Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/ШШ2017/00020 |
Дугаар | 129/2016/00647/И |
Огноо | 2017-01-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 129/2016/00647/И
2017 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 129/ШШ2017/00020 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... онд төрсөн, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын ... ажилтай, Архангай аймгийн Э сумын ... дугаар баг, .... байр ... тоотод оршин суух, ... овгийн Б.Л-д холбогдох
1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.П, хариуцагч Б.Л, иргэдийн төлөөлөгч Г.Н, прокурор М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Засаг даргын нөөц сангийн 1.500.000 төгрөгийг Сангийн сайдын тушаалаар батлагдсан Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах журмыг зөрчиж Ардчилсан хүчний холбооны гишүүнчлэлийн хүрээг өргөжүүлэх зорилгоор “Монголоо шинэчилье” сургалтанд 1.5 сая төгрөгийг анхан шатны баримтгүй гаргаж, зориулалт бусаар захиран зарцуулсан байна. Энэ нь аймгийн Аудитын газрын шинжээчийн 2015 оны 04 сарын 31-ний өдрийн 51/01ААГ-2014/01-3А дугаартай актаар тогтоогдсон ба энэхүү актаар 1.5 сая төгрөгийг 2015 онд багтаан орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхийг Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн, нягтлан бодогч Мөнхчимэг нарт хариуцуулсан боловч энэ төлбөр одоо хүртэл төлөгдөөгүй, төсөвт хохирол учирсан хэвээр байна. Иймд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг тус тус зөрчиж зориулалт бус ажил үйлчилгээг санхүүжүүлсэн 1.5 сая төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлэхийг хариуцан ажиллаж байсан ажилтан болох Б.Л-д хариуцуулан гаргуулж, аймгийн орон нутгийн төсвийн орлогын Төрийн сан банкин дахь 010000955 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн Б.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Л миний бие Архангай аймгийн Аудитын газрын шинжээч Н.Э-н 2015 оны 04 сарын 31-ний өдрийн 51/01ААГ-2014/01-3А дугаартай актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус актанд гарын үсэг зураагүй юм. Учир нь аймгийн ЗДТГ-ын дарга нь “аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө”-ийн захиран зарцуулах эрх бүхий этгээд биш юм. Гэтэл аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь дээрх актаар тогтоосон 1.5 сая төгрөгийн төлбөрийг аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэнгээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Аймгийн ЗДТГ-ын дарга нь “аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө”-ийн захиран зарцуулагч хариуцагч биш болох нь Монгол Улсын Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын холбогдох заалтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1) Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18-д “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг тогтоох” гэж заасны дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн 239-р тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын гурав. “Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт” гэсэн хэсгийн 4-т “Засаг даргын нөөц хөрөнгийг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга захирамжаар зарцуулна” гэж зохицуулжээ. 2) Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д “аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын тамгын газрын төсвийн шууд захирагч байна” гэж зохицуулжээ. Иймд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь “аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн захиран зарцуулагч, хариуцагч биш тул аймгийн Засаг дарга Ц.М-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэхэмжлэлд Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Засаг даргын нөөц сангийн 1500000 төгрөгийг Сангийн сайдын тушаалаар батлагдсан Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах журмыг зөрчиж, Ардчилсан хүчний холбооны гишүүнчлэлийн хүрээг өргөжүүлэх зорилгоор Монголоо шинэчилье сургалтанд 1,5 сая төгрөгийг анхан шатны баримтгүй гаргаж, зориулалт бусаар захиран зарцуулсан байна” гэж үзэж уг мөнгийг надаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Учир нь Аймгийн Засаг Даргын а/346 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй ба “Захиргааны Ерөнхий Хууль”-ийн 9-р бүлэгт заасан журам, үндэслэлийн дагуу хуулийн хугацаанд тухайн тушаалыг хууль тогтоомж зөрчсөн талаар ямар нэг гомдол гаргаагүй тул өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Захиргааны эрх зүйн акт нь хуулийн үндэслэлтэй, хүчин төгөлдөр байхад уг захирамжийн дагуу олгогдсон 1,5 сая төгрөгийг нэхэмжлэгч хууль бус гэж үзэн иргэн надаас тус мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны актыг хууль бус гэж үзэн, хохирол нэхэмжилж байгаа бол энэ нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 13.1-д хамаарах бөгөөд ИХШХШтХ-ийн 13-р зүйлд заасны дагуу иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш болох юм. Иймд ИХШХШтХ-ийн 65-р зүйл, 65.1. “Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гээд 65.1.1. “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” гэж заасан, мөн тус хуулийн 117-р зүйл, 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно ...” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж байна. Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дугаар тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ийн гуравт “Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт”-г зааж өгсөн бөгөөд 3.4-т “Засаг даргын нөөц хөрөнгийг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар зарцуулна” гэж заасны дагуу аймгийн засаг даргын тамгын газрын дарга нь Засаг даргын нөөц хөрөнгийг захиран зарцуулахтай ямар нэгэн холбогдолгүй субъект болох юм. Түүнчлэн тус журмын 4.12-т “Тухайн арга хэмжээ, төслийг хариуцан гүйцэтгэж байгаа гишүүнчлэлийн хүрээг өргөжүүлэх зорилгоор Монголоо шинэчилье сургалтанд 1,5 сая төгрөгийг анхан шатны баримтгүй гаргаж, зориулалт бусаар захиран зарцуулсан байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эндээс үзвэл Засаг даргын тамгын газрын дарга бус, тухайн хөрөнгийг авсан байгууллага нь баримтыг бүрдүүлж өгөхөөр байна. Мөн тус журмын 4.14-т “Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, тайлагналтыг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч хариуцан гүйцэтгэнэ” гэж зааснаар нөөц хөрөнгийг зарцуулах эрх нь тухайн шатны засаг даргад байх бөгөөд зарцуулалт болон тайлагналтыг хариуцах субъект нь Тамгын газрын нягтлан бодогч байна. Эндээс үзвэл Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргын нөөц сангийн зарцуулалт, тайлагналттай хамаарал бүхий субъект биш болох нь тогтоогдож байна. Иймд Б.Л миний биеийг тухайн хэрэгт хариуцагч хэмээн үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн засаг даргаас албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учирсан хохирлыг холбогдох албан тушаалтнаас төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэн нь Засаг даргын захирамжийн дагуу нөөц санг захиран зарцуулах үүргийг хүлээж ажиллаж байсан. Хэдийгээр нөөц санг захирамжийн дагуу гаргасан ч хууль журамд нийцүүлэн ажиллах нь Засаг даргын тамгын газрын даргын үүрэг байдаг. Гэтэл 1.500.000 төгрөгийг зориулалтын бусаар гаргасан захирамж гарснаас гадна Засаг даргын нөөц сангийн журмыг зөрчсөн. Тухайн үед ямар ч баримтгүй мөнгийг авч явсан, авч явсан хүн нь тодорхойгүй байдаг. Ардчилсан хүчний холбоог гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг хариуцагч тал гаргасан. Гэвч Ардчилсан хүчний холбоо нь Архангай аймагт байхгүй гэсэн тайлбар бичиж энэ шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлсэн нь 1.500.000 төгрөгийг Засаг даргын тамгын газрын дарга байсан Б.Лхагвасүрэн зориулалтын бусаар зарцуулсаны нэг илрэл болж харагдаж байна. Засаг даргын нөөц санг зарцуулах журам нь сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан. Засаг даргын нөөц санг зарцуулах журмыг батлах эрхийг Төсвийн тухай хуулиар сангийн сайдад олгосон. Хуулиар олгосон эрхийнхээ дагуу журам батлагдаад мөрдөгдөж байгаа. Энэ журмын дагуу баримтжуулах, байгууллагын удирдамжийг харж хаана ямар үйл ажиллагаанд оролцох, ямар үйл ажиллагаа хийх гэж 1.500.000 төгрөгийн санхүүжилт хүссэн талаар анхан шатны баримтыг авах ёстой байсан. Гэтэл ямар ч баримтгүй 1.500.000 төгрөгийг гаргасан. Тийм учраас албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж төрд хохирол учирсан учир тухайн үед энэ захирамжинд нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг хүлээж Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэнгээс 1.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. 1.500.000 төгрөгийг анхан шатны баримтын бүрдлийг харгалзаж гаргах ёстой байсан гэдэг асуудал дээр аудитын акт тавьсан. Аудитын актаар 1.500.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж тогтоогдсон. Засаг даргын нөөц сангийн журмаар Засаг даргын тамгын газрын дарга нэгдүгээр гарын үсэг зурна, хоёрдугаар гарын үсгийг Засаг даргын тамгын газрын нягтлан зурах ёстой. Гэтэл Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй, мал хамгаалах сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Мөнхчимэг гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Засаг даргын нөөц санг зарцуулах журмаар нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан хүмүүс тэр мөнгийг захиран зарцуулах эрхийг эдлэхийн зэрэгцээ анхан шатны баримт бүрдүүлэх үүргийг хүлээх ёстой. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг нягтлан хийх ёстой ажил гэж хэлж байна. Тухайн үед эрхээ эдэлж байсан хүн үүргээ хууль бусаар хэрэгжүүлсэн гэсэн үндэслэл байгаа учир нэгдүгээр гарын үсэг зурсан Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтнаас 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. 1.500.000 төгрөг төлөгдөөгүй байгаа гэв.
Хариуцагч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б дарга энэ захирамжийг гаргахдаа надаар дамжуулалгүй шууд өөрөө гарын үсэг зураад гаргасан байсан. Тэгээд энэ мөнгийг шилжүүл гэсэн үүргийг надад өгсөн. Тамгын газрын хувьд нэгэнт гарсан Засаг даргын захирамжийг биелүүлэхгүй байх, гаргасан захирамж хүчингүй байна гэж хэлэх эрх надад байхгүй учир тухайн гүйлгээг хийсэн. Төсвийн тухай хуулиар сангийн сайдад бүх шатны Засаг дарга нарын нөөц хөрөнгийг захиран зарцуулах журмыг батлах эрх олгогдсоны дагуу сангийн сайд журмыг баталсан. Энэ журамд зааснаар нөөц хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засаг дарга гаргадаг. Тухайн нөөц хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гарсны дараа санхүүжилт олгох асуудлыг Санхүү төрийн сангийн хэлтэс хариуцдаг. Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн байна гэж үзвэл Санхүү төрийн сангийн хэлтэс санхүүжилтыг олгодог. Харин нийцээгүй байна гэж үзвэл Санхүү төрийн сангийн хэлтэс санхүүжилтыг олгохгүй байх боломжтой. Тухайн санхүүжилт авах гэж байгаа этгээд захирамж гарахаас өмнө тухайн арга хэмжээг санхүүжүүлэх хүсэлт, тооцоо төлөвлөгөөгөө аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст ирүүлэх ёстой. Тэр тооцоо төлөвлөгөө ирснийг би мэдээгүй. Надаар тухайн захирамж дамжиж гараагүй учир би мэдээгүй. Санхүүжилт олгогдсоны дараа тухайн ажил үүргийг гүйцэтгэж, тайлангаа тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн байгууллага журамд заасны дагуу 15 хоногийн дотор гаргаж өгөх ёстой. Гэтэл тухайн байгууллага буюу Ардчилсан хүчний холбоо үүргээ биелүүлээгүй. Журмын 4 дүгээр зүйлийн 4.14-т заасны дагуу Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт тайлагналтыг тухайн шатны Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч хариуцан гүйцэтгэнэ гэж заасан. Тийм учраас нөөц хөрөнгийг захиран зарцуулах эрх нь тухайн шатны засаг даргад, харин нөөц хөрөнгийн зарцуулалт болон тайлагналтыг хариуцах субъект нь засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид байгаа юм. Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт болон тайлантай холбоотой субъект биш болох нь тодорхой байна. Иймд Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь Засаг даргын тамгын газрын дарга биш учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсвэл сум дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг өөрөө буюу ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ тухайн мөнгийг анхан шатны баримтгүй гаргасан мөн зориулалт бусаар захиран зарцуулсан байна гэж бичжээ. Хэрвээ аймгийн Засаг дарга энэ захирамж хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа бол нэгдүгээрт уг захирамжийг өөрөө өөрчилж болно, 2 дугаарт хүчингүй болгож болно. Ийм эрх байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлэхгүй шүүхэд өгсөн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Засаг дарга энэ эрхээ хэрэгжүүлэхээс гадна уг захирамж хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 9-р бүлэг, 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд хандаж уг захирамжийг хүчингүй болгуулах эрх нь нээлттэй байгаа. Энэ мөнгийг авч захиран зарцуулсан субъект болох Ардчилсан хүчний холбоог би байгаа гэж бодож байна. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж байгаа нь ямар шалтгаантайг нь ойлгохгүй байгаа. Тухайн мөнгийг ямар хүн авсныг төрийн сангийн хэлтэс дээр шүүлгэж үзэхэд Ардчилсан хүчний холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Амарсайхан гэдэг хүн гарын үсэг зурж авсан байдаг. Төсвийн тухай хуульд зааснаар нөөц санг захиран зарцуулах этгээд бол аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга байдаг. Тамгын газрын даргын хувьд Төсвийн тухай хуульд зааснаар зөвхөн тухайн шатны тамгын газрынхаа төсвийн шууд захирагч байх зохицуулалттай. Энэ үндэслэлүүдийг харгалзан үзэж Засаг даргын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Мөнхчимэгт Засаг дарга үүрэг өгсөн байдаг. Нөөц санг Мөнхчимэгээр гүйцэтгүүлье гэж хэлсэн. Тэр хүсэлтийн дагуу Засаг даргатай зөвшилцөж шийдвэр гаргаж нөөц санг хариуцуулсан. Аудитын актын дагуу 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж хэлсэн. Тухайн үед аудитын актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд би гарын үсэг зураагүй. Зөвшөөрөхгүй болохоор яах ёстой вэ? гэхэд та тайлбараа бичээд өгчих гэж хэлсэн. Би тайлбараа бичиж өгсөн гэв.
Прокурор М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аудитын газрын шинжээчийн 2015 оны 04 сарын 31-ний өдрийн 51/01ААГ-2014/01-3А дугаартай актыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. “Монголоо шинэчилье” хөтөлбөрт 1.500.000 төгрөгийн санхүүжилт олгохдоо анхан шатны баримтгүй, зориулалтын бус ажил гүйлгээг санхүүжүүлсэн байна. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т зааснаар төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэсний дагуу Б.Лхагвасүрэнгээс 1.500.000 төгрөг нэхэмжилсэн. Аймгийн Засаг дарга Аудитын газрын дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа. Аудитын тухай хуулийн 15.1.12-т аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах, акт тавих, Монгол улсын Ерөнхий Аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 2.1.1-т байгууллагад хохирол учруулсанд төлбөрийн акт тогтооно гэж заасныг үндэслэн аудитын акт тавигдсан. Тийм учраас Б.Лхагвасүрэнд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т зааснаар төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнээд Аудитын газрын 2015 оны 04 сарын 31-ний өдрийн 51/01ААГ-2014/01-3А дугаартай актыг үндэслэлтэй байна гэж үзэж 1.500.000 төгрөгийг улсын төсөвт байршуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг дарга хариуцагч Б.Л-с 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Архангай аймгийн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн 51/01 ААГ-2014/01-3А тоот актаар 1.500.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэхийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн, нягтлан бодогч М.Мөнхчимэг нарт хариуцуулсныг үндэслэн нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг дарга хариуцагч Б.Л-с 1.500.000 төгрөг нэхэмжилж байна.
Архангай аймгийн Засаг даргын а/346 тоот захирамжаар “Монголоо шинэчилье” сургалтанд 1.500.000 төгрөгийн санхүүжилт олгохдоо анхан шатны баримтгүй, зориулалт бус ажил гүйлгээг санхүүжүүлсэн гэсэн актыг Архангай аймгийн Аудитын газар гаргажээ.
Аудитын газар Архангай аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, үр дүнд аудит хийж аудитын явцад илэрсэн 1.500.000 төгрөгийн төлбөр, зөрчлийг барагдуулахыг аймгийн Засаг даргын тамгын газарт хариуцуулсан байхад нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг дарга иргэн Б.Лхагвасүрэнгээс Аудитын газрын актаар тавигдсан 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй ба Б.Лхагвасүрэн нь хариуцагч биш юм.
Иймд Архангай аймгийн Аудитын газрын шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн 51/01 ААГ-2014/01-3А тоот актаар тавигдсан 1.500.000 төгрөгийг хариуцагч Б.Л-с гаргуулахаар нэхэмжилсэн Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1-д зааснаар Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Л-с 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Архангай аймгийн Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Ч.ЖАРГАЛАН