| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/01587/И |
| Дугаар | 101/ШШ2017/02035 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2017/02035
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/02035 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В.Г
Хариуцагч: С. Б /
14 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Г, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн В.Г миний бие нь С.Бтай харилцан тохиролцож, түүний амьдарч байсан 3 тал хашааны газрын гэрчилгээг хөөцөлдөж авч өгөхөөр ярилцсан болно. Би түүний газрын гэрчилгээг авч өгөхөөр болсон учир нь С.Б нь 8 жил хөөцөлдөөд хашааныхаа газрын гэрчилгээг авч чадаагүй юм. Иймд уг газрын асуудлыг хөөцөлдөөд бүтээгээд өгвөл 0.7 га газраас илүү хэсгийг авч болно гэсэн. Би БЗД-н газрын албанд хандахад БЗД-н иргэн С.Бгийн хашаанд эрчим хүчний 30 метр өндөртэй 8 ш, өндөр хүчдэлийн шон, 4 ш жижиг шон байсан эдгээр шон байгаа тохиолдолд БЗД-н газрын алба манайхаас иргэдэд уг газрыг эзэмших зрхийг өгөх боломжгүй, харин уг өндөр хүчдэлийн шонгуудыг аюулгүй буулгаж аюулгүй болгосон тохиолдолд тухайн газрыг эзэмших эрхээ авч болно гэсэн. Тэгээд би С.Бтай энэ тухай зөвлөлдөхөд та энэ асуудалд туслаач надад ямарч мөнгө төгрөг байхгүй, та шонгуудаа буулгаад урьд өмнө тохирсноороо манай газраас талыг нь аваарай би таньд итгэмжлэл хийж өгнө хэмээн итгэмжлэл хийж нотиариатаар баталгаажуулж, би өөрийн зүгээс хөрөнгө гаргаж өндөрт ажилладаг мэргэжлийн буулгагч, цахилгаан болон хийн гагнуурчин, барилгын бэхэлгээчин, хөдөлмөр аюулгүйн инженер, кранчин зэрэг 10 гаруй хүн хөлсөлж өндөр хүчдэлийн шонгуудыг 12 хоногийн дотор буулгасан юм. Дээрхи хөлсөлж авсан хүмүүсийн ажлын хөлс болон тэдгээрт тогооч хөлслөн хоол хийж өгч байсан зэрэг болон бусад өөрөөс гарсан зардлыг тооцоход надаас 14 сая төгрөг гарсан байдаг юм. Би өөрийн хөрөнгөөр уг газарт байгаа өндөр хүчдэлийн шонгуудыг буулгаж, С.Бгийн 8 жил яваад авч чадаагүй газрыг С.Бгийн бүтээж чадаагүй газрыг түүний нэр дээр авч өгөөд байж байтал С.Б нь жудаггүй зан гаргаж намайг БЗД-н цагдаагийн газарт намайг залиллаа хэмээн гомдол гаргасанаар В.Г надад холбогдох эрүүгийн хэрэг үүсч 1 жил 6 cap гаран цагдаагаар явж байгаад, уг хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм. Тэгээд С.Б надад амласан ёсоороо газраа өгөх нь байтугай надаас гарсан 14 сая төгрөгийг ч өгөхгүй намайг хохироож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд С.Бгийн БЗД-н 2 хороо, 2 дугаар станцын хашаанд иргэн надаас уг хашаанд байсан шонгуудыг буулгахад надаас зарцуулсан 14 сая төгрөгийг С.Бгаас гаргуулж өгнө үү. Би хариуцагчийн хэлээд байгаа илүү газрыг авсан гэх Мэндбатаатай ах дүү биш. Бгийн хашаанд зөвшөөрөл олгохгүй байсан юмыг би хөөцөлдөж байж Сод-Учралын гэрчилгээг хүчингүй болгуулсан. Шон нь 7 биш 30 метр байсан. 2010 онд буулгасан. Хариуцагч нь 2012 оноос өөр хүүхэнтэй амьдрах болсон. Би мэргэжлийн хүмүүсийг хөлсөлж ажиллуулсан. Хашаанд нь байсан Батхишиг гэдэг эмэгтэйн гэрт орж хоол хийж байсан. Итгэмжлэлийг хуурамчаар хийгээгүй. Нотариат дээр цуг очиж хийлгэсэн, үүнийгээ цагдаад хэлсэн байдаг. Мөнгөө өгөхгүй гэсэндээ намайг цагдаагаар шалгуулж байсан. С.Бгийн хашаанд байсан өндөр хүчдэлийн ашиглахгүй байсан шонг буулгахад ажилласан хүмүүсийн зардал, техникт нийт 7,000,000 төгрөг зарцуулсан юм. Бусад зардал 7,000,000 төгрөг нь хашаа буулгахад хамааралгүй тул нэхэмжлэлийн 14,000,000 төгрөгний 7,000,000 төгрөгнөөс татгалзаж байна. Тухайн үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний Дамба гэдэг хүнтэй очиж уулзахад та нар өөрсдөө буулга бид буулгаж чадахгүй гэсний дагуу өндөрт ажилладаг болон гагнуурчин гэх мэт хүн хөлсөлж шонгуудыг буулгасан. Тэдгээр хүмүүстэй гэрээ байгуулсан боловч одоо байхгүй, мөнгө төлсөн баримтыг фото зургаар гаргаж өгсөн. Үүнээс өөр баримт байхгүй гэв.
Хариуцагч С.Бгийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: В.Гын нэхэмжлэлтэй С.Бд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн би нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнд:
1. С.Б бид хоёр 2000 оноос эхлэн БЗД-ийн 2-р хороонд байрлах РП-24 под станцын хашаанд амьдарч байсан ба бид өглөөнөөс оройг хүртэл завгүй ажиллаж байхдаа станцын удирдлагаас С.Бг олон жил ажилласан тул нийт 1334 м2 талбай бүхий газрыг өөрийн нэр дээр болгож авахыг зөвшөөрсөн ба бид кадастрийн зураглалаа хийлгэсэн байсан юм. Бид тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хөөцөлдөж амжихгүй явахад нэхэмжлэгч В.Г нь манай хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээг хөөцөлдөж гаргаж өгөхөөр тохиролцсон ба С.Бгийн нэр дээр 700 м2 талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах, илүү гарсан 634 м2 талбай бүхий газрыг өөртөө авахаар тохиролцож тухайн газрууд дээр байрлаж байсан цахилгааны хүчдэлийг бууруулдаг 2 метр орчимын өндөртэй 4-н ширхэг, 7-7,5 метр орчим өндөртэй 7 ширхэг нийт 11 ширхэг опор төмрийг өөрийн зардлаар нэг өдрийн дотор 3-н хүний хамт ирж буулгаад Портер машинаар 2 удаа зөөвөрлөж төмрийн хаягдал дээр тушааж мөнгийг нь өөрөө авч хэрэглэсэн юм.
2. Манай хашаанд байсан опор төмрийг 2010 оны хавар буулгасан буюу төмрүүдийг Портероор 2 удаа тээвэрлэсэн гэдэг ба намайг ажлаасаа ирж байхад манай хашаанд нотариатч Даваахүү, эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байсан Пүрэвдорж, Портерийн жолооч, В.Г нарын 4-н хүн сүүлийн буулгасан төмрийг машиндаа ачиж байсан юм. Манай хашаанд түүний нэхэмжлэлд бичээд байгаа шиг 30 метрийн өндөртэй опор төмөр огт байгаагүй, тэдгээрийг 12 хоногт буулгаагүй, В.Г нь 10 гаруй хүн хөлслөөгүй, тогооч хөлсөлж тэднийг хооллоогүй, опор төмрийг буулгахад 14 сая төгрөгний зардал гараагүй, зөвхөн шатахууны зардал л гарсан байх магадлалтай ба В.Г нь буулгасан төмрөө бүгдийг нь төмрийн хаягдал авдаг газарт тушааж харин ч В.Г нь 800 000 орчим төгрөгний орлого олсон гэж тухайн үед яригдаж байсан юм.
3. Түүнчлэн В.Г нь манай нийт 1334 м2 талбай бүхий газраас 700 м2 талбайг В.Бгийн нэр дээр болгож улмаар 2010 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... хуурамч агуулга бүхий итгэмжлэлээр өөрийн хамаатан Л.Пүрэвсүрэнд шилжүүлсэн, харин С.Бгийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хөөцөлдөж авч өгсөн, төмөр буулгаж тээвэрлэсэн ажлын хөлсөнд гэж 700 м2-аас илүү гарсан буюу 634 м2 талбай бүхий газрыг нь өөрийн нутгийн танил найз М.Мэндбатаад худалдсан байсан. М.Мэндбатаа нь 634 м2 талбай бүхий газрыг өөрийн хадам дүү Г.Бат-Эрдэнийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсаны дараа иргэн С.Сод-Учралд 20 сая төгрөгөөр худалдсан байдаг.
4. В.Г нь 2010 онд С.Бгийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахад С.Бгаас өөрт нь итгэмжлэл хэрэгтэй байна гэж С.Бд Итгэмжлэл гэсэн хоосон загвар авчирч түүний зөвхөн гарын үсгийг зуруулаад авч явсан боловч 2010 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлийн ямар, ямар эрх эдэлж, үүрэг хүлээх тухайг бичдэг хэсэгт С.Бгийн газрыг ... захиран зарцуулах эрхтэй гэсэн агуулгыг хуурамчаар хийж түүний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн байсан. В.Гын энэхүү хууль бус үйлдэлд нь залилан мэхлэх гэмт хэргийн шинж агуулагдаж байна гээд Эрүүгийн 201301023459 дугаартай хэрэг үүсгэж В.Г, нотариат Даваахүү нар нь яллагдагчаар татагдан шалгагдаж байхад В.Гын өмгөөлөгч Д.Энхтунгалаг нь Л.Пүрэвсүрэнгийн нэр дээр хуурамч итгэмжлэлийн үндсэн дээр шилжсэн С.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг буцааж шилжүүлж өгөхөөр тохирч эрүүгийн хэргийг Иргэд хоорондын маргаан гэж хохирогчоор тогтоогдсон С.Б мэдүүлсэнээр хэрэгсэхгүй болгож байсан юм.
Иймд В.Гын хэзээ, хаанаас, ямар зориулалтаар 14 сая төгрөгийг юунд зарцуулсан гэж нэхэмжлээд байгаа үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хашаанд 11 ширхэг шон байсан. 4 нь 2 м орчим, 7 нь 7.5 м орчим өндөртэй байсан. Нэхэмжлэгч нь энийг буулгахгүй бол газрын зөвшөөрөл олгохгүй байна гэсэн. Би мэдэхгүй гэсэн нэг өдөр л буулгаад аваад явсан. Ажлын хөлсөнд яригдаж байснаар Пүрэвдоржийн хэлсэнээр 700,000 төгрөг гарсан. Бид төмрөө тушаагаад 800,000 төгрөгний ашигтай ажиллаа гэсэн. 4 хүн орж буулгасан. Бидний анх ярьсан яриа нь 0.7 га газраа би аваад үлдэх газрыг та ав гэсэн. Тал газрыг маань аваад Мэндбатаа гэдэгт ажлын хөлсөнд өгсөн. Мэндбатаа нь Сод-Учралд 3 саяаар зарсан гэсэн. Шонг буулгахад 7 сая төгрөг орохгүй. 1 өдрийн дотор л буулгасан. Тогооч хөлсөлсөн гэдэг нь худлаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анх гэрчилгээ гаргуулахаар тохиролцож ажил хийлгэсэн. Шонгуудын хувьд би буулга гэж хэлээгүй. Г өөрөө л би мэдэж байна гээд буулгасан. Би анх тохиролцсон ёсоор илүү газраа өгсөн гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг нэхэмжилсэн байна. Хэрэгт энэ талаар баримт байхгүй. Эрүүгийн хэрэгт 2010 оны итгэмжлэл байдаг. С.Б нь Б.Пүрэвсүрэнтэй гэр бүл байсан. Газрыг ав гээд кадастр хийгээд станцаас өгсөн байдаг. Тохиролцоо нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөөд илүү 634 мкв газрыг аваарай гэсэн байдаг. Итгэмжлэл дээр захиран зарцуулах эрх олгосонтой холбоотойгоор С.Бгийн нэр дээр гарсан газар өөр хүн дээр шилждэг. Улмаар эрүүгийн хэрэг үүссэн ба газрыг буцааж шилжүүлэхийг зөвшөөрсөн тул эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Улмаар 634 мкв газраа Мэндбатаад өгөөд цааш нь зарсан байсан. Шон буулгасан хугацаа нь эрүүгийн хэргийн материалд байгаа. 2010 оны 3 сард буулгасан. Энэ үед ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрх үүссэн боловч шаардаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2014.12 сард эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Тодорхой хэмжээний зардал гарсан байх. Бид өгөх ёстой 634 мкв газраа өгөөд, тэрийгээ цааш нь шилжүүлсэн байдаг. Шинээр гаргасан баримтаар 7,000,000 төгрөгний зардал гарсан гэж байгаа. Нэхэмжлэгч нь шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хашаа нь хуваагдаагүй, Б одоо хүртэл амьдарч байгаа. Сүүлд авсан хүмүүс нь ирээгүй. Илүү гарсан газраа өгдөгөөрөө өг гэсэн байгаа. Бат-Эрдэнэ амьдардаггүй гэдэг тодорхойлолтыг эрүүгийн хэрэгт шалгуулсан байгаа. Итгэмжлэл хуурамч байсан учраас Давааням нотариатич нь үйлчлэл дууссан гэж бичиж өгч байсан. С.Бгийн ажил дээр очоод согтоож байгаад зуруулсан байдаг. Үүнийг шалгаад тогтоосон. С.Бгийн гарын үсэг боловч агуулга нь биш гэж гарсан. 30 м гэж байна. Ийм байсан бол 1 өдөрт буулгахгүй. Уг газар өөрөө 7 сая төгрөг хүрэхгүй байсан. Тухайн үед өөр Пүрэвсүрэнгийн нэр дээр гаргачихаад газраа зарчих гээд явж байсан. Батхишиг нь бас эрүүгийн хэрэг дээр Гаас болж газраа алдаад эрүүгийн хэрэгт хохирогчоор явж байсан байгаа. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Даалгаврын гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч С.Бд холбогдуулан 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7,000,000 төгрөгийг хашаанд байсан шонг буулгахад гарсан зардал гэж нэхэмжилсэн байна.
Хариуцагч С.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор тохиролцсон. Ингэхдээ 0,07 га-с илүү гарсан хэсгийг өгөхөөр тохиролцсон ба уг газраа өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахын тулд хариуцагчийн хашаанд байсан шонг буулгахад гарсан зардалд 7,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Зохигчид хариуцагчийн оршин сууж байгаа газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас гаргуулах ажлыг хөөцөлдөх, бүтээх талаар харилцан тохиролцож үүний хариуд хариуцагч нь 0,07 га газраас илүү гарсан хэсгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар хэн аль маргахгүй байна. Улмаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах ажлыг хөөцөлдөх явцад хариуцагчийн хашаанд байсан ашиглалтгүй гэх өндөр хүчдэлийн шонг зайлшгүй буулгах шаардлага гарсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд зохигчдын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1-д тус тус зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчид түүний нэрийн өмнөөс, даалгавар өгөгчийн зардлаар, түүний зааврын дагуу тодорхой ажил бүтээж өгөх үүрэг хүлээдэг. Хэдийгээр даалгаврын гэрээ нь хариу төлбөртэй болон хариу төлбөргүй байж болох боловч гүйцэтгэсэн даалгаврын хариу төлбөр болгож өөрийн амьдарч буй газраас 0,07 га-с илүү гарсан хэсгийг өгөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь уг илүү гарсан газрыг аваагүй, хариуцагч нь өгсөн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь даалгаврын гэрээний дагуу хариу төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд шүүх даалгавар гүйцэтгэх гэрээний дагуу төлөх хариу төлбөрийн талаар дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэж байна.
Нэхэмжлэгч нь даалгавар гүйцэтгэх явцад зайлшгүй шон буулгах шаардлагатай болсон тул гарсан зардал гэж 7,000,000 төгрөг нэхэмжилсэн гэж үзэхээр байна. Хариуцагч нь шонг буулгах талаар би даалгавар өгөөгүй, өөрөө л буулгасан, шон буулгахад иймд зардал гараагүй, буулгасан төмрийг тушаагаад нэхэмжлэгч нь ашиг олсон гэж маргасан.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах ажлыг бүтээх явцад шон буулгах шаардлага гарч, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн болох нь хариуцагчийн шонг буулгаж болох эсэхийг би мэдэхгүй гэхэд нэхэмжлэгч өөрөө буулгасан гэх тайлбараар тогтоогдож байна. Үүнээс Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.2-д зааснаар даалгавар гүйцэтгэх явцад даалгавар өгөгчийн зааврыг өөрчлөх буюу нэмэлт оруулах шаардлага гарч, энэ талаар даалгавар өгөгч буюу хариуцагчид мэдэгдсэн гэж үзэхээр байна. Улмаар хариуцагч нь даалгавар гүйцэтгэх гэрээг цуцлахад чиглэсэн ямар нэг үйлдэл хийсэн талаар тайлбар гаргахгүй байх тул нэхэмжлэгчид даалгавар өгөгчийн зааврыг өөрчлөх эрх үүссэн гэж үзлээ.
Улмаар Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Станцын 4-8 тоот хаягт байрлах 700 мкв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч С.Бгийн нэр дээр гарч, үүнийг 2010 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч С.Бгаас нэхэмжлэгч В.Гад олгосон итгэмжлэлийн дагуу Л.Пүрэвсүрэнтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ Л.Пүрэвсүрэнд олгогджээ. /хэргийн 37-38 дугаар тал/ Үүний дараа зохигчдын хооронд маргаан үүсч хэргийг эрүүгийн журмаар шалгасан болох нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 201401050260 дугаар эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолоор тогтоогдсон. /хэргийн 65 дугаар тал/ Эрүүгийн хэрэг шалгах явцад зохигчид харилцан тохиролцож дээрх 700 мкв газрыг хариуцагч С.Бд буцаан шилжүүлсэн гэж зохигчид тайлбарласан бөгөөд энэ нь хариуцагч С.Бд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 43 дугаар тал/ Дээрх үйл баримтын талаар зохигч хэн аль маргаагүй. Хэдийгээр хариуцагчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гуравдагч этгээдэд шилжиж байсан боловч одоо хариуцагч нь уг газрыг өөрийн өмчлөлд авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг даалгавар гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрхээс Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т зааснаар даалгавар гүйцэтгэх гэрээний харилцаанд даалгаврыг даалгавар өгөгчийн зардлаар гүйцэтгэх тул нэхэмжлэгч нь даалгавар гүйцэтгэхэд гарсан зардлаа шаардах эрхтэй юм.
Гэвч нэхэмжлэгч нь даалгаврыг гүйцэтгэхэд хэдий хэмжээний зардал, ямар ямар зориулалтаар гарсан гэдгээ нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргаснаас хойш хангалттай хугацаа өнгөрсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Хэрэгт гарсан зардлын баримт гэж 1 ширхэг фото зураг /дэвтэр болон хөөрөгний дүрс бүхий/ өгсөн боловч энэхүү зургаар шонг буулгахад нэхэмжлэгчээс гарсан зардлыг тооцох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөр баримт байхгүй гэж тайлбарласан.
Иймд эдгээрийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч С.Бд холбогдох даалгаврын гэрээний дагуу гарсан зардалд 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД