-ийн эрүүл мэндийн эсрэг буюу хөнгөн гэмтэл санаатай учруулах санаа сэдэлттэй эсэх, эсхүл өөрийн болон бусдын эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг хамгаалах явцад бусдад хохирол учруулсан эсэхийг шалгаж тогтоох, Э.С- биед учирсан олон тооны гэмтлийг хэн, хэрхэн учруулсныг шалгаж тогтоох” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн эцэслэн шийдвэрлэхэд бүрэн боломжтой байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ж- “...Э.С- гэх залуу миний нүүрэн тус газар хамар руу 1 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд хамгаалагч нар камерын хяналтын өрөө рүү авч ороод юу болсон талаар асууж байсан. ...Э.С- гэх залуу “тамхи татчихаад ороод ирье” гээд хяналтын камерын өрөөнөөс гарсан. Удалгүй Э.С- хяналтын камерын өрөө рүү хамар амнаас нь цус гарчихсан нүүрээ дарсан байдалтай орж ирсэн. Тэгэхэд Э.С- гэх залуу над руу зааснаа “энэ залуу намайг ийм болгосон” гэхээр нь “чи юу яриад байгаа юм, бид 2 хамт энэ өрөө рүү ороход чиний биед ил харагдах шарх сорви байхгүй байсан биз дээ” гээд хэлсэн чинь тэнд байсан хамгаалагч нараас жижиг биетэй нь “сая би чамайг дагаад гарахад чи найздаа өөрөө цохиулсан биз дээ” гэж хэлсэн чинь Э.С- гэх залуу хэлэх үггүй дуугаа хураагаад чимээгүй болсон”, гэрч Б.Энхдөлгөөн “...эмэгтэй хүнтэй явж байсан залуу “гарч тамхи татмаар байна” гээд уурлаж уцаарлаад байсан. Тэгээд би камераар хяналт тавиад харж байсан нөгөө залуу ариун цэврийн өрөө орохгүй, тамхи татахгүй найзтайгаа уулзаад өлгүүрийн урд хэсэгт юм ярьж байгаад найзууддаа цохиулчихаад ороод ирсэн. Тэгээд камерын өрөөнд орж ирэхэд тэр залуугийн хамар хэсгээс нь цус гараад уруул хэсэг нь хавдсан байсан. Тэгээд би “яасан бэ” гэж асуусан чинь нөгөө маргалдсан гэх камерын өрөөнд байсан залууг гараараа заагаад “энэ залуу намайг сая цохисон” гэж худлаа ярьж байсан” гэж мэдүүлсэн байх ба энэ мэдүүлгийн эх сурвалжийг шүүх хуралдаанаар тодруулж, зохих хууль зүйн дүгнэлт өгч, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох байдлаар шийдвэрлэх боломжтой.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/2503 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.С-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ