Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 04

 

 

ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны

төвийн нэхэмжлэлтэй Д.А, С.Ц нарт

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2018/00910 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.А, С.Ц нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний 87.568.612 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Гантогтохын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч П.Оюунчимэг, С.Гантогтох /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээ, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

Нэхэмжлэгч ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төвөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.А, хамтран зээлдэгч С.Ц нар нь ХААН банкны төв салбараас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/233 тоот зээлийн гэрээ, БГ/233 тоот барьцааны гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээлийн хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр зээл авсан, зээлдэгч нар нь барьцаанд үл хөдлөх эд хөрөнгүүд болон автомшин зэрэг жагсаалтанд дурьдсан хөрөнгүүдийг барьцаалсан болно. Гэвч зээлдэгч Д.А, С.Ц нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, уг зээлүүд хугацаа хэтэрч байгаа бөгөөд банк зээлдэгчийн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд банк шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч Д.А, С.Ц нартай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 233 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, бизнесийн зээл болон хүүгийн төлбөр нийт 87,568,612 төгрөг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Гантогтох анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч С.Ц, Д.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагаас татгалзаж байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сард дууссан байгаа. Шүүх хуралдаанд нэмж нотариатын үйлчилгээний хөлс 37.000, хариуцагч С.Цг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг нэмж гаргуулах шаардлага гаргаж байна. Үндсэн шаардлага болох 87.568.612 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч С.Ц нь анх зээл авахдаа ХААН банкны тооцооны төвийн эрхлэгч байсан тул энэ давуу байдлаа ашигласан байх үндэслэлтэй. Зээлдэгч нар нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, хугацаа хэтэрсэн тул шүүхэд хандсан гэжээ.

Нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч П.Оюунчимэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлээ дэмжиж байна. Зээлдэгч нар нь 100 сая төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт 53.481.881 төгрөг төлсөн, энэ дүн дээр маргах зүйл байхгүй. Мөн одоо 87.568.612 төгрөг төлөх үнийн дүн дээр маргаан байхгүй. Харин гэрээний гүйцэтгэлд төлсөн үнийн дүн болон мөнгөний зарцуулалт дээр харилцан адилгүй байр суурьтай, хоорондоо маргаантай байгаа боловч энэ байдлаа хариуцагч нар нотолж чадаагүй, нотлогдох боломжгүй гэж үзэж байгаа тул хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор төв тооцооны төвийн захирал Ч.Жигжидсүрэнгээс гаргасан 87.858.612 төгрөгийн нэхэмжлэлийг доорх байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад гарт барьсан цалин байхгүй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө байхгүй байхад ХААН банк нь өөрөө зээлийнхээ судалгааг сайн хийгээгүйгээс би ийм байдалд хүрлээ. Манай гэр бүлийн хүн болон банкны эдийн засагч П.Оюунчимэг нар л энд гарын үсэг зур, тэнд зур гээд байсан би учрыг нь сайн ойлгоогүй гарын үсэг зурснаас ийм зүйл боллоо. 2017 оны 12 сар, 03 сард энэ нэхэмжлэлыг шүүхэд ирсэн байхад 67 сая төгрөг байсан гэтэл одоо 87 сая төгрөг нэхэмжилж байгаа учрыг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагч Д.А анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би энэ зээлийг авахад ямар нэг үүрэг оролцоо байхгүй, зээл хөөцөлдөж, гаргуулах асуудлыг бүгдийг нь эхнэр С.Ц хариуцаж байсан. Тэр өөрөө Богд сумын ХААН банкны эрхлэгч байсан учир энэ байдлаа ашиглан зээл авсан. Би энэ зээлээс 10 сая төгрөгөөр ямаа авсан. Энэ 100.000.000 төгрөг Д.А, С.Ц нарын хамтран эзэмшдэг 5233077799 дугаар дансанд орсон, ийм дансыг С.Ц л нээсэн байсан. Одоо банкнаас нэхэмжилж байгаа 87.568.612 төгрөгийг хэн хэрхэн яаж ашигласан тэр хэмжээгээрээ С.Цтай хуваан төлөх саналтай байна. Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хувьд С.Ц болон миний нэр дээр бүртгэлтэй газар, байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд бол бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Иймд битүүмжлэгдсэн эд хөрөнгөнүүдээс адил хэмжээгээр төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны 10 сарын 30-ны өдөр Д.Атой хамтран ХААН банкнаас 100.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Уг зээлийг зээлдэгч Д.А, хамтран зээлдэгчээр миний бие орсон. Уг зээлийн 100.000.000 төгрөгийг хэн хэрхэн зарцуулсан болох нь дансны хуулгаас харагдана. Д.А бид хоёр үлдэгдэл төлбөрийг хувааж төлнө гэжээ.

Хариуцагч С.Ц анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.А бид хоёр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкнаас 100.000.000 сая төгрөгийн зээлийг авч Д.Аын бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан нь үнэн. Энэ мөнгөнөөс 53.481.881 төгрөгийг төлсөн, Миний хувьд 87.568.612 төгрөгийг тэнцүү хуваан Д.Атой хамт төлөх саналтай байна. Зээл төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.А, С.Ц нараас зээлийн гэрээний үүрэг 87.568.612 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК нд олгож, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.1.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нотариатын үйлчилгээний хөлс 37.000, хариуцагч С.Цг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 70200 гаргуулах, 2015 оны 10 сарын 30-ны өдрийн БГ/233 дугаар барьцааны гэрээний зүйл болох Д.Аийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3-р багийн 40-р байрны 5-тоот, 67,9мкв, Y-0320003452 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус баримтлан ХААН банк Д.А, С.Ц нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн БГ/233 дугаар барьцааны гэрээний зүйл Баянхонгор аймаг, Богд сум 6-р баг, Жаргалант хороолол 1-12 тоот Хувийн сууц-50 мкв, 161,097 мкв өмчлөх газрын хамт Y-0303000075, Г-0303000008, Баянхонгор аймаг, Баянхонгор сум 1-р баг 52-р байрны 2 давхарт 3 өрөө, 50,84 мкв-тай Орон сууц Y-0320000809, Баянхонгор аймаг, Богд сум Олонбулаг хороолол 5-6 тоот, Хувийн сууц-72мкв, 409,9 мкв өмчлөх газрын хамт, Y-030300019, Г-0303000181, Баянхонгор аймаг Богд сум 6-р баг, Олонбулаг хороолол 5-6а тоот, Хувийн сууц-71мкв, газрын хамт 307.1 мкв Ү-0303000139, Г-0303000198, Баянхонгор сум Есөнбулаг 9-р баг ЖДҮ-22, үйлдвэрлэлийн зориулалттай газар 1000м2 НТ-6409000298-22, ачааны автомашин КИА БНА 84-07, Тоёото ланд крузер БНХ 59-79, 11.250.000 төгрөгийн бараа материал, 6.000.000 төгрөгийн мал зэргийг шүүхийн журмаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595793 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А, С.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 595.793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Гантогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн барьцааны гэрээний зүйл болох Д.Аийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5-тоот, 67,9мкв, Y-0320003452 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан бсрлуулахыг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хууль зүйн дүгнэлт хиисэн атлаа гэрээний нэг хэсэг болох иргэн Д.Алтанцэцзгийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот, 67,9 мкв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Аийн өмчөлөлд холбогдох хэсгийг татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн дүгнэлтийг хоёр янзаар дүгнзсэн нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй байх зарчимд үл нийцүүлж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт дүгнэж шийдвэрлэсэн Д.Аийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3-р багийн 40-р байрны 5 тоот, 67,9 мкв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж барьцааны зүйлийг чөлөөлүүлэхийг хүссэн Д.Аийн нэхэмжлэлийг тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 131 /Ш32018/02180 дугаар шүүгчийн захирамж нь тус иргэний хэрэгт авагдаагүй байсан бөгөөд хэргийн оролцогч нараас уг захирамжийг хэрэгт хавсаргах хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар шүүхийн болон талуудын шинжлэн судлуулсан нотлох баримтад уг захирамж байгаагаагүй, шүүх нотлох баримтыг шинжлэн судлахад дурьдагдаагүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлнйн 116.3-т заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг ноцтой зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2018/00910 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот, 67,9 мкв, Ү-0320003452 дугаар үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэмж хангуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төвөөс хариуцагч Д.А, С.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний 87.568.612 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх Д.А, С.Ц нараас зээлийн гэрээний үүрэг 87.568.612 төгрөгийг гаргуулж ХААН банкинд олгож, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Д.А нь ХААН банк, Д.А, С.Ц нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот, 67,9 мкв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж барьцааны зүйлийг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 131 /Ш32018/02180 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд тусдаа иргэний хэрэг үүсгэн шүүгчийн ажиллагаа явуулж байжээ.

Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Аийн нэхэмжлэлтэй ХААН банкинд холбогдох барьцааны хөрөнгө чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлээр энэ хэргээс тусдаа иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаа болох нь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 131/Ш32018/02180 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар ХААН банкны барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээс Д.Аийн өмчлөлд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв гэж дурьдсан байна.

Гэтэл Д.Аийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэх тухай 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 131 /Ш32018/02180 дугаар шүүгчийн захирамж нь ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.А, С.Ц нарт холбогдох энэ хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нараас уг захирамжийг хэрэгт хавсаргах хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар шүүхийн болон талуудын шинжлэн судлуулсан нотлох баримтад уг захирамж байгаагаагүй, шүүх нотлох баримтыг шинжлэн судлахад дурдагдаагүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг ноцтой зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэсэн байна гэж үзнэ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нотариатын үйлчилгээний хөлс 37.000 төгрөг, С.Цг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг зэргийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариуцагч нарын тайлбарыг сонсож шүүхийн хэлэлцүүлэг явуулалгүй, хэргийн оролцогчийн эрх үүргийг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төвөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 131/ШШ2018/00910 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баянхонгор салбар Төв тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                 Г.УЛАМБАЯР