Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 40

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантүлхүүр,

шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ханцуйт овогт Батдоржийн Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0578 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймаг Өндөрхаан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуйн задгайд оршин суух,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 111 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 09 хоног хорих ялыг тэнссэн,

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн ОК64113010 дугаартай, Ханцуйт овогт Батдоржийн Түмэндэмбэрэл нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хамгаалалттай газар болох “Давааны хойд ар” гэх нэртэй уулнаас 38 ширхэг шинэс мод зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагдах улсын тусгай хамгаалалттай “Давааны хойд ар” гэх газрын ойд 08 цагаас 18 цаг хүртэл  38 ширхэг шинэс мод зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 07 цагийн үед Налайх дүүрэг рүү зарах зорилготой өөрийн эзэмшлийн 1330 НАА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийн өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ууланд мод бэлдсэн. Эхнэр салж явсан. Хүүхдэдээ туслах санаатай мод бэлтгэсэн. Урьд жилийн мод бэлтгэх зөвшөөрөл авснаас нэг удаа мод бэлтгэсэн. Тухайн өдөр өөрийн амьдралаа хэрэглэх гэж өглөөнөөс орой хүртэл нэг мод машин бэлдсэн. Налайх дүүрэгт таньдаг хүнд зарах гэж ачиж яваад цагдаад барагдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүнээс мөнгө зээлж хохирол төлбөрийг төлсөн. Би машинаа хураалгаж, улсыг хохиролгүй болгоно. Миний хэргийг хөнгөнөөр шийдэж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Түмэндэмбэрэлийн өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 08 цагийн үед босоод мод бэлтгэхээр гэрээсээ гар хөрөө, чаргаа аваад Тэрэлжийн давааны зүүн урд талын уулан дахь мод руу ороод ганцаараа орой 18 цаг хүртэл 38 ширхэг мод бэлтгээд чарган дээрээ ачаад бага багаар нь доош нь явганаар чирээд хээр хураагаад орхисон. Тэгээд гэртээ унтаж байгаад маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 05 цагийн үед босоод модоо өөрийн 1330 НАА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд 38 ширхэг модоо ачаад 07 цагийн үед гараад Налайх руу явсан. Тэгээд яг Налайхын пост руу орж байхад цагдаа зогсоогоод модыг үзээд зохих зөвшөөрөлгүй байна гээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 37 дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантүлхүүрийн өгсөн: “Иргэн Түмэндэмбэрэл нь Тэрэлжид 2015 онд шилжиж ирсэн. Түмэндэмбэрэл өмнө нь мод буулгаж байгаагүй. Давааны араас мод ачиж яваад цагдаад баригдсан. Байгууллагыг төлөөлж оролцож байгаагийн хувьд экологийн хохирол төлбөрийг барагдуулбал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Г.ы өгсөн: “Би Б.Түмэндэмбэрэлд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаад зарчихсан юм. Тухайн үедээ 2.500.000 төгрөгөөр зарсан ба Түмэндэмбэрэл надад цувуулж мөнгийг нь өгсөөр байгаад дуусгасан. Би тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлье гэхэд Түмэндэмбэрэл паспортоо хаячихсан бичиг баримт байхгүй гээд мөн цаг завнаас болоод шилжүүлж чадахгүй явсаар байгаад өнөөдрийг хүрчихсэн байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол

/хх-ийн 8 дугаар тал/

Налайх дүүргийн Газрын албаны 16/1256 дугаар албан бичиг

/хх-ийн 14 дүгээр тал/

Модны экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.Түмэндэмбэрэлд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийн ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно гэж заасан заалтад хамаарч байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр зэргийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 1.6957 куб метр шинэс мод, уг модыг тээвэрлэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу түүний үнийг улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханцуйт овогт Батдоржийн Түмэндэмбэрэлийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ханцуйт овогт Батдоржийн Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Түмэндэмбэрэлд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Б.Түмэндэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 38 ширхэг шинэс мод, мөн Б.Түмэндэмбэрэлийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 13-30 НАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 2.500.000 төгрөг, АЯ№0466346 дугаартай гэрчилгээ, татварын ТА№0826630 дугаартай гэрчилгээнүүдийн хамт улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар хөрөө 1 ширхэгийг устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар Б.Түмэндэмбэрэлд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Түмэндэмбэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ