Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0714

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “К Б**********” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Д.Г***********

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С********

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С***********, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “... “ А Б*********” ХХК /РД:2805537/-ийг улсын бүртгэлээс хассан 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03227 дугаар шийдвэрээр К Б*********ны зээлдэгч “ А Б**********” ХХК /РД:******/-ийг дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэж “ А Б*******” ХХК-иас 8.700.000.000. /найман тэрбум долоон зуун сая/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “К Б*************” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

3. Тус шүүхийн шийдвэрт “ А Б******” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ А Б*******” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг дампуурлын хэрэг гүйцэтгэгчид даалгасан.

4. Үүний дараагаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс үзэхэд “ А Б**********” ХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр татан буугдсан тухай мэдээлэл байсан тул Банкны эрх хүлээн авагчаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 5/2038 тоот албан бичгээр дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э********-ын хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлээс хассан тухай хариуг ирүүлсэн байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр гаргуулах өр төлбөрөөс огт төлөгдөөгүй, шүүхийн шийдвэрт заасан хөрөнгүүдийг худалдан борлуулаагүй байхад дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь “ А Б*******” ХХК-г улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг гаргаж, үүний дагуу улсын бүртгэлээс хассан байна. Иймд “К Б” дахь Банкны эрх хүлээн авагч нь “ А Б*********” ХХК-г улсын бүртгэлээс хассан улсын бүртгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрч, үүнийг хүчингүй болгуулахаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “К Б*********” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон томилогдоод банкны удирдлага хяналтыг хүлээн авч хуульд заасан үүргийг гүйцэтгэж байгаа. Энэхүү ажиллагааны хүрээнд “ А Б” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03297 дугаар шийдвэрээр “К Б*********” ХХК-ийн зээлдэгч “ А Б*******” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн. 8,700,000,000 (найман тэрбум долоон зуун сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-ийн эрх хүлээн авагчид олгуулах, “ А Б******” ХХК-ийн хэрэг гүйцэтгэгчид шүүхийн шийдвэрээр тодорхой үүргийг хүлээлгэсэн. Шүүхийн шийдвэрт дурдсан 3 үл хөдлөх хөрөнгө, тухайн хөрөнгийн байрлах газар, 5 ширхэг машин байдаг. Нэхэмжлэгч тал яагаад ач холбогдол өгч нэхэмжлэл гаргасан бэ гэвэл Иргэний хэргийн шүүхээр дампуурлын хэрэг ихээр шийдвэрлэгдэж байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь онцгой ажиллагааны журмын ажиллагаа. Хэрэг гүйцэтгэгчид шүүхийн оролцоотойгоор татан буулгах уу, шүүхийн оролцоогүйгээр татан буулгах уу гэдгийг шийдвэрлэж дампуурлын хэрэг гүйцэтгэгчид тухайн асуудлыг үүрэг болгодог. Шүүхийн шийдвэрийг биелүүлж дуусгасны дараа хасуулах нь чухал ач холбогдолтой. Улсын бүртгэлээс хассанаар ямар асуудал үүссэн бэ гэвэл банкны хувьд зээлдэгч, барьцаалуулагч этгээд нь Иргэний хуульд заасны дагуу эрх зүйн чадваргүй болж бусад гэрээгээр хүлээсэн үүргүүд нь хуулийн дагуу хүчингүй болдог. Гэтэл тухайн этгээдийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх бусад хөдлөх хөрөнгүүд хэвээр байдаг. Түүнийг худалдан борлуулах гэхэд боломжгүй. Нотариат дээр очиход тамга тэмдэг байхгүй, хуулийн этгээдийг төлөөлөх этгээд байдаггүй. Аливаа компанийн дампуурлын асуудалд улсын бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийг уншихад л ойлгомжтой байсан зүйлд зөвхөн гаргасан журам, материал бүрдсэн эсэхийг шалгаж хийж байгаа нь зохимжгүй асуудал юм. Цаашдын аливаа асуудлаас сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С****** нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэг “К Б********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн “ А Б****** ХХК /2805537/-ийг улсын бүртгэлээс хассан улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. “ А Б*******” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Т******** 1 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж, 2019 оны 06 дугаар сарын 27-ны эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр М.С******** руу 100 хувийн хувцааг шилжүүлж бүртгүүлсэн байна. “ А Б*****” ХХК-ийг 102/ШШ2019/03227 дугаартай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцож улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э*********-д даалгасныг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлээс хасч бүртгэсэн байна. Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журмын 11.3-т “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд татан буулгах комисс, эсхүл эрх хүлээн авагч нийтэд мэдээлснээс хойш хоёроос зургаан сарын дараа дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ”, 11.5-д “Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.5 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна” гэж заасны дагуу улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  А Б******** ХХК-г дампуурсанд тооцож улсын бүртгэлээс хассаныг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч “...шүүхийн шийдвэрээр гаргуулах өр төлбөрөөс огт төлөгдөөгүй байхад хууль журамд заасан баримт дутуу байхад хассан бүртгэл хийсэн нь тус тус үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...хуулийн этгээдээс хассан бүртгэл нь журамд заасны дагуу хийгдсэн...” гэж тус тус маргаж байна.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0** дугаар шийдвэрээр “ А Б**** ХХК-г дампуурсанд тооцож татан буулгаж, 8,7 тэрбум төгрөгийг нэхэмжлэгч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох”-оор шийдвэрлэсэн байна.

4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгасныг ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 24.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 24.1.2 татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/; 24.1.3 дуусгалтын тайлан; 24.1.4 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; 24.1.5 татвар төлөгчийн хасалтын карт; 24.1.6 өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа; 24.1.7 татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар; 24.1.8 хуульд заасан бусад” гэж тус тус заажээ.

 

5. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлийг баримтална”, 11.3-д Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд татан буулгах комисс, эсхүл эрх хүлээн авагч нийтэд мэдээлснээс хойш хоёроос зургаан сарын дараа дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргаж, улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ: 11.3.1.татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/; 11.3.2.дуусгалтын тайлан; 11.3.3.татвар төлөгчийн хасалтын карт; 11.3.4.өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа; 11.3.5.татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар; 11.3.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; 11.3.7.тамга, тэмдэг хураалгасан баримт; 11.3.8.улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэв үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулсан зар; 11.3.9.хуульд заасан бусад” гэж заасны дагуу дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь  А Б******* ХХК-г улсын бүртгэлээс хасуулах өргөдөл гаргахдаа дээрх журам, хуульд заасан баримтуудыг хавсаргах ёстой байсан байна.

6. Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн тайлбараас үзвэл дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн өргөдөлд хавсаргасан баримтуудын бүрдэл хангаагүй буюу журамд заасан шүүхийн шийдвэр, өдөр тутмын сонингоос бусад бичиг баримт нь дутуу байхад хариуцагч байгууллагын зүгээс нягтлан шалгалгүй улсын бүртгэлээс хассан нь хууль бус байна.

7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасныг хариуцагч зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж төр, иргэн, аж ахуйн нэгж, сангийн хохирол барагдуулах үйл ажиллагаанд саад учирсан байна.

8. Нэгэнт баримт бичгийн бүрдэл дутуу байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасны дагуу бичиг баримтын бүрдлийг нягтлан шалгаж тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  А Б******ХХК-ийг улсын бүртгэлээс хассан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К Б********** ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  А Б******** ХХК-ийг улсын бүртгэлээс хассан бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОДМАА