Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/02018

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/02018

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Н 

 

Хариуцагч: С. Б 

 

Хариуцагч: Б. О 

 

2013 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, Баянзүрх дүүрэг, ,,, тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч С.Б, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Нтой С.Б, Б.О нарын 2013.8.29-нд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг илт хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, Ж.Нийг Баянзүрх дүүргийн 18-хороо, 13-р хороолол /13370/, ,,,, тоот 39,82 м.кв талбайтай 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох.

Ж.Н миний бие Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол /13370/, ******* тоот 39,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2011.08.04-нд Орчлон констракшн ХХК-тай 11/668 дугаартай орон сууц захиалах гэрээ хийж графикийн дагуу тухайн үеийн ханшаар 55,748,000.00 /тавин таван сая долоо зуун дөчин найман мянга/ төгрөг төлөн 2012.05.07-ны өдөр өөрийн нэр дээр өмчлөж авсан. 2013.08.29-нд миний хүү Н.******* ангийн найз С.Бтай харилцан аман яриагаар тохиролцсоны дагуу банкнаас орон сууцны зээл авах гэж найз С.Бын байрыг миний хүү Н.******* өөрийн нэр дээр шилжүүлж, Би 2 хүүхдийн амьдрал ахуйд нь тус болох санаатай итгээд, сэтгэл гаргаж өөрийн байрны гэрчилгээг С.Бын нэр дээр болгохыг зөвшөөрсөн. 2013.08.29-нд Ж.Н миний бие, С.Б нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. С.Бын эгч С.Бямбасүрэн нь С.Баас миний хүү Н.*******д худалдсан Баянзүрх дүүргийн 4-р хороо 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө ******* тоот орон сууцны гэрээг илт хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж С.Бын нэр дээр уг орон сууцыг шилжүүлэх БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Дугаар 101/ШШ2017/00245 шийдвэр гарсан. С.Б бид 2 орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн ч урьдын адил би тухайн байраа эзэмшилдээ байлган ашиглаж байгаа, тухайн байрыг худалдах худалдан авах сониролгүй өөр үйл явдалыг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн гэрээ байгуулсан тул Ж.Н би маргаж буй байрны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна. С.Бтай байгуулсан 2013.08.29-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь надад байхгүй байгаа бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн газарт Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол /13370/, ******* тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 17-ны өдрийн 101/шш2017/000245 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт байгаа. Миний бие тухайн байрны өмчлөгч биш, тухайн хэргийн оролцогч биш учраас шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан худалдах худалдан авах гэрээг гаргаж өгч чадахгүй байна. Иймд Ж.Н, С.Бын хооронд 2013.8.29-нд байгуулсан Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол /13370/, ******* тоот 39,82 м.кв талбайтай 2 өрөө байрны орон сууц худалдах, худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлан дүр үзүүлэн хийсэн илт хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч намайг Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол /13370/, ******* тоот 39,82 м.кв талбайтай 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, байрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Анх 2013 онд хүү Н.******* нь С.Бтай найз тул харилцан байраа шилжүүлсэн. Зорилго нь 8 хувийн зээлд хамрагдах байсан. Одоо хүртэл өөр өөрийн байрыг эзэмшиж байгаа. Б нь өөрийн байрыг хүнд хөлслүүлж байгаа. Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл юм. Хариуцагч нар шаардлагыг зөвшөөрч байна. Үр дагаварыг буюу зээлийг С.Б төлөхийг зөвшөөрч байна. Өмнө нь адил маргааныг шүүх шийдсэн шийдвэр байгаа. Энд гэрээтэй холбоотой асуудлыг дүгнэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Ипотекийн 8 хувийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой 2013 онд өөрийн найз Н.*******тэй тохиролцож ипотекийн 8 хувийн зээлд хамрагдан амьдрал ахуйгаа дээшлүүлэх, орлоготой болох зорилгоор манай эгч С.Бямбасүрэнгийн байр болох БЗД, 4-р хороо, 15-р хороолол, ******* тоот 2 өрөө байрыг Н.*******, Н.*******ийн аав Ж.Нийн нэр дээр байсан БЗД-д байрлах ХД 75/А-75 тоот 2 өрөө байрыг би худалдан авч байгаа болон дүр эсгэсэн гэрээ хийж ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан. Энэхүү гэрээ нь дүр эсгэсэн гэрээ байсан бөгөөд бие биенээсээ харилцан ямар нэгэн мөнгө өгч авалцаагүй. Одоо Американ дэнж хотхоны 2 өрөө байрыг Ж.Энхбаатар гэдэг хүнд түрээслүүлсэн, түрээсийн төлбөрийг улирал болгон манай эгч С.Бямбасүрэн нь авч байгаа, БЗД, ХД 75/А-75 тоот 2 өрөө байранд Н.*******ийн дүү сууж байгаа болно. Тухайн үед ипотекийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гарын үсэг зурах шаардлагатай байсан тул хамтран амьдрагч Б.Оаар гарын үсэг зуруулан, байрны гэрчилгээн дээр хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Б.О нь энэхүү гэрээг дүр эсгэсэн гэрээ гэдгийг мэддэг. Нэхэмжлэгчийн тайлбар болон нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрнө гэв.

 

Хариуцагчийн Б.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд С.Бтай хамтын амьдралтай байх хугацаанд 8 хувийн зээлд хамрагдахын тулд хамтран зээлдэгч хэрэг болсон гэж намайг оролцуулсан. Харин найздаа бид 2 хамтын амьдралтай байх хугацаанд худалдаж авсан БЗД, 4-р хороо, 15-р хороолол, Американ дэнж 44-6 байрны 103 тоот байрыг найз нь 8 хувийн зээлд хамруулж авсан. Үүнээс бусад асуудлыг би мэдэхгүй. Бид одоо салсан боловч би зээлдэгч болчихсон. Тэр зээлээр авсан байрыг С.Б эгчдээ өгчихсөн. Ингээд зээлдэгч мөртлөө байр байхгүй болоод хохирч байна. Анхнаасаа дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг зөвшөөрнө. Би өмгөөлөгч авах хүсэлтийг өмнөх хуралд гаргасан боловч боломжгүй болсон тул зөвлөгөө авсан бөгөөд энэ хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н нь 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн орон сууц худалдах, худалдан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 75А байр, 75 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Б, Б.О нар нь дээрх худалдах худалдан гэрээг анхнаасаа дүр үзүүлж хийсэн, байрны өмчлөл бодит байдалд шилжээгүй, өөр өөрийн эзэмшилд байсан, 8 хувийн зээлд хамрагдах зорилгоор харилцан худалдан авсан дүр эсгэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрнө гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Н нь 2011 оны 08 дугаар сарын 04-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 84 дүгээр сургуулийн зүүн талд баригдах ******* цогцолборын 2-р 96 айлын А блок 1-р орцны 10 давхарт 75 тоот орон сууцанд хөрөнгө оруулалт хийх буюу ажил гүйцэтгэх гэрээг Орчлон констракшн ХХК-тай байгуулсан болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байна. /хэргийн 34-36 дугаар тал/ Улмаар нэхэмжлэгч Ж.Н нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 75А байр, 75 тоот орон сууцны өмчлөгч байсан болох нь түүнд олгосон 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 60 дугаар тал/ Уг орон сууцны үнэ нь 55,748,000 төгрөг болох нь дээрх 2011 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 11/668 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдож байна. Эдгээрээс нэхэмжлэгч Ж.Н нь 55,748,000 төгрөгний анхны үнэ бүхий 75 тоот орон сууцны өмчлөгч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид харилцан тохиролцсоны дагуу энэхүү 75 тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарласан. Хэрэгт байгаа баримтаар 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдөр уг 75 тоот орон сууцыг 99,550,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч Ж.Н хариуцагч С.Б нар, мөн өдөр тус орон сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч Ж.Н хариуцагч С.Б, Б.О нар байгуулсан байна. Үүнийг зохигчид 8 хувийн зээлд хамрагдахын тулд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар болон зээл олгосон Хаан банк ХХК-д өгөх зорилгоор 2 өөрөөр хийсэн гэж тайлбарсан. Улмаар 8 хувийн зээлд хамрагдсан боловч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ямар нэг төлбөр төлөгдөөгүй гэж хэн аль нь тайлбарлаж байна. Мөн байрны эзэмшил бодит байдалд шилжээгүй гэж тайлбарсан бөгөөд энэхүү 75 тоот орон сууцанд нэхэмжлэгчийн охин гэх Н.Увдис 2011 оноос хойш амьдарч байгаа болох нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 3413 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна. Хэдийгээр Н.Увдис нь нэхэмжлэгч Ж.Нийн охин болох талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч энэ талаар зохигч хэн аль нь маргаагүйг дурдах нь зүйтэй. Улмаар дээрх 5,000,000 төгрөгний үнийн дүн бүхий гэрээг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 75А байр, 75 тоот орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч Ж.Ноос хариуцагч С.Б, Б.О нарт шилжсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Эдгээрээс нэхэмжлэгч Ж.Н хариуцагч С.Б, Б.О нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан 5,000,000 төгрөгний үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 75А байр, 75 тоот орон сууцныг худалдах, худалдан авах тухай гэрээг орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зоригийн дагуу бус харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Түүнчлэн дээрх гэрээнд заасан 5,000,000 төгрөгийг төлөөгүй, уг орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд буюу түүний охин Н.Увдисын ашиглалтад байгаа бөгөөд уг үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байгааг дурдах нь зүйтэй.

 

Мөн маргааны үндэслэл болсон хариуцагч С.Б нэхэмжлэгч Ж.Нийн хүү Н.******* нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00245 дугаар хүчин төгөлдөр шийдвэр байгааг дурдах нь зүйтэй. Энэхүү шийдвэрт энэ хэрэгт маргаж буй Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 75А байр, 75 тоот орон сууцанд нэхэмжлэгчийн хүү Н.*******ийн дүү амьдарч байгаа, уг байр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч С.Б, Б.О нарын өмчлөлд шилжсэн талаар дүгнэсэн байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэгч Ж.Н хариуцагч С.Б, Б.О нарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 75А байр, 75 тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Нэгэнт орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нийг Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 75А байр, 75 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин хариуцагч Б.О нь би зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн бөгөөд уг зээлээр авсан байрыг хариуцагч С.Б нь өөрийн эгчийн өмчлөлд шилжүүлсэн, одоо энэ хэрэгт маргаж байгаа байр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэнээр би дунд нь хохирч байна гэж тайлбарласан. Гэвч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага байхгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх дүгнэлт өгөх боломжгүй. Иймд хэрэв хариуцагч Б.О нь өөрийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрхтэйг тэмдэглэж байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 436,690 төгрөг төлсөн байх ба энэ нь хуульд заасан хувь хэмжээнээс илүү байх тул хариуцагч нараас хуульд заасан хэмжээгээр гаргуулж, үлдэх хэсгийг буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Н хариуцагч С.Б, Б.О нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Ж.Нийг Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 75А байр, 75 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Б.О нараас 165,150 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 271,540 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Нид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД