Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/03862

 

 

 

 

 

 

 

2021 11 25 101/ШШ2021/03862

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.О /РД: 00000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х /РД: 000000000/ холбогдох

3.500.000 төгрөгийн үнэтэй Алтангэрэл судар гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О,

Хариуцагч Б.Х,

Иргэдийн төлөөлөгч Б.Цэрэнханд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр С.Батсайханы төрсөн эцэг З.Содномдоржийн ээж Жүгдэр гэх хөгшнөөс 1985 онд манай гэрт өвлөгдөн ирсэн эртний Алтангэрэл судрыг Баттулгын Х нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ирэхдээ авч явсан.

Эртнээс өвлөгдөж ирсэн өндөр үнэ бүхий Алтангэрэл судраа эргүүлж авахаар Б.Хээс удаа дараа шаардсан боловч эргүүлж өгөхгүй, лам манайхыг Алтангэрэл судар шүт гэсэн гэх ойлгомжгүй тайлбар өгч судрыг маань өгөхгүй, өнөөдрийг хүрсэн болно.

Алтангэрэл судрыг манай гэр бүл 40 жил шүтсэн бөгөөд нөхөр маань харвасан. Судар ном маань байсан бол бидэнд ийм өвчин зовлон үүсэхгүй байсан. Б.Х Алтангэрэл судрыг үгүй хийсэн, зарчихсан.

Миний амьдрал доройтоод байхад өөр өөр судар үнэлүүлчихээд 500.000 төгрөг өгнө гэж байгаад гомдолтой байна.

Манай гэрт үе уламжилж ирсэн зах зээлийн өндөр ханш бүхий Алтангэрэл судрыг маань Б.Х алга болгосон учраас судрын үнэ 3.500.000 төгрөгөө гаргуулна гэв.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ судрын үнэ 3.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг судар нь Жүгдэр гэх миний элэнц эмээгийн Алтангэрэл судар юм. Элэнц эмээ маань надад бага байхад өвлүүлж өгсөн. Энэ талаар манай ах, дүү, хамаатан садангууд мэднэ. Судар нь бүрэн гүйцэд байгаа эсэх талаар тухайн үед мэдээгүй.

Үзэж хардаг хүмүүст үзүүлэхэд бүгд судраа нийлүүл гэдэг байсныг хамаатнууд маань мэдэж байгаа. Тал нь хаана байгаа талаар сураглахад авга ах С.Батсайханд байсан. Судраа нийлүүлж бүтэн болгох ёстой гэдгийг хөгшчүүлээсээ мэдээд С.Батсайхан ахад хэлэхэд ирээд ав гэсэн. Гэтэл С.Батсайхан ахын эхнэр Ч.О нь өгөхгүй гээд 2, 3 удаа буцсан.

Өнгөрөгч зун С.Батсайхан ахын 37 настай хүү Б.Хүрэлбаатар надад өгсөн. Эднийд байсан судар хөзөр шиг холилдсон байсныг би лам дээр очиж зөв дараалалд оруулсан. Би эднийхээс бүтэн судар аваагүй ба тал судар авсан. Судар манайд байгаа, өвөг дээдсийнхээ юмыг зараад нүгэл хийгээд байх шаардлага байхгүй.

Ч.О нь манай авга ахын эхнэр болохоос биш манай төрлийн хүн биш юм. Иймд удмынхаа шүтээн болсон судрыг түүнд өгөх өвлүүлэх ёсгүй. Би шүүгчийн захирамжийн дагуу Гандангийн ламд шинжээч нарт Алтангэрэл судраа үзүүлж байсан. Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс дээр судраа аваад очиход энэ хүн судраа таниагүй. Надад маргалдаад байх сонирхол алга. Би Ч.О эгчид 500.000 төгрөг өгч болж байна. Үүнээс илүүг өгч үнэхээр чадахгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.Х судартай учраас амьдрал нь дээрдээд байна, миний амьдрал дордоод байна гэж хэлж байна. Гэсэн атлаа судрыг үрэгдүүлсэн учраас 3.500.000 төгрөг авна гээд байгаа нь учир дутагдалтай байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.О судар байгааг хүлээн зөвшөөрөөд байна. Судар шүтэхэд хэнд байх нь хамааралтай биш. Хариуцагч Б.Хэд судар байх нь зөв гэж үзэж байна гэв.

 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.Хэд холбогдуулан 3.500.000 төгрөгийн үнэ бүхий Алтангэрэл судар гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр Б.Х судрыг үрэгдүүлсэн тул судрын үнэ 3.500.000 төгрөгийг гаргуулна хэмээн тайлбарласан болно.

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 16-02 тоот дахь байшинд байсан Алтангэрэл судрыг 2018 оны 8 сарын 23-ны өдөр Б.Х хулгайлсан гэх гомдлыг иргэн С.Батсайхан цагдаагийн байгууллагад гаргахад мөн аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхбат гомдлыг хүлээн авч хянаад 2018 оны 9 сарын 6-ны өдөр хэрэг бүртгэлтийн 183000262 дугаартай хэрэг нээн ажиллагааг явуулжээ.

Дээрх хэрэгт цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт явуулан 2018 оны 9 сарын 20-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гаргаж прокурорт хүргүүлэхэд мөн аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хэргийг хянаад:

... Нотлох баримтуудад дүгнэлт хийхэд иргэн Б.Хүрэлбаатар 2018 оны 8 сарын 23-ны өдөр ххххххххххххххх тоотод байх өөрийн гэрээсээ Алтангэрэл гэх судрыг авч яван Б.Хэд өгсөн болох нь тогтоогдож байна.

Б.Хүрэлбаатар тухайн судрыг захиран зарцуулах эрхтэй нь гэрч С.Батсайханы ...Манай хүү Б.Хүрэлбаатар тусдаа гараагүй болохоор өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй гэх мэдүүлгээр нотлогдож байх ба Б.Хүрэлбаатарын судар авч явсан үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Ингээд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Хосбаяр 2018 оны 10 сарын 4-ний өдрийн Б/76 дугаар бүхий Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор 183000262 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

 

Мөн Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаярын 2019 оны 2 сарын 4-ний өдрийн Б/17 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор:

Иргэн Б.Х 2018 оны 9 сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн 183000262 дугаартай хэрэгт хулгайн эд зүйл гэх Алтангэрэл судрыг мөрдөгчид гаргаж өгөхдөө өөр буюу орчин цагийн Алтангэрэл судар өгсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. ... Эрүүгийн 183000262 дугаартай хэргийг хааж шийдвэрлэхдээ өөр Алтангэрэл судар өгсөн үйлдлээс бус Б.Хүрэлбаатар өөрийн Алтангэрэл судрыг авсан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх хэргийг шалгаж шийдвэрлэхэд Б.Хээс гаргаж өгсөн судар ач холбогдолгүй.

Б.Хийн дээрх үйлдэл нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хаах үндэслэлтэй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн 183000408 дугаартэй хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаан шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-9, 31-103 дугаар тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 сарын 12-ны өдрийн 13995 дугаар захирамжаар хариуцагч Б.Хэд буй Алтангэрэл судрын шинж байдал, зах зээлийн үнийг тогтоолгохоор Монголын Бурханы шашны Дээд сургууль болон Монголын хохирол үнэлэгчдийн холбоог шинжээчээр томилон дүгнэлт гаргахдаа шаардлагатай гэж үзсэн мэргэжилтүүдийг оролцуулах боломжтой гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 21-26 дугаар тал/

 

Шинжээчээр томилогдсон Монголын Бурханы Шашны дээд сургууль, Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн номын санч М.Бямбажав 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 11/958 тоот дүгнэлтдээ:

-Уг судар нь гараар бичсэн Алтангэрэл судар бөгөөд /хэмжээ нь 21.5*8.5*4.7/ бичвэрийн хувьд үг үсгийн хэв хэлбэр муутай бичигдсэн, яг хэдий үед бичигдсэн болохыг тодорхойлох боломжгүй.

Учир нь тус судар зөвхөн Алтангэрэл судрын эх бөгөөд нэмэлт тайлбар бичигдээгүй байна. Онцлох зүйл гэвэл тус судар нь нийт 29 бүлэгтэй бөгөөд ховор судрын ангилалд орохгүй, нийтэд түгээмэл байдаг судруудын нэг бөгөөд үнэлэх боломжгүй гэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 104-106 дугаар тал/

 

Шинжээчээр томилогдсон Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 548 тоот дүгнэлтдээ:

-Судрын өмчлөлийн байдал тодорхойгүй. Алтангэрэл судар нь М.Бямбажавын тодорхойлсноор 21.5*8.5*4.7 хэмжээтэй, модон бараар хэвлэсэн байна.

-Үнэлж буй Алтангэрэл сударын өнөөгийн зах зээлийн үнэ 207.000 төгрөг байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 29, 107-116 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ч.О дүгнэлтэд дурдсан судрыг өөрийн судар биш гэсэн тул 2020 оны 1 сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК /Р.Зоригт, Ж.Уртнасан/ буюу шинжээчийг хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн ч шинжээч Ж.Уртнасан хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон тул хариуцагч Б.Хэд хадгалагдаж буй Алтангэрэл сударт үзлэг хийн судрыг хадгалж буй шоголын зураг болон судрыг бүхэлд буюу нийт 473 хуудасны гэрэл зэргийг авч буулган үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 128, 134-219 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Ч.О үе уламжлан өвлөгдсөн өндөр үнэ бүхий судрыг хэт багаар үнэлсэн хэмээн маргасан тул тус шүүхийн 2020 оны 1 сарын 20-ны өдрийн 64 тоот тогтоолоор хариуцагч Б.Хэд буй Алтангэрэл судрын шинж байдал, уг судар нь соёлын өв мөн эсэхийг тогтоох шинжээчээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийг томилжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 97 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Хэд хадгалагдаж буй Алтангэрэл судрыг шинжээч дүгнэлт гаргахтай холбогдуулж аваачиж өгөх, дүгнэлт гаргах боломжоор хангах үүрэгтэйг, мөн тэрээр судрыг хэвийн байдлаар нь хадгалах үүрэгтэйг даалгасан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 220-227 дугаар тал/

Шинжээчээр томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нарантуяа, Монголын Үндэсний номын сангийн Төвд сан хөмрөгийн номын санч Б.Хүрэлцоож нар 2020 оны 2 сарын 13-ны өдрийн 1 тоот дүгнэлтдээ:

-... 2020 оны 1 сарын 20-ны өдрийн 64 тоот тогтоолын 3а-д заасан хариуцагч Б.Хэд буй Алтангэрэл судрын шинж байдал, уг судар нь соёлын өв мөн эсэхийг тогтоохдоо уг судрыг биетээр нь үзэж, хийсэн арга ажиллагаа, материал зэргийг тусгай мэдлэг, мэргэжлийн дадлага туршлага дээрээ тулгуурлан шинжлэн дүгнэв.

Тус шүүхийн тогтоолд дурдсан Алтангэрэл гэх судар нь дотроо нэр бүхий 7 судар номоос бүрдэж байна. Үүнд:

1. Номын нэр Төвд хэлний цагаан толгой,

Гар бичмэл, орос цаасан дээр хар бэхээр 6 мөрөөр бичсэн. Бүрэн. Цаасны хэмжээ 21.5*8.5 см, бичвэрийн хэмжээ 15.5*6 см, хуудасны тоо 1-ийн а-гаас 4-ийн а хүртэл 4 хуудас, судар гэмтэлтэй, бичвэр зарим хэсэгтээ норж халтартсан, муу хадгалагдсан,

Уг судрын цаас, хийц байдлыг шинжихэд 19-20 дугаар зууны эхэн үед бүтээгдсэн байна. Он цагийн хувьд соёлын өв хамаарах боловч орчин цагт нийтлэг, элбэг байдаг судар юм.

 

2. Номын нэр Бал-Эшэ Ёндонсамбуу хэмээх судар,

Гар бичмэл, орос цаасан дээр хар бэхээр 7-н мөрөөр бичсэн. Бүрэн. Цаасны хэмжээ 21.5*8.5 см, бичвэрийн хэмжээ 15.5*6 см, хуудасны тоо 4-ийн б талаас 5-ийн б хүртэл 2 хуудас,

Судар гэмтэлтэй, бичвэр зарим хэсэгтээ норж халтартсан, муу хадгалагдсан,

Уг судрын цаас, хийц байдлыг шинжихэд 19-20 дугаар зууны эхэн үед бүтээгдсэн байна. Он цагийн хувьд соёлын өв хамаарах боловч орчин цагт нийтлэг, элбэг байдаг судар юм.

 

3. Номын нэр Итгэл,

Гар бичмэл, орос цаасан дээр хар бэхээр 7-н мөрөөр бичсэн. Бүрэн. Цаасны хэмжээ 21.5*8.5 см, бичвэрийн хэмжээ 15.5*6 см, хуудасны тоо 5-ийн б талаас 10-ийн 2 хүртэл 7 хуудас,

Судар гэмтэлтэй, бичвэр зарим хэсэгтээ норж халтартсан, муу хадгалагдсан,

Уг судрын цаас, хийц байдлыг шинжихэд 19-20 дугаар зууны эхэн үед бүтээгдсэн байна. Он цагийн хувьд соёлын өв хамаарах боловч орчин цагт нийтлэг, элбэг байдаг судар юм.

 

4. Номын нэр Ганданлхавжамаа,

Гар бичмэл, орос цаасан дээр хар бэхээр 7-н мөрөөр бичсэн. Бүрэн. Цаасны хэмжээ 21.5*8.5 см, бичвэрийн хэмжээ 15.5*6 см, хуудасны тоо 10-ийн б талаас 13-ийн б хүртэл 4 хуудас,

Судар гэмтэлтэй, бичвэр зарим хэсэгтээ норж халтартсан, муу хадгалагдсан,

Уг судрын цаас, хийц байдлыг шинжихэд 19-20 дугаар зууны эхэн үед бүтээгдсэн байна. Он цагийн хувьд соёлын өв хамаарах боловч орчин цагт нийтлэг, элбэг байдаг судар юм.

 

5. Номын нэр Говий лха-гийн сан тахилга,

Гар бичмэл, монгол цаасан дээр хар бэхээр 5-н мөрөөр бичсэн. Бүрэн. Цаасны хэмжээ 17.3*7 см, бичвэрийн хэмжээ 15*5 см. Хуудасны тоо 1-ийн а талаас 3-ын б хүртэл 3 хуудас,

Судар гэмтэл багатай, харьцангуй сайн хадгалагдсан.

Уг судын цаас, хийц байдлыг шинжихэд 19-20 дугаар зууны эхэн үед бүтээгдсэн байна. Он цагийн хувьд соёлын өвд хамаарах боловч орчин цагт нийтлэг, элбэг байдаг судар юм.

 

6. Номын нэр Гарчиг байхгүй, Зурхайн холбогдолтой судар,

Гар бичмэл, орос цаасан дээр хар бэхээр 11 хүртэл мөрөөр бичсэн. Бүрэн бус, цаасны хэмжээ 17.3*7 см, бичвэрийн хэмжээ 15*5 см, хуудасны тоо 15-ын а талаас 17-ийн б хүртэл, 3 хуудас,

Судар гэмтэлтэй, муу хадгалагдсан,

Уг судын цаас, хийц байдлыг шинжихэд 19-20 дугаар зууны эхэн үед бүтээгдсэн байна. Он цагийн хувьд соёлын өвд хамаарах боловч орчин цагт нийтлэг, элбэг байдаг судар юм.

 

7. Номын нэр Алтангэрэл,

Гар бичмэл, орос цаасан дээр хар бэхээр 6-н мөрөөр бичсэн. Бүрэн, цаасны хэмжээ 21.5*8.6 см, бичвэрийн хэмжээ 18.8*7.7 см, хуудасны тоо 1-ийн а талаас 453-ын а хүртэл 455 хуудас, 82 дугаар хуудас нь 2 ширхэг байна.

Судар гэмтэл багатай, харьцангуй сайн хадгалагдсан,

Уг судын цаас, хийц байдлыг шинжихэд 19-20 дугаар зууны эхэн үед бүтээгдсэн байна. Он цагийн хувьд соёлын өвд хамаарах боловч орчин цагт нийтлэг, элбэг байдаг судар юм.

Алтангэрэл судрын хуудсын дэс дараалал алдагдсан байсныг дараалалд оруулав.

Уг судруудыг баринтагласан улаан эрээн төвд хоргой болон хөх эрээн дотортой улаан торгон баринтаг нь орчин үеийн үйлдвэрийн, түгээмэл хэрэглэгддэг бөс даавуун эдлэл, элдэв очир, найман тахил, дөрвөн хүчтэн бүхий сийлбэртэй модон хайрцаг шогол нь мөн орчин цагт хийгдсэн байх тул тус тус соёлын өвд хамаарахгүй болно гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 229-232 дугаар тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 сарын 18-ны өдрийн 5354 дугаар захирамжаар хариуцагч Б.Хэд хадгалагдаж буй Алтангэрэл судрын зах зээлийн үнийг тогтоох шинжээчээр Тэнцвэр Эстимейт ХХК-ийг томилсон ба тус компани 2020 оны 7 сарын 16-ны өдрийн 014 тоот албан бичгээр уг ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй талаараа мэдэгдсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 235-241 дүгээр тал/

 

Мөн тус шүүхийн 2020 оны 7 сарын 31-ний өдрийн 14671 дугаар захирамжаар хариуцагч Б.Хэд хадгалагдаж буй Алтангэрэл судрын зах зээлийн үнийг тогтоох шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийг томилжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 243-248 дугаар тал/

 

Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн дүгнэлтдээ:

Энэхүү судрыг үнэлэхдээ шүүхийн хэргийн материал болон зохигчдын тайлбар, салбарын мэргэжилтэнтэй зөвлөлдөж, үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хийсэн.

Үнэлгээг Олон улсын үнэлгээний стандартын шаардлагын дагуу үнэлгээний зах зээлийн болон норматив хандлагыг ашиглаж тооцоолсон.

Сударт үзлэгийг 2020 оны 9 сарын 2-ны өдөр хийсэн.

Өртгийн хандлагын буюу норматив хандлагын аргаар Сангийн сайдын 2013 оны 6 сарын 17-ны өдрийн 140 тоот тушаалаар батлагдсан жишгээр судрын суурь үнэд цаг хугацааны, хуучралын болон түүхэн ач холбогдлын зөрүүгийн тохируулга хийн тооцоолоход 295.494,18 төгрөг болж байна.

Зах зээлийн хандлагын аргаар үнэ цэнийг тооцоолоход 1.002.857,18 төгрөг болж байна гэж дүгнэсэн бөгөөд үнэлгээний үндсэн 2 хандлагаар үнэлсэн тооцооллыг шинжлэхэд өнөөгийн зах зээлийн хандлагын тооцоолол илүү бодитой гэж дүгнэн Алтангэрэл судрын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.002.857,18 төгрөг талаархи дүгнэлтээ тайлангийн хамт ирүүлсэн байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 3-14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Ч.Оийн хүү Батсайханы Хүрэлбаатар нь Алтангэрэл судрыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 4 дүгээр баг, Төмөртэйн 16-02 тоот дахь өөрийн гэрээсээ авч яван хариуцагч Б.Хэд өгсөн нь Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2018 оны 10 сарын 4-ний өдрийн Б/76 тоот болон 2019 оны 2 сарын 4-ний өдрийн Б/17 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолуудаар болон талуудын тайлбараар тогтоогдлоо.

 

Хариуцагч Б.Х нэхэмжлэгч Ч.Оийн хүү Б.Хүрэлбаатараас /1983 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн/ Алтангэрэл судрыг авч өөрт байсан судартай нэгтгэн хадгалж байгаа талаараа маргахгүй байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 54-55, 60-62 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ч.О нь түүний үе улиран шүтэж ирсэн Алтангэрэл судрыг бус өөр судар үнэлүүлсэн гэж маргаж байх боловч түүний тайлбар нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нарантуяа, Монголын Үндэсний номын сангийн Төвд сан хөмрөгийн номын санч Б.Хүрэлцоож нар 2020 оны 2 сарын 13-ны өдрийн 1 тоот болон Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн дүгнэлтүүдээр няцаагдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.Оийн гэрт хадгалагдаж байсан Алтангэрэл судар 3.500.000 төгрөгийн үнэтэй болох нь мөн уг судар бүрэн байдлаараа хадгалагдаж байсан нь нотлогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь Алтангэрэл судар хариуцагч Б.Хэд байх нь зүйтэй, нэхэмжлэгч Ч.Оийн нэхэмжлэл үндэслэлгүй тухай дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Ч.Оийн гэрт хадгалагдаж байсан Алтангэрэл судрыг өөрт хадгалж байсан судартай нийлүүлсэн талаараа маргахгүй байх тул судрын үнийг Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн дүгнэлтэд тусгасан 1.002.857,18 төгрөгийн хэмжээнд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Хээс 501.428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.998.572 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Хээс 501.428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.998.572 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Оийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хээс 15.692 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Т.ЭНХЖАРГАЛ