Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0735

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022-10-06    128/ШШ2022/0735

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э В Т Э*********” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г********

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э**********,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*********, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “Э В Т Э********” ХХК-ийн эзэмшдэг XV-*****дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон ба тус шийдвэрийн  “Э В Т Э*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргаж байна.

2. “Э В Т Э************ ХХК нь цахим олголтоор 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Завхан сумын Гялс нэртэй газарт 7018.71 гектар талбай бүхий ХV-*****дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байна.

2.2 Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай шийдвэрээр “Э В Т Э********” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

2.3 “Э В Т Э******” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Бд 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдөр “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлсэн байна. Тус албан бичгийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 8/1805 дугаар албан тоотоор “Э В Т Э*********” ХХК-д хариу өгсөн байна.

2.4 Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Б*********н гаргасан  2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 8/1805 дугаар албан тоотоор “Э В Т Э***********” ХХК-ийн “...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

2.5 Иймд, нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай шийдвэр гарах үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэсэн 2002 оны хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тус хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны актыг илт хууль бусд тооцож үндэслэлүүдийг заасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д захиргааны өөр нөхцөл байдлаар холбогдох хууль зөрчсөн гэсэн агуулгатай зохицуулалт байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой зохицуулалт байдаг, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1-д цуцлах үндэслэлүүдийг дурдаж, 56.2-д төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэсэн зохицуулалттай. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар мэдэгдэл заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийг нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх буюу мэдэгдлээ хүлээн авч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд баримт бичгийг хүргүүлнэ. 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар тус хуулийн 56.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслээгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох, үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлэн баримт бичгийг эхлэн мэдэгдэж, холбогдох баримт бичгийг хүлээн авч түүнийг үндэслэж үндэслэлтэй эсэхийг шалгасны дараагаар шийдвэр гаргах байсан. Ашигт малтмал, газрын тосны газар нь тухайн үед тус ажиллагааг хийгээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээ шийдвэрлүүлэх, баримт бичиг гаргаж өгөх эрхүүд нь зөрчигдсөн тул хуульд заасан бусад хэлбэрээр зөрчсөн байна гэж үзэж илт хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.

4. Хариуцагч  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанид албан ёсоор 2015 онд олгохдоо К4 маягт бөглөдөг. Албан ёсны хаяг буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, ** дугаар хороолол, **-** тоот хүргүүлсэн ба шуудангийн хавсралтаар ирсэн байдаг. “Э В Т Э*********” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д заасны дагуу хаягийн өөрчлөлтийг зохих байгууллагад нь мэдэгдээгүй. Хаяг нь албан ёсны байсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар хаягтаа байгаагүй. “Э В Т Э” ХХК нь хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэнээс хойш ажлын 10 өдөрт мэдэгдсэнд тооцно гэж зааснаар төрийн захиргааны байгууллагыг буруутгах нь үндэслэлгүй. “Э В Т Э********” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй нь тодорхой, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог тул тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй нь үндэслэлтэй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын  2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 шийдвэрээр цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч  “Э В Т Э******” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай шийдвэрийн “Э В Т Э*********” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх” гэж, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн гэж маргаж байна. 

4. Тодруулбал, “Э В Т Э*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон, мөн тусгай зөвшөөрлийг цуцалсан бол энэ тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчид тус тус мэдэгдэх ёстой байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлажээ.

5. Гэвч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд /хх-124,125 хуудас/ Ашигт малтмалын газрын “Э В Т Э**********” ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 6/1769 албан тоотоор “Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна” гэж мөн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6/2728 албан тоотоор “Танай компани нь доорх тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдье” гэсэн байх буюу хариуцагчаас нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлж мэдэгдсэн байна.

6. Нэхэмжлэгчийн зүгээс уг мэдэгдлийг хүлээн аваагүй гэж маргасан боловч, хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 04 сарын 18-ны өдөр хүртэлх  баримт бичиг хүлээлцсэн дэвтрийн I боть, 2016 оны 04 дүгээр сарын 18-аас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх баримт бичиг хүлээлцсэн дэвтрийн II ботид тэмдэглэснээр нэхэмжлэгч “Э В Т Э********” ХХК-д тухай бүрд нь дээрх албан тоотуудыг хүргүүлсэн боловч шуудангийн буцаалтаар ирсэн болох нь тогтоогдож байна.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Э В Т Э*********” ХХК нь шуудангийн хаягаа сольсон бол энэ тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст мэдэгдэх үүрэгтэй байсан байна. Гэтэл нэхэмжлэгч энэ тухай Ашигт малтмалын газарт мэдэгдээгүйн улмаас маргаан бүхий шийдвэрүүдийг хуульд заасан хугацаанд хүлээн авч чадаагүй байна.

8. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу хариуцагчийн хүсэлтээр Үндэсний номын сангаас “Монголын мэдээ” хэвлэл мэдээллийн байгууллагын 2016 оны 04 дүгээр сарын 27,28,29,30-ны өдрүүдийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой мэдэгдлийг нийтэлсэн сонингийн дугааруудыг нотлох баримтын шаардлага хангуулан авахад Үндэсний номын сангаас тус шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн үзэхэд “Э В Т Э**********” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай тус сонинд нийтэлсэн болох нь нотлогдож байна.

9. Түүнчлэн, Ашигт малтмалын газрын тосны газраас тус шүүхэд ирүүлсэн нотлох баримтад XV-*****дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нэгдүгээр хавсралтад “Э В Т Э*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 6/1769 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6/2728 тоот захирамжийг тус тус 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав гэж гарын үсэг зурсан болох нь тогтоогддог. /хх-62 хуудас/

10. Тус шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/Ш32022/*********** тоот “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай” захирамжаар нэхэмжлэгч “Э В Т Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б******** нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2728 тоот бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэнээс хойш Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хандсан нь ойлгомжгүй”, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 6691 дугаартай захирамжийг гардан авсан хэдий ч  2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буйг” тус тус тодруулахад, Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай шүүхэд гаргасан тайлбартаа “Э В Т Э*********” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Б********* нь албан ажлаа удирдан явуулах боломжгүй байсан, өөрөөр хэлбэл түүний нөхөр Г*********** бөөрний дутагдал гэх оноштойгоор 2 жил гарангийн хугацаанд эмчлүүлж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан, мөн Б.Б******гийн охин Е******** нь хөгжлийн бэрхшээлтэйгээс шалтгаалан өдөр тутам асаргаа, сувилгаа нэн шаардлагатай байсан тул өөрөө асарч байсан” учраас хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг төлж чадаагүй, мөн хуульд заасан хугацаанд хандаж чадаагүй гэж “Э В Т Э*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б******* тайлбарласан.

11. Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаан" гэж 6.1.41.б.эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан” гэж заасны дагуу “Э В Т Э******” ХХК-ийн үүсгэн байгуулагч  Б.Бгийн тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар /хх-ийн 41-54 хуудас/ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж болохоор байна. Гэвч, газрын төлбөр төлөх асуудал нь заавал биечлэн хийх шаардлагатай бус интернет банк, мобайль банк зэрэг дижитал арга хэрэгслийг ашиглан төлөх боломжтой, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.” 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухай жилд төлөх төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж заасны дагуу аливаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргийг хүлээдэг ба уг үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол алданги төлөх үүргийг мөн хүлээдэг байна. 

12.  Тодруулбал, “Э В Т Э******” ХХК-ийн үүсгэн байгуулагч  Б.Б******* нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан боловч хуульд заасан төлбөр, алдангийг тус тус төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

13. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж тайлбарлах боловч энэ нь дээр дурдсан нөхцөлүүдээр үгүйсгэгдэж байна.

14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж зааснаар “Э В Т Э******” ХХК-иас Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай шийдвэрийн “Э В Т Э*********” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Э В Т Э*********” ХХК-иас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай шийдвэрийн “Э В Т Э******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА