МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “У Т********” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М********
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Ч.О***********
Хариуцагч: Ш.Э*********.Н*****
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А*****
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.О*****, хариуцагч Ш.Э*******, Л.Н******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*****, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “У Т*******” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э*****, Л.Н****** нарын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-23210000134 дугаартай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.
2. Нэхэмжлэгч “У Т******” ХХК нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч НА-23210000134 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг дуусан байхад гарсан, Улсын байцаагчид нөхөн ногдуулалтын актаар дамжуулан газрын төлбөрийг нэмэгдүүлэх эрх хэмжээгүй, татвар төлөгчийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй гэж тус тус үзэж 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.
3. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгчийн дээрх гомдолд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22/71 тоот албан бичгээр “...Татварын ерөнхий хуулийн 46.1, Захиргааны ерөнхий хуулийн 94.2 дахь заалтыг тус тус үндэслэн танай гомдлыг үүгээр буцааж байна” гэх хариу ирсэн байна.
4. Иймд, нэхэмжлэгч “У т******” ХХК нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э*******, Л.Н**** нарын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-23210000134 дугаартай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М***** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын маргаан бүхий актыг илт хууль бусд тооцуулахдаа хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг зөрчсөн гэж үзэж байгаа. 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн асуудлын тухайд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Тухайн өдрөөс хойш захиргааны актыг Татварын улсын байцаагч нарын зүгээс гаргах боломжгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал гарсан. Маргаан бүхий татварын акт нь 2012 оноос 2016 онуудад тавигдсан тул Татварын ерөнхий хуульд зааснаар нөхөн ногдуулалт тогтоох 5 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирсэн бичигт дурдсанаар “У Т*******” ХХК нь 2013, 2014, 2015 онуудад тухай бүртээ тооцоо нийлж байсан байдаг. Тооцоо нийлж, татвараа төлж байсныг харгалзан үзэхгүйгээр татвар ногдуулсныг илт хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нэмэгдүүлэн тооцсон үндэслэл нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 4/21 дугаартай тогтоолыг үндэслэсэн нь хүчингүй болсон хэм хэмжээг үндэслэж гарсан, тооцоолол хийсэн нь тооцооллын хувьд илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тухайн үед нэхэмжлэгч тал тооцоо нийлж байсан байтал түүний хууль ёсны итгэл, үнэмшлийг хамгаалаагүй, хууль ёсны итгэлд халдсан гэж үзэж байна. Үндэслэсэн хэм хэмжээ нь хүчингүй болсон, тухайн актыг гаргаж байгаа цаг хугацааны хувьд татварын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудалд татварын нөхөн ногдуулалт тавьсан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Н******, Ш.Э****** нарын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бусад тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А***** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын алба нь Татвар ерөнхий хуулийн дагуу татвараа үнэн зөв ногдуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийдэг. Үүний дагуу татварын улсын байцаагч нар хяналт шалгалтаа хийсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож шалгалт хийсэн гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
- Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дүгээр шийтгэлийн хуудсаар У Т***** ХХК-д 2012 онд 211,200,000.00 төгрөг, 2013 онд 211,200,000.00 төгрөг, 2014 онд 230,000,000.00 төгрөг, 2015 онд 294,644,500.00 төгрөг нийт 1,226,158,500.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд 1,226,158,500.00 төгрөгийн нөхөн төлбөр, нөхөн төлбөрийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 367,847,550.00 төгрөгийн торгууль ногдуулжээ.
- Нэхэмжлэгч У Т****** ХХК-ийн зүгээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд хандан гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0460 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналтын шалгалтын Татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
- Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч тал 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гардан авч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд хяналт шалгалт хийж, үр дүнгээр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 23210000134 тоот нөхөн ногдуулалтын акт үйлджээ.
- Уг актаар 2012-2016 онд газрын төлбөр дутуу төлсөн зөрчилд 448,800,000 төгрөгийн нөхөн татвар, 134,640,000 төгрөгийн торгууль, 89,760,000 төгрөгийн алданги, нийт 673,200,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
- Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...2021 оны 0460 дугаар шүүхийн шийдвэр гараад 3 сарын хугацаа өнгөрсөн байхад акт ногдуулсан, 2012-2016 оны татварыг 2021 онд шалгасан татварын хяналт шалгалт хийх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 4/21 дүгээр тогтоолоор батлагдсан журам хүчингүй болсон байхад тус журмыг баримталж акт тогтоосон нь илт хууль бус...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
- Шүүх дараах үндэслэлээр гомдлын шаардлагын зарим хэсгийг ханган актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй”, 114 дүгээр зүйлийн 114.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 113 дугаар зүйлийн 113.2-т “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.
- Хариуцагчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0460 дугаар шийдвэрийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан, талуудаас давж заалдах гомдол гаргаагүйгээс үзэхэд уг шийдвэр нь дээр дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 113.2-т тус тус заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2**********тоот нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн нь шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацааг хэтрүүлээгүй байна.
- Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.4-д “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан байна.
- Анх Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2********* дүгээр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал шүүхэд гомдол гаргасан, уг гомдлын дагуу хэлэлцээд тус шүүхийн 2021 оны 0460 дугаар шийдвэр гарсан, уг шийдвэрийг үндэслэн маргаан бүхий 2******* шийтгэлийн хуудас гарсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
- Дээрх актаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нэхэмжлэгчийг 2012-2016 оны 5 жил дараалсан газрын төлбөрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 4/21 дүгээр “Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хэмжээг түр тогтоох тухай” тогтоолд заасан газрын төлбөр тогтоосон хэмжээ, итгэлцүүрийг үндэслэн дутуу төлсөн зөрчил гаргасан гэж дүгнэн Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4-д тус тус заасны төлбөр ногдуулжээ.
- Нэхэмжлэгч “У Т*******” ХХК-г газар ашигласны төлбөрт жил бүр 118,800,000 төгрөг төлөх ёстойгоос 2012, 2013 онд тус бүр 92,400,000 төгрөгийг, 2014 онд 104,050,000 төгрөгийг, 2015 онд 100,550,000 төгрөгийг, 2016 онд 59,400,000 төгрөгийг тус тус дутуу төлсөн гэж дүгнэсэн байна.
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, 2 дахь хэсгийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: төлбөр төлөх хэмжээ, хугацаа”/энэ хэсэгт 2019 онд өөрчлөлт орсон/ гэж тус тус заажээ.
- Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдөр 797 дугаартай гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга, У Т*** ХХК-ийн зүгээс байгуулж, гэрээний 1 дүгээр зүйлийн 6-д газрын төлбөрийн хэмжээг 26,400,000 төгрөгөөр тогтоож 5 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.
- Уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2012, 2013 онд тус бүр гэрээнд заасан 26,400,000 төгрөгийг бүрэн төлсөн, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд ногдох 14,750,000 төгрөгийг бүрэн төлсөн байхад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 4/21 дүгээр тогтоолыг үндэслэн 2012, 2013 онд тус бүр 92,400,000 төгрөг, 2014 онд 104,050,000 төгрөгийг дутуу төлсөн зөрчилд маргаан бүхий актаар төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцэхгүй.
- Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 19/1147 дугаар албан бичигт “У Т******* ХХК нь 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээний дагуу газрын төлбөр төлж, тус албатай 2013, 2015 онд тооцоо нийлж байсан байна. Гэвч уг газар ашиглах гэрээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4/21 тоот тогтоолын дагуу ногдуулалт хийгдээгүй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолоор шинэчлэн байгуулаагүй талаар 2015 онд тус албанд хийгдсэн нийслэл дэх Төрийн аудитын газрын шалгалтаар зөрчил арилгуулах тухай албан шаардлага ирүүлсэн” гэсэн хэдий ч дээрх 5/39 дүгээр тогтоол нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар, харин газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоосон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор тус тус шинэ акт гартал түдгэлзүүлсэн байна.
- Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрөөс нэхэмжлэгчийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний хугацаа /2009-2014/ буюу 2012.01.01-2014.07.22-ны өдрийн хугацаанд ногдуулсан /2012-92,400,000, 2013-92,400,000 сая, 2014.07.22-51,580,000, нийт 236,380,000 төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдох торгууль 70,914,000, алданги 47,276,000/ 354,570,000 төгрөгийн төлбөрийг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
- Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж заажээ.
- Хуулийн дээрх заалтын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2005 оны 4/21 дүгээр тогтоолоор бүсчлэл батлагдсан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 2 дугаар улирал дуусталх хугацааны хувьд нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй, энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар холбогдох баримтыг хариуцагчид гаргаж өгөөгүй байх тул дээрх бүсчлэлийн дагуу төлбөр ногдуулсныг буруутгах боломжгүй.
- Өөрөөр хэлбэл 2014.07.22-2014.12.31-ний өдрийн хугацаанд ногдох 52,470,000, 2015 оны 100,550,000, 2016 оны 2 дугаар улирал дуусталх 59,400,000 төгрөг, нийт 212,420,000 төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдох торгууль 63,726,000 төгрөг, алданги 42,484,000 төгрөг, нийт 318,630,000 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.
- Дээрх нөхцөлийг нэгтгэн дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана:төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасныг баримтлан маргаан бүхий актаар тогтоосон 673,200,000 төгрөгийн төлбөрийг 354,570,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “У Т*****” ХХК-иас Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э******, Л.Н****** нарт холбогдуулан гаргасан “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-2***** дугаартай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган актаар тогтоосон 673,200,000 төгрөгийн төлбөрийн хэмжээг 354,570,000 төгрөгөөр багасгаж 318,630,000 төгрөгөөр тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “У Т******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА