| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/01169/И |
| Дугаар | 101/ШШ2017/01318 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2017/01318
| 2017 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/01318 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БЗД т х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ДБ ХХК-д холбогдох,
Татварын өр 10.828.666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Ю.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
НэхэмжлэгчБЗД т х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 5835194 тоот регистрийн дугаартай Дб т ХХК нь төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, хуурай замаар хийгдэх ачаа тээвэр гэх үйл ажиллагаа явуулахаар 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус татварын хэлтэст бүртгүүлсэн. Дб т ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангаар 1.717.024 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 8.083.063 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/0012385 тоот хяналт шалгалтын актын татварын алдангийн өр 31.739 төгрөг, торгуулийн 230.040 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан нөхөн татвар 766.800 төгрөг, нийт 10.828.666 төгрөгийг 2014 оноос хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй татварын өр үүсгэсэн байна. Хариуцсан улсын байцаагч нь Татварын ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулсан болно. Хариуцагч байгууллага татварын өрийг маргахгүй хүлээн зөвшөөрч тодорхой график санал болгож байх боловч бидэнд эвлэрэх эрх олгогдоогүй болно гэв.
Хариуцагч Дб т ХХК шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани Баянзүрх дүүргийн татварын албанаас нэхэмжилж байгаа 10.828.666 төгрөгийн татварыг хүлээн зөвшөөрч байна. Манай аж ахуйн нэгж байгуулагдаад хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулсан боловч барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадваргүй байдлаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээлээр авсан машин техникээ буцааж, зуурмагийн аж ахуйн нэгж төлбөр тооцоогоо хугацаанд нь хийхгүй байснаас үйл ажиллагаа 2015 оноос зогсоод өдий хүрч байна. Харилцагч Винс конкрейт ХХК гүйцэтгэлийн зардал 74.100.000 төгрөгийг өнөөг болтол төлөөгүй учир Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус компаниар төлбөр төлүүлэх график гаргаж эвлэрлийн гэрээ байгуулсан ч төлбөрөө төлөөгүй учир мөн шүүхэд дахин хандаж 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай дугаар захирамж гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ авагдахгүй байна. Миний бодлоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан манайд төлөгдөх үнийн дүнгээс татварын албаны нэхэмжлэлийг барагдуулах боломж байвал бидэнд маш том тус болох байна. Аж ахуйн нэгж байгуулагдаад зах зээлийн хүнд нөхцөлд үйл ажиллагаагаа жигдрүүлж чадалгүй зогссон миний хувьд татварын алба, шүүх байгууллага, ажил эхлэхэд хөрөнгө оруулалт хийсэн байгууллагын нэхэмжлэл нь сэтгэл санааны асар хүнд нөхцөлд оруулж байгаа нь бидний зовлон болж байна. Дээрх аргаар татварын нэхэмжлэлийг барагдуулах боломжгүй бол бид татварын нэхэмжлэлийг доорх байдлаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2.828.666 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчБЗД т х нь хариуцагч Дб т ХХК-д холбогдуулан цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр болон нөхөн татвар 2.483.824 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 8.083.063 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/0012385 тоот хяналт шалгалтын актын татварын алдангийн өр 31.739 төгрөг, торгуулийн 230.040 төгрөг, нийт 10.828.666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Дб т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хуваарийн дагуу төлөх хүсэлттэй гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заажээ.
НэхэмжлэгчБЗД т х нь хариуцагч Дб т ХХК-ийн татварын өрийн тооцоолол, хариуцагчид мэдэгдэх хуудас гардуулсан баримт, уулзалтын тэмдэглэл, Голомт банкинд мэдэгдэх хуудас гардуулсан баримт, Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Авто тээврийн үндэсний төвөөс хөрөнгийн лавлагаа гаргуулах тухай 2016 оны 20-4/65, 20-4/66, 20-4/69, 20-4/70, 20-4/71, 20-4/72, 20-4/73, 20-1/150, 20-1/2464 тоот албан хүсэлтүүд, Баянзүрх, Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 8/754, 37, 52, 66, 35, 62, 47, 10, 1/48, Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 27 тоот албан хариунууд зэрэг баримтыг шүүхэд гаргасан /хх-7-46/ ба эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах ажиллагааг гүйцэтгэсэн байна.
Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, татвар төлөхөөр зохицуулсан байх ба хариуцагч Дб т ХХК нь татварын тооцооллыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иймд хариуцагч Дб т ХХК-аас цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр болон нөхөн татвар 2.483.824 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 8.083.063 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/0012385 тоот хяналт шалгалтын актын татварын алдангийн өр 31.739 төгрөг, торгуулийн 230.040 төгрөг, нийт 10.828.666 төгрөг гаргуулж нэхэмжлэгчБЗД т хт олгох зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дб т ХХК-аас цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр болон нөхөн татвар 2.483.824 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 8.083.063 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/0012385 тоот хяналт шалгалтын актын татварын алдангийн өр 31.739 төгрөг, торгуулийн 230.040 төгрөг, нийт 10.828.666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БЗД т хт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Дб т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 188.209 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА