Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2020/00092

 

 

 

 

 

 

 

 

      2020 оны 02 сарын 05 өдөр

    Дугаар 156/ШШ2020/00092

      Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00056/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, ... дугаар баг ......... тоот хаягт оршин суух, О овогт Т Н /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, ......... тоот хаягт оршин суух, Л овогт Л М /РД:/-д холбогдох,

1 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хариуцагч Л.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ш.С эгчээр дамжуулан 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн сувилагч Л.М 2 000 000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлж авсан. Гэтэл сувилагч Л.М нь 2 000 000 төгрөгийг Ш.С эгчээр төлүүлж авсан атлаа надаар давхар 1 650 000 төгрөгийг төлүүлсэн. Би М дансаар 3 удаа хувааж 900 000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 750 000 төгрөгийг 2 хувааж нэг удаа 250 000 төгрөг, дараа нь 500 000 төгрөгийг С эгчээр дамжуулан бэлнээр Л.М өгсөн. Иймд Л.М 1 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хамт ажилладаг Ш.С нь мөнгө зээлээч, аль эсвэл олоод өгөөч их хэмжээний мөнгөний хэрэг гараад байна удаахгүй өгнө гэж гуйсаар 3 500 000 төгрөгийг би хамтран амьдрагч Н.Б нууж 1 500 000 төгрөгийг бэлнээр өгөхөд дахин гуйгаад байхаар нь Н.Б руу утсаар ярьж дахин 2 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Бэлнээр авсан 1 500 000 төгрөгийг үгүйсгэж дансаар авсан 2 000 000 төгрөгөө хүүтэй мөнгө гэж нэрлэж байгааг ойлгохгүй байна. Н би танихгүй. Н гэсэн нэрээр 1 удаа 400 000 төгрөг орж ирсэн. Би Ш.С, Т.Н нараас бэлнээр мөнгө аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Н нь Л.М холбогдуулан 1 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр Л.М-Ш.С нарын хооронд 2 000 000 төгрөгийн, Ш.С, Т.Н нарын хооронд 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан, Л.М 3 500 000 төгрөг биш 2 000 000 төгрөгийг Ш.С хүлээлгэн өгсөн,  Ш.С өөрөө 2 800 000 төгрөгийг Л.М төлсөн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тогтоосон байна.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч нь Т.Н үүргийн харилцаанд ороогүй гэдэгтэй маргаагүйн зэрэгцээ 400 000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч, өөр байдлаар дансаар болон бэлнээр мөнгө хүлээн аваагүй гэж, нэхэмжлэгч нь 900 000 төгрөгийг дансаар, 750 000 төгрөгийг бэлнээр хариуцагчид өгсөн гэж мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 363 дугаар шийдвэр, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар зохигчийн хооронд Иргэний хуулийн 39, 186 дүгээр зүйлд зааснаар үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй, Л.М нь 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ш.С 2 000 000 төгрөг, Ш.С нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т.Н 2 000 000 төгрөг тус тус зээлдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг Ш.С нь Л.М, Т.Н нь Ш.С тус тус төлөх ёстой байжээ.

Хэрэгт авагдсан хариуцагчийн ХААН банкны 5935140519 тоот дансны хуулга, гэрч Ш.С мэдүүлэг зэргээр Т.Н Л.М руу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны дугаар 06 сарын 27-ны өдөр 200 000 төгрөг шилжүүлсэн, гэрч Ш.С дамжуулан 2015 оны 02-03 дугаар сард 750 000 төгрөг, нийт 1 350 000 төгрөгийг Т.Н нь Л.М төлсөн болох нь тогтоогдож байна, энэ нь Ш.С Л.М төлсөн 2 800 000 төгрөгтэй давхардаагүй болно. Энд дурдагдсан баримтыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд нотлох баримтаар няцаагаагүй, мөн Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг танилцуулан авсан  тул гэрч Ш.С мэдүүлгийг шүүхийн зүгээс үнэллээ.

            Харин хэрэгт авагдсан баримтаар 300 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.

Нийт өгсөн дүгнэлтийг хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, Т.Н нь Л.М өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй байхдаа 1 350 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг хариуцагчаас 1 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 300 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч талын хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.М 1 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Н олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 36 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ