Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 03

 

Д.Аийн нэхэмжлэлтэй Хаан банкны Баянхонгор салбар

Төв тооцооны төв, Д.А, С.Ц нарт

 холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2018/00911 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төв, Д.А, С.Ц нарт холбогдох

 Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ХААН банкны барьцаанд тавьсан Баянхонгор сумын 3 дугаар баг 40 дүгээр байр 5 тоот 69.4 мкв орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Гын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Дагиймаа, С.Г /онлайнаар/, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Аээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот 69 м2 , улсын бүртгэлийн Ү-0320003452 дугаартай орон сууцыг худалдан авч тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн тус байрны гэрчилгээг ээждээ хадгалуулж байсан юм. Гэтэл миний ээж өвчний учир нас барсны дараа манай ахын эхнэр С.Ц нь миний өмчлөлийн орон сууцны гэрчилгээг миний иргэний үнэмлэхний хуулбарыг хаанаас ч юм олж аваад 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний өмчлөлийн орон сууцыг банкнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ, хэлцэл хийх, зээл, барьцааны гэрээнд намайг төлөөлж гарын үсэг зурах, гэрээ бүртгүүлэх эрхийг олгосон итгэмжлэлийг нотариатч Б.Авидаар гэрчлүүлэхдээ миний гарын үсгийг дуурайлган зурж, итгэмжлэл гэрчлүүлэн Хаан банкны 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцааны гэрээ байгуулан барьцаанд тавьсан байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу нотариатын 1117 дугаартай үйлдлийг хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэр гарсан тул 1117 дугаартай нотариатын үйлдлийг үндэслэж гарсан барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус юм.

Иймд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Д.А, ХААН банк нарын хооронд байгуулсан ЗГ/233 тоот барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Хаан банкны барьцаанд тавьсан Баянхонгор сумын 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хэргийн үйл баримтаар хариуцагч Д.А, С.Ц нар нь ХААН банктай батлан даалтын гэрээ гэсэн зүйл байгуулаагүй юм байна. Иймд энэ шаардлагаасаа татгалзаж, барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлээ тодруулж байна. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь уг өмчөө захиран зарцуулах эрхтэй. Гэтэл өмчийн хууль ёсны эзэмшигч байхгүй байхад С.Ц нь өмчлөгчид мэдэгдэлгүйгээр түүний бичиг баримтыг ашиглан нотариат дээр өмнөөс нь гарын үсэг зурж итгэмжлэл хийлгэн, уг итгэмжлэлээ ашиглан банктай барьцааны гэрээ байгуулсан байна. ХААН банкны зүгээс өмчлөгчийн зөвшөөрлийг шалгаагүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг тодруулаагүй байна.

Улмаар нэхэмжлэгч Д.А нь өөрийн зөвшөөрөлгүй хийгдсэн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсанаар Баянхонгор сум дундын шүүхийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 00129 дугаар шийдвэр гарч нотариатч Б.Авидын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 1117 дугаар итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон байна. Одоо ХААН банк Д.А, С.Ц нарын хооронд хийгдсэн БГ/233 дугаар барьцааны гэрээний Д.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Баянхонгор сумын 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төвөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.А, С.Ц нар нь ХААН банкны Баянхонгор салбараас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/233 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр зээл төлөх тогтмол нөхцөлтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Уг зээлийн барьцаанд Ү-0320000809 улсын бүртгэлийн дугаартай 69.4 мкв орон сууцыг итгэмжлэлээр барьцаалсан бөгөөд тухайн үед уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан хэлцэлд төлөөлөх хуулийн шаардлагыг хангасан байдаг. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заажээ. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл уг зээлийг төлж барагдуулаагүй байх тул уг барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэлд дурдсан зүйл үндэслэлгүй байна. Тухайн үед уг байранд банкны зүгээс газар дээр нь үзлэг хийсэн энэ үед Д.Аийн ээж амьд сэрүүн байсан, гэтэл нас барсан байх үеэр гэж нэхэмжлэлд бичсэн байна. Энэ нь өмнөх шүүх хуралдаанд банкны төлөөлөгч П.Оюунчимэгийн өгсөн тайлбараар тогтоогдоно. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль журамд зааснаар хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг тухайн хувь хүний хүсэлтээр гаргаж өгөх ёстой. Эндээс үзвэл Д.А нь өөрөө энэ байгууллагад хандаж лавлагаа авч байснаас үзвэл эд хөрөнгөө барьцаанд тавихыг зөвшөөрч байсан гэж үзэж байна. Иймд холбогдох хууль, дүрэм журамд заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгө болох Баянхонгор сумын 3 дугаар баг 40 дүгээр байрны 5 тоот орон сууцыг барьцаалж зээл олгосон. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл уг зээлийг төлж барагдуулаагүй байх тул уг барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа:

Надад мөнгөний хэрэгцээ гарч банкнаас зээл авахаар эхнэр С.Цтай ярьсан. Тэгээд С.Ц нь банкны барьцаа хүрэхгүй байна гэж Баянхонгор аймгийн 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот 69м кв орон сууцны гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байсан. Би тус орон сууцыг банкны барьцаанд тавьсан гэдгийг банкинд гарын үсэг зурахаар очихдоо л мэдсэн. Эхнэр С.Ц, Д.А нарын юу ярьж тохиролцож тус орон сууцны гэрчилгээг барьцаанд тавьсан талаар тодорхой зүйл мэдэхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан барьцааны гэрээ батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг зөвшөөрч байна. Учир нь Д.Атэй маргаан бүхий орон сууцны гэрчилгээг банкны барьцаанд тавих талаар ярьж тохирсон зүйл байхгүй тул орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.Ц нь зээлийн барьцаа хөрөнгө дутаад гээд Д.Аийн байрыг барьцаалсан гэж л байсан. Би нарийн зүйлийг мэдэхгүй байна. Би Д.Атэй ярьж хөөрч байрыг нь барьцаанд тавъя гэж тохирсон зүйл байхгүй. Зээлийн асуудлыг С.Ц хариуцаж байсан. С.Ц л үл хөдлөх болон банкны эдийн засагч нартай инээж хөхөрөөд ярьж хөөрөөд л гэрээ байгуулж гарын үсэг зур гэсэн газар нь би зурж байсан. Энэ байр надад хамааралгүй, би одоо тодорхой хаяггүй 2 хүүхэдтэйгээ ирэн очин байдаг. Энэ байрыг банкны барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2015 оны 10 сарын 30-ны өдөр нөхөр Д.Аын хамтран зээлдэгчээр орж 100.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бизнесийн зээл авсан. ХААН банкинд зээлээ судлуулж салбарын зээлийн хорооны хурлаар ороход барьцаа хөрөнгө дутсан, барьцаа хөрөнгө нэмж байж хүссэн зээлээ авна гэхэд нөхөр Д.А нь ээж, дүү Д.А нартайгаа ярьж Баянхонгор аймгийн 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот 69м кв улсын бүртгэлийн Ү-0320003452 дугаартай орон сууцыг ХААН банкны барьцаанд тавьсан. Д.А өөрийн байрыг барьцаанд тавьж байснаа мэдэж байсан гэжээ.

Хариуцагч С.Ц анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2015 оны 10 сарын 30-ны өдөр Д.А бид хоёр 100.000.000 төгрөгийг ХААН банкнаас зээлсэн. Д.А нь Д.Аийн байрыг барьцаанд тавих үед хадам ээж амьд сэрүүн байсан, банкнаас газар дээр нь очиж шалгасан. Энэ үед Д.А итгэмжлэл хийлгэхийг зөвшөөрч надад итгэмжлэл олгуулж байсан. Би тэр айлын байрны бичиг баримт, иргэний үнэмлэхийг хаана хадгалдагийг ч мэдэхгүй, олж авах боломжгүй, Д.А байраа барьцаанд тавихыг мэдэж байсан. Одоо уг байранд Д.А амьдардаг, энэ байрыг захиран зарцуулах эрхтэй тул банкны хугацаа хэтэрсэн зээлийг энэ барьцаа хөрөнгөөс гаргуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг тус тус баримтлан ХААН банк ХХК, зээлдэгч Д.А, С.Ц нарын хооронд хийгдсэн 2015 оны 10 сарын 30-ны өдрийн БГ/233 дугаар барьцааны гэрээний Д.Аийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5-тоот, 67,9 мкв, Y-0320003452 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-д заасныг тус тус баримтлан Д.Аийн өмчлөлийн Баянхонгор сум 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5-тоот, 67,9мкв, улсын бүртгэлийн Y-0320003452 дугаартай орон сууцыг ХААН банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААН банк ХХК, Д.А, С.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Зээлдэгч Д.А, С.Ц нар нь ХААН банкны Баянхонгор салбараас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/233 тоот зээлийн гэрээ, БГ/233 тоот барьцааны гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Уг зээлийн барьцаанд Ү-0320000809 улсын бүртгэлийн дугаартай 69,4 мкв орон сууцыг итгэмжлэлээр барьцаалсан бөгөөд тухайн үед уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан хэлцэлд төлөөлөх хуулийн шаардлагыг хангасан байдаг. Иймд холбогдох хууль, дүрэм журамд заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгө болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 40 дүгээр байрны 5 тоот орон сууцыг барьцаалж зээл олгосон. Иргэний хуулийн 154 дүгээр зйлийн 154.6-д зааснаар бол тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших гэрчийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заасан байдаг.

Анхан шатны шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон, улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татан оролцуулах гэсэн хүсэлтийг хангах боломжгүй гэж дүгнэсэн бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч хариуцагчаа татах хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаар татах боломжтой байтал улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар таталгүй хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь тухайн барьцааны гэрээг хууль тогтоомжийн дагуу Улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг бөгөөд хариуцагчийн хувьд Улсын бүртгэлийн байгууллагыг мөн хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх болон нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2018/00911 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Аээс хариуцагчаар ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төв, Д.А, С.Ц нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.А ХААН банкны хооронд байгууллагдсан ЗГ/233 тоот барьцааны болон батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ХААН банкны барьцаанд тавьсан Баянхонгор сумын 3 дугаар баг 40 дүгээр байр 5 тоот орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Аээс тайлбарлахдаа манай ахын эхнэр С.Ц нь миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0320003452 дугаартай орон сууцыг уг орон сууцны гэрчилгээг болон миний иргэний үнэмлэхний хуулбарыг хаанаас ч юм олж аваад 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний өмчлөлийн орон сууцыг банкнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ, хэлцэл хийх, зээл, барьцааны гэрээнд намайг төлөөлж гарын үсэг зурах, гэрээ бүртгүүлэх эрхийг олгосон итгэмжлэлийг нотариатч Б.Авидаар гэрчлүүлэхдээ миний гарын үсгийг дуурайлган зурж, итгэмжлэл гэрчлүүлэн Хаан банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авахдаа зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцааны гэрээ байгуулан барьцаанд миний хөрөнгийг тавьсан байна гэж тайлбарлажээ. Хариуцагч Д.Аоос тайлбарлахдаа “..Учир нь Д.Атэй маргаан бүхий орон сууцны гэрчилгээг банкны барьцаанд тавих талаар ярьж тохирсон зүйл байхгүй тул орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ..”

ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төв нь зээлдэгч Д.А, С.Ц нарын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/233 дугаар зээлийн гэрээ, БГ/233 дугаар барьцааны гэрээ тус тус байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл олгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгүүд дотор Баянхонгор сумын 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот 67.9 мкв, улсын бүртгэлийн Y-0320003452 дугаартай орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Аээс өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-0320003452 дугаартай орон сууцыг банкны барьцаанд тавих итгэмжлэлийг С.Цд олгоогүй, нотариатч нь миний зөвшөөрөлгүйгээр итгэмжлэл хийсэн, С.Ц нь хууль бус итгэмжлэл ашиглаж барьцааны гэрээ байгуулсан гэжээ.

Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 00129 дүгээр нотариатч Б.Авидын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Д.Аээс С.Цд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, 1117 дугаартай итгэмжлэлийг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр /хх-ийн 68-66 дугаар тал/ гарсан бөгөөд хүчин төгөлдөр болжээ.

Д.А, С.Ц нар нь Д.Аийн зөвшөөрлийг авахгүйгээр түүний үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавьсан болох нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч Д.Аээс шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч Д.Аоос гаргасан тайлбартаа “..Д.Атэй маргаан бүхий орон сууцны гэрчилгээг банкны барьцаанд тавих талаар ярьж тохирсон зүйл байхгүй тул орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү ..” гэсэн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогджээ.

Бусдын хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьсан энэ үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй байна гэж үзнэ. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь барьцаалуулагчийн өмчлөлд шилжээгүй байх тул барьцаагаар хангагдах шаардлага үүсэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэн Д.А, С.Ц нараас ХААН банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авахдаа 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан БГ/233 дугаар барьцааны гэрээний Д.Аийн өмчлөлийн Баянхонгор сумын 3 дугаар баг 40 дүгээр байрны 5 тоот 67.9 мкв Y0320003452 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцож, барьцаанаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаар хариуцагч Д.А, С.Ц нар нь ХААН банктай батлан даалтын гэрээ гэсэн зүйл байгуулаагүй байна. Иймд энэ шаардлагаасаа татгалзаж байгаагаа шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч илэрхийлжээ.

Барьцааны гэрээний Д.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг шүүх хүчингүйд тооцож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Д.А нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газартай ямар нэг маргаан үүсгээгүй тул хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Гын гомдолд дурьдсан Улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагаар оролцуулах гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Гын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төвөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2018/00911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Гын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР