| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/03676/И |
| Дугаар | 101/ШШ2017/03806 |
| Огноо | 2017-11-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2017/03806
| 2017 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2017/03806 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М СӨХ
Хариуцагч: С.Д
91 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагдах тус байрны оршин суугч ба эзэмшигч нь СӨХ-н төлбөр cap бүр төлөх төлбөр болон урьд онуудын төлбөрийг одоо болтол төлөөгүй учир мэдэгдэх зарлал тавих, СӨХ-н дундын сошиал мэдээллийн хэрэгсэл, гудамжны самбарт тавих, мэдэгдэх бичиг хүргүүлэх зэрэг арга хэмжээ авсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 149.1, 149.2 дахь заалт, холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 08 сарын 05-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрийг тус тус баримтлан 2017 оны эхнээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 84 800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөг, нотариатын хураамж 2 500 төгрөг, нийт 91 850 төгрөг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М СӨХ нь 2017 оны үлдэгдэл төлбөрт 84,800 төгрөг, нотариатын зардалд 2500 төгрөг, нийт 87,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хариуцагчид 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байна. Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргийн дагуу хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болох шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан арга хэлбэрээр мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаан эхлэхийн өмнө ирж байгаа эсэхийг лавлахад очих боломжгүй гэж мэдэгдсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч С.Д нь өөрийн оршин суудаг орон сууцанд нэхэмжлэгч М СӨХ нь үйл ажиллагаа явуулдаг эсэх талаар маргаагүй байна. Иймд зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзлээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд төлбөртэй холбогдох баримтыг ирүүлээгүй боловч хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлтэй эсэх талаар маргаагүй бөгөөд төлбөрийг төлсөн гэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргад утсаар мэдэгдсэн байна. Гэвч төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахыг тулд нотариатын үйлчилгээний төлбөрт 2,500 төгрөг төлсөн болох нь хэргийн 2 дугаар талд байгаа баримтаар тогтоогдож байна.
Иймд сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.Дээс 87,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр гарсанаас хойш 7 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД